Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ариунбуян: Гандуу зуссан аймгууд өвс, тэжээлийн нөөц сайн базааж чадаагүй

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаас өвөлжилтийн байдлын талаар тодрууллаа.  

-Энэ өвөл зуд болно гэж буй. Нийт нутгаар нэлээд хэмжээний цас орсон мэдээл бий. Цас их орсон ямар ямар аймаг, сум байна вэ?
-Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Үүнээс 16-22 см цас орсон өвөлжилт хүндэрч болзошгүй есөн аймаг бий. Тухайлбал, Баян-Өлгий, Завхан, Увс, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг  аймгуудад өвөлжилт  хүндэрч эхэлсэн, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгуудын Онцгой комисс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа. Мөн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газар цасанд хаагдаж хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан. Цас их орж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлхэд  хэцүү байдаг. Иймд машин техникийн бэлэн байдал чухал. Алслагдсан сум орон нутагт машин техникийн асуудал хүндрэлтэй байгаа. Тэгээд Засгийн газраас уг асуудлыг шийдэх тогтоол шийдвэр гарсан.

-Тухайлбал?
-Хөвсгөл, Өвөрхангай аймгийн тус бүр дөрөв, Төв аймгийн гурав,  Увс аймгийн тав, Хэнтий аймгийн зургаан сумын  түргэн тусламжийн автомашины гүйлт, нормдуусч бүрэн зогссон, цаашид өвөлжилт хүндэрсэнтохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа юм.   Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө аймаг, орон нутаг бүрт гаргасан.  Хамгийн эхэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орон нутагт суурилуулсан багц мэдээллийн төхөөрөмжөөр цаг агаарын мэдээ дамжуулж байгаа. Тухайлбал, хоёр долоо хоногийн өмнө болсон хүчтэй цасан шуурганы сэрэмжлүүлэх мэдээ авсан иргэд өөрийн хэмжээнд бэлтгэлээ хангаж анхаарал болгоомжтой байсан тул гайгүй өнгөрсөн. Мөн өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн хяналтад байдаг иргэдийн судалгааг эрүүл мэндийн байгууллагууд гаргаж бэлтгэлээ хангаад байна.

-Тэгэхээр зарим аймагт өвөлжилт хүндэрээд эхлэж. Өвс тэжээлийн хүрэлцээ ямар байна вэ?
-Гандуу зуссан аймгууд өвс, тэжээлийн нөөц төдийлөн сайн базааж чадаагүй. Учир нь хадлан бэлтгэх талбай хомс байсан. Малчид зуд болж болзошгүй гэж хувийн бэлтгэлээ сайтар хангасан байгаа. Аймаг, орон нутаг ч боломжийн хирээр өвс, тэжээлийн нөөц бэлтгэсэн. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7хувьтай хангагдсан байна. Засгийн газрын энэ оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт  29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг нь бүрдүүлсэн. Үүнээс гадна 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1хувийг нь бэлтгэсэн мэдээ бий.  Улсын нөөцөд энэ онд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор 3620 тонн өвс, 5620 тонн малын тэжээл бэлтгэж 100 хувь бүрдүүлсэн байгаа.

-Хэдийгээр бэлтгэл сайтар базаасан, машин техникийн асуудал шийдэж байгаа ч зуд болж хүндэрсэн нөхцөлд зарцуулах төсөв мөнгөний хүрэлцээ боломж хэр байна вэ?
-Төсөв, санхүүжилтийн хувьд хүндрэлтэй асуудал бий. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг машин техникийн засвар үйлчилгээ хийх, шинээр авах асуудлыг ярьж байна. Үүнээс гадна аварын үед ажиллах дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гамшиг тохиолдсон үед түүнээс хамгаалах мэргэжлийн анги, байгууллагууд техникийн болон хүн хүч гээд бүх бэлтгэлээ хангасан бэлэн байдалд байгаа. Зам давааг байнгын нээлттэй байлгах нь цаг хугацаа, хөрөнгө зардал хэмнэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг цаг тухайд  нь шуурхай үзүүлэх, харилцаа холбоо, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдахгүй байх, малын өвс, тэжээлийг сааталгүй хүргэхэд гол нөхцөл болдог. Иймд  үүнд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх шаардлага бий. Мөн өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нэг аймагт дунджаар 150-250  сая төгрөгийг хуваарилах санал гаргасан. Энэ нь нийт  2.5 тэрбум төгрөг болно. Ингээд  улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдруулах арга хэмжээ авхад зарцуулна гэсэн үг.  
Бас өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийг үнэгүй олгох боломж ч бүрдэнэ. Урьд нь 2009, 2012 оны зудын үеэр өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн хөрөнгийг Засгийн газраас дээрх маягаар хуваарилан асуудлыг  шийдвэрлэж байсан удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан