Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ивана Гроллова: Бидэнд хамтран ажиллах олон төсөл байна. Харин та бүхэн бидэнтэй хамтрахад бэлэн үү

Н.УУГАНБАЯР

 Энэ удаагийн зочиноор Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг урилаа.

-Монгол Чехийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож буй.  Бид хагас зуунаас илүү хугацаанд дотносон нөхөрлөжээ. Манай улсын хувьд олон салбарт хамтын ажиллагаа тогтоож, тогтвортой найрсаг харилцаатай яваа орнуудын нэг бол Чех. Тэгэхээр өнгөрсөнд биш ирээдүйд бид аль салбарт илүү ойртож нөхөрлөвөл үр дүнтэй байна гэж та боддог вэ?
-Танайд аль салбарт нөхөрлөх нь илүү чухал гэж бодож байна вэ?

-Мэдээж юун түрүүнд эдийн засгийн харилцаа чухал.
-Эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг энэ цаг үед харилцан ашигтай байх ёстой. Бидний зүгээс дипломат харилцаа тогтоосны  65 жилийн ойд багагүй ач холбогдол өгч Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны зургадугаар хуралдааныг энэ жил хийсэн. Бид өмнө нь хамтран ажиллах тухай ярихаар тусламж л зонхилдог байсан юм. Харин энэ жилийн хувьд тусламжийн тухай ярьсангүй. Зөвхөн бизнесийн, эдийн засгийн асуудлыг ярилцсан. Нэг талаас Монголын талд сонин санагдсан байх л даа. Учир нь Чехүүд өмнө нь дандаа өгдөг байсан шүү дээ. Ер нь монголчууд хамтарсан бизнесийн талаар ярилцаж, тохиролцож сураагүй байна. Гэтэл бидэнд хамтран ажиллах төслүүд маш олон байна. Гэхдээ үйлдвэр байгуулах гэх мэт бизнесийн хамтын ажиллагаанд дандаа мөнгө хэрэгтэй. Тэгвэл мөнгөө хаанаас авах вэ?

-Харилцан ашигтай хамтран ажиллана гэхээр аль аль талаасаа л хөрөнгө оруулах шаардлагатай болно гэсэн үг байх л даа. Хаанаас хэрхэн хамтран босгох боломж байгаа вэ гэдгээ эхлээд тодорхойлох нь зүй байх?
-Чехийн банкнаас зээлэх нэг боломж бий. Тэдний зүгээс 20 сая еврогоос илүү хэмжээний зээл авах  бол заавал Засгийн газрын баталгаа шаарддаг. Эсвэл зээл авч байгаа субьект төслийнхөө 30 хувийг өөр эх үүсвэрээс бүрдүүлэх ёстой. Чехийн банк 70 хувьд нь зээл олгож болдог. Гэтэл ахиад л асуудал үүсдэг. Жишээ нь, Дарханы цементийн хуучин үйлдвэр байна. Шинэчлэх асар их сонирхол байдаг. Нүүрс коксжуулах бас нэг том төсөл бий. Tанай Аж үйлдвэрийн яамны зүгээс ч их дэмжиж байгаа. Гэвч жишээлбэл, энэ төсөлд 150 гаруй сая еврогийн  хөрөнгө оруулах шаардлагатай болбол баталгааг нь шууд өгч чадахгүй байна. Магадгүй үе шаттайгаар шинэчлэх ажлыг хийх байх. Харилцан санхүүжилтээ шийдэж хоёр талаасаа хөрөнгөө гаргах ёстой төслүүдэд танай зүгээс ихэвчлэн тийм боломж байхгүй гэдэг. Үнэндээ та бүхнээс л юун түрүүнд бидэнтэй хамтран ажиллахад бэлэн үү гэж асуумаар байна.

-Бид үү. Тэгвэл биднээс бэлэн үү гэж шаардахгүй хэрэгжиж болох төсөл байна уу?
-Цахилгаан хэмнэх технологи суурилуулах төсөл бий. Өөрөөр хэлбэл, жижиг төхөөрөмж оруулж ирж суурилуулах юм. Ингэснээр цахилгааныг 30 хүртэл хувиар хэмнэж болно. Өнөөдөр монголчууд цахилгаан хэмнэх технологийг ашигладаггүй учраас маш өндөр хэрэглээтэй. Гадаадаас бас импортлож байгаа. Хэрвээ энэ технологийг нэвтрүүлээд төхөөрөмжүүдээ суурилуулчихвал магадгүй гаднаас цахилгаан авах шаардлагагүй болох биз. Төслийг хэрэгжүүлэхэд ямар нэг саад байхгүй. Учир нь бид өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийнэ. Ирэх жилээс ажил болоод хэрэгжиж эхэлнэ гэж найдаж байгаа.  
Мөн хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн компани манай технологийг худалдаж авах талаар ярилцаж байна. Энэ мэт бидний хооронд хийх ажил маш их байгаа.
Өөр нэг жишээ бол Хятадын санхүүжилтээр Эгийн голд томоохон хэмжээний усан цахилгаан станц барих төсөл. Энэ станцын аюулгүй байдлыг хангаж барихын тулд тусгай боловсруулсан чулуугаар бэхжүүлсэн бетон байх ёстой. Хятад технологиор хийж чадахгүй. Тийм  учраас манай “Мерко” компанийн цементийн үйлдвэрийг Монголд нутагшуулж, бетон хийхийг зөвлөсөн. Танай хариуцсан яамны мэргэжилтэн их сайхан санаа байна баярлалаа гэсэн ч Эгийн голын цахилгаан станцыг ойрын хэдэн жилдээ барьж чадахгүй гэж хариулсан. Бидний хувьд бол ингээд хамтран ажиллахад бэлэн олон төсөл байна. Харин та бүхэн бэлэн үү гэж ахиад л асуух нь.

-Таатай мэдээ байна. Ийм ажилд бол манай тал ханцуй шамлаад орчих байх гэж итгэж байна шүү?
-Өөр нэг нааштай мэдээ манай бизнесийнхэн энэ жил парламентын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж хамт ирсэн. Тэр багт Чехийн “Экзем” банк болоод тус банкнаас гарч байгаа зээлийг даатгадаг даатгалын компани, мөн Чехийн худалдааны банкныхан ирсэн. “Экзем” банкныхан  Голомт банктай, “Чехийн худалдааны банк” ХААН ба Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулсан. Их чухал санамж бичиг болсон. Бизнесийнхэнд маш таатай мэдээ. Өөрөөр хэлбэл, танайхан Голомт банкаар дамжуулж, Чехийн Экзем банкнаас бага хувийн хүүтэй зээл авах боломжтой болж байгаа юм. Хоёрдугаарт, манай банк өмнө нь монгол үйлчлүүлэгчтэй харилцахдаа өөрсдөө гардан судалгаа хийдэг байсан бол өнөөдөр Монголын банк нь энэ бүхнийг хийх учраас хүндрэл бага, цаг хугацаа их хэмнэнэ. Энэ жил манай хоёр орны найрамдлын ойд хамгийн чухал хийсэн ажил бол хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэнд гэж би бодож байна.

-Чехийн талаас хэрэгжүүлж байгаа төслүүдийг харахад ихэвчлэн байгаль орчин, хөдөө аж ахуйд чиглэсэн байна билээ. Тэгэхээр энэ бол манай зүгээс тавьсан саналын дагуу хэрэгжиж байгаа төслүүд үү. Эсвэл та бүхний зүгээс байгаль орчны төслүүдийг ихэвчлэн сонгож авдаг уу?
-Бидэнтэй хамтарч ажилладаг төрийн агентлагийн зүгээс удирдан хэрэгжүүлдэг төслүүдийг бол дандаа танай зүгээс санал болгодог. Бидний зүгээс хэзээ ч хүчээр төсөл санал болгож байсангүй. Харин манай талаас жишээ нь мод тарих ойжуулах төсөл хэрэгжүүлэхдээ зүгээр л баахан модны тарьц авчраад суулгаад өгье гэж бодохгүй байна. Аль болох танай ой модны боловсон хүчнийг бэлтгэж, сургахад анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл, модоо хэрхэн цаашид амжилттай ургуулах вэ гэдэг ноу хауг нь суулгаж өгч байгаа юм.
Түүнээс гадна танай малын генийн фонд, үүлдэр угсааг хэрхэн сайжруулах талаар  сургалт явуулж байна. Монгол бол уламжлалт мал аж ахуйтай орон мөртлөө малын чанарт тэр бүр анхаарал хандуулаад байдаггүй. Өөрөөр хэлбэл монголчууд махны, сүүний гэх чиглэлээр малынхаа үүлдэр угсааг сайжруулах нэн шаардлагатай болсон. Гэхдээ үүлдэр угсаа сайжруулна гээд гадаадаас үхэр импортлоод байхыг хэлэхгүй. Тийм боломж ч үгүй юм. Учир нь танай нөхцөлд дасан зохицох чадвар чухал. Тиймээс та бүхэн өөрсдөө малынхаа үүлдэр угсааг нь сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, ажиллах хэрэгтэй. Энэ төсөл бол манай талд ашиггүй. Та бүхэн л энэ төслийн үеэр сайн суралцах нь чухал.

-Монголд Чехийн хэрэгжүүлсэн нэг чухал төсөл бол Преживальскийн адуу буюу тахийг уугуул нутагт нь авчирч, унаган байгальд нь нутагшуулах байсан?
-Тахь нутагшуулах төслийг Прагын амьтны хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа.  Гадаадын олон амьтны хүрээлэн болоод байгаль хамгаалах олон улсын байгууллагууд нэгдсэн Олон улсын тахь группийн нэг гишүүн Прага хотын амьтны хүрээлэн. Энэхүү группийн удирдлага дор 1990 оноос хойш Прагийн болон Европын бусад орны амьтны хүрээлэнгээс тахь Монголд авчирч нутагшуулах ажил хийгдэж буй. Манай армийн нисэх онгоцоор 2009 оноос жил бүр дөрвөн тахь авчирч байна. Улаанбаатарт энэ долоо хоногт манай амьтны хүрээлэнгийн захирал ирээд ирэх жилийнхээ ажлын зорилгоо тодорхойлохоор БОНХАЖ-ын Н.Бат­цэрэг сайдтай уулзлаа. Уулзалтад танай дархан цаазат газрын захирлууд оролцсон.

-Хустайд нутагшуулсан тахь багагүй өсч үржсэн. Харин говьд нутагшуулсан нь жаахан тиймхэн байгаа байх?
-Хустайн нуруунд 1990 оноос хойш тахь авчирч нутагшуулсан.  Голландууд авчирсан байх аа. Бид ч энэ ажилд тусалж байсан. Голдуу Прагын болон Мюнхэний амьтны хүрээлэнгийн тахины үр төл тэнд бий.
Хустайн нурууны хувьд талбай багатай ч маш олон тооны тахь бий. Гэхдээ Хустай бол тахины өлгий нутаг биш. Хэдийгээр тэнд тахь олон тоогоор өсч үржиж байгаа ч уугуул төрхөөсөө жаахан өөрчлөгдөж байна гэж судлаачид үздэг юм. Манай амьтны хүрээлэнгээс ирж байгаа тахийг Говь-Алтайн говийн Б зэрэглэлийн тусгай хамгаалалттай бүсийн Тахийн талд аваачдаг. Харамсалтай нь, 2009 онд цас их унаснаас тахь олноороо үрэгдсэн. Талбай томтой, цөөн хамгаалагчтай учраас цас ихтэй үед хамгаалагч нар маань тахь бүртээ хүрч ажиллах боломжгүйгээс тахь үрэгдэхэд хүрсэн. Үүнээс хойш бидний зүгээс ахиад тахь авчирч, хамгаалагч нарыг техник хэрэгслээр хангахад туслаж эхэлсэн. Хамгаалч нарын харуулын цэгүүдийг сайжруулсан, машин, цасны скутер бэлэглэсэн.  Хоёр жилийн өмнө С.Оюун сайд биднээс Прагаас дөрвөн тахь зөөж авчирахаас гадна Хустайгаас бас дөрвөн тахь Говийн тусгай хамгаалалттай бүст аваачиж нутагшуулахыг хүссэний дагуу ажилласан. Энэ жилийн хувьд бид Монголын талаас цөөн зүйл хүссэн. 52 сая төгрөгөөр хашаа барих, мөн дөрвөн тахийг нутагшуулахад шаардлагатай тээврийн зардлыг шийдвэрлэхэд туслах хүсэлт тавьсан. Бид Прагаас зөөвөрлөх, тахийг цуглуулах ажлаа өөрсдийн зардлаар хийнэ.Одоогоор танай талаас хариу өгөөгүй  байна. Сайдын хувьд заавал шийдвэрлэнэ гэж амласан. Энэ ажил маань амжилттай болбол Хустайн нуруунаас Говийн Б талбайд илүү олон тахь тээвэрлэхийн тулд тэр хашааг дараа дараагийн жилүүдэд ашиглах бүрэн боломжтой. Тахь бол Монгол брэнд шүү дээ, гэхдээ тахийн тоо толгой одоог хүртэл бага байгаа учраас бидний дэмжлэггүйгээр тахь байгальдаа устах аюултай.

-Манайд Чехийн үзүүлсэн тусламж багагүй. Бид үүнийг мэддэг ,хүндэлдэг. Таны нэг ярилцлагад бидний үзүүлсэн тусламжийг та нар үр бүтээлтэй ашигласан нь бага даа гэсэн нэг харамсангуй өгүүлбэр байсныг лавлаад асууя?
-Тэрийг та бүхэн улстөрчдөөсөө асуух хэрэгтэй. Бид саяхан хийсэн уулзалт дээрээ танай төрийн албаныханд энэ тухай хэлсэн. Эхлүүлсэн ажлыг та бүхэн дуустал нь ашиглах хэрэгтэй. Саяхан хоёр жилийн өмнө Сайшандад дууссан ажил байна. Нэг агро парк нээсэн юм. Янз бүрийн техник тоног төхөөрөмж суурилуулсан. Тэнд танай зүгээс хүмүүсээ сургах хэрэгтэй байсан. Гэтэл хариуцах эзэн олдохгүй байсаар өнөөх агропаркийг маань нураачихсан.  Бас хэдэн жилийн өмнө арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламж болох “Харгиа”-г бид цэвэрлэж, химийн хаягдалтай хог хаягдлыг нь хэрхэн аюулгүй болгож, булах технологийг та бүхэнд сургаж, үзүүлж, жишээ болгож хийж өгсөн. Цаашдаа арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт” рүү нүүлгэнэ хэмээн танай мэргэжилтнүүд ярьж байсан. Тэгээд цэвэрлэх байгууламжаа шинэчлэхдээ танай мэргэжилтнийг урина гэсэн. Гэхдээ Эмээлтэд шинэ байгууламжууд төлөвлөгдсөн ч цэвэрлэх байгууламж тусгагдаагүй гэж сонссон.

-Манай эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байгаа уул уурхайн салбарт Чехүүд хөрөнгө оруулах сонирхол ер нь байдаг уу?
-Хөрөнгө оруулалт гэж юу вэ. Хоёр талдаа ашигтай байх ёстой биз. Хувийн хөрөнгө оруулалтын компаниуд танайд ирж үзсэн. Нүүрс, алт олборлох талаар хоёр ч компани хамтарч ажиллаж болох юм гэсэн санал гаргасан. Алтны компанид манай бизнесмэн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч “урт нэртэй” хуулиас үүдээд ажил нь зогссон. Хуулийг би буруутгах хүсэлгүй байна. Гол нь хэтэрхий оройтож гаргасанд учир бий. Хөрөнгө оруулагч нь мөнгөө авч чадаагүй байна. Мөн нүүрсний төслийн хувьд манай талаас шууд технологи л худалдах  сонирхолтой байгаа. Манай эдийн засаг бол экспортынх учраас янз янзын технологи үйлдвэрлэдэг. Монголд хөрөнгө оруулахаар хэд хэдэн салбарыг сонирхсон нь үнэн. Хамтарч ажиллах санаа ч байна. Харин танай зүгээс хамтран хөрөнгө оруулах хамтрагч хомс байна. Тиймээс манай бизнесийнхэн харзнаад л, эргэлзээд л байгаа.

-Эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна нэг чухал салбар бол боловсрол. Чехэд манай чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдсэн. Тэгэхээр цаашид Чехэд сурч боловсрох хүсэлтэй залуучуудад ямар боломж байгаа вэ. Манай залуучуудад нэн түрүүнд ямар шаардлага тавигдах вэ?
-Миний бодлоор монгол залууст Засгийн газрын тэтгэлгээр суралцах нь илүү тохиромжтой. Гэхдээ манай Засгийн газрын тэтгэлгийг зөвхөн Монголд зориулж гаргадаггүй гэдгийг ойлгох ёстой. Олон оронд хэрэгжүүлдэг.  Харамсалтай нь, тэтгэлгээр суралцсан  оюутан маань Европт үлдсэн, үр бүтээл муутай ашигласан жишээ цөөнгүй. Тэгэхээр одоогоор Засгийн газрын тэтгэлгийг өргөжүүлэх боломж хомс. Монголд яг одоо боловсрол маш чухал байгаа гэж  би ойлгодог. Тиймээс аль болох манай хоёр улсын хамтран ажилладаг салбарт суралцаж байгаа оюутанд Засгийн газрын тэтгэлэг өгдөг. Хөдөө аж ахуй, эрчим хүч, геологи гэх мэт.  Засгийн газрын тэтгэлгээс гадна хэрвээ монгол залуучууд маань чех хэлтэй бол манай улсын их дээд сургуульд Чех хүн шиг үнэ төлбөргүй суралцах боломжтой. Гол нь Чех хэлийг хаана, яаж суралцах вэ гэдэгт л байна. Өмнө нь, Монгол Улсын Их сургуульд чех хэл заадаг байсан. Харамсалтай нь, суралцсан залуус маань зөвхөн хэлний мэргэжилтэн болж төгсдөг байв. Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудад чех хэлний ангид зөвхөн МУИС-ийн оюутнуудаас гадна бусад техникийн сургууль, хөдөө аж ахуйн сургуулийн оюутнуудыг сургах талаар судалж үзээч ээ гэсэн хүсэлт  би тавьсан. Энэ ангид суралцдаг 14 хүн зөвхөн хэлний мэргэжилтэн болоод төгсөөд байвал үр дүн ч  тааруу шүү дээ. Хэрвээ өөр мэргэжлээр суралцаж байгаа оюутан чех хэлний ангид суралцвал цаашдаа манай их сургуульд бакалавр, магистраар үнэ төлбөргүй суралцах боломжтой. Гэвч одоогоор энэ ангид элсэлт авахгүй байна. Манайхаас чех хэлний багш ирэх боломжгүй гэж буй юм. Тэгэхээр энд хэлний сургалтын сертификат өгөх боломж алга. Хүсвэл оюутан маань Карлын их сургуулийн хэлний бэлтгэлд нэг жил суралцаж болно. Жилд дунджаар 3,5-5 мянган евро төлнө. Жаахан хүндрэлтэй л дээ. Монголдоо Чех хэл сурвал илүү амар. Бидний зүгээс танай их сургуульд ийм боломж бий болгох талаар судалж байна.

-Чехийн их сургуульд суралцахын давуу талыг манай залууст онцлон хэлбэл?
-Нэгдүгээрт, бүх стандарт Европ. Оюутан Европын их сургуулийн диплом авч, чадварлаг боловсон хүчин болно. Мөн Чехэд  амьдарч эхлэх учраас европ стандартыг өөртөө суулгана. Үүнээс гадна оюутан солилцооны программ бий. Судлаад үзвэл боломж бий. 1960-аад оноос хойш Чехэд суралцаж төгссөн мэргэжилтнүүд маань Монголд чадварлаг инженер бизнесмэн, улстөрчид болон ажиллаж байна. Тэд ярихдаа Европ ухамсар тархиндаа бага зэрэг суулгаж чадсан гэдэг юм. Тэр бол маш чухал.

-Чехэд 1960-аад оноос хойш боловсрол эзэмшсэн хүмүүс дунд маань үндэсний хэмжээний сэхээтнүүд олон бий. Чехийн хөдөлгөөнийг дэргэдээс нь харж суралцаж байсан оюутнуудад ардчиллын талаарх анхны сэтгэхүй ч тэнд суусан байх.
- Тийм голдуу урлагийнхан байсан. Тэд урлагийн томоохон давалгааг бий болгосон.

-Түүгээр зогсохгүй 1990 оны ардчилалд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс ч бий. Би таны ардчиллын талаарх ойлголтыг сонирхмоор байна?
-Чех Монгол хоёр улс яг адилхан биш ч, их ойрхон нийгэмд амьдарч байлаа. Хоёулаа том хөршийн нөлөөн дор.  Аль аль нь үүнд баяртай байгаагүй. Танай улсын хувьд илүү хэцүү байсан. Бид дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө аж үйлдвэржсэн, хөгжсөн  орон байлаа. Харамсалтай нь социализмын үед уруудсан уу гэхээс дээшлээгүй. Монголын хувьд социализмын үед ямар ч байсан хөгжсөн. Тэр үед Чех Монголд тусламж үзүүлдэг томоохон орны нэг байсан. Ер нь манай хоёр улсын хувьд бие биенээ маш сайн ойлгож байсан гэж боддог. 1989 онд Чех социализмаас ардчилал руу тайван замаар  шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, оюутнууд, залуучууд маш тайван замаар жагсаал цуглаанаа зохион байгуулж байлаа. Жишээ нь, танай Дe Факто Жаргалсайхан энэ жагсаалд оролцож байсан гэдэг. С.Зориг тэр үед мөн Европт бас Чехэд очиж байсан. Өөрөөр хэлбэл, тайван замаар  ардчиллын замд хүрч болно гэдгийг Монголын залуучууд ойлгосон.  Гэвч хоёр улс хоёулаа ардчилал гэдэг нь чухам юу вэ гэдгийг мэдээгүй байсан. Их л итгэл найдвар тээсэн, дэврүүн улс байлаа. Ингээд ардчилсан хувьсгалын дараагийн үйл явдлууд хүмүүст зарим талаар хүнд туссан нь үнэн. Хоёр орон хоёулаа  л ижил давалгаанд өртсөн.

-Гэхдээ хоёр орны өнөөдөрт хүрсэн хөгжлийг харьцуулбал хэцүү л дээ. Та бүхний хувьд суурь сайн байсан ч Европын холбооны бас том нөлөө бий. Харин манай улсын хувьд...
-Бидний хувьд Европын холбооны нөлөөнд автаж эхэлсэн. НАТО-гийн гишүүн, дараа нь Европын холбооны гишүүн болсон.  Тэдний зүгээс бидэнд маш их тусалсан. Европын холбоонд элсэхийн тулд зарим шаардлагыг маш хурдан биелүүлэх нь чухал болсон. Яалт ч үгүй зарим механизмыг боловсруулж, түүнийгээ биелүүлэх хэрэгтэй байлаа.
Та нарын хувьд тийм нөлөөлөл байсангүй.  Өнөөдрийг хүртэл ардчилалтай улс гэдэг нь гайхалтай. Гэхдээ танай ардчилал өмчтэй салшгүй холбоотой байгаад би хувьдаа эмзэглэдэг юм. Авлига ч байна.
Манайд ч авлига байгаа гэж хэлж болно. Гэхдээ бид Европын холбооны нөлөөнд байдаг учраас харьцангуй бага. Харин та нар өөрсдөө энэ асуудлыг цэгцлэхийн төлөө хичээхээс өөр аргагүй. Хэцүү л дээ. Бидний зүгээс улстөрчидтэй уулзахдаа энэ талаар хэрхэн туслах боломж байгаа бол гэж судалдаг. Ардчиллыг хөгжүүлж дэлгэрүүлэхээр зорьж ажиллаж байгаа залуучуудыг дэмжих хэрэгтэй. Танай хэвлэл мэдээллийн чанар ямар байгаа вэ гэдэг нь бас нэг чухал асуудал.  Мөн сонгуулийн шинэ хууль чинь ямар болох вэ гэдгийг бид ажиглаж л байна. Ардчилал үндсэн замаараа явж чадах нь уу эсвэл мөнгө төгрөгөөр асуудал шийдэгддэг зарчим хэвээр хадгалагдах уу гээд л...Эмзэглэж л байна. Гэхдээ та нарыг чадна гэдэгт итгэдэг шүү.

-Би таныг С.Зориг агсантай, С.Оюун гишүүтэй эртнээс дотно харилцаатай байсан гэж сонссон. С.Зориг агсны талаар асуувал болох уу?
-Бололгүй яахав. С.Оюун гишүүнийг Прагйн сургуульд суралцаж байх үеэс нь танина. С.Зоригтой бол манай нөхөр илүү дотно харилцаатай байсан л даа. 1998 онд бид хувийн шугамаар Монголд ирсэн юм. Тэр үед би жил гаруй Дорнодыг хөгжүүлэх төсөл дээр ажилласан. Төмөр зам  тавих, хөдөө аж ахуйг нь ямар чиглэлээр, хэрхэн хөгжүүлэх  вэ гэх зэрэг төсөл байсан. Мэргэшсэн хүн нь би биш ч тэр төсөл дээр  нь чадлаараа тусалж байсан юм. Тухайн үед дипломат биш байсан учраас улс төрийн ярилцлага энэ тэрд нь оролцож байгаагүй ээ. Гэхдээ өнөөдөр танай улс төрийн хүрээлэлд байгаа олон улстөрчтэй дайралдаж л байлаа. Бүгдээрээ л мөнгөгүй ч, их олон зүйлийг төлөвлөж, найддаг байсан юм шүү дээ.(инээв) Харамсалтай нь, Зоригийн аллага чухам юунаас болов, хэн ийм хэрэг хийв гэдэг нь одоо хүртэл илрэхгүй байгаа нь маш муу. Улаанбаатар хот бол тийм том биш шүү. 25 жил болж байхад юу ч тодорхойгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

-Хувь хүнийхээ хувьд С.Зориг агсан ямар хүн байсан гэж та боддог вэ?
-Миний нүдээр тэр хүн жаахан романтик байсан. Өөрөөр хэлбэл Монгол улсын ирээдүйн талаар маш их төсөөлөн боддог. Амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл энгийн амьдарсан. Энгийн л нэг орон сууцанд амьдарч байсан шүү дээ. Янз бүрийн  хахууль өгөх сонирхолтой хүмүүс эргэн тойронд нь эргэлдэж л байсан байх.  Харин  С.Зоригийн хувьд тэр талаар цэв цэвэрхэн явсан. Энэ нь олон хүнд таалагдаагүй байж болох.
Дотор хүн нь их сайхан хүн байсан юм шүү. Тэрээр хүчирхийллийг хэзээ ч хүсч байгаагүй, бусдыг гэмтээчих вий гэж их эмзэглэдэг учраас мөргөлдөөнөөс байнга л зайлсхийж байсан гэдэг юм. Жишээлбэл, талбай дээр жагсаал хийж болохгүй гэхэд нь талбайг тойрч жагсаал зохион байгуулж явсан хүн. Маш сайн улстөрч байсан. Одоо хүртэл байсан бол Монголд чухал хэрэгтэй хүн. Мэдээж янз бүрийн хүний сонирхлын эсрэг явсан байх. Тухайн үед би янз янзын том төслийн тухай бас сонсч л байсан. С.Зориг Дэд бүтцийн сайд байлаа. Зарим хүнд хориг тавьж, зөвшөөрөл олгоогүй болохоор дургүйцэх шалтгаан бол байсан л байх. Одоо хүртэл энэ хэргийн эзнийг илрүүлээгүйд би үнэхээр гайхаж л байгаа.

-Та ер нь яагаад монгол хэлний ангид элссэн юм бэ. Монголын талаар ямар ойлголттой байв аа тэр үед?
-Үнэхээр Монголын тухай бараг ойлголт байгаагүй. Анх Скандинавын хэл сурах  сонирхолтой байсан ч манай их сургуульд анги нь нээгдээгүй. Харин монгол хэлний анги  шинээр нээгдэж байсан. Над руу “Таны сонирхож байгаа хэлээр элсэлт авахгүй. Монгол хэлний анги нээгдэж байна. Та сонирхож үзэх үү” гэж сургуулиас утасдсан юм. Миний сонирхож байсан хэл ч алтайн язгуурынх учраас “За сонирхож үзье” л гэж бодсон. Болохгүй бол сольё гээд. Гэвч суралцаад эхэлтэл их сонирхолтой байлаа. Суралцаж байх хугацаандаа Монголд ирдэг байсан, манай багш маш идэвхтэй сайн хүн учраас бид ч багшийнхаа төлөө эрчимтэй суралцсан. Эцэст нь энэ бол миний мэргэжил болсон. Тэр үед Монгол руу илүү олон чех ирдэг байсан учраас монголчуудын тухай манайхан мэдлэгтэй байж.

-Та бол монгол хэлтэй, монгол нөхөртэй, монгол цустай хүүхдүүдтэй. Тэгэхээр хэдийгээр Чех хүн ч гэлээ 50 хувь монгол болсон хүн гэж хэлж болох байх. Чех монгол хүний бие биед нь суулгавал зохих зан чанарын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Заримдаа би монголчууд германчууд шиг ажлаа урьдчилан төлөвлөдөг байгаасай гэж боддог. Бүх зүйлийг сүүлчийн минутад хийж болохгүй. Гэхдээ манай чехүүдэд монголчуудын энэ зан чанар бага зэрэг байгаасай гэж бодох үе бий. Манай  аав бүх юмаа маш нарийн төлөвлөдөг. Нөгөө төлөвлөснөөс нь жаахан хазайчихвал сэтгэлээр унадаг. Тэгэхээр  хоёулаа нэг нэгнээсээ энэ зан чанарыг аваад бага зэрэг суулгачихвал...
Маш харамсалтай нэг зүйл бол танай одоогийн хотын барилгажилт. Үнэхээр амьсгалах, амьдрах хөл гишгэх зайгүй байшин барьчихсан. Ёстой хүний амьдралын ая тав тухыг бодож байшин барьж байна гэж хэлэх арга алга. Та бүхэн заавал Европоос суралцах хэрэггүй шүү дээ. Азийн хотуудын хөгжил томоохон жишээ болж байна. Урьдчилан бодож төлөвлөх л хэрэгтэй байж. Одоо засч залруулахад хэцүү байх. Заримдаа би cургууль, дэлгүүр орох гэж “Нарантуул” тийш явах хэрэгцээ гардаг.  Яг л дөрвөлжин хайрцагт орсон мэт сэтгэгдэл төрдөг. Үнэхээр харамсалтай. Улаанбаатарын  энэ том газар нутгийг зөв ашигласан бол...Жишээ нь Финланд шиг хөгжүүлсэн бол ёстой гайхамшигтай болох байлаа. Ногоон байгууламжтай, цэгцтэй байшин барилгатай сайхан хот байхсан. Гэхдээ ирээдүйн төлөө суралцах хэрэгтэй. Чехийн хотууд ч социализмын үед олон асуудалтай байсан. Тэдэнд ч өнөөдөр суралцах засч  залруулах асуудал бий. Энэ бол мөнгөний асуудал бишээ. Харин урт удаан хугацааны зөв төлөвлөлтийн асуудал юм.

-Чех бол жинхэнэ аялал жуулчлалын улс. Европын хамгийн их жуулчин хүлээж авдаг орон. Аялал жуучлалыг ийм өндөр төвшинд хөгжүүлэхийн тулд юунд илүү анхаарал хандуулах ёстой юм бэ. Бүтээгдэхүүнд үү, хөрөнгөнд үү эсвэл үйлчилгээнд үү?
-Бид их азтай хүмүүс. Манай нутагт 8-13 дугаар зууны үед барьсан гоёмсог барилгууд болоод сүм, дугана өнөөдрийг хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн.  Дэлхийн хоёрдугаар дайны үед манай Прага бараг л гэмтээгүй үлдэж чадсан юм. Ганц нэг удаа бөмбөгдөлтөнд өртсөн ч хохирол бага. Чехэд зөвхөн Прагад гэлтгүй бусад аймагт гайхамшигт уран дурсгалт барилгууд бий. Хоёрдугаарт, маш сайхан байгальтай. Социализмын үед бага зэрэг бохирдсон. Гэхдээ Европын холбооноос авсан тусламж,  хувийн хөрөнгө оруулалтууд  бидэнд их нэмэр болсон. Олон хуучин байшинг шинэчлэн засч, заримыг нь зочид буудал болгосон. Мэдээж Прага бусад хотын дурсгалт зүйлсийг хамгаалах, жуулчдыг татах нь хотын захиргааны хариуцах асуудал. Иргэд ч өөрсдийн хувийн бизнесийг сайжруулахын тулд хотын захиргаанд шаардлага тавьсан. Би ч гэсэн Чехийг үнэхээр сайхан гэж боддог. Манайд бас хэдэн гайхалтай рашаан бий. Та бүхэн ч бас рашаантай учраас жуулчдыг татах боломжтой шүү.

-Тэгэлгүй яахав. Гэхдээ бидэнд зам харилцаанаас эхлээд хөгжүүлэх зүйл их байна?
-Энэ талаар бид танай дархан цаазат газар нутгийн захиргааны удирдлагуудтай бас ярьсан. Яг хаана дархан цаазат бүс байгаагаа маш тодорхой болгох хэрэгтэй. Мөн  үүнийгээ тусгасан газрын зураг англи хэл дээр хэвлүүлж, жуулчдад зориулсан сайтыг маш сайн ажиллуулах хэрэгтэй. Танай улсыг жуулчид түүх дурсгалт газар гэхээсээ илүү байгалийн үзэсгэлэнд татагдаж зорьж ирдэг.  Гэтэл нэгдсэн тодорхой мэдээлэл байхгүйгээс байгаль хамгаалагч хүртэл жуулчдыг үргээх тохиолдол ч байна.  Мөн үйлчилгээний стандартыг чанаржуулах хэрэгтэй.  Наад зах бие засах газарт анхаарал тавих ёстой. Дотоод нислэг хангалттай байдаггүй. Аяллын өртөг жуулчдад өндөр гарч байгаад анхаарах хэрэгтэй. Аялал жуучлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт маш чухал л даа.

-Танайх аялал жуулчлал өндөр хөгжсөн ч гэлээ үүнийг дагасан бэрхшээл байдаг байх. Жишээ нь, Европын холбооны улс гэдэг утгаараа шенгений виз олгодгийг чинь далимдуулаад Европын бусад оронд цагаачлах, хууль бусаар амьдрах хүсэлтэй хүмүүс аялал жуулчлал нэрийн дор виз гаргуулах санаатай байдгийг үгүйсгэх аргагүй. Ийм явдал ч гарч байгаа байх. Ийм тохиолдолд хэрхэн хандаж байгаа вэ. Чех улс визийн хувьд хэр тааламжтай нөхцөлтэй байж чаддаг вэ?
-Чамайг ингэж асуусанд талархаж байна. Өчигдөрхөн манай гадаа жижиг хэмжээний жагсаал болсон шүү. Чи манай Элчин сайдын яамны байдлыг харж байгаа байх. Байгаа хоёр хүн маань шөнийн 12 цаг хүртэл ажилладаг. Үнэндээ хүн нэмэх зай ч алга. Техникийн тал дээр хүртэл хүндрэлтэй байна. Хурууны хээ авдаг машин ахиад нэг хэрэгтэй байгаа. Манайд “Визапойнт” гэж цаг авах зөвшөөрөл олгодог систем бий. Учир нь, өмнө нь хүмүүс визэнд орохын тулд гадаа зогсох хэрэгтэй болдог байлаа.  Гэтэл сүүлдээ тэр оочерыг дамлаж зардаг хүмүүс гарч ирсэн учраас “Визапойнт” гэсэн программ нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын зарим нь маш олон цаг бүртгүүлчихдэг. Тэгээд авсан цагтаа ирдэггүй нь ч байна. Эсвэл бусдад дамлаад зарж байна ч гэх мэдээлэл байгаа. Энэ бол хууль бус юм. Манай талаас болохоор энэ программ асуудалгүй ажиллаж байгаа. Цагаа авчихсан хүн бичиг баримтаа бүрдүүлж ирээд л 10 минутын дотор бүх процедур дуусах боломжтой.Гэхдээ виз мэдүүлэгчид заримдаа бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирдэг, гарын үсгээ зураагүй гээд нэг орсон хүн маань дор хаяж 30 минут болчихоод байгаа юм. Бүгдийг дахиад тайлбарлах хэрэгтэй болдог.  Заримдаа ч уйлмаар болдог. Заримдаа үнэхээр их бухимддаг. Өнөөдрийн байдлаар Шенгений виз олгодог Элчин сайдын яам Улаанбаатарт гурав бий. Бусад нь Бээжингээс олгодог. Герман, манайх хоёрт ногоон нутгийн виз олгохыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл бид бусдын өмнөөс  ажлыг нь хийж байна. Гэтэл манайхыг л шүүмжлээд байдаг. Хэрвээ бид зөвхөн өөрийнхөө асуудлыг шийднэ гээд суугаад байвал олон хүн виз даруулахын тулд Бээжин явах хэрэгтэй болно. Зардал чирэгдэл ихтэй биз.

-Монголчууд нэг хэсэг Солонгос, Чех рүү ажил хийхээр маш их гарсан байдаг. Гэхдээ тэднээс буцсан нь бий. Бас хууль бусаар амьдарсаар байгаа нь ч бий. Та нарт жишээ нь энэ талаар мэдээлэл ирдэг үү. Өнөөдөр ийм хүмүүс хэр олон байна вэ?
-Танай Элчин сайдаас авсан мэдээллээр 5-6 мянган хүн албан ёсоор Прагад  амьдарч  байна. Хямралын үед Чехэд ажиллаж байсан хүмүүс олноор нутаг буцсан. Чехийн Засгийн газраас ч тусалсан. Гэхдээ өнөөдөр манай Чехийн оёдлын үйлдвэрийн зүгээс Монголоос ажилтан авах дуртай хэвээр. Зөвхөн бага цалингаар ажиллахaд бэлэн гэдэг утгаар биш шүү. Монголчууд маш сайн оёдолчид. Нүүдэлчин ард түмэн учраас нарийн зүйлийг сайн хийдэг. Оёдлын үйлдвэрийн захирлууд хүртэл хэлдэг. Монголчууд бусад орны ажилчдаас илүү сайн оёдог гэж. Тэгэхээр жилийн хугацаатай  дадлагажигч ажилтан гаргах сонирхол бол бий.  Мэдээж хууль бусаар амьдарч байгаа хүн бий байх. Сургуулиа хэзээ ч төгсдөггүй оюутнууд ч бий. Харин бидний зүгээс тэр талаар монголчуудыг буруутгаад тэдний эсрэг ажиллахыг хүсэхгүй байна. Чехэд ажиллаж байгаа монголчуудыг нийгмийн даатгалд хамруулах гэрээг  хийхээр манай тал бэлтгэчихсэн байгаа. Гэхдээ энэ гэрээ нь “readmission” гэрээтэй хамт зурагдах шаардлагатай. Харин тэр гэрээний асуудлаар Монголын талын хариуг хүлээж байна. Оростой та бүхэн саяхан тийм гэрээг үзэглэсэн. Бид Европын холбооны улс ч гэлээ Оростой ижил гэрээ хийхээр бэлтгэсэн.

-Хэрвээ энэ гэрээг баталгаа­жуулахгүй бол нийгмийн даатгалд хамруулах талаарх гэрээг батал­гаажуулахгүй юм байна гэж ойлголоо?
-Гол нь нийгмийн даатгалд хамруу­лах гэрээг үзэглэхийн тулд заавал энэ гэрээг хамтад нь хийх ёстой л доо. Энэ жилийн эцэст хийгдчих байх аа.

-Биднийг бага байхад Чехтэй соёлын их өргөн харилцаатай байсан санагддаг. Чехийн кинонууд манайд олноор гарч байлаа. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаанаас гадна соёлын харилцаа ч хумигдчихаж. Энэ тухай та мэдээлэл өгөөч?
-Хол бас үнэтэй. Би Бээжинд ажиллаж байхдаа соёлын арга хэмжээ зохион байгуулах гэж багагүй хичээдэг байлаа. Үнэндээ Элчин сайдын яаманд урлагийнхныг тухайн улсад авчирч тоглуулах зардал байхгүй. Бээжингийн хувьд Олон улсын фестивальд оролцохоор ирсэн уран бүтээлчдээ ашиглаад л заримдаа тоглолт зохион байгуулж болдог. Харин Монголд бол хэцүү. Хол дээрээс нь үзэгч цөөтэй. Элчин сайдын яам өөрөө зардлыг нь даагаад уран бүтээлчдээ авчрах нь хүндрэлтэй. Гэхдээ миний найзууд заримдаа тусладаг. Саяхан жаз фестивальд хөгжимчдөө зөвхөн тээврийн зардлыг нь төлөөд ямар ч шагнал урамшуулалгүй авчирч тоглуулсан. Киноны хувьд яамны зүгээс хэд хэдэн кино бэлтгээд байгаа. “Чехийн түүх-Кино дэлгэцнээ” гэсэн жижиг фестиваль хийдэг. Орчуулж бэлтгэсэн 15 киногоо телевизээр  олон нийтэд үзүүлэх санаа бас байна. Танай телевизүүд лицензийн мөнгө төлөөд авч чадахгүй гэсэн учраас бид өөрсдөө асуудлыг шийдээд гаргахаар ажиллаж байгаа.

-Кино гэснээс “Эрдэнэт”-ийн тухай нэг баримтат кино танай яаманд бий гэсэн. Хэдийгээр Чехийн уран бүтээлчид хийсэн ч энэ киног хоёр улс аль аль нь дэлгэцнээ гаргаагүй гэж сонссон?
-Баримтат биш бараг л уран сайхны кино. Тэр кинонд 1960-аад оны түүхийг өгүүлсэн мөртлөө 1970-аад оны Улаанбаатарын дүр төрх гардаг. Эрдэнэтийн тухай ч өөр газарт зургийг нь авсан байгаа юм. Геологичид бүгд морь унаад л, цэвэрхэн цамцтай гардаг. Бага зэрэг инээдмийн гэж хэлж болно. Гэхдээ их гоё кино. Яагаад хоёр улс энэ киног гаргаагүй вэ гэхээр улс төртэй холбоотой.Танайд гаргаагүй учир нь тухайн үед “Эрдэнэт” Зөвлөлт Монголын хамтарсан байгууллага болчихсон байсан учраас чехүүд нээсэн гэдгийг дэлгэхийг хүсээгүй бололтой. Чехэд яагаад үзүүлээгүй вэ гэвэл энэхүү кинонд коммунист намаас тавьсан дарга нарыг шүүмжлэх хандлагатай өнгө аяс байсан.

-Хэвлэл мэдээллийнхээ  салбарын талаар бага зэрэг мэдээлэл өгөөч. Хамтдаа ардчилсан нийгэмд шилжсэн учраас л илүү сонирхож байгаа юм?
-Бид хоёр жилийн өмнө нэг төслийг дэмжсэн юм. Европт болж байгаа семинар хурал цуглаанд танай сэтгүүлчдээс хамруулах. Гэхдээ хамрагдаж байгаа хүмүүс маань туршлагатай, хэл устай байх ёстой. Үүнд хөдөөгийн сэтгүүлчид хамрагдах үнэхээр боломжгүй юм билээ. Тиймээс манайх “Респект” сэтгүүлийнхээ туршлагатай сэтгүүлчийг урьж авчирсан. Тэр хүн Хөвсгөл, Эрдэнэт гэх зэрэг таван аймагт ажиллалаа. Ажлын туршлагаасаа хуваалцаж, хамтран сурвалжлага ярилцлага хийсэн. Орон нутгийн авьяаслаг сэтгүүлчийг Улаанбаатарын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад дадлагажихад нь бас дэм боллоо. Хөдөөд сургалтанд хамрагдсан сэтгүүлчид маань бие даасан сурвалжлага нийтлэл бэлтгэж сураагүй байгаа нь харамсалтай. Зөвхөн үйл явдлын л мэдээ хөөдөг. Мэдээж цалин бага энэ тэр гээд шалтгаан байдаг байх. Залуучуудад сурвалжлага хийхдээ юунаас хэрхэн эхэлбэл илүү тодорхой мэдээлэл авч болох вэ гэдэг ч юм уу, ямар ч байсан өөрсдийн ажилладаг дадлагаас манай сэтгүүлч их ярьсан. Харамсалтай нь орон нутгийн сэтгүүлчид монголоос өөр хэлгүй учраас гадны хэвлэлийг олж уншиж чаддаггүй. Харьцуулалт хийх боломжоор хомс байгаа юм.

-Хэвлэл мэдээллийн салбарт улс төрийн нөлөөлөл хэр байдаг вэ. Танайд жишээ нь үндэсний хэмжээнд гардаг өдөр тутмын сонин хэд байдаг бол?
-Манай хэвлэл мэдээллийн салбарт ч улстөрийн нөлөөлөл бий. Гэхдээ манай сэтгүүлчийн хэлснээр ганц нэг чухал хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй нийтлэл бичиж хэвлэж чадвал бусдад нь дэм болдог гэсэн.  Хэвлэл мэдээллийн салбар чинь ер нь тэмцлийн талбар шүү дээ. Мөн сошиал медиа их нөлөөлж байна. Аймгийн хэвлэл гэж манайд бас ялгаагүй бий. Өдөр бүр улс даяар тардаг сонин бол 6-7 бий. Мөн хоёр сувагтай олон нийтийн телевиз бий. Үүнээс гадна миний мэдэхээр орон даяар долгионоо цацдаг зургаан телевиз бий. Сэтгүүл, сонин бол бий бий. Хэвлэл мэдээллийн тухай хуулиараа бол танай сэтгүүлчдэд бага зэрэг аюултай санагдсан. Өөрөөр хэлбэл бичсэн нийтлэлдээ сэтгүүлч өөрөө хариуцлага хүлээдэг. Манайд бол редакц нь хариуцлагаа хүлээнэ. Манайд бас эзэд нь харьцангуй ил тод байдаг.

-Таны ярианаас Чехүүд Монголыг ажиглаж байгаа болохоос Монголтой хамтрах сонирхлын хувьд бага байгаа юм байна гэж ойлголоо. Би буруу ойлгосон бол уучлаарай. Тэгэхээр та магадгүй тэтгэвэрт гараад Монголд амьдрахгүй дээ гэсэн бодолтой байна уу. Таны хань Монголын их эрдэмтэн Б.Ренчиний ач хүү Дэнзэн гуай гэдгийг манай уншигчид мэднэ. Магадгүй тэр хүн Монголдоо амьдрах болов уу гэсэн үүднээс таныг Монголд амьдрах шаардлагатай болох байх гэж бодож байна. Гэхдээ та энэ талаар ямар бодолтой байна?
-Хамаатнууд маань энд байгаа учраас амьдаръя гэвэл амьдарна. Би энд мод тариад л тайван амьдрахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, Монголд баян болохын төлөө амьдрахгүй. Нөгөөтэйгүүр Монголд амьдрах жаахан хүндрэлтэй байна. Учир нь, Улаанбаатар хотын өнөөдрийн нөхцөлд дасан амьдарна гэвэл мэдрэлийн ядаргаанд орно (инээв).Наад зах нь зам хөндлөн гарахад хэцүү байна шүү дээ. Хэрвээ, би Монголд үлдвэл хөдөө л амьдарна. Хот стресс ихтэй.

-Танай хүүхдүүд одоо хаана амьдарч суралцаж байна вэ?
-Хоёр том хүүхэд маань Европт байна. Нэг нь Лондонд их сургуулиа төгсөөд Чехэд ажиллаж байна. Дунд хүү маань манай хүн шиг гарын дүй сайтай учраас урлагийн сургуульд суралцаж байгаа. Хүү маань ийшээ ирэх, монголчуудтай хамтран ажиллах сонирхолтой юм шиг. Бага маань надтай хамт Монголд байгаа.

0 Сэтгэгдэл
энэ хатагтайн мэйл хаягыг хаанаас олж болох бол?асуулт лавлаж асуух хэрэгтэй байна.
Б.Ринченгийн хүүхдүүд гэж нэг хачин юмнууд байх юм, та нар ямар Хаад,дээдсийн удам юмуу байдаг л нэг новшнууд байж хэмжээ хязгаар буух газраа мэд за, та нараас ч Тэнгэрлэг удамтай сайн сайхан яваа хүмүүс цөндөө шүүдээ
Dandaa l hulhiduulsan, hudlaa yarisan gej hun buruutgan, uursduu hiisen yum haana bna?
үнэн үгийг сонсож сурцгаая, хэлсэн нь энэ хүн болохоос бид нарт суралцах хийх зүйл маш их байна, сайхан ярилцлага байна
VISAPOINT system ajilladag yum uu. Mongolchuud chexiin viz avax n amerikiin viz avaxaas xetsvv bolson. Ene yamar uchirtai yum be ?
заа ***** ЧЕХҮҮД МОНГОЛЧУУДЫГ ЗӨНДӨӨ Л ХУЛХИДСАН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ МӨН ЗХ НЫ БАЙР БАРЬЖ ӨГНӨ ГЭЭД Л ЭНЭ АВГАЙ ОДОО ХЭН БОЛЧООД ЮУ ХУЦААД БАЙГАА ЛАЛАР ВЭ. ӨЧНӨӨН УЛСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛААД БОЛООД Л БАЙНА. ЧЕХҮҮДТЭЙ Л ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ ХАХА.
Dandaa l hulhiduulsan, hudlaa yarisan gej hun buruutgan, uursduu hiisen yum haana bna?
Хамгийн их уншсан