Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийн хэрэгтэй холбоотой ноцтой гэж болохоор өргөдөл ирсэн гэв


УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэр бүхий иргэдээс С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол иржээ. Тус материалд ноцтой гэж болохоор зүйлс байгаа тул О.Баасанхүү гишүүн өөрөө судалж байгаа юм байна. Энэ талаар нь тодруулахад “Төр нийгмийн нэрт зүтгэлтний аллагын хэрэг нь төрийн нууцад хамаардаг тул иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг задлалгүй, нухацтай судалж байна. Харин судалж үзсэнийхээ дараа ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргана” гэсэн юм.

С.Зориг агсны хэрэг нь өнөөдрийг хүртэл нууцын зэрэглэлтэй байдаг бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор цагдан хоригдож буй иргэдийн талаарх мэдээлэл ч маш хомс байгаа юм. Харин Монголын тагнуулын байгууллага, улстөрчид энэ хэрэгт оролцдог, мөрдөн байцаагчийг байнга сольдог зэрэг нь хэрэг илрэхэд саад болж байгаа гэж Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголд ажиллахдаа үзсэн байдаг. Тэд Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрсэн юм. Мөн С.Зориг агсны ар гэрийнхнийг нь хүртэл шалгах нь зөв гэх зөвлөмж гаргасан байдаг.

Энэ үйл явдлын дараа С.Зориг агсны гэргий Д.Булганыг 72 цаг саатуулсан гэдгийг ЦЕГ-аас бататгасан бөгөөд өнөөдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлж байгаа юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өчигдөр Д.Булганы ээж Байгальмаагийн “ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа” гэх гомдлын дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд шалгалт хийхээр Төв аймгийн Цагдан хорих төвд ажиллажээ. Харин ажлын хэсгийн дүгнэлт ирэх долоо хоногоос гаргах юм байна.

Энэ талаар Ж.Батзандан гишүүн “Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна. Хоригдож байгаа байрны нөхцөл байдлын талаар өөрөө ямар нэгэн гомдол байхгүй гэсэн. Харин өмгөөлөгчтэйгөө тогтмол, долоо хоногт дор хаяж нэг удаа уулзах, унших ном, сэтгүүл тогтмол оруулж өгөх хоёр хүсэлт тавьсан. Санаа зовох зүйлгүй. Бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан