Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгийн фестиваль Монгол Улсад эхэллээ


Нэгэн жарны түүхт Монгол Энэтхэгийн харилцаа


-Монгол Улс Энэтхэг улстай 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосон анхны социалист бус орон нь Энэтхэг улс болсон түүхтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Пратиба Патилын урилгаар 2009 оны есдүгээр сарын 13-16-нд Энэтхэг Улсад  улс төрийн айлчлал хийв. Энэ үеэр хоёр улс уран нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан төдийгүй “Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглал” байгуулж, хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрсэн.
-Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратиба Дэвисингх Патил анх удаа Монголд  айлчлав.
-Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ оны тавдугаар сарын 16-18-нд Монгол Улсад айлчилсан билээ. Уг айлчлал нь хоёр орны харилцааг стратегийн түвшинд аваачсан томоохон хэмжээний айлчлал болсон юм.
 -Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд жилд манай улсын 30 оюутан Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байна. Манай улсын 1000 гаруй оюутан Энэтхэгт суралцаж байгаа.
-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол-Энэтхэгийн хооронд  40 гаруй гэрээ, хэлэлцээр хийгдэж, хоёр орны худалдааны эргэлт 2008 онд 20 сая  ам.доллар байсан бол 2011 онд 46  сая болж өсчээ.

Энэтхэгийн соёлын өдрүүд эхэллээ

Монгол дахь Энэтхэгийн соёлын өдрүүд эхлээд байна. Монгол-Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Монгол дахь Энэтхэг Фестиваль 2015-1016”-ийн нээлт өнгөрсөн амралтын өдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ хүрээнд хоёр он дамжин урлаг, соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээнд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, манай улсад ажиллаж, амьдарч буй энэтхэгчүүд, Энэтхэгт сургууль төгссөн монгол залуус оролцсон.
Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн юм. Бакула Ринбүүчийн Монгол дахь айлчлал, мөн БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбалын 1959 онд Энэтхэг улсад хийсэн айлчлалын түүх болон үлдсэн гэрэл зургууд олны анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Элчин сайд Сомнат Гош нээж үг хэлсний дараа Энэтхэг соёл, уламжлалын дагуу зул асаасан юм. Энэтхэг бүжгийг Монголын авьяаслаг охид бүжиглэж сонирхуулснаас гадна бясалгалын нэг хэлбэр болох “Йога”-ийн үзүүлбэр толилуулав. Түүнчлэн тус улсын ардын уламжлалт бөмбөрийн хамтлаг “Энэтхэг бөмбөр” хамтлагийн үзүүлбэр үзэгчдээс алга ташилтыг харамгүй хүртлээ.
 
Сомнат Гош: “Мэдээллийн технологийн шилдгийн төлөө” төвийг 20 гаруй сая ам.доллараар байгуулна
Соёлын өдрүүдийн эхлэл болох “Монгол дахь Энэтхэг Фестиваль 2015-1016”-ийн үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тэрээр “Манай хоёр улсын харилцаа стратегийн түвшинд хүрч, улам өргөжин тэлсээр байна. Энэ нь тунхаглал төдий харилцаа биш юм. Бидний харилцаа 2500 жилийн тэртээгээс бэхжин, хөгжиж ирсэн түүхтэй. Хэдийгээр хоёр улсын харилцааны үндэс суурь өөрчлөгдсөн ч, харилцаанд өөрчлөлт ороогүй гэж болно. 60-аад жилийн өмнө манай улс социалист системийн бус орнуудаас анхлан Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон.  Мөн 1961онд Монгол Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болох үйл ажиллагааг манай улс хамгийн их дэмжиж оролцсон. Бидний гүн гүнзгий харилцааны хоёр жишээг дурдахад ийм байна. Өнөөдөр Монгол орон хөгжиж буй, ардчилсан, бие даасан тусгаар улс. Монгол Улс цаашид улам илүү хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэж байна. Манай улс тооцоолон бодох технологид дэлхийд тэргүүлж буй. Тиймээс энэ чиглэлд танай улсад хөрөнгө оруулалт болохуйц томоохон ажлыг эхлүүлээд байгаа. Бид “Мэдээллийн технологийн шилдгийн төлөө” хэмээх төв байгуулахаар 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийг зөвхөн техник, технологийн чиглэлээр 5000 гаруй оюутан төгссөн. Уг коллежид л гэхэд манай улс гурван сая гаруй ам.долларын хөрөнгө оруулсан юм.  Манай улсын Засгийн газрын зүгээс Монголын боловсролын салбарт  хамтарч  ажиллах хүсэлтэй байгаа” гэсэн юм. 

Д.Дэмбэрэл: Нэг тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг шинжлэх ухааны салбарт зориулна

Энэхүү фестивалийн үеэр Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Манай хоёр улсын харилцаа өнө эртний түүхтэй. Бидний харилцаа шиг он удаан жилийн түүхтэй харилцаа ховор гэж болно. Манай хоёр орны харилцаа улам нягт болж гүнзгийрч буй нь дээд удирдлагын түвшинд хийгдэж буй олон талт айлчлал, уулзалтуудаас харагдаж байгаа. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди айлчлалынхаа үеэр манай улсад нэг тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгох болж үүнийг шинжлэх ухааны салбарт зарцуулахыг хүссэн. Эндээс манай хоёр улсын эдийн засгийн харилцаа ямар өндөр түвшинд байгааг  харж болно. Энэ оны сүүлчээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Энэтхэг улсад айлчилна. Энэхүү айлчлалууд хоёр орны парламент, Засгийн газар хоорондын харилцааг өргөтгөж буй хэрэг” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан