Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сайн ахын” бараан сүүдэр


- 2012 оны сонгуульд иргэд 18 тэрбум төгрөг хандивлажээ -

Л.НОМИН

Улс төрийн намуудын санхүүжилт ялзралын дээд цэгтээ хүрснийг баталж, шинэ сар, шинэ долоо хоног эхэллээ. Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба улс төрийн санхүүжилт хэрхэн явж ирсэн, ямар асуудал дагуулж, эцэстээ юунд хүргэж байгааг “Цензургүй ярилцлага” нэвтрүүлгээр дэлгэрэнгүй ярилаа. МАХН-ын дотоод асуудал мэт харагдавч үнэндээ улс төрийн намуудын сүүлийн хэдэн жилийн туршлага, замнал, түүхийг бодитоор нь дэлгэчихлээ хэмээн түүнийг олон нийт хүлээн авав. Энэ нь үнэндээ Н.Энхбаяр гэдэг хүний улс төрийн нам удирдаж дадсан зуршлыг илчилсэн. 2000 оноос хойш МАХН /тухайн үеийн нэрээр/-д нөлөө бүхий гол хүн нь Н.Энхбаяр л байсан. 2009 он хүртэл. Хэсэгхэн хугацаанд л намаас хөндийрсөн ч шууд бусаар ч оролцоотой байсаар л байсан.

Баривчлагдаж, хоригдож, суллагдаж, эмчлүүлж, өнгөрсөн намар улс төрд эргэн ирэх хүртлээ. Эргэн ирэх хүртлээ олон ч улстөрчийн “сайн ах” болов. Гэвч удаан хугацаанд “сайн ах”-ын үүрэг гүйцэтгэсэнгүй. Эцэстээ зэс нь цухуйж, дүү нараа айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг болж таарав.  Энэ бүх хэрэг  явдал улс төрийн намын санхүүжилтийн зарчмыг шинэчлэх нэгэн том шалтгааныг сануулав. 

Судалгааны тоонууд ч гэсэн санхүүжилтийн арга барил чинь асуудалтай байна шүү гэдэг дохио өгсөөр байсныг дурдах хэрэгтэй. Сонгогчдын боловсрол төвийн судалгааны тоо баримтуудаас энэ бүхэн харагдана. 2008 оны УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигч дунджаар 22,7 сая төгрөг зарцуулсан бол 2012 оны сонгуульд энэ нь 104 сая болж, тав дахин өссөн байгаа юм. 2008 онд УИХ-ын 76 мандатын төлөө 356 хүн нэр дэвшин өрсөлдсөн. 2012 онд 544 хүн сонгуульд өрсөлдсөн гэж бодохоор зарцуулсан мөнгөний хэмжээ 9-өөс дээш оронтой тоонд эргэлдэх нь мэдээж. Энэ их мөнгө зүгээр газраас ургаад гараад ирээгүй. Тодорхой хэмжээнд өглөг, тусламж, хандиваар цуглана. Хуулийн этгээдээс 2008 оны сонгуульд нийтдээ 522,6 сая төгрөг, хувь хүнээс 2 тэрбум 76 сая төгрөгийн хандив намууд авсан байна. 2012 оны сонгуулиар 3 тэрбум 101,7 сая төгрөгийг хуулийн этгээд, 18 тэрбум 351,4 сая төгрөгийг иргэд хандивласан байдаг. Зөвхөн иргэдийн хандив сонгуулийн зардлын 49 хувийг дангаараа бүрдүүлсэн судалгааны тоо баримт улс төрд өрнөөд буй одоо­гийн нөхцөл байдалтай яахын аргагүй уялдаад явчихна.

Зөвхөн парламентын сонгуу­­лийн хандивт иргэ­дээс 18 тэрбум төгрөг цуглуулсан гэхээр энэ жил УИХ, нийслэл, орон нутгийн сонгууль нэгэн зэрэг болохоор хандивлагчдын мөнгөний тоо ч дагаад өсөх нь тодорхой. Сонгуулийн бус үед УИХ-д 10 суудал бүхий улс төрийн намд ганцхан хандивлагч нь 170 мянган ам.доллар өгсөн гэдгээ энэ удаад хэллээ. Гэхдээ 50 мянган ам.долларыг Н.Энхбаярт Г.Шийлэгдамба намын санхүүжилт гэж атгуул­сан гэв. 120 мянган ам.доллар хуулийнхны мэдэлд очсон гэ­хээр 100 сая төгрөгийн хандив ав­лига гэж тооцогдох нь. Өг­сөн нь авснаа илчилбэл хариуцлага хүлээхгүй байх хууль эрхзүйн орчин бүрдсэн уч­раас хамгаалалтад орж байж дэлгэсэн баримт зүгээр ч нэг хоосон яриа биш бололтой.  

Энэ бол гарцаагүй байдалд ороод нийтэд ил болгосон нь. Үүний цаана ханцуй дотроо өгч, авалцаж буй хэдэн төгрөгийн хандив байгааг таашгүй.  
Улс төрийн намын тухай хуулиар хувь хүн нэг сая төгрөгийг жилд хоёроос илүүгүй удаа өгч болохгүй. Харин хуулийн этгээд 10 сая төгрөг жилд хоёр удаа буюу нийт 20 сая төгрөгөөс хэтэрсэн хандив өгөхийг хориглосон. Хуулийн энэ заалтыг МАХН-ынхан аль хэдийнэ зөрчсөн гэсэн үг.

Улс төрийн намуудын сан­хүүжилтийн хууль эрх зүйн орчин, тогтолцоо буруу бай­гааг судлаачид цөөнгүй удаа илэрхийлж байсан. Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Бат­туул “Улс төрийн намд өгч буй хандивын зарим асуудал” нийтлэлдээ энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэрээр хандив, дэмж­лэгийг хуульд тодорхой тусгаагүй нь хариуцлага, хянал­тын механизмыг сул зохицуулагддаг болохоор сонгуулийн үеэр л тайлагнадаг санхүүгийн тайланг үнэн бодит гэж үзэхэд эргэлзээтэй. 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН болон АН сонгуулийн кампанит ажилд нийтдээ 30 тэрбум, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 5, бусад нам 2 тэрбум төгрөгийн санхжүүжилт хийсэн гэж тайлагнаж. Иймээс хандивын хэлбэр, тоо хэмжээг тодор­хой тусгаж, хуульчлах, тө­рийн санхүүжилтийн хувийг нэмснээр намууд хариуц­лагатай болно, сонгуулиас бусад үед санхүүгийн тай­лангаа гаргах зэргийг олон зохицуулалт бий гэсэн. Судлаа­чид улс төрийн авлигыг бууруулахын тулд санхүүжүүлэлтэд анхаарах зөвлөмж өгсөн байдаг.

Г.Шийлэгдамбын нөхцөл байдал “Гаалийн” Х.Баатарын алдаа­ны үргэлжлэл болоо­тох­­лоо. Дараагийн Г.Шийлэг­дамба болж, “сайн ах”-ын арганд орж, гар хөл болс­ныхоо дараа харамсаж суух­гүй байхыг сануулахын учир юу байв. Мөнгө төгрөг, хан­див цуглуулах даал­гаврыг биелүүлэх гэж улс­төрч залуучууд уралдаж, өрсөлд­дөг, тэмцэлддэг нь эцэстээ хэцүү нэртэй газар руу л түлхэх шалтгаан болно хэмээн дахин дахин анхааруулав. Харин “сайн ах” хэлэх текстээ бэлдэж дуусаад сөрөг довтолгоо хийх нь ч тодорхой. Тэр 50 мянган ам.долларыг авсан уу, үгүй юу...  


Ц.Оюунбаатар: Би Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулаагүй

Шадар сайд Ц.Оюунбаатар Г.Шийлэгдамбыг баривчлагдсаны дараа хандивын мөнгийг хувьдаа авсан учир албан тушаалаа өгөх нь зүйтэй гэх утга бүхий албан бичигт гарын үсэг зуруулсан хэмээн ярьсан. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатар ийм тайлбар өглөө.

-Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба таныг өөрийнх нь өмнөөс албан тушаалаа өгөх өргөдөл бичиж, гарын үсэг зуруулсан гэж ярьсан. Та үүнд тайлбар өгөөч?
-Би ямар ч бланкан дээр гарын үсэг зуруулаагүй гэдгээ хэлмээр байна. Түүнийг АТГ-т байцаагдахаар хүргэгдсэн байхад нь би очиж уулзсан. Гэхдээ зөвхөн ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Гарын үсэг зуруулах тийм цаг хугацаа, боломж ч байхгүй.  

-Намын санхүүжилтийн талаар юу хэлэх вэ, та хандив цуглуулдаг уу?
-Намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш шүү дээ. Санхүү мөнгөний асуудалд хэзээ ч, хаана ч оролцож байгаагүй. Тиймээс намын санхүүжилтийн талын мэдээлэл надад алга. Харин би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би Монголын төрд 40 жил ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажилладаг. Хэн нэгнээс юм гуйж явсангүй. Хэн нэгэнд ч юм өгч явсангүй.

-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив олж ир гэж тулгаж байгаагүй гэсэн үг үү. Мөн таныг ЭМС-ын сайдаар тавьж, танай намын даргыг Шадар сайд болгох тухай яригдаж байна.  
-Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Хандив цуглуулах асуудалтай тулгарч байгаагүй. Харин томилгооны талаарх асуудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуух нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
АН зайлах хэрэгтэй.
Хамгийн их уншсан