Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жуулчид АСЕМ-ыг дагах уу, Леонардо ди Каприог сонгох уу

Х.ӨЛЗИЙБАЯР

Монгол Улс ЗХУ-ын хараат байдлаас гарч, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш байнга ярьж байгаа нэг зүйл бол аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ салбараас олох орлогыг нэмэгдүүлэх явдал гэдэг.

Засаг төр байн байн солигдсон ч энэ салбарыг хариуцсан түшмэл, сайд дарга нарын ярьдаг, төлөвлөдөг тоо, зарцуулдаг хөрөнгө мөнгө ч энэ хэрээрээ ямагт өссөөр ирсэн. Харин Монгол орныг зорин ирдэг жуулчны тоо эсрэгээрээ буурсаар буй нь үнэн.
 

Аманд орсон тоо, агаарт цацдаг мөнгө

Монгол Улсын Их хурлаас баталсан Монгол орны үндэсний хөгжлийн болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг төрийн урт хугацааны бодлогын баримт бичигт аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гээд заачихсан. Энэ  дагуу Монгол орныг дэлхийн аялал жуулчлалын анхаарал татахуйц бүс болгож, үүнийг хэрэгжүүлэх зорилгоор аялал жуулчлалыг хөгжүүлэх 2015 он хүртэлх мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж байгаа юм.

2012 онд тухайн үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Нарантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна” гэж онцолсон байдаг.

Мөн 2014 оны арванхоёрдугаар сард МАН эрх баригч АН-тай эвсч Засгийн газарт хамтрахад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд болсон Д.Оюунхорол “Ирэх 2015 онд манайх нэг сая жуулчин хүлээн авна” хэмээн сүржин мэдэгдэж, ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор “Монгол Улс нүүдэлчдийн язгуурын соёлыг тээгчид” буюу “Mongolia nomadic by nature” уриатай оролцож  сүр бадруулсан.

Энэ үзэсгэлэнд оролцоход Монгол Улс нийтдээ 5,4 тэрбум төгрөг зарцуулснаас 2,9 тэрбум төгрөгийг Д.Оюунхорол улсын төсвөөс гаргаад цацчихаж. Харамсалтай нь, өнгөрсөн онд манайд ирдэг жуулчдын тоо өмнөх жилээсээ буурч арай гэж 400 мянга давсан. Өнгөрсөн 2015 онд ирсэн 400 орчим мянган жуулчны ихэнх нь Хятадын “жуулчид” байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин уржигдархан 300 гаруй мянган хүн Хятадаас Монголд жуулчилсан гэдэг үгээрээ тодотгов.

Хятадын гэх 300 мянга орчим жуулчин нь чухамдаа жуулчны виз даруулж ирж байгаа барилгачид. Ийм “жуулчид” манайд нэг ч төгрөгийн орлого оруулдаггүй. Тэд барьж буй барилгынхаа талбайд оромж барьж хоноод өөрсдийн үүрч ирсэн бэлэн гоймонгоо идэж байгаад буцдаг  нь нууц биш.

Ингээд бодохоор манай орныг үзэх гэж, аялж амрах гэж ирдэг жуулчин гэдэг сайндаа л 50, 60 мянгад эргэлддэг бөгөөд заримдаа энэ тоондоо хүрдэг ч юм уу, үгүй юу. Өнөөх тэргүүлэх чиглэл, мастер төлөвлөгөөний хэрэгжилт нь ердөө л энэ.
Гэтэл одоо 2020 гэхэд бид гадаадын хоёр сая, 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авна гэсэн солиотой гэж тодотгомоор төлөвлөгөө харагдах юм. Өнөөдөр нэг сая жуулчин хүлээж авч чадахгүй байгаа улс орон гурван жилийн дараа хоёр сая өөрөөр хэлбэл бараг тав дахин их жуулчин авч чадах уу.
Ийнхүү манай эрх баригчид аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн амандаа орсон тоог хэлж, ард түмний татварын мөнгийг агаарт цацсанаас өөрцгүй ажиллаж байна.
 
АСЕМ-ын дараа л ...

Энэ жил манай эрх баригчид аанай л Ази-Европын уулзалт буюу ACEM-ын дээд хэмжээний чуулганд нийт 4000 гаруй зочин төлөөлөгч ирэхийг л нэг их том зүйл болгон ярьж байна. Энд ирэх улс орнуудын тэргүүн нар тэднийг дагалдан явах ажилтан, сэтгүүлч сурвалжлагчдыг ч яахав жуулчин гээд бүртгээд авчихна.
Дээр нь ирсэн хүмүүсийг эх орондоо очмогц л тухайн орны иргэд зөрөөд манай руу хошуурчих юм шиг ярьж байгаа. Монголд ямар олон хурал зөвлөгөөн болж байлаа, улс орнуудын төр засгийн хэдэн тэргүүн ирсэн билээ. АНУ, ОХУ, Хятад гээд хаа холоос эхлээд хаяа зэргэлдээ орны удирдагчид ирж л байлаа, явж л байлаа. Төр засгийнх нь тэргүүн очсон улс руу жуулчид хошуурдаг юм бол Монгол жуулчдын хөлд дарагдаж, бид өөрсдөө амар амьдарч чадахгүйд хүрэхээр л боллоо.

Путин ч ирсэн, Си Зиньпин ч ирсэн, тэгээд алив дээ. Оросын жуулчид ирэхгүй л байна, визгүй болчихоод байхад л алга.
2003 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулж дэлхийн 120 орны төлөөлөгч ирж  байсан. Дараа нь бас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Сайд нарын VII бага хурал гэгчийг зохион байгуулж 104 орны 1200 гаруй төлөөлөгч ирсэн.
Тэгээд манайд ирдэг жуулчны тоо нэмэгдсэн үү, даанч үгүй. Тэгэхээр АСЕМ-ын дараа л жуулчид манайх руу цувчихна гэдэг юу л бол. Бас л нэг мөрөөдөл, үлгэр болох болов уу.

Харин...

Харин аялал жуулчлалтай холбоотой нэг чухал үйл явдал гэж онцолж болох зүйл нь Холливудын нэрт жүжигчин, Оскарын шагналд нэр нь дэвшээд байгаа Леонардо ди Каприо Монголд хийх аяллын тасалбарыг 95 мянган доллараар худалдан аваад байгаа. Манай төр засгийн аялал жуулчлал хариуцсан улс дээр дурдсан АСЕМ-ыг ярихаас биш үүнийг огт ярихгүй сууна. Үнэнийг хэлэхэд  дуулаа ч үгүй биз.

Энэ хүн зүгээр нэг өөрөө онгоцонд суугаад ганцаараа ирээд Чингис хаан буудалд буучихаад такси сураад явахгүй. Шведийн нэрт аялагч Эрнст Нильсон энэ аяллыг зохион байгуулж удирдана. Тэр бол дэлхийн 140 гаруй орноор 30 гаруй том аялал, экспедиц зохион байгуулж, алдарт Гиннесийн номд орсон хүн. Түүний аяллын тухай нэвтрүүлгийг манай гаригийн тэрбум гаруй үзэгч шимтэн үздэг. Өөрөөр хэлбэл, энэ хүний амнаас гарсан нэг аятайхан үг л дэлхийн аялагч, бядан явагчдыг араасаа дагуулдаг гэсэн үг. Юун  АСЕМ...

Магадгүй энэ жил Леонардо ди Каприо  “Оскар”-ын шагналаа авчих ч юм бил үү. Тэгвэл бүр тэнгэрт гарлаа л гэсэн үг.

Гол нь ийм алдартай хоёр хүн Монголд ирэх гэж байхад манайхан яагаад дуугүй сууна вэ. Зүгээр л нэг хуралд, үзэсгэлэнд оролцох гэж зардаг тэр их мөнгөнөөсөө жаахныг ч гэсэн зараад Холливудын нэрт жүжигчний менежертэй холбоо бариад, эсвэл тэр аялагч Нильсонтой  нь яриад  үүнийгээ дэлхий нийтэд, цацаж сурталчилж яагаад болохгүй гэж. Аялал жуулчлалын компаниуд ч үүнийг жуулчны улирал эхэлж байгаа үед ёстой “тэнгэрээс од шүүрэхийн адил” ашиглаж эхэлмээр юм.

Леонардо ди Каприо Хөвсгөл далайгаар аялна л гэнэ, монгол гэрт хононо, морь унана, айраг ууна гээд л гадаадын хэвлэлүүд бичээд байна. Манайхан л таг дуугүй.

 
Уг нь боломж байна

2015 онд Ази Номхон далайн орнуудад жуулчилсан хүний тоо өмнөх оноосоо 13 сая хүнээр нэмэгдэж, 277 саяд хүрсэн гэсэн нэг тоо байна. Энэ чинь манай бүс нутаг биз дээ. Хоёр сая биш, 20 сая ч биш 277 сая. Үүгээр явж байгаа хүмүүсийн талыг биш, 10-ны нэгийг ч биш, ядаж 100-ны нэгийг татахад л 2,7 сая жуулчин.
Чухамдаа манай эрх баригчдын улс төржсөн, энд тэнд байгаа хөрөнгө мөнгийг өөрөө биш юм аа гэхэд намынхаа халаас руу хийгээд завшчихдаг зан л үүнд саад  болж байгаа. Урт цагааны өмнөх гудамжийг жуулчны гудамж болгоно гэж хэдэн жил яриад ганц “Тооно” босгосон ч эцэстээ машины зогсоол болгосон гашуун түүх бий. Бизнес сэтгэлгээтэй аль нэг аж ахуй нэгж, хувь хүнд зөвшөөрөл олгоод хийлгэсэн бол хэдийнэ бэлэг дурсгал зардаг, зураг зурдаг, уран дархан, дуу хөгжим тоглодог хүмүүсийг цуглуулаад манайдаа л Москвагийн “Арбат”, Прагийн “Карлын гүүр” болгочих байсан л даа. Төр хамгийн муу менежер юм болохоор чадаагүй, амраар нь машины зогсоол болгочихсон. Тэгээд ч нэг нь хийе гэхээр нөгөө нь атаархаж жөтөөрхөн булаал­­даад байсан  биз. Энэ бол манай аялал жуулчлалын салбарын төрийн бодлого үйл ажиллагааны зөвхөн ганцхан гашуун жишээ.

Чухам үнэнийг хэлэхэд ийм янзаараа байвал юун тэр гурван жилийн дараа хоёр сая, 13 жилийн дараа таван сая жуулчин хүлээн авах.
Саяхан “Time” сэтүүл дэл­хийн улс орнуудыг амьжир­гааны өртгөөр нь жагсаахад Монгол Улс амьжиргааны өртөг  хамгийн өндөр 10 орны нэгд орсон дүн интернэтэд явж байсан. Таван ханатай гэр барьчихаад таван одтой зочид буудлын үнэ нэхээд байхаар хэн дахиж ирэх вэ. Үүн дээр нь Манай руу нисэх онгоцны зардал хамгийн өндөр, тэгэхээр хүн ирэх үү, та минь...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан