Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Бадамсүрэн: Эдийн засгийн өртгөө сайн бодож ТЭЗҮ боловсруулах ёстой

Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэнтэй Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр барих тухай Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан энэ сэдвээр ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй гэж та үзэж байгаа вэ. Өнөөдөр манай зах зээл ийм үйлдвэр хүлээн авахад бэлтгэгдсэн үү?
-Сүүлийн жилүүдэд Газрын тосны чиглэлээр хийгдэж байгаа геологи хайгуул судалгааны үр дүнд тодорхой хэмжээний нөөц бий болж, олборлож, тэр тосоо туршилтын журмаар Монгол Улс экспортолж байна. Цаашдаа газрын тосоо өөрсдөө боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэн чухал байгаа юм. Засгийн газраас Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдсэн талаар Аж үйлдвэрийн сайд маань тодорхой мэдээлэл өгсөн. Үнэхээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь манай эдийн засагт онцгой ач холбогдолтой. Хэдийгээр олон жилийн өмнөөс энэ асуудал яригдаж, судалгаа шинжилгээний ажил хийсэн ч өнөөг хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй байлаа.
Тиймээс энэ салбарт олон жил ажилласан судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд маань хамтран цэгцтэй ойлголттой болох нэгдсэн байр суурьт хүрэхээр зөвлөлдөж байна. Өөрийн олборлосон газрын тосоо боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл өртөг багатай үнэ хямд гарах учраас ард иргэдийн амьдралд ч сайнаар нөлөөлнө. Мөн бусад үйлдвэр аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний зардал ч хямдарна. Мэдээж үйлдвэрийн хүчин чадал ямар байх юм, хэзээ барьж байгуулах вэ гээд олон асуудал байна. Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулахын тулд  эхлээд цэгцтэй техникийн даалгавар гаргах хэрэгтэй байна. ТЭЗҮ-гээ ганцхан хувилбараар биш олныг маш олон талаас нь бодож олон янзаар хийх хэрэгтэй. Техник, технологийн хувьд хамгийн шилдэг байх, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалтаа нөхөх боломж нөхцөлийг нь бодолцсон маш нарийн үе шаттай хийх ёстой.

-Бор-Өндөрт бари­хаар яригдаж байгаа боловс­руулах үйлдвэр жилд хоёр сая тонн газрын тос боловс­руулна гэхээр дэлхийд бага хэмжээний үйлдвэрт тооцог­дож байна гэсэн үг үү?
-Хүчин чадлаар нь боловсруулах үйлдвэрийг мини, бага, дунд, том гэж ангилдаг. Монгол Улсад байгуулагдах үйлдвэр маань эхлээд жижиг үйлдвэрийн төвшинд ажиллана. Дотоодынхоо батлагдсан нөөцийг юун түрүүнд бодож үзэх ёстой. Нөгөө талаасаа Монгол Улсын хэрэглээнээс үйлдвэрийн хүчин чадал шалтгаална. Гэхдээ цаашдаа үйлдвэрийнхээ эдийн засгийн үр ашгийг бодож валютын орлогыг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог улс болохын төлөө л ажиллах хэрэгтэй. Мэдээж энэ бол нэлээн хэдэн жилийн дараахь асуудал л даа.

-Та түрүүн хэллээ. Өмнө нь яригдаж байсан асуудал гэж. Бүр Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд шав тавьсан ч санагдана?
-Боловсруулах үйлдвэр маань өнөөдрөөс яригдаж байгаа зүйл биш. Нэлээн эртнээс яригдаж, тодорхой чиглэлээр техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн зүйл. Засгийн газрын шийдвэр гарснаар олон зүйл тодорхой болсон. Үйлдвэрээ барьж байгуулах байршлаа тогтож авна гэдэг бол том асуудал. Үүн дээрээ үндэслээд ТЭЗҮ-гээ гаргаад ажиллах ёстой юм. Одоогийн байдлаар бид жилд сая орчим тонн түүхий газрын тос экспортолж байна. Нефть бүтээгдэхүүний үр өгөөж ач холбогдлыг хүн бүхэн мэднэ. Гол нь энэ салбарынхан маань нэгдсэн ойлголттой байж ажиллахгүй бол бид том төслүүдээ унагаж байсан гашуун туршлага байгааг мартаж болохгүй. Дотооддоо том төслүүд, тодорхой бүтээн байгуулалтын талаар ойлголцол зөвшилцлөө нэгтгэж чадахгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө эвгүй байдалд ордог шүү дээ. Ялангуяа ОХУ-д газрын тос боловсруулах үйлдвэрийг хэрхэн барьж байгуулсан талаарх туршлагыг маш нарийн судлах хэрэгтэй байна.

-Яг өнөөдрийн байдлаар судлагдсан хэчнээн талбай байгаа вэ. Олборлолт хийж байгаа талбайн хувьд нөөц ямар байна вэ?
-Судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа талбай олон. Гэхдээ бодитойгоор шинжлээд олборлож байгаа нь Дорнод аймгийн Тамсагийн сав газар. Үүх түүх яривал Зүүнбаянгийн нефтийн орд бий. Тодорхой шалтгаануудын улмаас зогссон энэ ордын олборлолтыг дахин сэргээх ч асуудал байна. Мөн галбын говьд судалгааны ажил хийж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай болон үндэсний компаниуд хайгуул олборлолтод дээр ажиллаж байна.

-Нефтийн нөөц хан­галттай гэж тооцоод үйлдвэ­рээ барьчихья. Үйлдвэр барих бол хоёр жилийн л ажил гэж байсан. Манайх бол жижигхэн үйлдвэр барина. Харин хойд урд хөршид том, их хэмжээгээр боловсруулалт хийдэг үйлдвэрүүд бий. Тэр хэмжээгээр нь бүтээгдэхүүний өртөг ч багасдаг. Тэгэхээр манай үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар ямар байх юм бэ?
-Үйлдвэрийн өрсөлдөх чадвар бол маш чухал зүйл. Үндсэндээ өртөг зардлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг л асуудал. Бид Монголдоо газрын тос, жонш, зэсийн баяжмалаа олборлохоос гадна өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах нь зайлшгүй. Гэхдээ тэр боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар нь ямар байх вэ гэдэг нь гол үзүүлэлт болно. ТЭЗҮ-ээр үүнийг маш тодорхой гаргах ёстой. Боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаа жилд 2 сая орчим тонн байна гэсэн урьдчилсан баримжаа бий. Гэхдээ үйлдвэрийн зэрэглэлээр олборлох баялаг маань хэдий хэмжээтэй байгаа вэ, түүнийгээ цаашид өсгөх боломжтой юу гэдгээ судалж байна. Хайгуул судалгааны ажил хийж байгаа компаниудтайгаа салбарын холбогдох байгууллагууд маань нэгдээд хаана ямар боломж, ямар нөөц байна гэдгээ маш нарийвчилж гаргах ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэр нэг байх уу ,бүсчилсэн байх уу гээд олон санал явж байна. Хамгийн гол нь эдийн засгийн өртгөө сайн бодож нарийн ТЭЗҮ боловсруулах ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан