Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түлэгдсэн өвчтөнүүд шалан дээр хэвтэн эчлүүлж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төв ачааллаа дийлэхээ байжээ. Учир нь, тус байгууллагын харьяа Түлэнхийн төвийн хуучирсан барилгыг нурааж шинээр барих гэж байгаатай холбогдуулан  өвчтөнөө ГССҮТ-д шилжүүлсэн аж. Үүнээс болж ГССҮТ ачааллаа дийлэхээ байжээ. Тус төвд энэ сарын 16-ны өдрийн 12:00 цагийн үед очиход, нэг өрөөнд өвчтөн, сахиур нийлсэн 15 гаруй хүн шахцалдан, тэр ч бүү хэл зарим өвчтөн нь шалан дээр хэвтэж буй харагдав. Умгар өрөөнд арав, хориулаа чихэлдэж, дээр нь бүгчим халуун байгаа нь өвчтөнүүдэд хэцүү байгаа нь илт.

Журам ёсоороо нэг өрөөнд дөрвөн өвчтөн, сахиуртайгаа гэвэл хамгийн ихдээ найман хүн байх ёстой аж. Ачааллаа дийлэхээ байж, хэдэн өвчтөнөө хаана яаж хэвтүүлэх вэ гэж мунгинаж байгаа эмнэлэгт юун тэр журам үйлчлэх манатай. Дээр нь, эмнэлгийн ариун цэврийг чандлан сахиж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс түлэгдсэн өвчтөний шарханд бохир орчихно хэмээн тусгаарлах талаар яриад ч хэрэггүй. Уг нь, ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс Түлэнхийн төвийг “Тавдугаар сард нүүлгэхдээ Шинэ гэмтлийн эмнэлгийн аркны хажууд тусгай төв нээгээд өвчтөнгүүдээ хүлээж авна. Тэгэхээр хүндрэл учрахгүй, санаа зоволтгүй” хэмээн иргэдийг тайвшруулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ байна. Амралтын өдөр болохоор ч тэр үү хариулт өгчихөөр албан тушаалтан тус  төвөөс олдсонгүй. Харин жижүүрт гарч байгаа сувилагчаас зарим зүйлийг тодруулахад “Бид ачааллаа дийлэхгүй үнэхээр хүнд байна. Тэглээ гээд  өвчтөн ирэхэд авахгүй гэх арга алга. Нэгэнт л манайхыг өвчтөн хүлээж ав гээд тушаасан учраас боломжоороо хүлээн авч байна. Гэхдээ хүнд өвчтөнг л авч байгаа. Хөнгөн өвчтөнүүдийн шархыг нь цэвэрлэж боогоод, гэртээ хэрхэн арчилж эмчилгээ хийх талаар зөвлөгөө өгөөд явуулж байна” хэмээн ярьсан юм.

Бидний нэрлэж заншснаар хуучин Түлэнхийн төвийн барилгын тухайд  1957 онд ашиглалтад орж байжээ. Одоогоор барилга хуучирч гурав,  дөрвөн газартаа нуралт өгч мөөгөнцөрт идэгдээд байсан юм.  Тус төвийн барилгыг шинээр барих ажил олон жилийн өмнөөс ярьсан  хэдий ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байсан.  Тус төвийн барилгын ажлыг энэ сард багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд хоёр жилийн  дараа ашиглалтад орж, ГССҮТ-ийн нурууг тэнийлгэх учиртай. Харин барилгын улирал эхэлсэн энэ үед хуучныг нь нураагаагүй, эхлээ ч үгүй байгаа гэхээр өвчтөнгүүд энэ байдлаараа багадаа хоёр, гурван жил явна гэсэн үг. Харин өдрөөс өдөрт өвчтөний тоо нэмэгдэж байдаг  ГССҮТ энэ байдлаараа явна гэвэл хэцүүднэ биз ээ. Удтал хүлээлгэсэн  Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэх гэж буй нь сайн талтай ч барилгыг нурааж эхлэхээсээ өмнө өвчтөнүүдээ аль, аль эмнэлэгт хэрхэн хуваарилах талаараа эртхэн төлөвлөх хэрэгтэй байж дээ. Хэрэв харьяа дүүргийнх нь амбультори ч юм уу, бусад эмнэлэгт хуваарилсан бол өнөөдөр иргэдэд ингэж чирэгдэл  учруулахгүй байсан биз.
Эмнэлгийн үүдэнд урт дараалалд дугаарлаж буй зарим өвчтөнтэй уулзаж ярилцлаа.

Л.Батдэлгэр: Гурав хоногийн дараа ир гэсэн
/БГД-ийн иргэн/

-Эмнэлэгт үзүүлэх гэж байна уу. Хэр удаан хүлээж байна вэ?
-Манай хүүхэд халуун цайнд түлэгдчихсэн юм. Тэгээд  үзүүлсэн чинь ор байхгүй гурав хоногийн дараа ирж, хэвт гэсэн. Өнөөдөр ирээд дугаарлаж байгаа нь энэ.

-Түлэгдэлтийн хэддүгээр зэрэг вэ?
-Нэлээд хүнд байна гэсэн. Шархыг нь цэвэрлэж өгсөн.  Арьсыг нь солино гэсэн. Уг нь, эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэмээр л байна. Даанч ор алга.
А.Хэрлэн: Шалан дээр хэвтэж байхаар гэртээ эмчилгээ хийлгэсэн нь дээр
/СБД-ийн иргэн/
 
-Үзүүлэх гээд дугаарлаж байна уу. Ямар шалтгаанаар үзүүлэх гэж байна вэ?
-Хорхог хийж байгаад гэдсээ түлчихсэн юм. Гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа.  Одоо үзүүлэх санаатай. Уг нь, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн ч ор байхгүй, коридорт хэвтэж, эмчилгээ хийлгэж болно гэсэн. Тэгэхээр нь шалан дээр хэвтэж байхаар гэртээ эмчилгээ хийлгэсэн нь хамаагүй дээр гэж бодож байна.

-Ирж, очих гэж  хүндрэлтэй л байгаа юм байна даа?
-Би Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Өдөр бүр наашаа ирж эмчилгээ хийлгэнэ гэдэг эдийн засгийн хувьд хэцүү байна. Ор хүрэлцэхгүй гэх шалтгаанаар олон иргэн гэрээр эмчилгээ хийлгэж байна гэсэн. Өдөр бүр эмнэлэг явах нь өвчтэй хүмүүст хэцүү л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан