Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Нас барсан иргэдийн нэрээр мөнгө залилсан хэрэг шалгагдаж дууссан

Б.БИЛГҮҮН

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх оноос зөвхөн зорилтот бүлэгт багтах хүүхдүүдэд олгоно гэж байгаа нь зөв үү?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дугуу нийт хүн амд төрөөс үзүүлэх үйлчилгээ, тусламж, хөтөлбөр, үйл ажиллагаа, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд хүн амын амьжиргааны түвшинг тодорхойлон, “Өр­хийн мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгосон. Ингээд нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваасан байгаагийн 1-17 дахь бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Энэ бол хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиг­лүүлэх үндсэн зорилго тул улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Ингэж зорилтот бүлэгт чиг­лүүлж байгаа нь хэн нэг иргэ­ний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчилсан зүйл биш. Хэрвээ, тухайн иргэн хүүхдийн мөнгөө авъя гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй бий.

-Та нийтлэлч Баабарыг тэтгэврээ хууль бусаар тогтоолгосон гэж хэлсэн. Үүн шиг тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого олон гардаг уу?
-Тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого цаг ямагт гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам УБЕГ болон бусад байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон. Тэгэхээр иргэн бүрийн мэдээлэл ил тод байж байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөхийг хөг­шид хүсдэг. Энэ чиг­лэ­лээр судалгаа хийгдэж байгаа юу. Энэ зээлийн хүүг буу­руу­лах боломж байгаа болов уу?
-Нийгмийн даатгалын бай­гууллага тэтгэврийн зээ­лийн хүүг бууруулахад үүрэг хү­лээх мэтээр зарим хүн ярьдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоорондын харилцаа юм. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байх­гүй. Гэхдээ тэтгэвэр авагч­дын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байгаа. Он гараад тэтгэврийн зээлийн сарын 1.5 хувь байдаг хүүг 1.1-1.2 хувь болгож бууруулахаар зөвшилцөж байна.

-Нас барсан иргэдийн тэтгэврийг хаалгүй, түүгээр дамжуулан зээл авах замаар их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэг гарсан. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуудал шалгагдаад дууссан гэдгийг хариуцлагатай хэлье. Анх цагдаагийн байгууллагаас 14 мянган хүний нэр бүхий файлыг шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгаад үзэхэд ганц нэгийг эс тооцвол нас барсан иргэдийн мэдээлэлтэй таарахгүй байсан. Энэ дагуу бүх шалгалтыг хийгээд цагдаад буцааж өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас хүсэлт ирсэн. Энэ дагуу шалгаад хариуг нь өгсөн. Үүний дараа цагдаагаас 10 мянган хүнтэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацсан тул шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан. Нийгмийн даатгалын хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн 10 жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Шалгалт 21 аймаг, есөн дүүргийг хамарсан. Ингээд уржигдар эцсийн дүн гарсан юм. Өнгөрсөн 10 жилд 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37.8 тэрбум төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна. Энэ дотроос зөрчилтөй гэх 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Эдгээр зөрчил нь жилд 10 орчим зөрчил гарч байсан гэсэн үг. Гэхдээ эдгээр зөрчил нь тухайн жилдээ арилгагдаад явсан байдаг. Нас барсан хүний тэтгэврийг зориудаар авсан гэхээсээ иргэний хасалтыг ар гэрийнхэн нь хийгээгүй зэрэг тохиолдол байдаг юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байгаа.

-Уржигдраас нийгмийн халамжийн салбартай холбоотой хуулийн төслүүд байнгын хороогоор яригдлаа. Базаад хэлбэл, ямар үзэл баримтлалтай хуулийн төслүүд болсон гэж үзэж байгаа вэ?
-Хүн амын хөгжилд төрөөс баримтлах цогц бодлогын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Мөн төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлууллаа. Энэ хүрээнд тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслүүдэд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог олон шатлалтай тэтгэврийн тогтолцоонд шилжүүлснээр тэтгэвэр авч буй ахмадуудын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төслийг  баталлаа. Ирэх оны наймдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахим карт, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох хууль, дүрмийг боловсруулах зэрэг ажлыг хийж байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь энэ хуулийн зорилго. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжлээ. Энэ хууль гарснаар хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэний эрхийн асуудал хуульчлагдаж, эрх зүйн шаардлагатай байгаа зохицуулалтууд хангагдах юм. Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хууль батлагдсанаар малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж бүрдэнэ. Нийгмийн хамгааллын салбарт хүн амын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, энэ бодлогын хүрээнд хүн амын хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Хүн амын бүлэг тус бүрийн эрхийн хуулиудыг нэн тэргүүнд батлуулахаар ажиллаж байна. Ахмадын эрх, эмэгтэйчүүдийн эрх, залуучуудын эрхийн тухай хуулиуд боловсруулалтын шатанд явж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан