Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шикспирт өгсөн шалгалт...”

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Улсын драмын эрдмийн театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгээр нээгээд удаагүй байна. 19 жилийн дараа дахин тайзнаа тавигдсан жүжиг үзэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй сонгодог урлагийн салбарынхан ч ам сайтай байгаа.

Энэ сарын 12-нд их театрын “төрсөн өдөр”-өөр тохиосон нээлтийн тоглолт улаан хивсний ёслолоор эхэлсэн. Ёслолын ажиллагаанд үе үеийн Ромео, Жульеттагаас өгсүүлээд 19 жилийн тэртээ алдарт “Ромео, Жульетта”-г театрын тайзнаа анхлан амьдруулсан найруулагч Найдандорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй олны танил эрхмүүд оролцов. Энэ үеэр гэрлээд найман жил болсон, гурван хүүхэдтэй залуу хос хуримаа хийсэн нь олны гайхшралыг төрүүлсэн юм. Гэгээн хайрын бэлгэ тэмдэг болсон жүжгийн нээлтийн үеэр гэрлэх ёслолоо хийсэн залуу гэргийдээ гэнэтийн бэлэг барьсан нь энэ аж. Хос хоёрын хуримыг Ардын жүжигчин Н.Сувд адисласан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал байв.

Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан жүжиг “Найруулга, тавилт, хөгжим, тайз засал, гэрэлтүүлэг, дүр сонголт гээд олон шинэлэг байна” хэмээн театрын хамт олон амлаж байсан. Үнэхээр ч тэд хэлсэндээ хүрч сонгодог урлагийн салбарт шинэ хуудас дэлгэсэн гэж болно.

Улаан хивсний ёслол өндөрлөж уригдсан зочид суудлаа эзэлхэд Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу, дэд захирал Н.Сувд, ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нар тайзнаа гарч үг хэлсэн юм. Д.Цэрэнсамбуу “Ромео, Жульетта” бол уран бүтээлчдийн ур чадвар, авьяас билгийг сорьсон аугаа бүтээл. Тиймдээ ч театрын уран бүтээлчдэд томоохон сургалт, туршлага боллоо. Энэ үдэш бид Шекспирт ээлжит шалгалтаа өгөх гээд зогсож байна. Энэ шалгалт Монголын театрын урлагт түүх болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Харин, “Сонгодог урлаг-2” төслийн хүрээнд “Ромео, Жульетта” жүжгийг дэмжин ажилласан БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Драмын театрын хамт олонд сонгодог урлагийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэрт нь талархъя. Та бүхэн чадлаа. Яамны зүгээс дараа дараагийн төсөл, жүжгүүдийг дэмжин ажиллана” гэсэн.
Мөн энэ үеэр “Марко Поло” кинонд дүр бүтээж буй жүжигчин А.Цэгмидийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Тэрээр соёл урлагийн салбарт 50 жил тасралтгүй ажилласан тухайгаа хэлээд “Төр, түмэн нүдтэй гэдэг. 50 жилийн хөдөлмөр, бүтээлийг минь үнэлж энгэрийг минь цоолсон театрын хамт олон, уран бүтээлчиддээ баярлалаа” хэмээсэн юм.
Шекспир дүн тавихгүй ч гэлээ үзэгч олноос өндөр үнэлгээ авсан хүн төрөлхтний үнэнч хайр дурлал, эв нэгдлийн илэрхийлэл “Ромео, Жульетта” жүжиг энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан