Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан агуйн чулуун зэвсгийн дурсгал - Монголын дурсгалт газар

Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах анги 1987 оны хээрийн шинжилгээний ажлынхаа үеэр Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгийн нэгэн сонирхолтой агуйгаас эртний чулуун зэвсэг олж илрүүлсэн юм. Энэ агуй байрлаж буй нутгийн газарзүйн өгөгдөл нь хойд өргөргийн 44042’ 43,3’, өмнөд уртрагийн 1010 10’ 13,4”-m орших бөгөөд, Их Богд уулнаас баруун өмнө зүгт 40 км, Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт мөн 40 км зайтай газарт оршино.

Агуйн нийт талбайн урт нь 38 м, үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Үүдний талбай орчим өгсүүр бөгөөд энэ байдал агуйн хонгилд ч 7-8м үргэлжилнэ. Харин агуйн хонгилын гүнд хананы ойр орчим хөрс нь тэгширч ирсэн байдалтай болно.

Цагаан агуйг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онд малтан судалсан бөгөөд судалгааны өнөөгийн үр дүн нь Монгол болон Төв Азийн энэхүү бүс нутагт дөрөвдөгч галавын сүүл үед урин зөөлөн уур амьсгалтай байсан болохыг тогтоон, энд анхны хүн амьдарч байсан ул мөр болох чулуун зэвсгийн дурсгалыг илрүүлэн олсон явдал юм. Энэ нь Монгол орны нутаг дээр амьдарч эхэлсэн хэмээн үздэг 500 мянган жилийг тооллыг даруй 200 мянган жилээр урагш ахиулж Төв Азид, тэр дотроо плейстоцений үед үүссэн тогтсон “Эртний нууруудын хөндий”-д хүн дэлхийн чулуун зэвсгийн сонгодог онолоор ОЛДУВАЙН үед буюу манай тооллын өмнөх 700 мянган жилийн тэртээгээс суурьшин амьдарч байжээ гэж үзэх үндэслэлийг өгч байна. Цагаан агуйд амьдарч байсан хүмүүс чулуугаар багаж зэвсэг үйлдвэрлэхдээ гарын доорх материалыг ашиглаж байсан байна. энэ агуйн амны дээд талд, зүүн хойд зүгт ойролцоогоор 5 метр орчим зайтай газарт улаан хүрэн болон шар өнгийн нарийн ширхэгтэй чулуугаар зэвсэг хийж байсны ор бүхий дархны газар байрлаж байгаагаар тайлбарлагдах бололцоотой юм. Урьдчилсан байдлаар өгүүлэхэд дээрх чулуунууд нь хас чулууны нэгэн төрөл байж болох талтай. Одоогийн байдлаар Цагаан агуйн чулуун зэвсгийн дурсгалыг гурван үндсэн хэсэгт хуваан авч үзэж байна.

Үүнд:

1. Малтлага I-III болон цооног малтлага II-ын 1-2-р үеүдэд буй чулуун зэвсгийн дурсгалууд бүхий археологийн I соёлт давхарга. Дурдсан үеүд нь Цагаан агуйн хөрсний өнгөн хэсэгт байрлана. Эндээс нийтдээ 74 ширхэг чулуун зэвсгийн дурсгал олдсон бөгөөд анхдагч боловсруулалтынх нь хувьд авч үзвэл, үйлдвэрлэлийн орхигдос хоёр, орхигдос бүхий хавтанлаг чулуу нэг, жижиг хэмжээний ялтас нэг, залтас 54, үлдэцнээс гарсан хагарал 16 ширхэг байна. эдгээрт эзлэх зэвсгийн хувийн жин нь 14.9 хувь (11ш) болох ба тэдгээрийг зэвсгийнх нь хувьд ангилавал хусуур хоёр, резец бүхий зэвсэг нэг, олон байдлаар ашиглаж болох зэвсэг хоёр, ир бүхий эдлэл гурав, бариул бүхий зэвсэг хоёр, үзүүр буюу чичлүүрт дурсгал нэг ширхэг болно.

2. Малтлага I-III болон цооног малтлага II-ын 3-8-р үеүдэд орших чулуун зэвсгийн дурсгалуудыг агуулсан археологийн II соёлт давхарга. Өгүүлсэн бүхий үеүд нь малтлагын дунд хэсэгт байрлана. Эндээс ортогоналийн зарчмаар хагалсан хагарал бүхий үлдэц нэг, леваллуан үлдцийн бэлдмэл нэг, үлдэцнээс гарсан хагарал зургаа, хагалсан хайрга нэг, анхдагч орхигдос хоёр, үйлдвэрлэлийн орхигдос гурав, леваллуан үеийн үзүүр мэс нэг, мөн үеийн ялтас нэг, хоёр талст бүхий ялтасны дунд хэсэг нэг уртасган тасалсан орхигдос хоёр, залтас 129, төрөл бүрийн хагарлууд 92 ширхэг буюу нийтдээ 241 ширхэг дурсгал олдсон байна. Эдгээрт нийтдээ 32 ширхэг чулуун зэвсгийн дурсгал байгаа нь нийт дурсгалын дотор 13.3 хувь нь болно. Тэдгээрийг зэвсгийнх нь хувьд ангилан үзвэл, леваллуан үеийн үзүүр мэс нэг, харуул зэвсэг нэг, жижиг хусуур хоёр, резец бүхий зэвсэг тав, хусуур нэг, шүдэлсэн ир бүхий зэвсэг дөрөв, үзүүр буюу чичлүүр бүхий дурсгал нэг, төрөл бүрийн зориулалтаар ашиглах зэвсэг гурав, үлдэцэн хусуур нэг, сонгодог хэлбэрийн зэвсэг найм, ир бүхий эдлэл дөрөв, хагалах зориулалт бүхий иртэй зэвсэг нэг ширхэг тус тус олдсон болно.

3. Малтлага I-III болон цооног малтлага II-ын 9-13-р үеүдэд орших чулуун зэвсгийн дурсгалуудыг агуулсан археологийн III соёлт давхарга. Эндээс нийтдээ 295 ширхэг чулуун зэвсгийн дурсгал олдсон нт цохилтын нэг талбайт, нэг талаас нь цуулахад зориулагдсан үлдцийн бэлдмэл нэг, үлдэцнээс гарсан хагарлууд 11, залтас 146, төрөл бүрийн хагарлууд 137 ширхэг байна. Эдгээрт зэвсэг 22 ширхэг байгаа нь нийт дурсгалын 7.5 хувийг эзэлнэ. Тэдгээрийг зэвсгийнх нь хувьд ангилан үзвэл, хусуур хоёр, шүдэлсэн ир бүхий эдлэл нэг, үзүүр буюу чичлүүрт зэвсэг нэг, төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох зэвсэг дөрөв, жижиг хусуур гурав, резец бүхий эдлэл нэг, сонгодог зэвсэг нэг, ирт эдлэл долоон ширхэг болно.

Төв Азийн бүс нутагт хүн амьдарч эхэлсэн он цагийг урагшлуулж буй хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалыг судлах “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн 1995-1998 оны хээрийн шинжилгээний ажлын үед олж илрүүлсэн болно.

Агуйд хийсэн малтлагын явцад хөрсний III соёлт давхаргад цооног II-аас чулуун зэвсгийн дурсгал бүхий 9-13-р үеүд гарсан. Энэ дэд үеүдийн хамгийн сүүлчийнх болох арван гуравдугаараас гарсан чулуун зэвсгийн дурсгалуудыг бусад чулуун зэвсгийн дурсгалтай харьцуулан үзэхэд нэлээд эртнийх болох нь мэдэгдэнэ. Тэдгээрийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан үзсэнээр олдувайн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэх арга технологиор хийгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хөрсний бүтэц, түүнд агуулагдаж буй шим нэгдлүүдийн он цагийг тогтоох судалгааг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон АНУ-ын Туссон дахь Аризоны их сургуулийн лабораториудад хийжээ. Эдгээр судалгааны дүнд Цагаан агуйн гуравдугаар давхаргын арван гуравдугаар соёлт үе нь манай тооллын өмнөх 750 мянгаас 800 мянган жилийн тэртээгээс бий болсон байна. Тэгвэл энэ хөрсний эл давхарга бүрэлдэн тогтоход ямар нэгэн хэмжээгээр хүний үйл ажиллагаа оролцсон нь чулуун зэвсгийн дурсгалаараа батлагдаж байгаа юм. Ийнхүү Монгол нутагт болон Төв Азийн урин дулаан уур амьсгалтай өнөөгийн говийн Алтай бүс нутагт анхны хүн Христийн тооллын өмнөх 700 мянган жилийн тэртээгээс амьдарч байсан нь тогтоогдов. Гэхдээ Цагаан агуйд хүн амьдарч эхэлсэн энэхүү он цаг бол тус дурсгалын хувьд хамгийн эртнийх нь хараахан биш байж болох талтай. 1996 онд хээрийн шинжилгээний ажлын үеэр тус агуйг цааш нь малтахад хөрсний соёлт үе давхаргын тоо улам нэмэгдэж байгаа нь сонирхол татахуйц юм. Энэ нь дээрх он цагийг урагш нь ахиулах боломжийг олгож болох талтай юм. Хөрсний дээжид хийж буй лабораторийн нарийвчилсан шинжилгээний эцсийн дүн гараагүй байна.   

1 Сэтгэгдэл
Олдворийн нэр нь юу юм бэээээээээээ
Хамгийн их уншсан