Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лиа Макарде: Байгаа байшин, барилгаа түшиглэн музей болгох боломжтой

Э.ГАНЦЭЦЭГ

“Франц орны музейн туршлагаас” сэдэвт Монгол, Францын музейн салбарынхны уулзалт Монголын үндэсний түүхийн музейд боллоо. Уулзалтаар Францын музейн мэргэжилтэн, архитектор Лиа Макарде өөрийн орны музейн туршлагаас салбарынхантай хуваалцсан. Тэрээр “Монголын музей ба түүний өв, үндэсний өвөрмөц байдал болон бүсийн нягтрал” сэдвээр докторын зэрэг горилж, докторын ажлынхаа хүрээнд манай музейнүүдийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судалжээ. Дэлхийн хамгийн олон жуулчид зочилдог Луврын музейн сан хөмрөгийг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж байсан түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Олон улсад музейн чиг хандлага, хөгжил ямар байгааг сонирхвол?
-Музей бол урлаг. Тэр ч утгаараа түүхэн, сонгодог хэв маягаа хадгалж, хөгжиж ирлээ. Үүнийг одоо үед хэт нүсэр гэж үзэж музейн байшин барилгыг энгийн зохиомжоор засварлаж, барьж байгуулах нь ихэссэн. Урлаг гэх ойл­голтоос эрс татгалзаж, үзмэ­рүүдийг хүртэл энгийн байд­лаар, хүргэхийг зорих болсон. Арваад жилийн өмнө музейн үзмэрүүд урлагийн бүтээл шинжтэй байсан бол өдгөө үзмэр талаасаа олон нийтэд танигдах болсон. Үүнээс музейн цаашдын чиг хандлага харагдаж байгаа гэж болно.

-Франц улс соёлын өвийн асуудалд анхаарал хэр хандуулдаг вэ?
-Соёлын өв, музейн үзмэрийн хадгалалт, хамгааллын асуудалд төрийн оролцоо, соёлын яамны зөвлөмж, зөвлөгөө, дэмжлэг маш өндөр байдаг. Тиймээс ч Францын соёлын өв хамгааллын асуудал дэлхийн хэмжээнд өндөрт тооцогддог байх. Манай улсын соёлын өв, ялангуяа музейн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалтыг би л хувьдаа сайн гэж дүгнэдэг. Ер нь, соёлын өв хамгааллын асуудалд төрийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай.

-Манайд хоёр жил музейн асуудлаар судалгаа хийсэн хүний хувьд нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ямар ажлууд байгаа гэж үзэв?
-Соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадвал Монголын музейн хадгалалт, хамгааллын ажил үр дүнтэй байх болов уу. Миний судалгааны ажил дуусаагүй учраас үнэлэлт, дүгнэлт өгөхөд эрт байна. Монголын музейн үзмэр арвин баялаг. Гэхдээ тэднийг хадгалж буй байрны асуудалд учир дутагдалтай олон зүйл харагдсан. Энэ чиглэлээр БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийнхний хийх ажил анхаарал татаж байна.
-Яагаад Монголын музейг сонирхох болсон тань анхаарал татлаа?
-Би “Монголын орон сууцны барилгын чиг хандлага” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш Монгол орон миний анхаарлыг татаж  эхэлсэн. Мөн танай улс өөрийн өв соёл, уламжлалыг хадгалж үлдсэний зэрэгцээ  түүнийгээ орчин үеийн хөгжилтэй хослуулан авч яваа сонирхолтой орон. Хөгжил дэвшлийг, өв соёлтойгоо хослуулан яваа хосолмол соёлтой цөөн орны нэг ч гэж болно. Тиймээс Монгол орны соёлын өв, тэр дундаа музей, музейн үзмэрүүдийг судлахаар шийдсэн.

-Таны докторын ажил хэр удаан үргэлжлэх вэ?
-Дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Эхний хоёр жилээ Монгол орны музей, түүний үзмэр зэргийг судлахад зарцуулж, энэ төрлийн ном, товхимолтой нэлээдгүй танилцлаа. Харин сүүлийн хоёр жилийн судалгааны ажлаа Монголд үргэлжлүүлэх бодолтой байна.  

-Манай музейн удирдлагууд цаашид юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
-Би “Богд хааны ордон”, “Чойжин ламын сүм” музейтэй биечлэн танилцаж явахдаа монголчуудын зан заншил, сүсэг бишрэлийн нэг хэсэг гэдгийг тэдгээрээс мэдэрсэн. Учир нь, сүм хийдийн байранд байрладаг учраас агуулга, хэлбэрийн хувьд уялдаатай, түүнчлэн музейн байр, түүний үзмэрүүдийг салгаж ойлгох боломгүй мэт санагдсан. Монголын музейнүүдэд хадгалагдаж буй танка буюу даавуун зураг тэргүүтэй хэврэг үзмэрийг  хэрхэн хадгалж хамгаалах, насжилтыг нь уртасгах гэх мэт үзмэртэй холбоотой асуудлууд байна. Өнөөдрийн хадгалж буй нөхцөл байдалд цаашид хадгалсаар байх уу гэдгийг салбарынхан бодох хэрэгтэй. Музейн хадгалалтад агаарын чийгшил,  температур зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээр зүйлс дутагдалтай байна уу гэж ажиглагдсан. Түүнчлэн ордон музейдэд хадгалагдаж буй үзмэрүүд зориулалтын байранд хадгалагдаж байгаа үзмэрүүдтэй харьцуулахад эрсдэл ихтэй байгаа юм. Харин Үндэсний түүхийн музейн хувьд бусад музейг бодвол гэрэлтүүлэг хийгээд орчин нөхцөлийн хувьд сайн санагдсан. Мөн олон талын мэдээллийг үзмэртэйгээ уял­дуулан, нэг дор хүргэж байгаа нь танай музейнүүдийн ололт­той тал шүү. Мөн үзэгчдэд сонирхолтой байд­лаар үзвэрийг хүргэх тал дээр ажил­лавал, аяндаа музейн үзэгчид нэмэгддэг. Танай орон соёлын өв баялаг ихтэй, тэр хирээрээ  хийх ажил ч их байна.

-Ер нь Францын музейнүүд хэр их үзэгчтэй вэ?
-Манай музейнүүд бусад оронтой харьцуулахад харьцангуй олон үзэгчтэй, хамгийн олон жуулчин ирдэг Луврын музейг энд дурдаж болно. Үүнд газарзүйн байршил нөлөөлдөг. Учир нь, манай улс Европын төвд, олон оронтой хиллэдэг учраас жуулчид их байдаг.

-Франц улс хэчнээн музейтэй вэ?
-Манайд 3000 гаруй музей бий. Үүнээс 1200 орчим нь Франц улсын музей гэгддэг. Эдгээр музейнүүдэд яам, засгийн газрын зүгээс шууд дэмжлэг үзүүлдэг. Гол нь тэдгээр музей өндөр санхүүжилт хүртэхийн хэ­рээр өөр өөрийн хэв маяг, урс­гал чиглэлээр ялгарч, үйл ажиллагаа маш идэвхтэй явуул­­даг. Олон нийтэд ч өөрс­­дийн үйл ажиллагааны чиг­лэлээр танил болсон байдаг.

-Зориулалтын бус байрыг музей болгож ашиглах нь хэр зохимжтой вэ?
-Боломжгүй гэж хэлэхгүй. Гэхдээ нэлээд судалгаа, шинжилгээ хийсний дүнд, мөн музейн байр болгож ашиглах хэмжээнд хүртэл засварлаж чадсан тохиолдолд ашиглах боломжтой. Танай орны хувьд музейн зориулалтын байр харьцангуй цөөн. Тиймээс байгаа байшин барилгадаа түшиглэн, түүнийгээ музей хэлбэрээр ашиглаж болох юм. Маш их судалгаа л шаардлагатай даа. Жишээ нь, Оросын “Арсэ” музейн барилга метроны буудал байсан. Түүнийг XX зууны эхэнд музейн хэлбэрээр зассаны дүнд ашиглах боломжтой болсон байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан