Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн 4.4 тэрбум ам.доллар эдийн засгийн хөдөлгүүр асаана

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн хүндрэлээс зэсийн баяжмалын экспорт, Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт аварна хэмээн эдийн засагчид хэлж буй. Ийм ч учраас сүүлийн хоёр жилд тус уурхайн бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт үүссэн байлаа. Энэ хүлээлт талаар өнгөрсөнгүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг өчигдөр шийдэж  талууд гарын үсэг зурав. Ингэснээр ирэх хавраас Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөх боллоо. Уг төсөл хөдөлгөөнд орсноор манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэх, дотоодын бизнес идэвхжих, ажлын  байр нэмэгдэж хүндрээд байгаа эдийн засагт эерэг нөлөө авч ирэх юм. Сүүлийн жилүүдэд манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум гаруй ам.доллараас 500 сая болтлоо буураад байв. Тэгвэл гүний уурхайн ажил эхэлснээр жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх бөгөөд 2-3 тэрбум ам.доллар олох боломж бүрдэнэ гэдэг. Нөгөө талаар дэлхийн эдийн засаг, ашигт малтмалын зах зээл таагүй байгаа өнөө үед Оюу толгой дээрх хэмжээний санхүүжилт босгож чадсан нь бусад хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгөх нь гарцаагүй.

4.4 тэрбум ам.долларын зээлийн 34 хувь нь Монгол Улсын Засгийн газарт ногдохгүй гэж албаны хүмүүс хэлж буй. Учир нь энэ зээл нь зөвхөн “Оюу толгой” компанийх бөгөөд Засгийн газрынх биш юм. Засгийн газар Оюу толгойн 34 хувийг эзмшдэг байлаа гээд уг зээлийг хуваалцахгүй аж. Монгол Улсын Засгийн газар ямар нэг эрсдэл үүрээгүй бөгөөд “Рио Тинто”, “Туркойз Хилл”  компаниуд зээлийн баталгаагаа гаргажээ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ өдрийг бид олон жил хүлээлээ. Өнөөдрөөс эхлээд Оюу толгой ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа эрхмүүд, удирдах зөвлөл, бизнесийнхэн Оюу толгойн төсөл, гүний уурхайг цааш нь авч явна. Дэлхийн хамгийн том 15 банк, “Рио Тинто” Монгол Улсад зээл өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулах, өөрсдийнхөө түншийг олох, зээл авах үүд хаалга нь нээгдэв. Монголчууд бизнестээ буцан ирлээ гэдгийг хэлэхийг хүсч байна” гэж цохон тэмдэглэв.
Тэгвэл Оюу толгойд хөрөнгө оруулагчийн нэг  “Рио Тинто” компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Оюу толгойн хүдрийн ил уурхайг 24 сарын дотор ашиглалтад оруулсан. Одоо үйл ажиллагаа нь жигдрээд байгаа. Ингээд өнөөгийн байдлаар 1.5 сая тонн зэсийн баяжмал боловсруулаад байна. Ингээд Монгол Улсад 1.3 тэрбум ам.долларын татвар төлж, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж буй юм. Мөн өөрийн ажилчид болон харилцагчдадаа тодорхой үр өгөөж өгч буй уурхай. Оюу толгой хэдийгээр залуу төсөл боловч зах зээлийн таагүй нөхцөлд мөнгөн урсгал нь эерэг, өртөг зардлын хяналтын тогтолцоо нь бат бэх зүй зохистой, үйл ажиллагаа нь жигдрэн явж байгаа” гэсэн билээ.

Мөн нэг хөрөнгө оруулагч болох “Туркойз хилл” компанийн захирал Жеффри Тайгесен “Дэлхийн зах зээлийн байдал муудаж, энэ он амаргүй байлаа. Гэвч манай компанийн хувьд эерэг сайхан байна. Бид “Рио Тинто”-той  хамтарч гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Одоо уг уурхайг санхүүжүүлэх гэрээ байгууллаа. Ихээхэн хэмжээний санхүүжилт босгоно гэдэг амаргүй байсан. Энэ төсөл Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ. Гүний уурхайн санхүүжилт ийн орж ирэх болсон нь өнгөрсөн гурван жилд Оюу толгой төсөл амжилттай хэрэгжсэний нотолгоо” гэж хэллээ.
Төслийн санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларын 2.2 тэрбумыг нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, Олон Талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг /ОТХОБА буюу MIGA/ санхүүжүүлсэн байна. Үүний 1.2 тэрбум ам.долларыг ОУСК гаргажээ.

Эдгээр байгууллага “Оюу толгой нь дэлхийн хамгийн том, ашиглагдаагүй байгаа зэс, алтны ордуудын нэг.  Наад тал нь 40 жилийн хугацаанд ашиглана хэмээн үзсэн” аж.  Энэ үйл явдалтай холбогдуулан ОУСК-ийн Дэд бүтэц, байгалийн нөөц хариуцсан захирал Сужой Боүс “Oюу толгой бол зардал багатай үйл ажиллагаагаараа түүхий эдийн мөчлөгийн туршид өрсөлдөх чадвараа алдахгүй байх, дэл­хийн хамгийн том зэс, алтны уур­хайн бүтээн байгуулалтын төсөл юм. “Рио Тинто” ком­пани, олон улсын түнш банкуудын дэмжлэгтэйгээр уг төслийн хэрэгжүүлэлтэд ахиц­тай ажиллаж байгаад баяртай байна. Оюу толгой компани орон нутагт ажлын байр бий болгож, Монгол Улсад бизнесийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ олон улсын шилдэг туршлагыг мөр­дөн ажиллахад нь ОУСК тууш­тай анхаарал хандуулж ажил­лах болно” гэж мэдэгдсэн байна.

ОТХОБА -ийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кейко Хонда “Оюу толгой төслийг далд уурхайгаар өргөжүүлэхэд гарч болзошгүй эрсдэлийг хуваахад хамтарч, чухал үүрэг гүйцэтгэж байгаадаа бид их баяртай байна. Манай баталгааны үр дүнд зээлийн санхүүжилт хамгийн оновчтой байдлаар шийдэгдэж, санхүүжүүлэгч, ивээн тэтгэгчдийн эхлүүлсэн нүсэр их ажлыг амжилтанд хүргэхэд хувь нэмэр оруулж чадлаа. Энэ санхүүжилт монголчуудын хувьд ямар их ач холбогдолтой болохыг онцлох нь зүйтэй. Хэдэн мянган ажлын байр шинээр бий болж, дэд бүтэц боловсронгуй болж, холбогдох сургалт чанарын өндөр түвшинд явагдаж, улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрөх зэргээр монголчууд Оюу толгой төслөөс үр өгөөж хүртэж чадна” гэжээ.

Дашрамд дурдахад манай дотоодын бизнесийнхэн, ханган нийлүүлэгчид 2010 оноос хойш дөрвөн тэрбум ам. долларын борлуулалт хийсэн дүн бий.  Тэгэхээр гүний уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар мянга мянган ажлын байр бий болж, улсын төсөвт хэдэн тэрбум ам.долларын орлого төвлөрөх боломж бүрдээд байна.


Б.Бямбасайхан: Гүний уурхайн бүтээн байгуулалтад зардлын хэтрэлт гарахгүй

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Оюу толгойн  гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Одоо орж ирэх энэ хө­рөнгө оруулалт манай эдийн засагт хэрхэн нөлөөлнө гэж төсөөлж байна вэ?
-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 онд хүчин төгөлдөр болсон. Ингээд эхний шатны хөрөнгө орж ирснээр манай эдийн засаг хурдацтай тэлсэн. Олон компани ханган нийлүүлэлт хийж, шинэ ажлын байрууд бий болсон байдаг. Тэгэхээр өнөөдөр эдийн засагт өмнө нь гарсан өөрчлөлтийг дахин авч ирнэ гэж итгэж байна. Хамгийн гол нь урд нь байгуулсан гэрээний үндсэн дээр шинэ хөрөнгө оруулалт татан оруулж байгаа юм. Энэ нь эдийн засагт бодит нөлөө үзүүлнэ. Жилд доод тал нь нэг тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Дээр нь “Оюу толгой” компани үйл ажиллагааны орлогоос Монголын эдийн засагт хө­рөнгө оруулна, татвараа төл­нө. Тэгэхээр манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж сэргэнэ гэж үзэж байгаа. Ийм ч учраас манай дотоодын ком­паниудын төлөөлөл, МҮХАҮТ, Монголын бизнесийн холбоо, Монголын банкуудын хол­боо гээд олон газрын төлөө­лөл ирлээ. Хамгийн гол нь бизнест эерэг дохио өгч байна. Өөрөөр хэлбэл, Монгол компани ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломж бүрдлээ. Энэ нь аливаа бизнест маш чухал зүйл. Зах зээл талаасаа шинэ ажлын байр, тогтвортой орлоготой иргэд бий болно.

-Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж байгаа энэ үед зэсийн үнийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Нэг тонн цэвэр зэсийн үнэ уналтын байдалтай байгаа. Зэсийн үнэ хамгийн доод цэгтээ хүртэл унасан байхад Оюу толгой ашигтай ажиллах талаас нь бизнесээ удирдаж явна. Ийм учраас өнөөдөр санхүүжилтийн өртгийг бууруулах шаардлага байгаа юм. Яагаад гэвэл олон улсын зах зээл дээр Оюутолгой компани бусадтай өрсөлдөж байгаа. Тэгэхээр өөрийн зардлаа дээд цэгт нь хүртэл бууруулахгүй бол өрсөлдөж чадахгүй. Зардал бууруулах нэг арга нь зээл авч санхүүжилтийн өртгөө багасгаж буй юм. Ингэснээр Оюу толгойн мөнгөн урсгал сайжрах төлөв бий.

-Одоо гарын үсэг зурсан гүний уурхайн санхүүжилт хэдийд орж ирэх вэ?
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тэгэхээр ирэх хавар барилгын ажил эхлэхэд томоохон бүтээн байгуулалт ч эхэлнэ. Гэвч өнгөрсөн наймдугаар сараас хойш гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэлээ хангаж байгаа. Ингээд өмнө нь халагдсан болон шинэ хүмүүс ажилд орж байна.

-Эхний шатны хөрөнгө оруулалтын зардал хэтэр­сэн асуудал гарсан. Гү­ний уурхайн бүтээн байгуулалтад бас ийм асуудал гарч ирэхгүй гэх баталгаа бий юу?
-Бид өнөөдөр Оюу толгой компанийн төсвийг маш сайн хянана. Зардлын хэтрэлт гэдэг зүйл гаргахгүй байхаар ажиллаж буй юм. Ингээд бид бараа бүтээгдэхүүний үнэ ханш, бүтээн байгуулалтын төсвийг нарийн тооцож шинэчлэн гаргаж байгаа.

-Тэгэхээр энэ зээлийн хүү, хугацаа ямар байгаа вэ?
-Олон банкнаас зээл авч байгаа. Санхүүжилтийн өртгийг нийтэд нь тооцвол өнөөдрийн байгаа хэмжээний тал хувиар буулгаж буй юм. Үүнээс ч илүү хувиар буулгах боломжтой. Өнөөдөр зах зээл хямралтай байгаа үед 12-15 жилийн хугацаатай санхүү­жилт олно гэдэг нь том амжилт. Европын сэргээн бос­голт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн кор­порац, дээрээс нь АНУ, Канад, Австралийн Засгийн газрын Экспортын хөгжлийн агент­лагууд нийлж байж арилжааны банкуудаас авсан зээлийн хүүг бууруулж өгсөн.

-Аливаа зээлд барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл “Оюу толгой” компани ямар зүйл барьцаанд тавь­сан бэ?
-Зээл авахад ямар нөхцөл тавьдаг тэр бүх шаардлагыг биелүүлсэн. “Оюу толгой” компани нөөц, мөнгөн урсгалаа барьцаалж байгаа. “Рио Тинто” компани хэрэв зардал хэтрэх юм бол түүнийг өөрөөсөө гаргаж төлнө. Ийм ч учраас уг төсөлд зээл босгож чадсан.
 
-Та Оюу толгой халагд­сан ажилчдаа эргүүлж ажилд нь авч байгаа гэлээ. Хэдэн хүн ажилд нь эргүүлэн аваад байна вэ?
-Есдүгээр сараас хойш 100 гаруй хүнийг ажилд нь эргүүлж авсан тооцоо бий. Цаашид ч нэмэгдэнэ.   Ер нь хоёр жилийн дотор 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх юм. Ингээд гүний уурхайн бүтээн байгуулалтын оргил үед 3000 ажлын байр шинээр бий болох судалгаа гарсан.  

0 Сэтгэгдэл
ENE MUNGUNII CHINI DIILENH NI MANAI BAYLGIIG TSULMUH MASHIN TEHNIK BOLOJ OROJ IRNE
Хамгийн их уншсан