Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна

Э.ГАНЦЭЦЭГ

Жендэр гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд ижил тэгш эрхтэй оролцох тэнцвэрт харилцааг хэлдэг эл харилцаа тэнцвэртэй байх нь аль ч улсад, ямар ч нийгэмд ховор. Үүнийг батлах мэт нийгэм дэх хүчирхийлэл төдийлөн буурахгүй байгаа юм. Манай улсад төдийгүй дэлхий дахинд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэхгэмт хэрэг буурахгүй байгаа нь бүх нийтээр хүчирхийллийн эсрэг дуу хоолой, үйл хэргээ нэгтгэх шалтгаан болж буй.

Дэлхийн улс орнууд “Жендэрт суурилсан хүчир­хийлэлтэй тэмцэх 16 хоно­гийн аян”-г жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл өрнүүлдэг уламжлал тогтоод буй. 198 орныг нэгтгэсэн эл аянд манай улс ч элсээд өөрсдийн боломжоор үйл ажиллагаа явуулж, нийгмийг энэ асуудал руу хандуулах гэж хичээдэг. “Хүчирхийллийг хүн л үйлддэг, хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна” уриатай энэ удаагийн аянд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн цагдаагийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүд, “Гүнж” төв зэрэг 20 гаруй байгууллага нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

Аяны хүрээнд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд хүчирхийлэлд өртөж болзошгүй, өртсөн охид, бүсгүйчүүдийг хамгаалахад чиглэжээ.

Хамгийн их үйлдэгддэг эл хэргийн хохирогчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг ч эцэслэн шийдэгддэх нь ховор. Тиймдээ ч “XXI зууны чимээгүй дайн” хэмээн нэрлэсэн болов уу. Тоон баримт сөхвөл өнгөрсөн сард хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1113 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 79 хувиар өссөн үзүүлэлт. Үүний улмаас 1076 иргэн хүчирхийлэлд өртсөний 88 хувь нь охид,  эмэгтэйчүүд байна. Дээрх 1113 хэргийн 22-т нь эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай мэдээ ч бий. “Энэ тоо баримт цаашид ч өсөх хандлага бий” хэмээн НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасгийн ажилтан Б.Оюун хэлж байна.  Тиймээс хаалганы цаана чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход нийгмийн эд эс бүхний оролцоо чухал үүрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай багц хуулийн шинэчлэлт хийгдэж, хуулиар хүчирхийлэгч этгээдэд оногдуулах шийтгэлийг нарийвчилсны дээр энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын эрх үүргийг нарийн зааж, хохирогч хамгааллын асуудалыг нарийвчлан тусгажээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы бас нэг зорилго нь энэ хуулийг батлуулах юм.


Ц.Оюунгэрэл: Түр хамгаалах байрны төсвийг битгий хасаарай

Аянг дэмжиж буй УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн, жендэрийн элч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрээр ирэх сарын 10-нд Турк улсын Истанбул хотноо болох НҮБ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох форум”-д эх орноо төлөөлөн оролцоно. Уг форумоор аяны хаалтыг хийх ажээ.

-Жендэрийн элч гэж хэн бэ, түүнчлэн жендэрийн тэгш эрхийг хангахад ямар эрх, үүрэгтэй оролцож байгааг тань сонирхвол?
-УИХ-д жендэрийн тэгш байдлыг хангахтай холбогдолтой хууль, эрхзүйн актуудыг хэлэлцэх үеэр энэ талын судлаач, хохирогчдыг хамгаалдаг байгууллага,  мөн жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төрөөс хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг парламентын гишүүдэд мэдээлэх, мөн энэ талын мэдээллээр бусад гишүүдээ хангах, тэднийг уриалах, нөлөөлөх ажилд манлайлагчаар оролцох үүрэгтэй гишүүн гэж болно. Энэ үүргийг биелүүлэхийн тулд зарим гишүүдэд нэлээд шүүмжлэлтэй хандаж, заримыг нь дэмжиж ажиллах байх. Гэхдээ парламентад хэлэлцэж буй хуульд жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлэх нь чухал санагдсан.

-УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
-Манай бүлэг байнгын хороодод ажилладаг эмэгтэй гишүүдээрээ дамжуулан хэлэлцэж буй хуульд жендэрийн холбогдолтой асуудлын талаар нягталж, хэлэлцэж байна. Үүний дүнд тухайн асуудлыг хариуцаж буй гишүүнд ажиллах үүрэг, чиглэл өгдөг. Жишээ нь, Хуульзүйн байнгын хороонд Баянсэлэнгэ гишүүн бид хоёр эрүүгийн шалган шийдвэрлэх хүрээнд үүсдэг зөрчлийг арилгах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд бүлгээс заавал оруулах ёстой гэж үзсэн заалтуудыг тусгуулахыг хичээж байна. Мөн Нийгмийн бодлогын байнгын хороонд хэлэлцэгдэж буй хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуульд хүчирхийлэлд өртөж болзошгүй, өртсөн хүүхдүүдтэй холбоотой заалтуудыг хангаж ажиллахыг эмэгтэй гишүүддээ үүрэг болгосон.Энэ хуульд гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн гэмт хэрэг, түүнчлэн хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх шийтгэлийг аль болох шоронжуулахгүй байх талаас оруулж өгсөн. Тэр дундаа зан үйл, албадлагын аргыг түлхүү хэрэглэж, эрхийг нь тодорхой хэмжээгээр хязгаарлах арга хэлбэр түлхүү тусгахыг зорьсон. Энэ мэт гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийг шийдвэрлэхэд маш олон аргадсан аргаар хуулийн төслийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар оруулсан. Гэвч МАН-ын бүлэг хурал хаяснаас гацаанд орчихоод байна.

-Ер нь, манай улсад үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг бусад улс оронтой харьцуулахад ямар төвшинд байгаа бол. Энэ талаар судалсан зүйл бий юу?
-Манай статистик маш бүрхэг. Хэрвээ статистикийн тоон үзүүлэлт үнэн гарвал өндөр үзүүлэлттэй байх болов уу гэж эмээж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтыг тусад нь зүйлчлэхгүй бол манай улс дэлхий нийтээс 20 жил, өндөр хөгжилтэй орнуудаас 50 жилээр хоцорчихсон явж байна. Америк, Германд энэ төрлийн судалгаа маш өндөр төвшинд хөгжсөн. Харин манайд гэр бүлийн хүчирхийлэл гэж нэгтгэж, дүгнэсэн судалгаа хараахан алга. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголтыг зүйлчилж, үнэн зөв бүртгэх цаг болж.

-“Гэр бүлийн хүчирхийлэл” гэх нэршил манай улсын хувьд харьцангуй шинэ нэр томъёо. Та хэлэхдээ олон улсад хагас зууны өмнөөс хэрэглэж эхэлсэн гэлээ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн өөрчлөлтийг аль улсын туршлагад үндэслэв?
-Канадын туршлага дээр үндэслэсэн гэж болно. Яагаад Канадыг сонгосон бэ гэвэл тус улс Европын олон стандартыг хангадгаас гадна Америк тивд оршдогоороо онцлог. Түүнчлэн, Канад бол хүний эрхийн манлайлагч орны нэг. Эрхзүйн талаасаа шүү дээ. Харин газарзүй талаас манай улстай ижил төстэй зүйл их. Тэнд өвлийн улирал урт үргэлжилдэг, хүйтэн ширүүн уур амьсгалтай, аж  амьдралын хувьд ч адил төстэй. Тиймээс дээрхи хуулийн зүйл, заалтуудыг тохируулахад их тохиромжтой байсан. Том газар нутагтай, хүн ам нь тархмал байдалтай гэх мэт хуулийн хэрэгжилтэд ч нөлөөлөх адил төстэй зүйл их. Ер нь, манай улс хүний эрхийн онцгой хуулиудыг Канадын туршлагаас авдаг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл хүн ам нь тархмал байдалтай Канад улс олон нийтийн оролцоог чухалчилдаг. Тиймээс энэ жишиг манай улсад илүү тохирно гэж үзсэн.

-Хүчирхийлэлд өрт­сөн хохирогчдыг хам­гаа­лах түр байрны санхүү­жилтийг зогсоосон. Яагаад зог­соо­чихсон юм бэ. Хүрэлцээгүй шахам төсөвтэй байдаг шүү дээ?
-Үүнийг би үнэхээр хэлэхийг хүсч байлаа. Улаанбаатарт хүн амын тал нь суурьшиж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн тал хувь нь хотод үйлдэгддэг гэсэн үг. Тиймдээ ч хамгаалах байрны хүрэлцээ хотод хамгийн дутмаг байна. Ийм үед НЦГ-ын харьяа, түр хамгаалах байрны төсвийг битгий хасаарай, шаардлагатай байгаа 2.1 тэрбум төгрөгийг суулгаж өгөөрэй гэж хотын удирдлагуудаас хүсмээр байна. Энэ мөнгийг Нийслэлийн цагдаагийн газарт тавьж өгснөөр, нийслэлд байгаа орон гэргүй олон зуун хүүхэд, хүчирхийлэлд өртсөн, хүүхдээ дагуулсан очих газаргүй ээжүүдийг хамгаалах боломж бүрдэнэ. Түр хамгаалах байрны санхүүжүүлтийг нэмснээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч цагдаагийн байгууллагад хандах нь ихэснэ. Тиймээс нийслэл нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нэн шаардлагатай байгаа түр хамгаалах байрны санхүүжилтийг тавьж өгөх хэрэгтэй.

-Та эх хүн, тэр дундаа эмэгтэй хүн. Залуу гэр бүл ямар байгаасай гэж хүсдэг вэ. Залуу гэр бүлд хүчирхийлэлгүй байх боломж бий юу?
-Гэр бүлд шүүгч, шүүгдэгч гэх ойлголт байж болохгүй. Гэр бүлд үүссэн асуудлаа хамтдаа ярилцаж шийдвэрлэх нь чухал. Эхнэр нөхөр хоёр зөвшилцөгч, ярилцагч байгаасай гэж хүсдэг. Эвтэй найртай амьдарч сурсан эцэг эх үр хүүхдээ мөн өрөөлийн хүүхдэд ч туршлага, зан үйлээ зааж сургаж байгаасай. Сайхан харилцаатай гэр бүл нь асуудалтай байгаадаа гараа сунгаж,асуудлаа шийдэхэд нь туслах хэрэгтэй. Ер нь гэр бүл амгалан тайван, халуун дулаан уур амьсгалтай бол нийгэм ч тийм л байна. Залуу гэлтгүй, гэр бүл хүчирхийлэлгүй орчин байх учиртай.


Б.Гэрэлтуяа:  “Болзооны“ гэх хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай банйна

Аянд нэгдээд буй өсвөр насны эхчүүдэд нийгмийн үйлчилгээ үзүүлдэг “Гүнж” төвийн нийгмийн ажилтан Б.Гэрэлтуяатай ярилцлаа.

-“Гүнж” төв сүүлийн үед ямар чиглэлээр ажиллаж байна вэ. Танай үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт орсон гэж байсан?
-Манайх нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох байгууллагуудтай хамтарч хамгааллын үйлчилгээ үзүүлдэг ч манай төвд хамгаалах байр алга. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа түр хамгаалах байртай хамтарч ажилладаг. Сүүлийн гурван жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидод нийгмийн хамгааллын үйлчилгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. Энэ хугацаанд манай төвд хүчирхийлэлд өртсөн бага болоод өсвөр насны 30 гаруй охин ирсэн. Тэдэнд манай байгууллага нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж, дараагийн шатны байгууллагатай холбож өгдөг.

-Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хувьд хэвийн байдалдаа эргэн ороход хугацаа их шаарддаг байх?
-Бэлгийн хүчирхийлэл хүчирхийллийн хамгийн хүнд хэлбэрт тооцогддог. Сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндээрээ давхар хохирдог учраас нөхөн сэргээх буюу энгийн амьдралд буцаж хөл тавихад хугацаа их шаарддаг. Ихэвчлэн өсвөр насны охид энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг. Энэ төрлийн хүчирхийлэл илрэхдээ ч хэцүү. Ихэвчлэн ураг төрөл, хамаатан садны хооронд үйлдэгддэг учраас уучлах нэрийдлээр хэрэгтэнгүй хоцрох нь их.

-Хохирогчид насны хувьд ямар байна вэ?
-Таван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөж ирсэн удаа бий. Ихэвчлэн өсвөр насны охидууд ханддаг даа. Хамгийн залуу нь 14 настай ээж ирж байсан. Ер нь, насны хувьд үүнтэй ойролцоо олон тохиолдол бий. Хамгийн сүүлд 16 настай ээж манайд хандсан.

-Энэ төрлийн хүчирхийлэл ихэвчлэн хаана  үйлдэгдэж байна вэ?
-Сургуулийн орчинд түлхүү үйлдэгддэг. Өсвөр насны охид хөвгүүд эцэг эхтэй ярилцах нь ховор. Үүнээс үүдэн жирэмслэлтээс сэргийлэх анхан шатны ойлголт байхгүй, мөн буруу ташаа ойлголттой, огт мэдлэггүй байдаг нь ажиглагдсан. Улмаар эрт жирэмсэлж, үр хөндөлт хийлгэдэг, бүр өсвөр насандаа 12-15 насандаа ч үр хөндүүлэх нь элбэг тохиолдох болж. Мөн ураг төрлийнхөө, танил хүндээ хүчирхийлүүлэх нь их. Түүнчлэн, “болзооны” гэх бэлгийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан