Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Нансалмаа: Ховор ном, гар бичмэлүүдийг хамгаалах ажил цоожЛОхоос хэтрэхгүй байна

Э.ГАНЦЭЦЭГ

1921 онд 2000 орчим номтой, нэг уншлагын танхимтай, Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр үүдээ өргөж байсан Үндэсний номын сан энэ онд 95 жилийн ойтойгоо золгож буй. Өдгөө тус номын сангийн сан хөмрөгт 3.5 сая ном буйн тал хувь нь нэн ховор  гар бичмэл, төвд хэл дээрх ном, судар байгаа аж. Монголчуудын бичиг соёлын их өргөө болсон энэ айлын зовлон, жаргалыг бид тэр бүр сонсч, сонирхож байсангүй. 100-гийн босгонд тулсан Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаатай энэ талаар ярилцлаа.


-Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сан энэ онд 95 жилийнхээ ойтой золгож байна. Ойн хүрээнд хийж буй ажлаас тань яриагаа эхэлье?
-Орчин цагийн номын сан үүсч хөгжсний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Бид ойгоо угтаж хоёр жилийн өмнөөс олон улсын номын сангийн программыг үйлчилгээндээ нэвтрүүлж, номын сангийнхаа вэбсайтыг шинэчилж, босоо монгол бичиг, орос, англи хэлтэй иргэд чөлөөтэй нэвтэрч ­ программчилж эхэлсэн. Энэ бол манай хамт олны ойн баяраа угтаж буй өөрчлөлт, шинэчлэлийн нэг хэсэг.

-Та сая номын сангийн үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүү­лэхийг зорьж байгаа талаар дурдлаа. Танай номын сангийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна гэсээр нэлээд хэдэн жил өнгөрлөө. Энэ ажил хэзээ дуусах вэ?
-Үүний тулд программын шинэчлэлт хийгдэх ёстой. Одоо хэрэглэж байгаа программаа шинэчлэхгүй байсны улмаас үеэ элээж байна. Бид хоёр жилийн өмнөөс олон улс оронд хэрэглэгддэг номын сангийн программуудыг судалж эхэлсэн. Хамгийн олон орон хэрэглэдэг, хамгийн сүүлийн үеийн гэдэг утгаар нь “ELP”программыг сонгосон ч санхүүгийн асуудлаас үүдэн худалдаж авч чадаагүй. Уг нь, энэ программыг 90-ээд орны 400 гаруй томоохон номын сан ашигладаг. Тиймээс “Коха” хэмээх номын сангийн  программыг нутагшуулж байна. Энэ ажлыг МУИС-ийн мэдээлэл технологийн сургуулийн багш нар 24 мянган ам.долларын төслөөр хийж өгч байгаа.  Энэ ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилж, өнгөрсөн долоо хоногоос туршилтын журмаар үйлчилгээн­­дээ нэвтрүүлсэн. Манай өмнөх программ нэг номыг 10 гаруй үзүүлэлтээр хайдаг байсан бол “Koхa” программын тусламжтай 966 үзүүлэлтээр хайх боломжтой.
Уншигчдаа илүү нарийвчлалтайгаар, хурдан хугацаанд хайсан номоо олох боломж олгож байгаа юм. Мөн номын сангийн фондын жагсаалттай дэлхийн өнцөг булан бүрт суугаа уншигчид танилцах боломжтой болно.
Ингэснээр бид монголчуудын оюуны болоод бичгийн соёлыг дэлхийд сурталчилж байгаа юм. Гэхдээ энэ ажил нэлээн хэдэн жил үргэлжилнэ. Учир нь 3.5 сая номыг цахим хэлбэрт оруулахад дор хаяж 10-15 жил шаардана. Нэг үгээр үндэсний хэмжээний номын сангийн системтэй болж байгаа гэж ойлгож болно. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүх номын сан номзүйн стандарт бичилттэй болох юм.

-Танайх улсаас сан­хүүждэг. Жилд хэчнээн төг­рөгийн төсөвтэй байгаа вэ?
-Манай номын сан жилд нэг тэрбум 100 мянга орчим төгрөгийн төсөвтэй. Үүний 70-80 орчим хувь нь ажилчдын цалинд, үлдсэн нь цахилгаан, дулаан гэх мэт тогтмол зардалд зарцуулагддаг. Тиймээс технологийн шинэчлэл хийх, үйл ажиллагаагаа сайжруулахад хүрэлцдэггүй.

-Тэгвэл санхүүгийн өөр эх үүсвэр эрэлхийлэх шаардлага тулгардаг юм байна. Магадгүй хандив гэх мэт?
-Тийм. Тэгэж байж л хоёр жилийн хугацаанд ийм их ажлын ард гарлаа. Бидний худалдаж авах гээд чадаагүй“ELP” программ 240 сая төгрөгийн үнэтэй, жил бүр 30 мянган ам.долларын төлбөр төлж, шинэчлэл хийлгэх шаардлагатай байсан. Манай IT инженерүүдийн хийж өгч байгаа “Коха” программын 24 мянган ам.долларыг ч бид хандиваар босгож байгаа. Өнгөрсөн хугацаанд технологийн шинэчлэлд 3000 гаруй ам.доллар зарцуулсан. Энэ бүгдийг бусдын өглөг, хандиваар л хийж байв. Түүнчлэн, дандаа гар хараад суухгүйг хичээж олон улсын байгууллагаас зарласан төсөл, хөтөлбөрт оролцож, үүгээрээ өөр бусад олон ажлаа хийдэг дээ.

-Фонд, сан хөмрөгөө хэрхэн баяжуулж байна вэ. Төсөв хүрэлцдэггүй, хүндрэлтэй гэхээр энэ бас асуудал болдог байх?
-Манай улсад жилд дунджаар 14.7 мянган нэрийн шинэ ном худалдаанд гардаг. Гэвч манай номын сан жилд үүний таван хувьд ч хүрэхгүй буюу 760 гаруй нэрийн номыг л худалдан авдаг. Санхүү мэдээж хангалттай биш. Номын сангийн тухай хуульд зааснаар “Үндэсний номын сан нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хэвлэгдэж буй бүхий л ном, товхимлыг архивлан хадгалах үүрэгтэй” гэж тусгасан. Манайх ч энэ зарчмаар явж ирсэн боловч эрхзүйн үндэс нь ойлгомжгүй байсан болоод тэр үү зохиолчид энэ талаар ойлголт муутай. Номын сангийн тухай хууль батлагдсанаар зохиолч, ном бүтээгчид бүтээлийнхээ нэг хувийг архивлан хадгалуулах ёстой гэдгээ ухамсарлаж, номоо хандивлах нь ихэссэн. Манай номын сан жилд 40 сая төгрөгийн ном, хэвлэмэл бүтээгдэхүүн худалдаж авах төсөвтэй. Гэвч энэ мөнгөн дүндээ тааруулаад цөөн тооны л ном авдаг. Хэрэв дээр дурдсан 14 мянга гаруй номыг зөвхөн нэмүү өртгөөр худалдаж авъя гэвэл 300 сая төгрөг багадаа шаардлагатай.

-Одоогийн энэ барилгыг МХЕГ-аас ашиглалтын хугацаа дууссан хэмээн акталсан. Үүний дараа 2012 онд шинэ барилга баригдах тухай яригдаж эхэлсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Одоо байгаа барилга маань 1949 онд шаваа тавьж, 1951 онд ашиглалтад орсон.  Тэр үеэс өнөөг хүртэл тасралтгүй эндээ л үйл ажиллагаа явуулж байна. Барилгын хувьд 60 гаруй жилийн настай. Хуучирч муудсан гэж ярихаас илүүтэй, ачааллыг нь ихэсгэж ажиллаж байгаатай холбоотой. Анх 500 мянган номтой ашиглалтад орж байсан бол өдгөө гурван сая 500 мянган ном хадгалагдаж байна. Гэтэл барилгын багтаамж, хязгаар нь 800 мянган ном хадгалах зориулалттай. Тэгэхээр стандарт алдагдаж байгаа гэж болно. Хадгалалтын тал дээр яриад ч хэрэггүй. Тиймээс 2012 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндэсний номын өргөөтэй болно хэмээн тусгаж, энэ ажил 2014 оны наймдугаар сараас эхэлж, өнөөдөр барилга маань хоёрдугаар давхартаа орчихсон байна. Үндэсний номын өргөөг 12 тэрбум төгрөгийн өртөгтэй, 11 давхар байхаар төлөвлөсөн. Гэтэл шаардлагатай хөрөнгийг энэ онд гурав дахин буюу 4.2 тэрбум төгрөг болгон бууруулснаас ашиглалтад орох хугацаа нэг жилээр хойшилсон. Хэрэв жил бүр нэг тэрбум төгрөг төсөвлөөд байвал 12 жилийн дараа л Үндэсний номын өргөөтэй болох байх.

-Өргөтгөх боломж бий болов уу?
-Манай байр номын сангийн зориулалтаар баригдсан. Хэрэв шинэ барилга ашиглалтад орвол бид энэ байрандаа эртний, ховор нандин ном, судраа хадгалж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа явуулна гэж төлөвлөж байна. Шинэ байрандаа төрөлжсөн уншлагын танхимууд ажиллуулна байна. Энэ барилгадаа сан хөмрөгийн өргөтгөл байр бариулахаар төлөвлөж, зураг төслөө гаргачихсан. Мөн л санхүүгийн асуудалтай тулгараад, гацчихлаа. Нийтдээ 6.5 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ зардлыг мөн л хандив, тусламжаар босгохыг хичээж байна. Олон улсын туршлагад Үндэсний номын сангийн барилгаа тухайн улсын үндэсний компани, хөрөнгө оруулагчид барьдаг жишиг, жишээ бий. Энэ нь тухайн улсын тусгаар тогтнолтой хамааралтай. Учир нь, Үндэсний номын санд манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай шууд хамаарах чухал бичиг баримтууд хадгалагддаг.

-Танай сан хөмрөгийн тал орчим хувь нь эртний, ховор ном, судар. Эдгээрийг стандарт, шаардлагын дагуу хадгалж, хамгаалж чадаж байна уу?
-Үнэнийг хэлэхэд үгүй. Даацыг нь зургаа дахин хэтрүүлсэн байранд ном, хэвлэлийг стандартын дагуу хадгална гэж байхгүй. Гэхдээ аль болохоор гэмтээж, үрж хорогдуулчихгүйг хичээж байна. Тиймээс хоёр жилийн өмнөөс JCI-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтарч “Баринтаг” төсөл хэрэгжүүлж, 3000 орчим шинэ баринтаг шаардлагатайгаас 6000 гаруйг нь ард иргэд, аж ахуйн нэгжийн тусламжтай шинэчлээд байна. Хуучин, эртний ном судраа хамгаалах хамгийн хямд бөгөөд энгийн арга баринтаглах. Ингэснээр гадны тоос шороо, гэрлийн нөлөөллөөс хамгаалж байгаа хэрэг. Ном, судрыг баринтагласнаар насжилтыг нь 200 жилээр уртасгах боломжтой. Үндэсний номын санд хадгалж, хамгаалах шинэ технологи хэрэгтэй юу гэвэл тийм. Чийгшилт, тоосжилтыг нь хэмждэг багаж, тэр болгоныг нь тааруулдаг олон тоног, төхөөрөмж бий. Мөн ном алдагдаж үрэгдэхээс сэргийлсэн дохиоллын систем хүртэл олон улсад нэвтэрсэн. Гэвч энэ бүхнийг худалдаж авах мөнгө бидэнд алга.

-Тэгвэл өнөөдөр энэ ховор үнэт зүйлсээ хэрхэн хамгаалдаг юм бэ?
-Байхгүй шүү дээ. Бид яаж хамгаалж байна вэ гэхээр, камераархянаж, хаалгаа цоожлохоос хэтрэхгүй.

-Хадгалж, хамгаална гэдэг хав дарж, цоожлохыг хэлэхгүй байх. Ховор нандин ном, судар, гар бичмэлүүдээ олон нийтэд таниулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Эрдэмтэн мэргэд ч судалж, шинжлэх боломж танай зүгээс олгохгүй байна гэж гомдоллодог?
-Нэг үеэ бодвол энэ асуудал цэгцэрсэн. Бид 300 орчим гар бичмэл ном, судрыг цахим хэлбэрт оруулж, цахим хувилбараар уншигчдад хүргэж байна. Олон зуун жил хадгалагдаж ирсэн ном, судар хуудсыг нь эргүүлэх төдийд урагдах, сэмрэх аюултай. Технологи хөгжөөгүй үед харамлах нэрийн дор хамгаалдаг байлаа. Орчин үеийн технологи хөгжихийн хэрээр нээлттэй болж, үйлчилж байгаа. Манайд Монгол бичгээр бичигдсэн 28 мянга орчим гар бичмэл бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3-4 мянга орчим гар бичмэлийг цахим хувилбарт оруулж, нэг ёсондоо цахим ном болгосон. Үүнийг ерөнхийлөгчийн нэрэмжит танхимаар үйлчлүүлэгчид ашигладаг. Мөн цахим уншлагын танхимаар үйлчлүүлдэг оюутан, залуус, иргэд ашиглах боломжтой. Бид ойнхоо хүрээнд Манж хэл дээр байгаа 5000 орчим ном, судрыг каталоги болгож байна. Өмнө нь хадгалж, хамгаалах, дэлгэн үзүүлэх боломжгүй байсан учраас харамлахаас өөр аргагүй байв.

-Ном гэдэг зүйл элэг­дэж, хорогддог. Танайх ун­шигчдад үйлчлэхээс гадна элэгдэж, хуучирсан номоо өөрсдөө засч сэлбэдэг шүү дээ. Сэргээн засах лаборатор бий юу.Мөн тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчин ямар байдаг юм бэ?
-Уг нь хуульдаа сэргээн засах лаборатортой байна гээд заачихсан. Гэвч манайд ном сэргээн засах лаборатори байхгүй. Ерөнхийлөгчийн санаачилгаар Шинэчлэлийн Засгийн газрын үед ном сэргээн засах хэд хэдэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй болсон.Тэрнийхээ  ачаар жилд 50-60 номыг сэргээн засварлаж байна. Мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Бэлтгэгдэж чаддаггүй юм. Манайд ажиллаж байгаа ганц сэргээн засварлагч Чех, Тайвань улсад сургалтад сууж, туршлага судлаад ирсэн төдий. Ер нь, Монгол Улсын үндэсний хэмжээний номын санд зориулж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэх шаардлагатай гэж харж байгаа. Манайх долоо, найман төрөлжсөн номын фондтой. Гэтэл гадаад хэлтэй номын санч байдаггүй. Тэр байтугай цаасны мэргэжилтэн ч хэрэгтэй байна.

-Танайд ном сэргээн засварлагч мэргэжилтэн хэд ажиллаж байна вэ?
-Ганц хүн л ажилладаг. Тэр хүн маань сэргээн засварлагч мэргэжилтний орон тоо байхгүйн улмаас саяхныг хүртэл орон тооны бус ажилтан байлаа шүү дээ. Хоёр жилийн өмнөөс үндсэн ажилтан болсон.

-Жилд дунджаар хэчнээн хүнд үйлчилдэг юэ. Төв номын сангаар үйлчлүүлэгчид цөөрсөн гэж хардаг. Танай номын сан хүртээмжтэй байж чадаж байгаа юу?
-Манай хамт олон жилд дунджаар 160 мянган иргэнд үйлчилдэг. Энэ тоо жил ирэх тутам 5-7 хувиар нэмэгдэж байгаа. Манайхаар үйлчлүүлэгчдийн 65 гаруй хувь нь залуус. Хүртээмжтэй үйлчилж байгаа гэж хэлж чадахгүй. Ер нь, хүн бүрт хүрч, хүртээмжтэй ажиллах тал дээр учир дутагдалтай зүйл олон бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд үйлчилгээ авах боломж нь хэр байдаг вэ. Өнөөдөр тэргэнцэртэй иргэн ном унших гээд ороод ирвэл үйлчлүүлэх боломж хэр байдаг болорж ирэхдээ наад зах нь шатаар өгсөхөөс эхлээд асуудалтай тулгардаг?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж жилд 1-2 удаа явуулын номын сангаар үйлчилдэг. Машины түлш, унаа тэрэг гээд чамгүй зардал шаардагддаг ажил учраас сүүлийн жилүүдэд хандиваар хийгдэж байна. Яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгайлсан уншлагын танхим байхгүй. Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан цөөн тооны ном бий. Нэгдүгээр давхрын уншлагын танхимыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж засч, янзална гэж төлөвлөсөн. Харамсалтай нь энэ бүх зүйлийг  дангаараа шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэр манайд байхгүй. Бээжингийн үндэсний номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим бий. Бээжинд ч гэлтгүй олон орны номын сан ийм танхимтай. Тэнд хөлгүй, гаргүй, хараагүй гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөнөөр үйлчлүүлдэг юм билээ. Үүний тулд тэдэнд зориулсан ном унших тоног төхөөрөмж хэрэгтэй. Гэвч нэг тоног төхөөрөмж нь л гэхэд асар үнэтэй.

-Ер нь, иргэдийн ном унших соёл энэ голомтод ажиллаж байгаа хүний нүдээр харахад ямар байна вэ?
-Манайх ачаалалтай үед 300-400 орчим, энгийн үед 150-200 орчим хүнд үйлчилдэг. Манайхан ном унших соёлд хараахан суралцаагүй. Ер нь хэцүү. Өчигдөр л гэхэд тогны хязгаарлалт хийнэ гэдгийг мэдэгдэж, энэ мэдээллийг уншигчдад харагдах бүхий л газар байрлуулсан боловч биднийг зориудаар тасалчихсан мэт орж ирээд л загнаж байна. Манай үйлчилгээний ажилтнууд ч эвгүй харилцах нь ч бий. Бид өөрсдийнхөө хийж чадах зүйлээс эхэлж, үйлчилгээний ажилтнуудаа шат дараалсан олон сургалтад хамруулж байна. Гэхдээ манай ихэнх иргэн оффист суух дайны үйлчилгээ нэхдэг. Тэгэх үнэхээр боломжгүй. Эндээс иргэдийн ном унших соёлын түвшин харагдана.

-Дээхнэ үед номын хуудас урдаг асуудал их байсан. Техник, технологи хөгжиж буй энэ үед арай цэгцэрсэн болов уу?
-Манайх уг нь уншигчдынхаа тав тух, цаг завыг хэмнэж ухаалаг канон хүртэл ажиллуулдаг. Гэвч номын хуудас урдаг асуудал мэр сэр байна. Гэхдээ нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон. Мөн ном аваад явчихдаг тал бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан