Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буйдхан нутгаас төрсөн буурал зохиолч Б.Бааст

Э.УНДРАЛБАЯР

Тэртээ 1921 оны хавар алс баруун хязгаар, Алтайн уулсын бэлд нутаглах малчин ард Бөхийн хүү болон мэндэлсэн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст өнөө жил 95 насны босго алхаж, үр ачаа тойруулан өнөр өтгөн жаргаж сууна. Хүүхэд багын л “Хөвчийн бор”, “Гурван ишиг” тэргүүтэй зохиол бүтээлээр нь эчнээ таньдаг байсан энэ эрхэм өдий өндөр насалсан ч бие эрүүл, ухаан саруулхан хэвээр.

Шавилхан биетэй ч шаггүй хөдөлгөөнтэй энэ буурай Ардын хувьсгалтай нас чацуугийн хувьд “амьд хууч” болсон нэгэн. Тэр ч бүү хэл 87 жилийн намтар түүхтэй Монголын зохиолчдын эвлэлээс найман насаар “ах” гэхээр эгээ л нэгэн зууны түүх хүүрнэх амьд архив гэлтэй. Түүний төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум тухайн үед Хаш, Улаанхаргана, Цагаантүнгэ, Баянбулаг зэрэг газар орныг багтааж, Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу хэмээгдэж байв. Түнгэ, Хоогийн булгаас ундаалж өссөн түүнийг домботой цай даах төдий балчир амьтан байхад ижий нь бурхан болсон гэдэг. Тэрээр энэ тухайгаа хуучилахдаа “Намайг ухаан орсон төдий жаахан юм байхад ижий минь бага дүүг гаргаад хүндээр өвдсөн юм. Тэр даруй нь аавын ах ламын гэрийг нүүлгэн ирж, эмэг эхэд маань ах дүүс биднийг тушаачихав. Тэр хахир чавганц биднийг аав, ээж хоёр руу ч явуулахгүй хар цай, хатуу хуруудаар л хооллодог байв. Нэг өдөр эмэг маань намайг дуудаад томоо домботой хар цай, хоёр аяганы хамт өгөөд “Аав, ээж хоёртоо оруулж өг” гээд явуулсан юм. Ижийнхээ барааг харах аз таарсан би ч хөлийн хурдаар гүйсээр гэртээ хүрвэл үс нь сэгсийж, нүүр нь үрчийсэн ижийг минь аав дээлэнд ороон тэврээд хоёул дуу шуу ч үгүй сууж байсансан. Авчирсан цайгаа аягатай нь тулга бараадуулан тавьчихаад зогсч байтал ижий минь дуудаад үнсч билээ. Тэр явдлаас хойш хоёр, гурав хоноод ээж минь өөд болсон доо. Тэр олон ах, эгч нараасаа ижийнхээ барааг хамгийн сүүлд харж, үнсүүлсний хувьд би их азтай хүн” хэмээсэн удаатай. Ганц биеэр үлдсэн аав нь гадаа гарч эр, гэрт орж эм болон явсаар өнчирч үлдсэн үр хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэдэг. Хувьсгалт тэмцэл өрнөж, улс орон ундуй сундуй байх цагаар эцэг нь ийн өрх толгойлж үлдсэн нь хүнд бэрх байсан нь мэдээж. Тиймдээ ч гурван хүүхдээ айлд өргүүлж Б.Баастыг ч бага балчир юм гээд хүнд өргүүлчих дөхсөн гэдэг. Ийм л хатуу бэрх цагт төрж өссөн болохоор Б.Бааст багын л эрдэм сурах их хүсэлтэй, сэргэлэн цовоо, сийрэг толгойтой нэгэн байв.

Бага залуугаасаа л уйгаржин монгол бичигт шамдан суралцаж улмаар 15 насандаа “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичсэн нь үгийн урлагийн ертөнцөд хөл тавих үндэс суурь нь болж. Бага сургуульд сурч байхдаа сумынхаа зангийн тухай ардын дунд ам дамжсан яриаг сургуулийнхаа сонинд дөрвөн мөр болгон сийрүүлсэнд Тамгын түшмэд Түвшинбат гэдэг хүнд хацраа хорстол алгадуулсан гэдэг. Түшмэд ноёноос банга хүртсэн эл явдлаа “Тамгын түш­мэдэд алгадуулна гэдэг одоо­гийнхоор бол зохиол бичих эрхээ хасуулснаас ялгаагүй хэрэг” хэмээн хуучилсан удаатай. Ийн элдэвийг эрээчин, сүүл толгой холбож явсан тэрээр 1936 онд Ховдод очсон нь зохиол бичихэд нь ихэд нөлөөлсөн гэдэг.

Тухайн үед Ховдод соёл урлаг, ард түмний санаа сэтгэл ихээхэн хөгжсөн байсан нь түүнийг утга зохиолын ертөнцөд хөл тавихад нь ихээхэн дэм болсон байна. 1940 онд 19 настайдаа Улаанбаатар гэх их айлын хаалга татаж, “Монгол ардын хувьсгалт үндэсний соёлын зам” сэтгүүлийн сүүлчийн дугаарт хэвлэгдэн гарсан “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ олж хараад тоймгүй их баярласан байна.
Б.Баастыг сайн мэдэх хүмүүс түүнийг шоргоолжноос ч илүү хөдөлмөрч гэнэ. Зохиолчдын хороонд 60 жил тасралтгүй ажиллаж, 1981 онд тэтгэвэртээ гарсан хэдий ч өнөөг хүртэл бичиж туурвих их үйлсээ үргэлжлүүлсээр байгаа түүнийг ингэж тодорхойлох нь үнэнд нийцэх мэт.

Монголын зохиолчдын эвлэлийг өлгийдөн бойжуулж, өсгөн хүмүүжүүлэх ариун үйлсэд гар бие оролцсон тэрээр ороо бусгаа цагт ч бууриа сахин үлдсэн. 1930-аад оны дунд үеэс өнөөдрийг хүртэл уран зохиолын гэгээн ертөнцөд амьдарч, хөнгөн бийрийг хөшин хүний сэтгэлийг хөдөлгөж, үгээр урлах эрдэм ухааны арвин өвийг бүтээж буй түүнийг ХХ, ХХI зууны утга зохиолын амьд архив гэж болно.

Монголын зохиолч, яруу найрагчдын өв санг хадгалан хамгаалах чиглэлээр ажилладаг тэргүүн зэргийн хүн гэгдэх  түүний хувийн архиваас үндэсний архив, номын санд байхгүй сурвалж бичгүүд гарна.

Утга зохиолын ертөнцтэй амь амьдрал, бие сэтгэлээ холбосон цагаас хойш Б.Бааст 100 гаруй ном, 50 гаруй тууж бичжээ. Хүүхдийн уран зохиолын “Гурван ишиг”, “Хөөр­хөн баадий”, “Бушуу туулай”, өгүүллэг туужийн “Алтайн цэцэг”, “Хунгийн дууль”, “Хөв­­чийн бор”, дуу шүлгийн “Хайрын дуу”, “Намрын шөнө голын эрэг дээр” гэхчлэн түүний бүтээлүүдийг дурдаад дуусахгүй. Уран зохиол, сэтгүүлзүйн бүх төрлөөр бүтээл туурвидаг түүний зохиолууд амьдралын гүнээс урган гарсан ба­римтат байдгаараа онцлог. Түү­ний туужууд уянгын, хүрээ­лэн буй орчноо хайрлан хамгаалах сэдвээр бичигдсэн байдаг.

1947 онд “Толбот нуур” анхны номоо гаргаж байсан тэрээр 1966 онд “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа Мон­голын зохиолчдын эвлэ­лийн шагнал, 1969 онд “Хангайн бор”, “Намрын уянга” номоороо Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2007 онд Ардын уран зохиолч цолоор шагнагдаж байсан. Монголын утга зохиолын өв сан, түүнийг хайрлан хамгаалагчийн ойг тэм­дэглэх энэ цаг мөчид түүний  үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж БСШУ-ны сайдын тушаалаар “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр шагнасан юм.

Казах уран зохиолыг монгол хэлнээ орчуулж олны хүртээл болгоход анхны шавыг тавихаас эхлээд өдий хүртэл зүтгэж байгаа тэрээр 1960 онд Б.Ахтааны “Бүргэд” найраглал, “Ахтама”, “Миний хонгор хотод бий” дуунуудыг анх удаа монгол хэлнээ орчуулж олны хүртээл болгож байсан.

Монголын уран зохиолд эзлэх байр суурь, орон зайгаа баталсан түүнийг дэлхийн болон Монголын халуун цэгт ажиллаж байсан цорын ганц зохиолч гэж Улаанбаатар их сургуулийн профессор Д.Цэдэв тодорхойлж байна. Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймагт зуд болчихсон малчид нь идэх хоол, уух ундгүй болсон тэр үед 40 гаруй  хоногийн томилолтоор тэнд ажиллаж бай­сан. Мөн Америкийн түрэмгийллийн үеэр Вьетнамын Ханойд 11 онгоц унаж байх үед, Хятадын соёлын хувьсгалын үед зочид буудлын өрөөнөөс гаралгүй хорин хэд хоносон гээд түүний амьдрал, уран бүтээл бүхэлдээ эрчимт хөдөлгөөн дунд өрнөсөн.

Монголын хамгийн ахмад уран зохиолч болох түүний туурвил­зүйн онцлогийн тухай Улаанбаатарын их сур­­гуу­­лийн захирал, Хэл зо­хиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрх­лэгч, доктор, профессор С.Бай­галсайхан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор  Д.Болормаа нарын  туурвисан “Бөхийн Бааст” хэ­мээх “ХХ зууны монгол зохиол­­­­чид” цувралын ХVIII ботид эрхэм зохиолчийн бүтээлийн онцлогийг түүх болгон үлдээжээ. Алтайн сүрлэг уулсын унаган хүү Б.Бааст өдгөө ч бие эрүүл, ухаан саруул байгаа нь түүний хөдөлмөрийн үр шим болов уу. Эрхэм буурал зохиолч таны үзэг тань хурц, үг тань мэргэн байж сүрлэг Алтайн уулс шигээ өндөр насыг наслаарай.

0 Сэтгэгдэл
Tanii gabya bol byrhan bolson olon saihan altan yeiin zohiolch and nartaa zoriulaj tyyrbij baigaa byteelyyd chini hoichiin eder byr ylam byr todron haragdaj Mongoliin ard tymenii melmiig giigyyleh ni damjiggyi ee!!!Tand yrt ydaan nas eryyl enhiig hysye!
Хамгийн их уншсан