Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам руугаа алгадуулсан намууд гомдоллов

Б.ШИРНЭН

Саяхан л МАН тэргүүтэй улс төрийн намууд “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруул” гэж дэр нэгтгэхээс наахнуур сүлбэлдэж байв. Тусгаар тогтнолын талбай дээр санал тооллогын хар машиныг шатааж цөсөө хөөргөсөн намын удирдлагууд төрийн ордон руу тэр ирчээрээ гороолсноор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадсаан, чадсан. Гэвч, МАН-ын ам нээх бүртээ хэлж, ярьдаг “улс төрийн 21 намын чин хүсэл” гээч нь амаа чихэндээ хүртэл цуурснаар төгсөв. Учир нь, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруул гэж дуу нэгтэй зүтгэж байсан намууд эцэстээ сөрөг хүчний хүүхэлдэй байснаа ойлгож, тоглоомын тойргоос шахагдаж эхэллээ. Наанаа улс төрийн намуудад боломж олгох бамбайтай, начир дээрээ тэднийг улам л сонгуульд өрсөлдөх боломжгүй хууль болгочихоод арилаад өгсөнд тэд харамсч суугаа юм. Жишээ нь, өчигдөр Эх орончдын нам, Монголын ногоон нам зэрэг УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж мэдээлэл хийхдээ хүсэвч хясна гэдгийг батлан харуулсан билээ.

Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болоод тус намын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 21 нам Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан, санал нэгтэй байгаа гээд үүнийг хэлэлцэхгүй бол эсэргүүцлийн фронтыг улс даяар өрнүүлнэ хэмээн олны хүчийг ашиглаж байсан билээ. Гэтэл тогтож сууж ч чадахгүй байсан МАН-ынхан Сонгуулийн хуулийг баталж аваад бүлгийн хурал, байнгын хороо байтугай бүр Төрийн ордноор ч цухуйхаа байв. Харин хөсөр хаягдсан жижиг намууд МАН-гүйгээр энд тэнд цуглаж, нэгэнт баталчихсан хуулийг яах вэ, гэдгээ ярилцаж суугаа юм.
Харин нэгэнт хууль батлагдаад гарчихсан тул Сонгуулийн хуулийг тэд Үндсэн хуулийн цэцэд өгч торгоохоос өөр аргагүйд хүрч байгаа юм байна. Үндсэн хуулийн цэцэд гаргасан дараахь тайлбар нь ч гэсэн жижиг намуудын хүлээн зөвшөөрөхгүй байгаа хуулийн заалтууд аж. Гэхдээ дараах гомдлыг Үндсэн хуулийн цэц барагдуулж өгнө гэдэгт итгэх хүн Төрийн ордонд бараг л байхгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Дээд шүүхэд бүртгэлтэй намууд нэгдээд гуравдагч хүчин болохоор саналаа нэгтгээд Сонгуулийн хуулийг боловсруулсан боловч зөвшилцсөн гэх сөрөг хүчин тэднээс нүүрээ буруулж, АН-тай нэгдэж, жижиг намуудыг гаргаж ирэхээргүй хууль баталсан. Энэ бол жинхэнэ коммунист бөгөөд Үндсэн хууль зөрчсөн хууль” гэж хэлсэн байгаа юм. Мөн Үндсэн хуулийн цэц айдастай байгаа гэдгийг огтхон ч торохгүй хэлчихэж байгаа юм. Өөрөөр бол, жижиг намуудад халгаатай Сонгуулийн хуулийг цэцэд өгсөн ч шийдэгдэхгүй гэдгийг О.Баасанхүү гишүүн хүлээн зөвшөөрсөн байна лээ.

Энэ бүгдээс харвал, УИХ цэцийн гишүүдийн судсыг атгачихаад, эрх ямбаар нь элдэвлэж суугаа ойрын дүр зураг нүдэнд буух нь лавтай. Жишээ нь, цэцийн гишүүд нас дээр гарсан гэх хачин, жигтэй зүйл чуулганы танхимаас сонсогдох болж. 50 хүрчихсэн тэтгэвэрт нь гаргах уу, болих уу. Тархин дахь эрчим хүч нь шавхагдах дөхсөн үү, үгүй юу гээд хүсвэл пээнсэнд гаргах эрх мэдэл УИХ-д байгаа гэдгийг мэдрүүлэх мэт. Ямартай ч Цэц болоод цэцийн ажиллах хууль эрхзүйн орчинг өчигдөр УИХ-ын гишүүд хэлэлцэж, асуудлыг цааш нь Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тэгэхээр жижиг намуудын Үндсэн хуулийн цэцэд гаргах гэж байгаа маргаан хэрхэн өрнөх нь сонирхолтой. Ямар ч байсан МАН-ын “Бид улс төрийн 21 нам” хэмээн үндэсний хэмжээний фронт үүсгэх хэмжээнд лав хүрэхгүй байх.

Сонгуулийн хуулийн ямар заалтуудыг эсэргүүцэв

Монгол Улсын сонгуулийн хуулийн 12.1-д “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байгаа юм. Харин УИХ-д суудалгүй намууд сонгууль болохоос зургаан сарын өмнө байгуулагдсан улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг шууд хасаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн 24 нам байгаа бөгөөд хамгийн сүүлд Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намаа өнгөрсөн зургадугаар сард бүртгүүлсэн юм. Харин Бие даагчдын нэгдсэн нам, Нэгдмэл Монгол нам зэргийг бүртгэхээс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр намууд өнөөдөр бүртгүүлсэн ч сонгуулиас 180-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар Сонгуульд өрсөлдөж чадахгүй болж байгаа юм.

Харин хоёрдугаарт, "Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй" гэсэн заалт нь сонгуулийн эрх бүхий иргэд өөрсдийгөө найдвартай төлөөлж чадах бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхийг хасаж байгаа гэж жижиг намууд үзэв. Учир нь, Монгол улсын Үндсэн хуүлийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д Монгол улсын иргэн "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй", "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд ...шууд сонгох эрхийн үндсэн дээр...сонгоно" гэсэн заалтыг зөрчиж байгаа гэж үзлээ.
Мөн Сонгуулийн хуулийн 50.3-т "Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно" гэж заасан нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг дотоод ба гадаадын ашгийн төлөө хуулийн этгээд сонгуулийн хандив гэдгээр худалдан авч сонгуулах боломжийг олгож байгаа хэмээн хардаж байгаа юм. 

Хамгийн чухал нь  “УИХ-ын …28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь иргэнийг сонгох бус харин нам сонгох, сонгогчдыг нэрсийн жагсаалтын хуудсыг аргагүй эрхэнд бөглөх байдалд хүргэж байгаа хэлбэр гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан