Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхаар, чуулганы танхимд шүүх хуралдаантай

Б.БИЛГҮҮН

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Нэгэнт, Хуульзүйн байнгын хороо санал дүгнэлтээ гаргаж, олонх түүнийг эргүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн тул гишүүд аль нэг талд нь кнопдохоос аргагүй. Гэхдээ Цэцийн даргыг хууль зөрчсөн тул эргүүлэн татаж байгаа гэдгээс илүүтэй, УИХ өөрөө хууль зөрчин Ж.Амарсанааг манаанаас нь буулгах гэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хууль дүрмэндээ ч Цэцийн гишүүнийг эргүүлэн татахын тулд хэд, хэдэн процессын ажил явагдсан байх ёстой. Гэтэл яаралтай горимоор орж ирсэн санал Хуульзүйн байнгын хорооны дэмжлэг авч, хүчээр шахуу чуулганы босго давсан нь улстөржих шалтгаан болж байгаа юм. Өчигдөр гэхэд л Үндсэн хуулийн цэцийн гишүүд их хурлын дарга З.Энхболдод ээлжит анхааруулгаа өгч, хуульчдын “Эв монгол” хөдөлгөөн мөн л спикерт хандан эрхзүйт төр буйг санууллаа.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүх санал болгож, УИХ томилдог. Харин Ж.Амарсанааг Улсын дээд шүүх санал болгож, УИХ томилсон. Тэр утгаараа эргүүлэн татахдаа ч Дээд шүүхийн саналд үндэслэн,  Байнгын хороо, УИХ гэсэн дамжлагаар явах ёстой. Харин өөрийн хүсэлтээр эсвэл өвчний улмаас биш л бол хууль зөрчсөн нь тогтоогдвол Цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татдаг. Харин хууль зөрчсөн гэдгийг нь аль ч улсад шүүх шийддэг. Энэ бол ойлгоход тийм ч төвөгтэй асуудал биш.
Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, тэр бүү хэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн тул эргүүлэн татах үндэслэлтэй гэсээр асуудыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хүч түрэв. Мөн хуульд заасан хэд, хэдэн процессыг алгасаж байгаа юм.
Жишээ нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон даргыг эргүүлэн татах, огцруулах бол Үндсэн хуулийн дагуу, Цэцийн хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн хуралдах ёстой. Хэрэв тэд огцруулах, эргүүлэн татах үндэслэлтэй гэж үзвэл асуудлыг анх санал гаргаж цэцэд оруулсан байгууллагад уламжилдаг. Ж.Амарсанаагаар жишээлбэл, түүнийг огцруулах эсэх асуудлаар санал авахаар Улсын дээд шүүхэд хандах ёстой гэсэн үг. Харин Улсын дээд шүүхийн 25 гишүүн хуралдаж, огцруулах, эргүүлэн татах санал гаргавал, саналаа харьяа УИХ-ын байнгын хороонд уламжлах хуультай.

Гэтэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа маргаан үүсгэсэн хуулийг хэрэглэхгүй байх”-ыг УИХ-ын дарга З.Энхболдод сануулсан нь хууль зөрчжээ гэж шүүхийн шахуу шийдвэр гаргаад Улсын дээд шүүхэд санал авахаар хүргүүлсэн байгаа юм. Харин Улсын дээд шүүхийн шүүгч өгсөн хариундаа “...тусгайлан гаргах саналгүй” гэж хариу хүргүүлсэн. Өөрөөр бол Дээд шүүхийн шүүгчид хуралдаж санал гараагүй гэсэн үг юм байна.
Мөн хугацаанаас өмнө Цэцийн даргыг эргүүлэн татах нэг үндэслэл нь шүүхээр хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон үед гэж байдаг. Гэтэл эдгээрийн аль ч “болзол” хангагдаагүй байхад УИХ-ын олонхийн бүлэг асуудлыг яаруу, түргэн шийдэхээр болж байна. Энэ нь чуулганы танхимд шүүх хуралдаантай гэдгээс өөрцгүй сонсогдож байгаа юм.

Түүнчлэн хуульчдын “Эв монгол” хөдөлгөөн ч УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн гэж үзээд, хэлэлцүүлэг өрнүүлж, шаардлага хүргүүлсэн юм. Тэд “Цэцийн дарга, цэцийн бүх гишүүдийг чөлөөлж болно. Энэ хуулиараа нээлттэй. Гэхдээ энэ процессоо хуульд нийцүүлээч л гэж байгаа юм. УИХ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж байхад бид юм ярих эрхгүй. Харин ард түмний мандат авчихаад, хууль сахиулах ёстой байтал илт хууль зөрчиж болохгүй. ҮХЦ бол Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий сайд нарын үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж байна уу, гэдгийг хянадаг ганцхан байгууллага шүү дээ, уг нь. Гэтэл хяналт нь тухайн төр барьж байгаа нам, эвслийн хүн байвал тэднийг хэн хянах юм бэ” гэцгээж байсан юм.

Мөн Цэцийн тухай хуульд “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно”
Үндсэн хуульд “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эргүүлэн татаж болно” гэж тус тус заасан байдаг юм. Харин УИХ Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн санал хэрэг болоогүй тул өөрсдийн “шүүх хуралдааныг” өнөөдөр хийх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан