Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нацагдорж: Үлдсэн амьдралаа хойч үеэ бэлтгэхэд зориулмаар байна

А.АКЭРКЭ

Хэдхэн сарын өмнө Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхний төлөөлөл болсон Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Нацагдорж манай сонинд чөлөөт бөхийн холбоонд үүссэн нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Энэ холбоог унагаах, нураахдаа гол нь биш. Унагасан хойно нь өндийлгөнө гэдэг чинь хэцүү шүү.

Аливаа зүйл цаг хугацааны хэмжүүртэй. Ганцхан жилийн дараа олимп болох гэж байна. Тиймээс хэл амаа ололцоод олимпынхоо циклийг дуусгах нь зөв болов уу. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ч, тэр эсэргүүцэл зарлаад байгаа багш, дасгалжуулагчид ч тэр олимпын аварга төрүүлэх гэсэн нэг л зүйлийн төлөө зүтгэж байгаа. Миний хувьд энэ байгаа баг, удирдлагуудаа  цаашид хэвээр нь явуулмаар байна. Хамт ажилладаг хүмүүс ойлголцоход ядах юм байхгүй. Тавантолгой, эдийн засгийн талаар биднээс асуувал худал үнэн юм ярих л байх. Харин мэддэг зүйлээ өөр хоорондоо ярилцаад ойлголцоход ердөө таван минут хангалттай.” хэмээн ярьж байсан гавьяат тамирчин, ахмад дасгалжуулагч маань хүндээр өвджээ. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг Монголынхоо чөлөөт бөхөд зориулсан тэрээр улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа олимпын их наадамд гурав, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа, тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа тус тус оролцож давхардсан тоогоор зургаан удаа медальт байрт шалгарч байсан.

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн түүхэнд тодоор үлдэх өндөр амжилт гаргасан тэрээр зодог тайлсныхаа дараа ч бөхөө орхилгүй олон сайхан бөхийг сурган хүмүүжүүлсэн шилдэг дасгалжуулагч юм. 1976 оноос цагдаагийн “Хүч” БТС-ын нийгэмлэгт чөлөөт бөх, үндэсний бөхийн дасгалжуулагчаар 15 жил ажиллахдаа үндэсний бөхөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан, гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар, Улсын начин Н.Түмэннаст, Ш.Лхагвасүрэн, С.Баатар, Д.Цогтгэрэл, Д.Амаржаргал, Г.Бат-Амгалан, аймгийн арслан А.Пүрэвжав, Н.Баярмагнай, Г.Батпүрэв нарын 20 шахам бөхийг бэлтгэн гаргасан байдаг. Өнөөг хэр нь шавь нар нь зүлэг ногоон дэвжээнээ багшийнхаа заасан бөхийн эрдэм, ёс жудгаар төрийн наадамд алдар цолоо дуудуулан барилдаж буй юм.

Түүнчлэн чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд гаргасан уйгагүй ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнд түүний бэлтгэн дасгалжуулсан баг тамирчдаас Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болд, олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатар, Ч.Бямбадорж, Н.Лхамсүрэн, Г.Хишигдорж нарын алдартай бөх төрөн гарсан билээ. Өмнө нь ч гэсэн манай сонинд ярилцлага өгөхдөө “Үлдсэн амьдралаа хойч үеэ бэлтгэхэд зориулмаар байна” хэмээж байсан Ц.Нацагдорж гуайд дахин дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулах тамирчдыг бэлтгэн гаргах бие сэтгэлийн хүч их бий. Ингэхийн тулд эхлээд биеэ эмчлүүлэх шаардлагатай учраас бөхөд хайртай хүмүүсээс эмчилгээний зардалд хандив туслалцаа үзүүлэхийг хүсчээ.

Хандивын данс нь “Ц.Нацагдорж, “Голомт банк: 1105065537, “ХААН” банк: Цэдэндамба Нацагдорж: 5030490242 юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан