Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Мэндсайхан: Ажил багатай, зардал ихтэй хэдэн хүн л суух болчихоод байна

Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан билээ. Тодруулбал, Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар заалт зөрсөн гэж ҮХЦ үзсэн байдаг. Үүнийг УИХ хэлэлцэн хүлээн зөвшөөрсөн тул аймаг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны шүүх байгуулах ёстой болж байгаа юм. Энэ нь одоо ажиллаж байгаа тойргийн буюу жишээлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хуучнаар дүүрэг бүрт байрлаж ажиллана гэсэн үг юм.
Гэхдээ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэрээр “...Улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэж үзсэн юм. Түүний хоригийг сөрөг хүчин хүлээж авахгүй гэсэн бол эрх барчигид хүлээж авна гэж өчигдрийн байдлаар мэдэгдээд байна.

Харин Шүүхийн Ерөнхий зөвлөл дээрх асуудлаар болон бусад цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас Шүүх байгуулах хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлын талаар тодрууллаа.

-ҮХЦ-ийн дүгнэлтийг хү­лээж авснаар шүүх тогтол­цоог өөрчлөх шаардла­гатай болсон. Ингэж тогтолцоог өөрчлөх нь хэр зөв бэ?
-Шүүхийн тогтолцоог байн байн өөрчлөх нь зохимжтой биш. Иргэдийн хувьд аль шүүхэд хандахаа мэдэхгүй болох, хэрэг маргаан нь удах, нөгөө талдаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллахад сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна, эдийн засгийн тооцоолоогүй нэмэлт зардал ихээр гардаг. Ер нь бол шүүхийн тогтолцоо иргэдэд маш ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх ёстой. Ингэж ойр ойрхон өөрчлөх нь ойлгомжгүй, тогтворгүй байдлыг үүсгэж байна. Уг нь ийм зүйлийг хүсмээргүй байгаа юм.

-ҮХЦ хуучин байдлаар нь шүүхийг байгуулах нь зөв гэж үзсэн. Тэгвэл анхнаас нь өөрчлөх ямар шаардлага байсан юм бэ?
-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийг хэрэг маргааны ачаалалтай нь уялдуулах, нөгөө талаар шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж тооцсон. Түүнээс гадна анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хоорондын хэргийн ачаалалтай холбоотой зөв харьцааг тогтоох, дээр нь орон нутгийн түвшинд шүүхийн үйлчилгээг жигд хүргэх, хүн амын тоо болон тухайн орон нутагт гарч байгаа хэргийн байдлыг харгалзах гээд олон шалтгаан байсан. Тийм учраас Ерөнхийлөгчөөс санаачлаад УИХ дэмжээд сүүлийн гурван жилийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөөд шүүхийн шинэтгэл явагдаж байгаа. Харамсалтай нь, ҮХЦ-ээс хоёр дахь удаагаа шүүхийн бүтэц, тогтолцоо нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулаад хэд хэдэн бэрхшээл тулгарахаар байгаа.

-Тухайлбал?
-Хамгийн багаар тооцоход шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд 11.3 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа. Жишээ нь, давж заалдах шатны шүүхэд 98 шүүгч нэмж авах шаардлагатай. Багахангай дүүрэг 3000 иргэнтэй. Хэрэг маргаан бага гардаг. Тэнд шүүх байгуулаад бүтцээр нь ажиллуулна гэвэл маш их зардал гарахаар байгаа. Шүүх хэвийн ажиллахын тулд доод тал нь дөрөв, таван шүүгчтэй, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны ажилтан, Тамгын газартай байх ёстой. Тэрийг дагаад бичиг хэрэг, үйл ажиллагааны зардал гээд гарна. Одоо бол Налайхад байгаа шүүхээс Багахангайн иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ тогтолцоо болохгүй гээд Багахангайд шүүх байгуулахад нэлээд хэмжээний зардал гарна. Нөгөө талаас үндсэндээ гурван аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх байгуулаад шүүгч нар нь тухайн аймаг бүрт очоод өргөдлийг нь хүлээн авч шийдэж байгаа учраас иргэдийн хувьд шүүхийн үйлчилгээ холдсон асуудал байхгүй. Харин ч ойртсон байсан. Гэтэл одоо бид аймаг бүрт шүүх байгуулна гэхэд эдийн засгийн хувьд үр ашиггүй. Давж заалдах шатны шүүхийг доод тал нь дөрвөн шүүгчтэй байгууллаа гэхэд 98 шүүгчийн шинэ орон тоо бий болгох шаардлагатай. Түүнээс гадна давж заалдах шатны шүүхийг аймаг орон нутагт байгуулахад тэнд хэргийн ачаалал байхгүй. Үнэхээр хэргийн ачаалал нь их байдаг бол байгуулж болж байна. Тэнд өдөр тутам шүүх ажиллах хэмжээний ачаалал байхгүй л дээ.

Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгууллаа гэхэд ажил багатай, зардал ихтэй хэдэн хүн л суух болчихоод байна. Нөгөө талд шүүгч ч гэсэн шийдэх хэрэг маргаан багатай учраас мэргэжлийн ур чадварын хувьд зэвэрдэг. Хэрэг маргааныг өдөр тутамд шийддэг шүүгч бол туршлагаждаг. Ийм асуудлууд байгаа учраас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар нь аймаг бүрт очоод хэрэг маргааныг шийддэг энэ хувилбарыг сонгож, УИХ дэмжсэн юм. Гэхдээ Цэцийн энэ дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгэхээр УИХ дахиад хэлэлцэнэ. Хэрэв УИХ дүгнэлтийг хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар дахиад хэлэлцэх ёстой. Ийм нөхцөл байдал үүссэн учраас бид хүлээзнээд харж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан