Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайгуулын лиценз олгох цахим систем ачааллаа даадаггүй


Т.ЖАНЦАН

Ашигт малтмалын хайгуулын лиценз дөрвөн жил гаруй хугацаанд олгоогүй. Энэ оноос Ашигт малтмалын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хайгуулын лиценз олгож буй билээ. Тэгэхдээ цахимаар лицензийн дугаар  олгох, сонгон шалгаруулалтын журам гэсэн хоёр хэлбэртэй. Он гарснаас хойш цахимаар өргөдлийн дугаар олгож 490 хайгуулын лиценз компаниудад өгсөн аж. Мөн 446 өргөдлийг холбогдох аймаг, сумын Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэгвэл улсын төсөвт ашигт малтмалын лицензээс  энэ онд 42 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос одоогоор 27.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар хайгуулын лиценз шинээр олгож эхэлсэн орлого нь 3.2 тэрбум төгрөг байна. Гэвч хайгуулын лиценз олголт багагүй асуудал дагуулсаар.

Тухайлбал, өргөдлөөр хүссэн хайгуулын лицензийн дугаар олгох цахим систем удаа дараа гацаж саатсан явдал гарсан.
Жишээ нь, есдүгээр сарын 21-нд цахим систем гацсан байдаг. Энэ саатлын шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг томилогдсон. Уг ажлын хэсэг цахим системийг шалгаад “кодод алдаа гарсан учраас системийн хоёрдугаар сервер унтарч ассан” гэсэн дүгнэлт хийсэн байна. Мөн хүний санаатай үйл ажиллагаа болон халдлагын шинж чанар байхгүй гэж тогтоожээ. Ингээд цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангаж хайгуулын лицензийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн аж. Үүнээс гадна сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгоход Ашигт малтмалын газрын ажилтнууд хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэдэг гомдол гараад буй. Тэгвэл тус газраас гомдол гаргасан компаниуд сонгон шалгаруулалтад оролцох саналын материалаа өгөхдөө хугацааг нь тулгаж ирсэн юм.

Иймд урт дараалал үүсч хүндрэл учирсан ч чадлаараа ажилласан. Нэг материалыг хүлээж авахад таван минут зарцуулдаг. Хүн хүч нэмж ажилуулсан тулдаа хоёр минутын хугацаа зарцууллаа. Гэвч саналын материал хүлээж авах хугацаа 17 цагт дуусан. Үүнээс хойш ямар ч материал хүлээж аваагүй хэмээн тайлбарлаж буй билээ. Хайгуулын лиценз олгох явцад гарсан эдгээр асуудлын талаар  Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа өчигдөр Уул уурхайн яамны “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр хариулт өглөө. Тэрээр  “Хайгуулын лиценз хүссэн өргөдлийн дугаарыг  цахимаар олгох явцад сервер хоёр удаа гацсан.

Тэгэхдээ компаниуд хохироогүй. Тэр үед лицензийн дугаар олгогдохгүй байсан тул тухайн компанийг нэг долоо хоногийн хугацаанд дахин хандах эрхийг нь нээж өгсөн. Хуульзүйн яамнаас сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгох журмыг баталсан. Үүнд сонгон шалгаруулалт дуусах өдрийн 17 цагаас өмнө саналын материалаа өөрийн биеэр Ашигт малтмалын газарт авчирж өгөх ёстой гэж заасан. Тэгэхээр энэ цагаас хэтэрсэн компанийг сонгон шалгаруулалтад бүртгэх боломжгүй. Учир нь, хоцорч ирснийг бүртгэж авбал Ашигт малтмалын газрын ажилтнууд хууль, дүрэм, журмаа баримталж ажиллаагүй гэсэн асуудал үүснэ” хэмээв. Дашрамд дурдахад гацаж алдаа зааж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх боломж одоохондоо байхгүй гэнэ. Учир нь улсын төсөв бүрдэхгүй хүнд байгаатай холбоотой. Сонгон шалгаруулалтын журмаар Ашигт малтмалын тухай хуулийн  нэмэлт хүчингүй болгосон хайгуулын 106 талбайд лиценз олгох учиртай. Одоогоор  42 хайгуулын лиценз нь эзэнтэй болжээ. Урд нь уг талбайд үйл ажиллагаа явуулж байсан компаниуд сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцоно. Гэвч найман талбайд тухайн компаниуд нь сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. Иймд эдгээр талбайг өргөдлийн журмаар олгох болсон аж. Харин 37 талбайн лицензийг   хуучин эзэд нь авсан гэнэ. Хуучин эзэд нь авсан хайгуулын лицензээс улсын төсөвт ямар нэг орлого төвлөрөхгүй. Тэгэхээр шинээр хайгуулын лиценз авсан таван компаниас улсын төсөвт мөнгө орох юм. Эдгээр компанийн сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналын зөрүү 100 орчим сая төгрөг болж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан