Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Марат: Нийслэлийн орчинд 40 орчим зээр орж ирсэн гэж бүртгэгдээд байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Өчигдөр өглөө хотын баруун зах буюу 22-ын товчооны ойролцоо 400 орчим цагаан зээр орж ирсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар тарсан. Энэ тухай Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х.Маратаас тодрууллаа.

-Нийслэлийн орчинд цагаан зээрийн сүрэг орж ирсэн гэх мэдээлэл өчигдрөөс хойш тарлаа. Энэ мэдээллийн үнэн эсэхийг тодруулах гэсэн юм?
-Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн гэдэг нь үнэн. Гэхдээ өчигдөр биш өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойш иргэдээс ийм мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу манай байгаль хамгаалагчид ажиллаж зээрийн сүргийг цааш Хустайн нуруу руу гаргах оролдлого хийсэн. Гэсэн хэдий ч тодорхой тооны зээр нийслэл рүү орж ирж, суурьшлын бүсэд нэвтэрсэн. Энэ жил цас их унасан. Бидний зүгээс цасны зузаанаас шалтгаалж бэлчээр, өвс тэжээлийн хомсдол үүсч улмаар зээрийн сүрэг орж ирсэн болов уу гэж таамаглаж байна.

-Товчхондоо, бэлчээрт цас их унаснаас болж зээрийн сүрэг нүүдэллэж явахдаа нийслэл орчмоор дайрсан гэж ойлгож болох нь?
-Тийм тийм, Эмээлт, Хүй долоон худаг орчмоор нүүдэллэж явсан зээрийн нүүдэл нийслэлийн баруун хойд хэсгээр дайрч өнгөрсөн гэж ойлгож болно.

-Тоо толгойг нь нарийн тогтоосон уу?
-Одоогоор нарийн тоо гаргаагүй байна. Манай байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэрт нь хэчнээн тоо толгой явж байгааг өдөр өдөрт нь мэдээлж байгаа. Иргэдийн ярьж байгаа шиг нэг дор 300, 400-гаараа явж байгаа тохиолдол байхгүй. Хамгийн ихдээ 40 орчим зээр гэж бүртгэгдсэн бол зарим үед ганц нэгээрээ яваа нь ч байна.

-Үүнээс өмнө нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн тохиолдол байдаг болов уу?
-Өмнө нь нийслэлд цагаан зээр орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй. Ямартай ч, энэ удаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цагаан зээрийн сүрэг орж ирсэн.

-Хэчнээн байгаль хамгаалагч ажиллаж байгаа вэ. Яамнаас ажлын хэсэг байгуулах үүрэг даалгавар өгсөн гэсэн?
-Одоогоор онц их хэмжээгээр орж ирээгүй, ноцтой асуудал үүсээгүй учир ажлын хэсэг байгуулаагүй. Дүүрэг, хороодын байгаль хамгаалагчид иргэд, малчид, аж ахуй нэгжүүдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө заавар өгч ажиллаж байна. Нийт таван байгаль хамгаалагч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа.

-Зээр агнасан тохиолдол гараагүй биз дээ?
-Ер нь, иргэд, малчид зээр агнах, махыг нь хүнсэнд хэрэглэх нь байдаг. Сая Хүй долоон худагийн орчимд зээр агнах гэсэн нэг удаагийн тохиолдол гарсныг Төв аймгийн байгаль хамгаалагчид таслан зогсоож, хөөж байсан хүмүүсийг барьж, зээрийг нь цааш хөөж гаргасан. Гэвч зээр нохойд бариулсан хэд хэдэн тохиолдол гарсан. Зугтаж чадалгүй төмөр замын хашаа, торонд хашигдаж нохойд бариулсан тав, зургаан тохиолдол бүртгэгдэн. Манайхаас нохойд бариулсан зээрийн сэг зэмийг устгуулахаар Онцгой байдлын газар руу албан бичгээр хандсан.

-Нохойд бариулах эсвэл ямар нэг байдлаар үхэж үрэгдлээ гэхэд халдварт өвчин гарах магадлал хэр байдаг юм бол?
-Халдварт өвчтэй байж магадгүй гэх үүднээс малтай айлуудад зээр идээшилж байгаа болоод дайрч өнгөрсөн газар малаа бэлчээхгүй байх тухай сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Түүнээс ийм тийм өвчтэй гэж нотлогдсон зүйл байхгүй.

-Цагаан зээр хол газар нүүдэллэх, төв суурин бараадах нь өвөлжилт хүндрэх шинж гэх нь бий?
-Энэ тухай манай газрын зүгээс ямар нэг мэдээлэл өгч чадахгүй шүү дээ. Ямартай ч, бэлчээрт цас их унах, өвс тэжээлийн олдоц муудах зэрэг шалтгаанаас үүдэж цагаан зээр нутаг сэлгэн нүүдэллэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан