Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хяргас нуур - Монгол Улсын Үндэсний цогцолборт газар

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг.

Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.

Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг  Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно. Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг.  Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирэн аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг юм гэнэ лээ” гэсэн домог бий.

Хэцүү хад:
Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан