Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б. Амарсайхан: Манайд хийгдсэн хагалгаанууд нь МУ-ын Нүүр ам судлалын хөгжил дэлхийн түвшинд хүрснийг илтгэнэ

Манай УБ хотын хойд хэсэг 32-ын тойрог гэж бидний ярьж сурсан энэ газарт ЭМШУИС-ийн Нүүр Ам Судлалын сургууль шинээр баригдсан 4 давхар байшиндаа ороод удаагүй байгаа. Энэ байшингийн гадна талд НАСС-иас гадна Шүд эрүү нүүрний эмнэлэг гэсэн бас нэг хаяг бий. Энэ бол манай улсын хувьд дэлхийн жишигт хүрсэн Нүүр ам судлалын хамгийн шилдэг эмнэлэг юм. Хаалгаар нь яваад ороход гадаадын эмнэлэгт ороод ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд Монголын хамгийн шилдэг эмч нараар шүд, эрүү нүүрний бүх төрлийн эмчилгээ, мэс заслыг цогцоор нь хийлгээд гарах бүрэн боломжтой ажээ. Ингээд Монголын анхны их сургуулийн эмнэлгийг байгуулсан хүний нэг ЭМШУИС-ийн НАСС-ийн захирал Б.Амарсайхантай уулзаж ярилцлаа.



Танилцуулга:

Базарын Амарсайхан АУ-ны Доктор, профессор, Азийн Нүүр Амны Урьдчилан Сэргийлэх Академийн Ерөнхийлөгч, МУ-ын ЭМЯ-ны Нүүр Амны ерөнхий мэргэжилтэн,  ЭМШУИС-ийн НАСС-ийн захирал.
1991 онд Куба Улсын Гавана хотын Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн. 2002 онд Токиогийн АУ-ны их сургууль болон Шүдний их сургуульд докторын зэрэг хамгаалсан.


-ЭМШУИС-ийн НАСС нь өөрийн эмнэлэгтэй болоод удаагүй байна. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Гадаад улс орнуудад тухайн улс орны нүүр царай болсон эмнэлгүүд нь дандаа их сургуулийн эмнэлгүүд байдаг. Жишээлбэл Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлэг, Токиогийн их сургуулийн эмнэлэг, Сөүлийн их сургуулийн эмнэлэг гээд нэрлэж болно. Их сургуулийн эмнэлэгт тухайн улсын хамгийн шилдэг доктор, профессорууд ажиллаж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, материал хангамж дээр судалгаа шинжилгээ хийгдэж, эмчилгээ үйлчилгээ явагдаж байдаг.  Ийм их сургуулийн эмнэлэг манай улсад анх удаа байгуулагдаад байна. Манай сургуулийн эмнэлэгт Монгол улсын Нүүр ам судлалын хамгийн топ эмч нар ажиллаж байна. Нийт багш нарын 73,3 % нь дэлхийн өндөр хөгжилтэй  Япон, Солонгос, Герман, Унгар гэх мэт улсуудад  докторын зэрэг хамгаалсан. Энэ хэмжээгээрээ оюутнуудад чанартай сургалт, дадлагаас гадна жинхэнэ олон улсын түвшингийн шилдэг эмчилгээ үйлчилгээг бодитоор үзэж, харах цаашлаад сайн эмч бэлтгэгдэж гарах нөхцөл бүрдлээ. Их сургуулийн эмнэлгийн гол онцлог нь сургалт, эрдэм шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ нэг дор явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл оюутны сургалт явагдахын зэрэгцээ ирээдүйн эмч нарт шаардагдах МУ-д эмчилгээ үйлчилгээний тактик боловсруулах нотолгоонуудын судалгаа, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн судалгаанууд хийгдэж байдаг. Мөн багш нарынхаа хүн үзэж эмчлэх тэр арга барилыг бодитоор харж эзэмших давуу талтай.

-Гадаадын нэртэй багш нар энэ эмнэлэгт ажилладаг гэж ярьж байсан. Энэ багш нараа танилцуулахгүй юу?
-Дэлхийн хэмжээний шилдэг  мэргэжилтэн 4 зочин профессор ажиллаж байна. Японы Токиогийн Анагаах Ухааны болон Шүдний их сургуулийн профессор Такаюки Масуда,  Солонгосын  алдартай Ионсей их сургуулийн хүндэт профессор, Солонгосын эрүү нүүрний шилдэг мэс засалчдын нэг Профессор И Чүүн Гүүг, Солонгосын Кангнумын  Үндэсний Их Сургуулийн профессор Чой,  АНУ-ын Мичиганы Их сургуулийн багш Том Тайлер багш нар юм.  Эдгээр зочин профессорууд  нь манай эмч багш нарыг эмнэл зүйн  ур чадварыг чадавхижуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгүүдийн түвшинд хүргэх зорилготой ажиллаж байна. Эдгээр мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар МУ-д хийгдээгүй шинэ хагалгаануудыг хийх болон  олон улсын  түвшинд  хүрсэнийг   илтгэх  шинэ   технологийг  нэвтрүүлэн ажиллаж байна.

-Жишээлбэл ямар хагалгаа хийсэн бэ?
-И Чүүн Гүүг багштай хамтраад хоншоорын дутуу хөгжлийг урагш сунгах буюу мэс заслын аргаар нүүрний дунд хэсгийг урагш татах дэлхийд цөөхөн хийгддэг хагалгааг хийсэн. Гэмтлээс болоод эрүүний талыг тайрсан хүнд шилбэний яснаас нь авч эрүүг нөхөн сэргээх хагалгааг шинээр хийсэн. Энэ мэтчилэн яриад байвал жирийн иргэд ойлгоход амаргүй хагалгаанууд хийгдэж байна. Ийм мэс заслуудыг  хийсэн үзүүлэлтүүд нь тухайн улс орны эрүү нүүрний  хөгжлийг тодорхойлж өгдөг.  
-НАСС элсэгчдээ ямар шалгуураар авч байна вэ?
-ЭМШУИС-ийн НАСС нь МУ-д хөтөлбөр нь 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн цөөхөн  сургуулиудын нэг юм. Манай сургуульд элсэн орохыг хүссэн элсэгчдийн тоо эрс өссөн нь энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ өссөн нэмэгдэж буйтай холбоотой. Энэ утгаараа ч манай сургуулийн шалгалтын босго оноо 800 буюу хамгийн өндөр оноотой сурагчид элсэж ордог.  Манай сургууль МУ-ын хэмжээнд нүүр ам судлалын чиглэлээр  магистр, докторын болон эрдэм шинжилгээний сургалт зохион байгуулдаг. 

-Шинээр нэн хэрэгцээтэй ямар мэргэжлийн  анги нээгдсэн бэ?
-Хоёр жилийн өмнө 4 жилийн сургалттай нүүр амны эрүүл ахуйч ангийг шинээр нээгээд 3 дахь жилдээ сургалт зохион байгуулагдаж байна. Энэ нь шүдний эмчтэй адилхан ч үйл ажиллагаа нь арай хязгаарлагдмал.

-Хамгийн шилдэг эмнэлгийн материал тоног төхөөрөмжийг товч танилцуулахгүй юу?
-Их сургуулийн эмнэлэг нь тухайн улсын шилдэг нь байх ёстой гэдэг утгаараа Япон, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн 40 иж  бүрэн шүдний машин  бүхий  амны салстын өвчин, шүдний  тулгуур эд, хүүхдийн  нүүр амны эмчилгээ,  нүүр амны эмчилгээ, нүүр амны согог ба гажиг засал болон эрүү нүүрний  мэс заслын зэрэг 6 тасгаас гадна дэлхийн түвшний дээд зэрэглэлийн ариутгалын В төрлийн автоклавууд бүхий  ариутгалын хэсэг, нүүр амны иж  бүрэн  дижитал дүрс оношлогооны  төв,  хэл яриа заслын төв, хөгжлийн  бэрхшээлтэй  хүүхдийн нүүр амны  эмчилгээний төв болон  шүд суулгах төв зэрэг байгаа.   Мөн бид Монголын шүдний бизнес эрхлэгчдийн холбоотой хамтарч Япон, Солонгос, Герман гэх мэт улсуудын хамгийн чанартай эм, материалуудыг хэрэглэж байна.

-“Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг танай сургууль хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар?
-Эрүүл хүүхэд аяны хүрээнд Монголын хүүхдүүдэд шүдний өвчлөл хамгийн өндөр гарсан. Энэ тал дээр төр засгаас анхаарч энэ аяны II-р шатыг манай сургуулийн  баг удирдан зохион байгуулахаар болсон. Монголын 970 гаруй мянган хүүхдүүдийн шүдний өвчлөлийг эрүүлжүүлэх тал дээр олон улсын түвшинд боловсруулсан  удирдамжуудаар эмч нарыгаа хангаад ажиллаж байна.

-“Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд танай эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд ямар бичиг баримт хэрэгтэй вэ?
-Манай сургуулийн эмнэлэгт үзүүлэхээр хуваарилагдсан цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд төрсний гэрчилгээтэйгээ ирэхэд хангалттай.

-Ойрын үед хийгдэх томоохон ажлуудаасаа дурдвал?
-Энэ оны 9-р сарын 14-16нд МУ-д анх удаа Азийн Нүүр Амны Урьдчилан Сэргийлэх Академийн 10-р их  хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ их хуралд гадаадын 500 гаруй эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцох юм. Энэ бол манай улсын Нүүр ам судлалын салбарт туршлага судлах, мэдлэг мэргэжлээ солилцох, манай улсын нүүр ам судлалын өнөөгийн түвшинг дэлхийн  түвшинд гаргах томоохон арга хэмжээ юм.

Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Б.Батжаргал

0 Сэтгэгдэл
энэ шаамий нөхрийн ярианаас олигтой юм огт олж уншсангүй, тэр орчин нөхцөл, эмч нарын характер авах юм байхгүй газар байлээ ш д өвөл хорон дотор зун шороон дотор
энэ шаамий нөхрийн ярианаас олигтой юм огт олж уншсангүй, тэр орчин нөхцөл, эмч нарын характер авах юм байхгүй газар байлээ ш д өвөл хорон дотор зун шороон дотор
холбоо барих утасны дугаарыг нь өгөөч
Хамгийн их уншсан