Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх оны төсөв, мөнгөний бодлого уялдаж чадах уу

Т.ЖАНЦАН

Төсөв, мөнгөний бодлого бол улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлдог. Тэгвэл ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэх цаг үе нь тохиож байна. Үндэсний статистикийн хорооны есдүгээр сарын судалгаанд улсын төсвийн орлого дөрвөн их наяд гаруй төгрөг байж. Гэтэл зарлага нь 4.9 их наяд төгрөг болжээ. Ингээд төсөв 867 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Иймд эдийн засагчид, олон улсын хамтын ажиллагааны банк, санхүүгийн байгууллагынхан ирэх жилийн төсвөө алдагдалгүй батлах ёстой. Дэлхийн эдийн засгийн уналт, экспортын гол түүхий эдийн үнэ ханшийн өөрчлөлтийг мэдэрч орлого, зарлагаа сайтар тооцох зөвлөгөө өгч буй. Тэгэхээр ирэх жилийн төсвийг дор хаяж нэг их наяд төгрөгөөр танаж байж алдагдалгүй гарах тооцоо бий. Гэвч ирэх жилийн улсын төсвийг  сайн танасан гэж байгаа ч ДНБ-ий дөрвөн хувийн алдагдалтай гарахаар байгаа юм. Иймд  энэ оны төсвөөс ялгарах зүйлгүй гэж эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, улсын төсөв бүрдэхгүй байгаа тул тодотгол хийхээр УИХ хэлэлцэж эхэлсэн. Үүнд төсвийн орлого 6.6 их наяд, зарлага 7.3 их наяд төгрөг байхаар байна. Эндээс үзвэл төсвийн алдагдал 700 тэрбум төгрөг бөгөөд ДНБ-ий таван хувьтай байх тооцоо гарсан. Гэтэл ирэх оны төсвийн төсөөлөлд орлого нь 6.6, зарлагын дээд хэмжээ 7.7 их наяд төгрөг хэмээн тусгасан билээ.

Хэрэв төсвөө алдагдалгүй батлаж чадахгүй бол мөнгөний бодлого улам хатуурах төлөв бий. Өөрөөр хэлбэл Монголбанкны бодлогын хүү нэмэгдэнэ гэсэн үг. Одоогоор төв банкны бодлогын хүү 13 хувьтай байгаа. Урд нь 2009 онд эдийн засгийн хямралын үед 14 хувьд хүрч байсан түүхтэй. Энэ нь эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгөний нийлүүлэлтийг бууруулж болзошгүй эрсдэл, инфляцын хэт өсөлтөөс сэргийлсэн арга зам юм.

Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкуудын төв банкинд хадгалуулж буй мөнгөний хүү. Тэгэхээр энэ хүү өсөхийн хэрээр арилжааны банкууд эрсдэлгүй байх үүднээс зээл олголтоо хумьж төв банкинд мөнгөн хөрөнгөө хадгалуулах сонирхол давамгайлна гэсэн үг. Энэ үед арилжааны банкууд зээл олголоо гэхэд хүү нь өндөрсөнө. Хувийн хэвшлийнхэн зээлээр эргэлтийн хөрөнгө хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх,  хэвийн ажиллах боломжгүй болно.  Нэг ёсондоо хувийн хэвшлийн хүзүүнд олс углахтай адил. Иймд энэ хатуу шалгуурт тэнцэж үлдэх аж ахуйн нэгж тун цөөхөн. Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзвэл өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 125 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээрийн 65.7 мянга нь үйл ажиллагаа явуулж буй юм. Үйл ажиллагаа явуулаагүй аж ахуй нэгжийн 34 мянга нь түр, 1.6 мянган нь бүрэн зогссон судалгаа гарчээ. Үлдсэн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа эхлээгүй, хаяг нь тодорхой бус байгаа юм. Эдийн засагчдийн тооцоогоор энэ оны төгсгөлд инфляц бага зэрэг өсөх хандлага бий. Учир  нь энэ жилийн ургац хураалт, цаг агаар, мал аж ахуйн өвөлжилтийн байдал нь хүнсний гаралтай инфляц өсгөх  эрсдэл байгаа аж. Үүнээс гадна их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн нь инфляц өсөхөд нөлөөлж байна.  

Монголбанк энэ онд хэрэгжүүлэх мөнгөний бодло­го­­доо инфляцыг долоон хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилт нь биелж инфляц 6.9 хувьд орж ирлээ. Ингэж буурахад дотоод эрэлт хумигдаж, эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт багассан нь нөлөөлжээ. Мөн  бодлогын хүүг нэмж 13 хувьд хүргэснээр мөнгөний нийлүүлэлт буурсан байна.  
Гэвч гадаад эдийн засгийн орчин тогтворгүй, төсвийн тэлсэн бодлого хэвээр үргэлжлэх төлөв байгаа тул бодлогын хүүгээ бууруулах ямар ч боломж алга. Тэгэхээр ирэх онд улсын түрийвчинд орж ирэх мөнгийг гарын салаагаар урсгалгүй ариг гамтай, хэмнэлттэй, харин ч хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй зарцуулах төлөвлөгөө батлаж чадвал бодлогын хүү буурах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр зогсонги байдалд орсон эдийн засаг идвэхжиж хувийн хэвшил хөдөлгөөнд орох юм. Төсвийн орлого татвар хураамжаас бүрддэг. Тэр татвар хураамжийг аж ахуйн нэгжүүд  өгдөг. Иймд хувийн хэвшил хэвийн ажиллаж, хөдөлж эхлэх нь төсвийн орлого тасрахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн амьдрах орон зайг бүрдүүлж өгөхгүй бол төсөв тасардагаараа тасарч, хямрал гүнзгийрнэ. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг чамбай тооцож батлах нь ирэх онд монголчуудын амьдрал ямар байхыг тодорхойлох юм.


Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн байна.

1. Дунд хугацаанд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар цэвэр экспортыг дэмжих, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгах,
2. Төсвийн нэгдмэл, зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй байхаар батлах нь макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах урьдач нөхцөл гэж томьёолж байна.

Эдгээрийг хангаж чадвал эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Уул уурхайн супер цикл дуусгавар болж, манай улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад худалдааны нөхцөл муудах, экспортын бүтээгдэхүүний үнэ дунджаар 30-70 хувиар буурах, гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр гуравхан жилийн дотор ДНБ-ий 45 хувьтай тэнцэх түвшнээс нэг хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл огцом буурах зэрэг сувгаар сөрөг нөлөөлөл бий болгосон.

Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал царцах үзэгдэл 2016 онд ч үргэлжлэх магадлалтай байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн бодит өсөлт долоон хувиас бага болж буурах, ДНБ-ий өсөлтийн хурдац нь саарч байгаа хандлага цаашид үргэлжлэх, дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт сул, үнэ нь өсөхгүй байх төлөвтэй байна. ОХУ-ын эдийн засаг 2015 оны хоёрдугаар улиралд 4.6 хувиар агшсан бөгөөд цаашид хүлээгдэж байснаас ч илүү хэмжээгээр буюу оны сүүлийн хагаст 3.5-3.6 хувиар агших эрсдэлтэй болоод байна. АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр, тодорхой бус байдал нь улам нэмэгдэхээр байна.

Иймд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, улсын төсөв алдагдалтай үргэлжлэх тохиолдолд улсын төсөв, мөнгөний бодлогын орон зай улам хязгаарлагдаж, макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахад хүндрэлтэй болох эрсдэлтэй байна.

Макро эдийн засгийн шинэ тэнцвэр хангахын тулд:
Өр бус өсөлт үйлдвэрлэх бодлогын орон зай бий болох. Төсвийн нэгдмэл байдлыг хангасан, зохистой бодлого хэрэгжүүлснээр уул уурхайн бус сектор тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүү­лэх шаардлагатай байна.

Нам, тогтвортой инфляц: Ирэх онд инфляцийг долоон хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах.

Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх хүрээнд активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн институци болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хүрэхгүй хувьтай тэнцүү байгааг 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, энэ түвшинд тогтвортой байл­гахын зэрэгцээ ГШХО-ын бүтцийг төрөлжүүлэх шаард­лагатай гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан