Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрт оношлуулбал бүрэн эдгэрнэ

Л.БАТБААТАР

Хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр дэлхий дахинаа жил бүр найман сая гаруй хүн амь насаа алдаж байна. Энэ өвчнөөс сэргийлэх, хорт хавдрын талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх  зорилгоор 2000 оноос эхлэн дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг  “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.

Монгол Улсад хорт хавдартай тэмцэх өдрийг 2007 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Хавдар судлалын үндэсний төвд  “Би чадна, бид чадна, та ч бас чадна” гэсэн уриан дор  хорт хавдартай тэмцэх өдрийг өчигдөр тэмдэглэлээ.
ХСҮТ-ийн захирал Л.Тө­мөр­баатар  хорт хавдартай тэмцэх өдрийн үйл ажиллагааг нээж   “Жил бүрийн хоёрдугаар сарын 4 бол хүн төрөлхтөнд аюул занал учруулж байгаа хорт хавдар өвчнөөс сэргийлэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах, хавдрын тухай буруу ойлголтыг бууруулах, дуу хоолой хүч чармайлтаа нэгтгэх боломж олгодог өдөр юм. Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр уг өвчнөөс сэргийлэх, эрт үед нь оношлох, эрүүл амьдрах тухай мэдээллийг олон нийтэд  өгдөг уламжлалтай.  Хот хавдрын өвчлөл дэлхий дахинд жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Цаашдаа ч өсөх хандлагатайг судлаачид хэлж байна. Зөвхөн эрүүл мэндийн байгууллага хорт хавдартай тэмцэж хүч хүрэхгүй. Төр засаг, иргэд хэвлэл мэдээлийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд л хорт хавдар хэмээх өвчнөөс сэргийлэх боломжтой. Хорт хавдрын  өвчлөлөөс 40-50 хувьд нь сэргийлэх магадлалтай  гэж үздэг. Нийт хорт хавдрын 20 хувийг тамхинаас гаралтай хавдар эзэлдэг судалгаа бий. Мөн төрөл бүрийн халдвараас хорт хавдар үүснэ. Тухайлбал, элэгний В, С вирус болон хүний хөхөнцөр вирус гэх мэт.  Таван хувь нь буруу хооллолтоос болж үүсдэг. Иймээс олон нийтэд мэдээллийг зөв хүргэх нь чухал асуудал” гэсэн юм.

Мөн Эрүүл мэнд спортын  яамны  Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Т.Энхзаяа  “Монгол Улсад 2014 онд 5483 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3536  хүн нас барсан байна. Хорт хавдрын шинэ тохиолдлын 61.4 хувь хөдөө орон нутагт, 38.5 хувь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нас баралтын шалтгаан өндөр байгаа нь хорт хавдраар өвдсөн  хүмүүсийн 70 гаруй хувь нь эмчлэгдэх боломжгүй буюу хожуу үедээ эмнэлэгт хандсан гэсэн статистик гарсан. Монгол Улсад  “Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний дэд хөтөлбөр”  хэрэгждэг. Амьдралын буруу хэвшлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг байдаг. Эрүүл мэнд спортын яамнаас хорт хавдрыг эрт илрүүлэх журмыг баталсан” гэв.

Мөн тэрээр “ Өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хэрхэн хийх, санхүүжилтийг хаанаас гаргах талаар журамд тодорхой тусгасан. Мөн журамд 40-өөс дээш насны иргэд ямар давтамжаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зааж өгсөн байгаа. Сум, өрхийн түвшинд хөх, умайн хүзүүний үзлэг явуулж эсийн шинжилгээ авч байна. Ингээд аймаг, дүүргийн түвшинд эсийн шинжилгээний оношилгоог хийж онош батлагдсан тохиолдолд ХСҮТ-д тухайн өвчтөнг эмчилдэг тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд ХСҮТ-ийн  эмч мэргэжилтнүүд маш их хувь нэмэр оруулсан” гэлээ.

Хавдрын эсрэг тэмцэх дэлхий нийтийн өдөрт ХСҮТ-ийн эмч, судлаачид оролцож хорт хавдрын талаар хийсэн судалгаа шинжилгээний ажлын талаар илтгэл тавьсан юм. Тухайлбал, ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны албаны статистикч эмч Т.Ундармаа “ Хавдрын өвчлөл нас баралтын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага, Монгол Улс болон дэлхий дахинд” сэдвээр илтгэл тавьсан нь олны анхаарлыг татсан.

Т.Ундармаа эмч илтгэлдээ “Жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд өмнөх жилийн статистик үзүүлэлт гардаг учраас 2015 оны үзүүлэлт хараахан гараагүй байна. Иймээс 2014 оны хорт хавдрын статистик үзүүлэлтийг танилцуулъя. 100 мянган хүн амд элэгний 65, ходооны 30, умайн хүзүүний 18 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэнээр,  бусад хавдрын тоог тэргүүлж байна. Монгол Улс нь элэгний өвчлөл болон хорт хавдрын тоогоор дэлхийд нэгдүгээр байранд явж байна. Нийт хавдрыг оношлох байдлаар нь хуваавал, нэгдүгээр үе шатандаа  зургаан хувь, хоёрдугаар үедээ 13.1 хувь, гуравдугаар шатандаа 46.6 хувь, дөрөвдүгээр үедээ 31.2 хувь тус тус байна. Өөрөөр хэлбэл, 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон байна. Ингэснээр хэрэгтэй цаг хугацаанд зөв эмчилгээ авч бүрэн эмчлэгдэхээс өнгөрсөн гэсэн үг” хэмээн дурдаад хорт хавдар өвчин хэдий чинээ эрт оношлогдоно, төдий чинээ бүрэн эмчлэгдэх боломжтой хэмээн онцоллоо.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 45-49 наснаас  эр, эм хүйс ялгалгүйгээр хавдар үүсэх магадлал ихэсдэг аж. Мөн элэгний хорт хавдрын тохиолдлыг  бүс нутгаар нь хуваахад зүүн аймгуудад илүү гарчээ. Тодруулбал, элэгний хорт хавдрын тохиолдлын улсын дундаж нь 114 байхад, зүүн бүсийн аймгийнх 149 байгаа нь анхаарал татсан асуудлыг нэг гэж ХСҮТ-ийн мэргэжилтнүүд үзэж байна. Цаашид зүүн бүсийн аймгуудын иргэдэд хавдрын эрт үеийн шинжилгээ хийх ажлын эрчимжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд түлхүү ажиллах хэрэгтэй гэж  ХСҮТ-ийн илтгэл тавьсан мэргэжилтнүүд онцлон хэлсэн юм.

Мөн  ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн тавьсан илтгэлээс үзэхэд хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүн тутмын нэг нь л  эрт үедээ оношлогдон эмчлүүлдэг аж. Иймээс хорт хавдрыг  аль болох эрт үед нь оншлох чухал гэдгийг илтгэл тавьсан судлаач мэргэжилтэн бүр хэлж байсан юм.  Ингээд ХСҮТ-өөс иргэдэд хандаж   “Жилд нэг удаа хавдрын шинжилгээнд орж хэвших”-ийг  уриалсныг та бүхэнд дуулгая.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан