Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гандан хийдэд гар татаагүй ч хүүхдэд хөлдүү сэтгэл дэвссээр байх уу

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Бид тэнгэр баганадсан оффис, орон сууцны барилгуудыг жил ч хүрэхгүй хугацаанд босгочихдог атлаа хоёрхон давхар цэцэрлэгийн байрыг хоёр, гурван жилээр царцааж чаддаг улс. Үүний нэг жишээ нь улсдаа цор ганц гэгддэг Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор. Эл цогцолбор хүнд хэлбэрийн тархины саа, хөдөлгөөний бэрхшээлтэй, мөн давхар согог, дауны хам шинж, тэр ч бүү хэл аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг хүлээн авдаг цорын ганц сувиллын цэцэрлэг юм. 1964 онд ашиглалтад орсон байр нь “стандартын бус, ашиглалтын хугацаа дууссан” гэх “онош”-тойгоор гурван жилийн өмнө актлагдаж улмаар өнгөрсөн хугацаанд 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүрт үйл ажиллагаа явуулсаар иржээ. Цэцэрлэгийн хуучин байр 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан учир багш нар нь хүүхдүүдээ алагчлахгүй гэсэндээ гурван жижиг өрөөндөө бүх хүүхдээ хүлээн авч хоёр жил гаруй “гал алдчихгүй” ажилласаар ирж.

Угтаа, стандарт нормоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн нэг анги 10-аас дээшгүй хүүхэдтэй байх ёстой ч өдгөө эл цэцэрлэгийн багачууд умгар жижигхэн ангидаа 40-үүлээ багтаж ядан байна. Өөрөөр хэлбэл, зургаан бүлгээ гурван ангид хуваан хичээллүүлж байгаа хэрэг. Тархины саажилттай хүүхдэд хамгийн үр дүнтэй нь хөдөлгөөн заслын эмчилгээ мөн цэвэр агаар байдаг тухай захын эмч хэлнэ. Гэтэл гуравхан жижиг өрөөнд 120 хүүхэд амьтан шиг хашигдаж агаараа “булаацалдаж” байна. Энэ эмгэнэл биш гэж үү.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох Мэргэж­лийн хяналтын байцаагчийн дүгнэлт 2013 оны эхээр гарсан ч хуучин байрыг нь буулгах хөрөнгө тухайн оны төсөвт суугаагүйгээс барилгыг дараа жил нь нураахаар болсон аж. Гэтэл цэцэрлэгийн хуучин барилгыг нураах нь битгий хэл өдий хүртэл ширхэг тоосго ч сугалаагүй байна. Цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал энэ тухай “Анх манай цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгөөр барихаар төсөвлөсөн юм. Гэтэл гэнэт яам энэ ажлыг авч, концессын гэрээгээр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд оруулсан ч өдий хүртэл дорвитой шийдэлд хүрсэн зүйл алга. Анх нийслэлийн хөрөнгөөр барина гэж байхад нь л бид шинэ цогцолборынхоо зураг төсөл болоод, шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоог гаргасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай лифтнээс эхлээд бүхий л эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээ оруулаад нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн төсөв гаргасан. Энэ мөнгөнд хуучин байрыг буулгах зардал ч багтсан. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн төсөвт энэ мөнгө суусангүй. Их хуралд энэ тухай ярьж хэлж байгаа нэгээхэн ч хүн алга. Сүүлдээ Сангийн яаман дээр 2.2 тэрбум болтлоо танагдчихсан яваа тухай дууллаа” хэмээж байв.

5.6 тэрбум гэдэг их мөнгө л дөө. Гэвч хүүхдийн цэцэрлэг тэр дундаа хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдээс харамлаж боломгүй мэт санагдах юм. “Бурхан бүтээх нь буян ч гэлээ хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг сургууль бий болгох нь түүнээс ч том буян болдог” хэмээн Ажиа гэгээн айлдсан удаатай. Тэрээр айлдсан ёсоороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд хүүхдийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин бид, харь хүний бүтээн босгосон эмнэлгийн нээлтэд очиж тууз хайчилж “тус” болсноос өөр зүйл хийгээгүй. Хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж сүүлийн жилүүдэд цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муудсаныг хэн хүнгүй л харж байгаа. Гэвч, гээндээ ч тэр үү гоондоо ч тэр үү цэцэрлэг, сургууль барих болохоор хөрөнгө мөнгөгүй болчихдог. Тэгсэн атлаа Гандан хийдийн өргөтгөлд гар татах нь үгүй.

Өнгөрсөн оны төсөвт Гандантэгчинлин хийдийн өргөтгөл буюу “Их цогчин дуган”-ны барилгын ажилд 5.9 тэрбум төгрөг төсөвлөхөд Их хурлын эрхэм гишүүд дийлэнх олонхоороо дэмжсэн. Эл дуганы төсөв жилийн жилд жигтэй гэмээр нэмэгдсээр ирсэн байдаг. Анх 2009 онд хоёр тэрбум 500 сая төгрөгөөр барихаар болж улсын төсөвт суулгасан ч 2011 онд 11 тэрбум 700 сая болгож, улмаар 2013 оны төсөвт 12 тэрбум 892 сая төгрөг байхаар тусгасан байдаг. Ингээд бодохоор  сүсэг бишрэлийг хүндэтгэж байгаа ч байнгын тогтмол орлоготой бйдаг ч улсад огтоос татвар төлдөггүй газрын шавар дуганыг арав гаруй тэрбумаар бүтээж байгаа гэж болно. Гэтэл 3000 гаруй тархины саатай хүүхдэд үйлчлэх сувиллын цэцэрлэгээс 5.6 тэрбумыг харамласаар өдий хүрчээ.

0 Сэтгэгдэл
Ene ih hurald garsan garah gj ulairad bga nuhduudiig ner dewshij bga toirogt 2 tsetserlrg bariulah hregtei tertei tergui garsan hoino 20 tsetserleg barih mungu oldog ym chin
Хамгийн их уншсан