Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баярсайхан: Хөдөлмөрийн хуулиар шинэ харилцааг зохицуулна

Б.БИЛГҮҮН

Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Тэрээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан талаар мэдээлэл өгсөн юм. 

Тухайлбал, хууль хэрэг­жиж эхэлснээр үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэр­гэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөл­мөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтийг хийжээ.

Харин нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, УИХ-аар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын бай­гууллагын төгсөгчдийн хө­дөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга шахам иргэнийг хамруулан, 30 мянга гаруй  ажлын байр бий болгожээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруул­гын төслийг боловс­руулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар хуулийн хамрах хүрээг өргөжиж, хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохи­цуулан, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийг 20 хоног ажиллаад 10 хоног амрах нөхцөлийг бүрдүүлэх боломж олгох аж. Үүнээс гадна, өөрийн хүсэлтээр хүүхдээ гурван нас хүртэл нь асрах эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, мэргэжлийн зэргийг цалин хөлстэй нь уялдуулан ялгавартай олгох, оюутан, залуучуудыг суралцахын зэрэгцээ дөрөв хүртэлх цаг ажиллах, ажилласан тухай бүрт цалин хөлсийг нь олгож байх зэрэг эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан