Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхний хувилбар: АН+ИЗНН, МАН+МАХН

Б.ШИРНЭН

МАХН+МАН    

Саяхнаас, МАХН-ын ахмад гишүүд уг гарал нэг МАН-тай нэгдэж, нийлэх нь зөв гэж ярих болов. УИХ-ын Өргөдлийн байнгын хороог даргалж байгаа МАХН-ын гишүүн О.Баасанхүүд ч хоёр намыг нийлэх ёстой гэсэн утга бүхий өргөдөл, гомдол байнга ирж, хаа явсан газар нь намын ууган гишүүд энэ талаар захиж, сургадаг болсон сураг бий. Харин өчигдөр МАН-ын залуу гишүүд удирдлагууддаа өргөх бичиг өглөө. Үндсэн хуулийг дэмжихгүй гэдгээс эхлээд МАХН-тай эвсэх талаар захиас шахуу зүйл дотор нь бичигдэж. Тухайлбал, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрүүл мэндийн сайдаар очсон Г.Шийлэгдамба авлига авсан хэргээр шалгагдаж байгаа учраас, МАХН-тай нийлэхэд нэр хүндэд нь ямар нэг байдлаар нөлөөлөх вий гэж санаа зовиносон нь энэ гэнэ. Гэхдээ цаад утгаараа сөрөг хүчнийг МАХН-тай нийлэх талаар нийгэмд өгч байгаа удаах мессэж нь боллоо гэвэл буруудахгүй болов уу.
Уг нь, улс төрийн сонгуулийн удаа дараагийн ялагдлын дараа МАХН-ыг Н.Энхбаяр, МАН-ыг Сү.Батболд толгойлж салснаас хоёр намын үүх түүх салшгүй холбоотой. Тиймээс МАХН, МАН хоёрын аль нэг нь АН-тай л эвсчихгүй бол бусад намтай нийлж, нэгдэж сонгуульд өрсөлдөх нь улс төрийн үзэл баримтлалын хувьд эрс ялгаа гэх зүйл байхгүй хоёр намд том асуудал биш.

Харин нам, нэгдэж нийлэх нь намын дарга нар сууж байгаад бүрэн шийдчихдэг асуудал биш тул гишүүд, дэмжигчдийн хүч яах аргагүй хэрэгтэй. Тиймээс л нийгэмд МАН+МАХН гэсэн хувилбарыг эртнээс сануулж, дасгаж байгаа бололтой. Ямартай ч, МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод МАН-ын дарга М.Энхболд нар нэр цохож хэлээгүй ч ерөнхийдөө сонгуульд аль нэг улс төрийн хүчинтэй нийлэх замыг сонгоно гэдгээ бататгасан. Тухайлбал, МАХН-ын дар­га Н.Энхбаяр саяхан Төрийн ор­донд явж байхдаа сэтгүүлчдэд аль намтай нэгдэж болохыг судалж байгаа гэх утгатай мессэж өгсөн. Түүнээс өмнө ч МАХН, МАН-ын 43 ахмад гишүүн түүнд хоёр нам нийлэх талаар өргөх бичиг өгсний хариуд МАН-ын даргатай уулзаж, ярилцана гэж амалсан нь бий. МАН-ын гал тогоог барьж байгаа Ж.Мөнхбат ч албан ёсоор МАХН-тай нэгдэх талаар яриагүй ч, энэ асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдана гэж хэлсэн юм.

Эцэстээ, нэгэн цагт МҮАН, Үндэсний Ардчилсан нам, МСДН, МҮДН гэсэн жижиг намууд нэгдэж МАН-ын урт удаан засаглалыг унагаах хувилбар нь АН байсан бол ирэх оны сонгуулиар АН-ын эсрэг эвслийн олон хувилбарууд гарч ирэх нь тодорхой байна. Гэхдээ сонгуульд ялах гэсэн механик шинжтэй нэгдэл эцэстээ намын доторх хагарал, үзэл бодлын зөрчил, эрх мэдлийн хуваарилалт гэсэн улс төрийн гацаа үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй.

ИЗНН+АН

Эрх баригчид ч сөрөг хүчнийхний сонгуульд бэлтгэн эвсэж, нийлэх хувилбарыг зүгээр хараад суусангүй. Жишээ нь, өчигдөр тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ИЗНН-тай эвсэж сонгуульд өрсөлдөх талаар ярилцсан байна. Тухайлбал, ирэх оны сонгуульд ямар намтай эвсэхээс шалтгаалан тэдгээр намын төлөөллийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах вэ, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэргийг ярилцаж, санал солилцжээ.

ИЗНН бол Иргэний Зориг болоод Ногоон намын нэгдэл. Мөн л сонгуулийн өмнө нэгдэж, бүлэг болох хэмжээний суудал авахаар сонгуульд өрсөлдсөн. Гэхдээ л хоёр нам дангаараа, нэгдэж нийлээд ч гуравдагч хүчин хэвээр олон жил болж байна. Тиймээс ирэх оны сонгуульд МАН болоод АН гэсэн улс төрийн хоёр томоохон хүчний аль нэгтэй эвсэл болж өрсөлдөх замыг сонгох бололтой. Одоогоор хоёр намын аль, алиныг нь сонгон нэгдэх бүрэн боломжтой байгаа ч АН Гүйцэтгэх зөвлөлийн хэмжээнд, МАН удирдлагын түвшинд энэ асуудлыг ярилцсан байна. Харин УИХ-д суудалтай бусад намууд одоогоор сонгуульд эвсэл болж орох нь тодорхойгүй байгаа ч “Шударга ёс” эсвэл хагаралдаж эхэлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан