Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Мөнгөндалай: Европ, цаашлаад дэлхийг дугуйгаар тойрох хүсэл мөрөөдөл тээж явна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубийн гишүүн, дугуйчин Ч.Мөнгөндалай хоёр жилийн хугацаанд эх орноо дугуйгаар тойрч чадлаа. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халууныг үл ажран 21 аймаг, 300 орчим сум суурингаар дамжин 11 мянга 200 км зам туулсан тэрээр хоёр хоногийн  өмнө гэртээ ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ эх орноо дугуйгаар бүтэн тойрсон түүнтэй аяллынх нь тухай ярилцлаа.


-Юуны өмнө аяллаа амжилттай дуусгасанд баяр хүргэе?
-Баярлалаа, эх орныхоо зүүн хэсгээр амжилттай аялаад ирлээ. Сэтгэл хангалуун, баяртай байна. Гайхалтай сайхан байгалийн тогтоц, ан амьтныг биеэр явж нүдээр үзээд ирлээ. Мөн монгол цус, өв соёлоо өдий хүртэл хадгалан үлдсэн малчин ардтайгаа уулзан учирч, тэднийхээ тус дэмээр аяллаа амжилттай дуусгалаа.Эзэн Чингис хааныхаа удам угсаа болсон монгол хүний хувьд эх орноо бүтэн тойрч, хилийн гурван заставт очлоо. Энэ нь миний хувьд маш том бахархал юм.

-Энэ удаагийн аялал тань цас унасан хойно, өвлийн эхэн сард дууслаа. Өмнөх аяллаас хүнд байсан байх?
-Үнэхээр хүнд байлаа. Хилийн зааг, заставуудаар ч явлаа. Даарч хөрөх, төөрч будлихаас аваад маш олон саад тотгор, асуудлыг даван туулж гэртээ ирлээ. Ер нь, хамгийн хүнд хэцүү зүйл нь хүйтэн л байлаа. Халтиргаа гулгаа ихтэй болохоор дугуйтайгаа онхолдохоос өгсүүлээд янз бүрийн л зүйл тохиолдсон. Цасан шуурган дунд ороод хаашаа явахаа ч мэдэхгүй үе байлаа. Тэр болгонд ойролцоохь айл, сум суурин бараадаж байж эсэн мэнд үлдсэн. Заримдаа дугуй явахын аргагүй зам ч таарсан даа. Тэр үед нь дугуйгаа түрж явдаг байв. Даарснаас болоод хөл гар янгинах, зүрх, толгой өвдөх гээд эрүүл мэндийн асуудал ч цөөнгүй тулгарсан. Ямартай ч, тэвчээр зааж, шүдээ зуун жийсээр байж аяллаа дуусгалаа. Энэ хүртэл намайг дэмжиж, сэтгэлийн тэнхээ өгч байсан хүмүүст баярлалаа. Миний дайрч өнгөрсөн аймаг, сумдад Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл, гишүүд байсан л даа. Тэр хүмүүс хоол хүнс, хоноглох орон байр, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж их тус болсон. Мөн зам зуур таарсан аялагчид, энгийн иргэд ч бүх л талаар тусалж дэмжиж байлаа.

-Дараагийн аяллаа Европын орнуудаар хийхээр төлөвлөж байгаа гэсэн?
-Тиймээ, Европ тив цаашлаад дэлхийг дугуйгаар тойрох хүсэл мөрөөдөл тээж явна. Энэ бүхний эхлэл, бэлтгэл ажил болгож хоёр жилийн өмнө эх орноо тойрох шийд гаргаж байлаа. Одоо хэсэг амсхийж аваад Европыг тойрох аялалдаа гарна гэж төлөвлөж байна. Оросоор дамжаад Европын орнуудыг тойрно. Европт надтай адил сонсголгүй дугуйчид их байдаг. Тэдний зарим нэгтэй нь фэйсбүүкээр холбоотой байгаа. Надад “Европоор аялаач” гэж санал тавьж байгаа нь цөөнгүй. Бид фэйсбүүкээр, олон улсын дохиогоор харилцаж байгаа.

-Зам харгуй хэр байв?
-Яахав, хөдөө орон нутагт зам харгуй муу байгаа нь анзаарагдлаа. Аймаг хооронд засмал замаар явсан ч ихэнх хугацаанд замгүй газраар аялсан. Баруун аймгуудтай харьцуулахад зам харгуй муу, айл амьтан цөөн, зун, намартаа маш их халж байсан бол өвөлдөө их хүйтэн байлаа. Задгай салхитай тал газар гараад ирэхээр хөл хөшөөд жийж чадахгүй. Хоёр гар рулиэ атгасан хэвээрээ хөшчихнө. Цас орсноос хойш уух ус хөлдөхөөс аваад хүйтний нөлөө их байлаа. Даарснаасаа болоод унтаж чадахгүй, нойргүй хонох тохиолдол ч гарч байсан.

-Аяллын турш сонирхолтой үйл явдал цөөнгүй тохиолдсон байх?
-Тэгэлгүй яахав. Хамгийн сонирхолтой нь хөдөө хээр таарсан ихэнх хүн надаас “Чи гадаад юмуу” гэж асууж байсан. Хариуд нь би “Гадаад биш ээ, би монгол хүн” гэж хэчнээн ч хэлсэн ойлголцож чадахгүй тохиолдол байсан. /инээв/ Ямар сайндаа л “Би монгол хүн” гээд бичиж тайлбарлахаар “Битгий худлаа ярь” гэхэв. Сүүлдээ аяллын лого, нэрээ бичүүлсэн хувцсаа үзүүлж байж монгол хүн гэдгээ ойлгуулж байлаа. Мөн Дундговьд явж байгаад гадаадын нэг дугуйчинтай таарсан юм. Тэр хүн Даланзадгад хүрээд машинаар хил гарч Хятадаар дугуйтай аялна гэж байсан. Монгол хүнийхээ хувьд “Би таныг дайлъя” гээд хоол хийж өгч хоёул нэг өдөр ганзага нийлсэн. Одоо бид хоёр холбоотой байгаа.

-Зэрлэг ан амьтадтай их таарсан байх. Айж байв уу?
-Аймаг сумдаар явахад харьцангуй гайгүй байсан. Харин хилийн зурвас газрууд, хад асга ихтэй уулсаар явж байхад чоно дагаж байгаа нь мэдрэгддэг. Ер нь, шөнө их аймаар. Зарим шөнө сар битгий хэл од ч гарахгүй, хав харанхуйн дунд дугуйнаас өөр ханьгүй яваа хүнд айдас төрөх нь мэдээж. Явж явж гар чийдэнгээ тусгахаар гэрэлд нь чонын нүд гялтганаж харагдана. Нэлээн хол явчихаад дахиад харахад нүд нь гялтганаад дагаж л байдаг. Гэхдээ чононоос илүүтэй могой их таарсан. Сүхбаатар, Дорнод аймагт зэрлэг ан амьтан элбэг юм билээ. Эзгүй хээр газар хонохоор болбол шөнөдөө гэрлээ асааж хонодог байлаа.

-Аялж явахдаа амьдра­лын боломж тааруу иргэд, айл өрхөд тусалж байсан гэж дуулсан. Энэ тухай сонирхвол?
-Намайг хоёр дахь аялалдаа гарах гэж байгааг мэдээд хандив өгсөн хүмүүс их. Тэр хүмүүсийн “Дугуйн аялалдаа зориулаарай” гэж өгсөн мөнгийг маш хэмнэлттэй зарцуулснаас гадна өвчтэй хүүхдүүдэд тусламж болгон өгсөн. Яагаад гэвэл залуу хүмүүс ажил хийх ёстой. Тэд чинь хүүхэд биш, хөл гартай, нас биед хүрсэн хүмүүс шүү дээ. Тиймээс хэчнээн ядарсан нэгэн байлаа ч эхлээд хүүхдэд туслах ёстой гэж боддог. Тиймдээ ч өвчтэй хүүхдүүдэд 100, 200 мянган төгрөг хандивлаж байсан удаа бий. Нэг үгээр намайг гэж мөнгө төгрөг хандивласан хүмүүсийн сайхан сэтгэлийг бусадтай хуваалцсан хэрэг.

-Өмнөх аяллын үеэр Баян-Өлгий аймагт бүлэг хүмүүст дээрэмдүүлсэн гэж сонссон. Зүүн аймгийн ард иргэд хэрхэн хүлээн авч байв. Өмнөх тохиолдол шиг зүйл гарч байв уу?
-Үнэхээр элэгсэг хүлээн авсан. Хөдөө нутгийн малчин ард түмэн одоо ч зочломтгой, найрсаг хэвээрээ байна. Саахалтын дайтай газар, уулан дээр явж байхад ч даллаж дуудаж байгаад гэртээ урьж, хооллож ундлах хүмүүс ч байлаа. Ер нь бол дээрэмдүүлэх, дээрэлхүүлэх явдал тохиолдоогүй.

-Хил дагуу хэчнээн километр явсан бол?
-Яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хэд хэдэн хилийн застав дайрч өнгөрсөн. Тэднээс Дорнод аймгийн хилийн застав маш хүчирхэг санагдсан. Тэнд Хятадаас орж ирэх хил зөрчигчид их байдаг юм билээ. Хилийн зурвас даган явж байхдаа эх орон маань, газар нутаг маань бага багаар бусдынх болоод байгаа мэт сэтгэгдэл төрж, айж байлаа. Учир нь, Монгол Улсын дархан хилийн зурвасаас наана, хил дотор амьдарч байгаа хятад айлтай ч таарсан. Монгол айл байна гэж бодоод очтол хятад айл байсан. Тухайн үед айж, гайхах зэрэгцээд давхар огшиж, эх орноо харамлах сэтгэл төрж байлаа. Улмаар, хил хязгаарын аюулгүй байдалд хэн бүхэн анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Хилийн цэргийнхэн багагүй тус болсон гэж дуулсан?
-Тиймээ, хил дагуу явахад айл амьтан ховор, зам харгуй ч муу. Нэг удаа хил дагуу, замгүй газраар явж байгаад төөрөх дөхсөн юм. Гэтэл хилийн цэргийн машинтай таарч, хилчид маань надад их тус болсон. Заставтаа байрлуулж, хоол хүнс, эм тангаар тусалсан.

-Таныг хоёр жилийн турш хийсэн аяллынхаа тухай ном гаргахаар төлөвлөж байгаа тухай сонссон юм байна?
-Тиймээ, гэвч хамгийн харамсалтай нь утас маань эвдрээд засуулах гэж байгаад номондоо ашиглах гэж байсан зургуудаа устгачихсан. Тэр үнэхээр харамсалтай санагдсан. Гэхдээ устсан зургуудаа сэргээх боломж байгаа эсэхийг судална аа.

-Гадаадын дугуйчид хүмүүн­лэгийн элч төлөөлөгч болж, хандив цуглуулан аялах нь их байдаг. Европоор хийх аяллаа ямар зорилготой хийх вэ?
-Ер нь, төлөвлөсөн юм байгаа. 21 аймгаа тойрсон хүний хувьд төр засгаас дараагийн аяллыг минь дэмжих байх гэж найдаж байна. Мэдээж Европоор аялбал Мөнгөндалай гэдэг нэр монгол гэх нэрээр овоглоно шүү дээ. Тиймээс эх орныхоо нэрийг бага ч болов гаргах бодол тээж явааг минь үнэлж дэмжих болов уу гэж итгэж байна. Ямартай  ч, аяллынхаа тухай танилцуулахын зэрэгцээ сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж Ерөнхийлөгчид бараалхана гэж бодож байгаа.

-Урт аяллын дараа багагүй ядарсан байх. Биеийн байдал ямархуу байна?
-Даарснаас болоод жаахан зовиуртай л байна. Хөл, гар их даарсан болохоор үе мөч өвдөх нь их байсан. Фэйсбүүкт хаана яваа тухайгаа мэдээлэхэд ихэнх хүн “Одоо болно, хурдан ир” гэж байсан. Ямартай ч, эхлүүлсэн болохоор эцсийг нь үзнэ гэж зориглоод төлөвлөсөн замаа дуусгаад ирлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан