Д.Хурцбаяр: “Бөөрөө өгье” гээд хаалга татдаг нь ч бий
2016 оны 2 сарын 24
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Сүүлийн жилүүдэд манай оронд бөөрний өвчлөл элбэг тохиолдох болж, жилдээ 1500 гаруй хүн “Бөөрний архаг дутагдал” хэмээх онош сонсдог гэсэн баримт бий. Нэгэнт архаг дутагдал болсон тохиолдолд бөөрний үйл ажиллагааг орлуулан гүйцэтгэх үндсэн гурван эмчилгээ байдаг бөгөөд энэ тухай Улсын төв I эмнэлгийн гемодиализийн тасгийн их эмч, клиникийн профессор Д.Хурцбаяртай ярилцлаа.

-Бөөрний гэх тодотголтой өвчлөл бусад өвчний то­хиолдолтой харьцуулахад хэр элбэг байдаг вэ. Энэ төр­лийн өвчний зонхилох шалт­гааныг эхлээд тайлбарлаж өгөөч?
-Улсын хэмжээнд тархал­таар нь ангилсан судалгаанаас үзэхэд бөөрний өвчлөлийн тохиолдол эхний тавд багтаж байна. Бөөрний аливаа өвчлөлийн эцсийн шат нь бөөрний дутагдалд хүргэдэг. Үүсэл, шалтгааны хувьд бодисын солилцооны эмгэг, даралт ихсэх тэргүүтэй олон өвчнөөс үүдэлтэй. Сүү­лийн үед бөөрний архаг дутагдал ихэсч байна, аппарат тоног төхөөрөмжийн хүртээмж муу байна гээд л яриад байдаг. Угтаа, бөөрний архаг дутагдлын шалтгаан нь ард иргэдийн амьдралын хэв маяг, байгаль цаг уурын нөх­цөл, улс орны эдийн засаг, нийгмийн байдал гэх мэт олон хүчин зүйлээс шалт­гаалж байна. Бусад улс оронтой харьцуулахад манайд бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл маш элбэг тохиолддог. Түүдгэнцэр гэдэг нь жижиг үрэвсэлт өвчин үүссэнийг бүрэн эдгэрүүлээгүйн улмаас мөнөөх өвчний бактер бөөрөнд хүрч, үрэвсүүлдэг хэрэг. Үүнийг түүдгэнцэр гэх бөгөөд бөөрний архаг дутагдал болох гол шалт­гаан болж байна. Ер нь, сүүлийн жилүүдэд архаг дутаг­дал гэх оноштой өвчтөн залуужиж, тохиолдол нь ч ихэссэн. Ямар сайндаа манайд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байгааг дуулаад “Бөөрөө өгье” гээд хаалга татдаг ч хүнтэй болсон.

-Манайд жилд дунджаар 1500 гаруй хүн бөөрний архаг дутагдал гэж оношлогддог гэсэн тоо бий. Ер нь, архаг дутагдлын хэмжээнд хүрэх болтлоо бөөрний өвчлөл газар авахын гол шалтгаан юу байгаа бол?
-Бөөрний архаг дутагдал гэдэг өвчин зөвхөн ядуу буурай оронд элбэг байдаг юм биш. Дэлхийн бүх улс оронд тархмал байдаг. Угтаа, бөөрний архаг дутагдалд хүргээд буй шалтгаан, өвчний бүтэц нь нийгмийн байдал, улс орны хөгжлөөс шалтгаалан өөр өөр байдаг. Жишээлбэл, өндөр хөгжилтэй Япон, АНУ зэрэг орнуудад бөөрний архаг дутагдлын зонхилох шалтгаан нь чихрийн шижин, даралт ихсэх өвчин байдаг бол манай орны хувьд түүдгэнцрийн архаг өвчин давамгайлж байгаа.
Түүдгэнцэр үүсч буйн гол шалтгаан нь бага залуудаа шүд цоорох, хоолой үрэвсэх гэх мэт элдэв өвчнөөр өвчилж, түүнийгээ бүрэн эдгээгээгүйн улмаас ужгирч, улмаар бөөрний өвчлөл болон хувирахыг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, үрэвсэлт өвчинд суурилж улмаар бөөрийг гэмтээснээр яваандаа бөөрний дутагдал болдог хэрэг. Түүнчлэн, буруу хооллолт, ядаргаа, стрессээс үүдэж даралт ихсэх өвчинд суурилах нь элбэг.

-Нэг үгээр, хоолой ам үрэвсэх, шүд цоорох гэх мэт энгийн өвчлөл үүсгэж буй бактер нь бөөрийг гэмтээдэг байх нь?
-Тийм. Тухайн үедээ шүдээ ломбодуулаад, хоолой амаа зайлаад эдгэчихсэн гэж ойлгодог ч өвчин үүсгэсэн бактерийг бүрэн устгаагүйгээс бөөрийг гэмтээдэг. Хоолойны архаг ангиннтай гээд л яваад байдаг даа. Удаан хугацаанд дархлаа сул, ангиннтай яваад байхаар нөгөө бактер нь бөөрийг гэмтээж, түүдгэнцрийн өвчин үүсдэг. Энэ нь залуучуудад тохиолдох нь элбэг. Яахав, залуу хүн дархлаа сайтай, аяндаа эдгэчихнэ, зүгээр болчихно гэж бодож болохгүй. Ийм байдлаас л үүдэж бөөрний өвчлөл ужгирч, архаг дутагдал болдог хэрэг. Залуучууд өнгөц өвдөлт зовиурыг тэр бүр хайхардаггүй. Угтаа бөөрний үрэвсэл улмаар дутагдал болсон үед илрэх шинж тэмдэг нь ч тийм хүнд байдаггүй л дээ. Даралт ихсэх, хавагнах зэрэг шинж тэмдэг илрэхээс айхтар хүнд зовиургүй байдаг нь дутагдал болох гол шалтгаан болж байна. Угтаа, сар бүр үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломж байсаар байтал өөрийгөө хайхрахгүй яваад байдаг нь бидний буруу.
Ер нь, аливаа өвчний үүсэл тухайн хүний хувийн ариун цэвэр, эрүүл мэндийн мэдлэг боловсролоос л шалтгаална. Эцэг, эхчүүд бага гэлтгүй үр хүүхдээ шүд амыг нь угааж хэвшүүлэх хэрэгтэй. Залуус, хүүхдүүд тэр дундаа эрчүүд доороосоо даарч хөрөхгүй байх нь чухал. Энэ мэт өдөр тутмын амьдралын хэв маяг, эрүүл мэнддээ анхаарахаас л өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил эхэлнэ. Бөөрний түүдгэнцрийн өвчин шүд, олгой авахтай адил ганц удаа эмчилгээ хийгээд бүрэн эдгэчихдэг юм биш.

-Бөөрний архаг дутагдлын үед хийгддэг хэдэн төрлийн эмчилгээ байдаг вэ?
-Ерөнхийдөө нэг эмчилгээний гурван төрлийн арга байдаг. Гурвуул бөөр орлуулж буй хэлбэр л дээ. Энгийнээр тайлбарлавал нэг нь бөөр солиулах буюу донорын бөөр шилжүүлэн суулгах замаар хоёр дахь нь өвчтөний цусыг аппаратанд оруулж, эргүүлэх замаар цэвэрлэдэг бол нөгөөх нь өвчтөний хэвлий рүү тусгай уусмал оруулж, хэвлийн хананы судаснуудаас биед буй хорт бодисыг уусгаж авдаг.

-Аль арга нь илүү үр дүнтэй байдаг бол?
-Ялгаагүй, би дээр хэлсэн шүү дээ. Энэ гурав бол нэг эмчилгээний гурван арга.

-Манайд диализийн аппарат буюу таны хэлс­нээр цус цэвэршүүлэх аргыг түлхүү хэрэглэдэг. Нөгөө хоёр нь хэр хийгдэж байна?
-Хийгддэг, хийгддэг. Манай эмнэлэг бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаагаа саяхан хийсэн. Одоо 107, 108 дахь нь хийгдээд явж байна. Харин нөгөө арга болох хэвлийн диализийг өнгөрсөн жилээс нэвтрүүлж зургаа, долоо хүнд хийсэн.

-Бөөр шилжүүлэн суул­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­гах хөрөнгө мөнгө, донор­­той ч диализийн аппаратандаа ороод явж буй өвчтөнүүд байдаг. Угтаа нэг мөр шилжүүлэн суулгачихвал тогтмол аппаратанд орохоос амар санагдах юм?
-Дахиад хэлэхэд энэ гурав бол нэг эмчилгээний гурван өөр арга. Энэ нь муу тэр нь сайн гэсэн юм байхгүй. Бүгд өөр өөрийн давуу болон сул талтай. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар жишээ авахад өвчтөн донороо олох ёстой. Харин манай улсын хуульд зааснаар өвчтөний донор заавал ураг төрлийн хүн байх ёстой. Ингээд бодохоор эмчилгээний энэ арга бол бөөрний донор олохоос эхлээд асуудалтай. Ямартай ч өвчтөн донороо олоод бөөрөө солиулчихлаа. Үүний дараа өөр хүний бөөр тавьсан учир мэдээж бие организм эсэргүүцнэ. Тэгэхээр донорын бөөрийг дасгах зорилгоор дархлаа дарангуйлах эм уулгаж, эмчилгээ хийнэ. Мэдээж бөөр шилжүүлэн суулгасан учир маш сайн гам барьж байж эмчилгээ үр дүнгээ өгнө.
Дараагийн эмчилгээ бол бидний сайн мэдэх гемодиализийн аппарат. Энэ эмчилгээг хийлгэхийн тулд долоо хоногт гурван удаа аппаратанд орно. Ингэснээр бөөрний гүйцэтгэх ёстой үүрэг буюу биеэс  ялгарч буй хортой бодисыг төхөөрөмжийн тусламжтай шүүн авч байгаа хэрэг. Яахав, аппаратны дутагдалтай байдлаас шалтгаалж хугацаандаа орж чадахгүй тохиолдол бий. Үүнийг дагаад нөгөө л цус багадалт, эрдсийн солилцооны асуудал гардаг. Тиймээс үүнийг зохицуулах эм бэлдмэл хэрэглэх ёстой болж таарна. Ингээд үзэхээр энэ хоёр арга өөр өөрийн давуу, сул талтай байгаа биз. Хэвлийн диализ ч яг адилхан. Хэвлий хэсэг рүү тусгай шингэн шахна. Гадны биет оруулж байгаа учир хэвлийн хөндийд үрэвсэл явагдах магадлал өндөр. Үүнээс хамгаалахын тулд мөн адил цус төлжүүлэх янз бүрийн эм хэрэглэнэ. Харин гурван эмчилгээнийхээ сайн талыг дурдвал бөөр солиулсан хүн өдөр бүр аппаратанд орох гээд байхгүй. Биеийн байдал сайжирч, гам сайн барьж буй өвчтөн ажил төрлөө хийгээд явсан ч болно. Ер нь, дээрх гурван эмчилгээ үр дүнгийн хувьд яг адилхан. Тухайн хүнд аль нь илүү тохиромжтой байна гэдгээс л шалгаалан сонгодог юм. Хоёрдугаарт, өвчтөний санхүүгийн чадамжийн хувьд аль эмчилгээ боломжтой байгаагаас хамаарна. Аппарат хүрэлцэхгүй үед донор олдвол шилжүүлэн суулгах нь үр дүнтэй. Энэ мэт харилцан адил­гүй хэр нь үндсэн үүрэг, зорилго нь ижил юм. Тэ­гэ­­хээр бөөр шилжүүлэх бо­­­­­­­­­­­­­­­­­­ломж­­­­той, донортой хэр нь аппаратанд ороод явж байгаа нь өвчтөнөөс л шалтгаалж буй хэрэг.

-Зөвхөн ураг төрлийн хүн донор байх нь нэг талаас өвчтөнийг эрсдэлд оруулж байна гэх нь бий. Мэдээж үүнийг өөрчлөхийг хүсвэл юун түрүүнд хууль, эрхзүйн орчныг маш сайн судалж, үүсч болох эрсдэлийг сайтар тооцоолох ёстой байх. Бөөрний эмч хүний хувьд энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Миний бодлоор одоо хэрэгжиж буй хууль зөв. Яахав, Энэтхэг ч юмуу эдийн засгийн хөгжил муу, хүн ам ихтэй, ядуу буурай оронд хямдхан бөөр шилжүүлэх хагалгаа хийдэг. Гэхдээ тухайн бөөр хаанаас, ямар арга замаар ирж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Магадгүй, манай хууль тогтоомж задгайраад ирвэл ийм тохиолдол гарч болзошгүй. Нэг үгээр хүн худалдаалах гэмт хэрэг гаарч магадгүй хэмээн эмээгээд байгаа хэрэг. Гэхдээ манайд зөвхөн хамаатан садан гэлтгүй эхнэр, нөхөр хоёр харилцан донор байж болно гэсэн юм яригдаж эхлээд байна.

-Кадавр донор гэх ойлголт бий. Манайд энэ төр­лийн донорын тухай ойл­­голт, мэдэгдэхүүн хэр бай­­даг бол. Мөн донор бол­сон тохиолдол байдаг уу?
-Кадавр донор гадаадын оронд элбэг л дээ. Тэр дундаа барууны орнуудад кадавр донор нийт донорын тал хувийг эзэлдэг. Гэнэтийн осол ч юмуу ямар нэг байдлаар нас барсан хүний жолооны үнэмлэх дээр нь “Хэрэв би осол аваарт орж амиа алдвал эд эрхтэнийг минь буяны үйлд зориулж, донор болгон ашиглахыг зөвшөөрнө” гэх мэтээр биччихсэн байдаг. Анагаах ухаан өндөр хөгжсөн, иргэд нь эрүүл мэндийн өндөр боловсролтой оронд ийм юм их бий. Манайд хараахан энэ талын ойлголт төлөвшөөгүй, нийтийн сэтгэлзүйд тогтоогүй байна. Гэхдээ манайд хийгд­сэн кадавр донорын хоёр ч хагалгааг дурьдаж болно.

-Бөөр шилжүүлэн суул­­­­гасан тохиолдолд өвч­төн хэдий хэр наслах боломж­той байдаг юм бол. Хүмүүс ярихдаа гадна оронд найдвартай, сайн хийдэг, тэр хэрээр урт насалдаг гэх юм?
-Европын орнуудад ихэвчлэн хагалгаа хийгддэг бол Азийн орнуудад гемодиализийн эмчилгээ илүү тархсан харагддаг. Хагалгаа хийлгэсэн өвчтөний хувьд амьдрах хугацаа харилцан адилгүй. Миний мэдэхийн бөөр шилжүүлэн суулгаад 17 жил амьдарч байгаа хүн ч байна. Одоо тодорхой хугацаанд хяналтандаа ороод ажил төрлөө хийгээд, үр хүүхдээ төрүүлж, өсгөж хүмүүжүүлээд л явж байна. Тэр хүний хувьд 17 жилийн өмнө Хятадад хагалгаанд орж байсан хэрэг. Гэхдээ энд, эх орондоо хагалгаа хийлгээд 10-аад жил амьд сэрүүн яваа хүн ч байна. Яахав, наслалтын тухайд өвчтөний биеийн байдлаас ч шалтгаалах нь бий. Ужиг өвчин, бусад эд эрхтэн нь хавсран өвчилж, бөөрний үйл ажиллагаа эргэн муудах нь бий. Гэхдээ энэ нь бүх юм дууслаа гэсэн үг биш. Хоёр дахь тэр ч бүү хэл гурав дахь удаагаа хагалгаанд орохоор хүлээж буй хүн ч байдаг. Гадны оронд бол кадавраа хүлээгээд байж л байдаг. Хөрөнгө мөнгө нь байгаад донор нь олдож байвал хэдэн ч удаа бөөр шилжүүлэн суулгах боломжтой.

-Наслалтын хугацаа өвчтөний бусад бие эрх­тэний байдлаас гадна шил­жүүлэн суулгасан бөөр­ний ажиллагаанаас шалтгаалах байх. Бөөрийг насжилттай эрхтэн ч гэж ярьдаг шүү дээ?
-Тийм тийм. Янз бүрийн хүчин зүйлээс хамаарна л даа. Өвчтөний биеийн байдал, бие эрхтэнтэй бөөр хэр нийцэж байгаа мөн хагалгааны үед ямар нэг эрсдэл үүсээгүй, амжилттай хийгдсэн бол үр дүн сайн байдаг. Хоёрдугаарт, хагалгааны дараа дархлаа дарангуйлах эмээ хэр зүй зохистой хэрэглэж байгаагаас мөн шалтгаална.

-Манайхаар бол гам хэр барьж буйгаас шалтгаалах нь?
-Тийм. Мэдээж хагалгаатай эн дүйх чухал зүйл бол хагалгааны дараах эмчилгээ, гам барих. Түүнээс гадна өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Ер нь, аливаа өвчний эдгэх магадлал сэтгэл санаатай шууд хамаатай. Өөдрөг хүмүүс хурдан эдгэж урт насладаг гэх үг ч бий. Энэ мэт хүчин зүйлсээс шалтгаалж өвчтөний наслалт тодорхойлогдоно. Бие хаа эрүүл, эрч хүчтэй залуу хүний амьдрал 10, 20 жилээр ч хэмжигдэхгүй.

-Бөөр шилжүүлэн суул­га­­­­сан ч муу үр дүн үзүүлэх, магадгүй ажиллагаагүй болвол дахиад диализийн аппаратандаа орох боломжтой юу?
-Болно.

-Та дээр хэлэхдээ Евро­пын орнуудад шил­жүү­­­­­­­­­­­лэн суулгах нь түгээмэл байдаг бол Азид диализийн эмчилгээ илүү ашиглагддаг гэсэн. Азийн орнуудад ана­гаах ухаан өндөр хөгжиж байгаа энэ үед ялгаа нь юунд байгааг сайн ойлгохгүй юм?
-Олон хүчин зүйлээс шалт­гаалдаг байх. Улс орны хөгжил, ард түмний амьдра­лын хэв маяг, сэтгэхүйн онц­лог гээд л. Ер нь, тооны хувьд Азид аппарат ашиглах нь их.

-Ингэхэд манайд гемодиализийн аппарат хэчнээн ширхэг байдаг вэ. Мөн эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчний хүрэлцээ?
-Одоогоор улсын эмнэлгүүд болоод хувийн эмнэлгийн нийлсэн 100 гаруй аппарат ашиглагдаж байна. Үүнээс 40 нь манай эмнэлэгт байдаг бол бусад нь II эмнэлэг болон 14 аймаг, хоёр дүүрэгт бий. Боловсон хүчний хувьд манай эмнэлэг дээр бэлтгэгддэг. Нэг үеэ бодвол хүрэлцээ сайн болсон.

-II эмнэлэг орон нутгаас өвчтөн хүлээн авдаггүй. Тэгэхээр танай эмнэлгийн диализийн аппаратны ачаалал их байдаг байх?
-Тийм шүү, манай 40 аппарат гурван ээлжээр ажиллаж байна. Товчхондоо, долоо хоногийн зурган өдөр зогсолтгүй ажиллаж, бөөрний дутагдалтай хүмүүст үйлчилж байгаа хэрэг. Яахав, нэг үеэ бодоход аппаратны хүрэлцээ гайгүй болсон ч өвчлөлийн тоо өсөөд л байна. Үүнийг дагаад аппаратныхаа тоог зайлшгүй нэмэх, ядаж л хоёр ээлжийн болгох шаардлага бий.

-Манайд диализийн аппа­­ратны эмчилгээг хам­гийн удаан хугацаанд хийлгэж байгаа өвчтөн хэдэн жил болсон бол?
-Мөн л 10 гаруй жил байх шүү. Нийт өвчтөний хувьд авч үзвэл дунджаар долоо, найман жил гэж болно. Яагаад ингэж хэлж байна гэвэл манай аппарат тооны хувьд 5-6 жилийн өмнөөс л олширч эхэлсэн.

-Бөөр дутагдалд ороод ирмэгц бусад эд эрхтэн хавсарч өвчлөх тохиолдол хэр байдаг вэ. 10 гаруй жил аппаратанд орж буй өвчтөнд илүүтэй ажиглагддаг байх?
-Гемодиализийн аппарат нь бөөрний үндсэн үүргүүдээс зөвхөн ялгаруулах үүргийг л гүйцэтгэнэ. Бидний хоол тэжээлээс авсан бодисууд задарч хэрэгтэйг нь бие өөртөө шингээж хэрэггүй, хортойг нь бөөр шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Гэтэл шээсийг маань бөөр үүсгэдэг болохоор ажиллагаагүй болсон бөөр нэг үгээр хороо гадагшлуулж чадахгүйд хүрнэ. Хор гадагшлахгүй болохоор биеэр эргэлдэж улмаар бүх эрхтэнийг гэмтээнэ. Бөөрний энэ үүргийг диализийн аппаратаар орлуулдаг. Гэхдээ кальци, фосфорын солилцоонд бөөр маш чухал үүрэгтэй. Тиймээс ясны холбогдолтой янз бүрийн өвчлөлүүд архаг дутагдалтай хүмүүст үүсэх магадлалтай байдаг. Хавсрах магадлалтай өвчин гэвэл яс сийрэгжих, судасны хана хатуурах, шохойжих зэргийг дурдаж болно. Мөн зүрх судасны өвчлөл ч үүсэх эрсдэлтэй.

-Манайхан Герман, Хятад, Солонгос тэргүүтэй оронд бөөр шилжүүлэн суулгуулах нь элбэг болж. Гэтэл манайд 100 дахь хагалгаагаа амжилттай хийлээ гэж байна. Энэ тухайд?
-Германыг сайн мэдэхгүй байна. Ямартай ч манайхан нэг хэсэг Хятад руу их явсан. Одоо бол Энэтхэг, Солонгост хийлгэх нь олширч. Хараад байхад манайхаас Солонгос явж байгаа хүмүүс жаахан элэгний асуудалтай байх шиг байна. Мэдээж өөр өвчин, эд эрхтэн хавсарч байгаа үгүйгээс шалтгаалж үнэ өртөг, эмчилгээ сувилгаа өөр байна. Бөөрний хажуугаар элгэндээ эмчилгээ хийлгэхээр явж байгаа хүний зардал мөнгө өснө. Мөн бие муутай хүн хажуудаа хэн нэгнийгээ дагуулаад явна, зардал тэр хэрээр өснө. Ингээд л тоолдог нь өсөөд байдгаас яг бөөр шилжүүлэн суулгаж буй үндсэн өртөг маань айхтар хол зөрүүгүй. Үр дүнгийн хувьд ч нэг их ялгаагүй гэж болно. Манайд хагалгаа хийгдээд нэлээн хэдэн жил болчихлоо шүү дээ. Би бол боломжийн хийчихдэг гэж боддог. Ер нь, энэ төрлийн мэс ажилд туршлагажиж, гаршиж байна. Эхлээд бид чинь Англи, Америк, Хятад, Солонгосоос хүн авчирч хамтарч хийдэг байлаа. Одоо бол донор олдсон үед хоёр хагалгаа ч зэрэг хийж байна шүү дээ.

-Нэг зэрэг хоёр хагалгаа хийх тохиолдол гардаг хэрэг үү?
-Яахав, кадавр донор олдсон тохиолдолд хийдэг. Нэг хүнээс хоёр бөөр гарна биз дээ.

-Манайд кадавр донор гэх ойлголт хэр дэлгэрсэн байдаг юм бол. Гэнэтийн осол эсвэл өөр шалтгаанаар нас барсан хүмүүс дунд донор болох гэрээслэл, за­хиас үлдээсэн нь байдаг уу?
-Одоохондоо яг тогтсон ойлголт, тогтолцоо байхгүй ч манайх Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбоотой ажилладаг. Магадгүй гэнэтийн тохиолдол гарч кадавр донор гарч ирэхийг үгүйсгэхгүй гэсэндээ тэр. Гэхдээ хараад байхад тухайн донорын ар гэрийнхэн кадаврын тухай ойлголт муу байдаг. Угтаа, донорын маань тархи нь үхчихсэн хэр нь зүрх нь цохилоод, бие нь аппаратанд байж байдаг. Гэр бүлийнхэнд нь “Танай хүн амьдрахгүй нь, бөөр, элгийг нь донор болгох гэсэн юм” гэх мэтээр тайлбарлахаар энэ талын ойлголт төлөвшилтгүй хүмүүс гайхаж мэгддэг. Угтаа энэ нь хүний амь аварч буй нэг ёсны буян юм. Гэхдээ нэг үеэ бодвол кадавр донор болдог тохиодол ганц нэг гарах болж. Энэ бол цаг хугацааны явцад төлөвших зүйл.

-Дөнгөж 20 гаруй насны залуус бөөрний архаг дутагдал гэх онош сонсч, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж байна. Гэхдээ боломжтой нэгэн нь давхар ажлаа хийж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явдаг. Гэтэл ажлаа хийж байгаа бол группт орж болохгүй гэх юм?
-Тийм юм байхгүй. Хууль журмаараа хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд сар бүр тэтгэмж олгохоос гадна давхар ажлаа хийж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой. Тэр ч бүү хэл группийн болоод тэтгэвэрийн насныхныг ажиллуулбал татвараас хөнгөлдөг систем бий шүү дээ. Групптэй, манайд аппарантандаа ороод ажил төрлөө хийгээд явдаг хүн зөндөө бий.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.