Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сталинтай сельфидэж”, Ангела Меркэль Монголд “айлчилсан” үдэш

Э.УНДРАЛБАЯР

“Тоосгоны дээгүүр тоосго
Модыг тавцан болгоно
Бүтээл болон сүйрэл”
Гуравхан мөрөнд багтах есөн үгтэй энэ шүлгийг уншсан хэн бүхэн хэсэг бодолд дарагдаж, оньс тайлах гэж оролдохтой адил утгыг нь ухаж ойлгох сэдэл төрүүлэх нь дамжиггүй. Энэ л хайку шүлгийн онцлог, мөн чанар юм.

Гүн гүнзгий хийгээд үл ойлгогдох, магадгүй хэтэрхий ойлгомжтой энэ мөртүүд үзэсгэлэнг сонирхож буй хэн бүхнийг соронз мэт татах нь сонин. Хайкуг уншсан хүн бүр хэсэгтээ л чимээгүй болж, бодолд автан өөр ертөнцөд очоод ирэх шиг. Япон төдийгүй дорно дахины яруу найргийн охь болсон хайкугийн гүн илэрхийлэмжийг, зураг урлалтай хослуулана гэдэг сонин содон хийгээд амаргүй даваа. Ийм л эрсдэлтэй хэр нь эрмэг, зоримог шийд гаргаж, үгийн урлагийг уран зурагтай хослуулсан хүмүүс бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг болон түүний охин Э.Ачитмаа. Яруу найраг, уран зураг сүлэлдсэн үдэш аав, охин хоёрын хамтарсан “Хайку арт” үзэсгэлэнд саатлаа.

Ийн гэр бүлийн гишүүд тэр дундаа аав охин хоёр үзэл бодол, мэдрэмжээ нэгтгэн бүтээлээ туурвих тохиол тэр бүр таараад байдаггүй.
Зураач, дизайнер Д.Эрдэм­билэ­­гийг Цонжинбол­дог дахь Чингис хааны хөшөөт цогцолбор, “Их Майдар” төсөл, “Морин хуур” цамхаг, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаад олгодог “Гурван цагийн бөхчүүд” цом гэхчлэн түмэнд танигдсан олон бүтээлийн зураг төслийг гаргасныг мэдэхгүй хүн ховор.

Бийр хөндлөн барилгүй багагүй хугацаа өнгөрүүлсэн тэрээр охин Э.Ачитмаатайгаа хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээрээ үзэгч олонтойгоо учран золголоо. Э.Ачитмаагийн хувьд аавынхаа авьяас чадварыг өвлөсөн төдийгүй хайку шүлгийг, график зурагтай хослуулсан бүтээл туурвиж, зураг урлалын ертөнцөд нэн шинэ шийдэл оруулж буйгаараа анхдагч болж байгаа юм. Үзэс­гэлэнг Д.Эрдэмбилэг нээж уран зургийн салбартаа эргэн ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ охиндоо өөрийн мэргэжлийг өвлүүлж, зураг урлагийн чиглэлээр ажиллах анхны алхмыг нь тавьж өгч байгаадаа бэлгэшээж буйгаа хэлсэн юм.

Харин охин Э.Ачитмаа нь үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үе тэнгийн залуустаа хандаж товчхон боловч далайцтай “сургааль” хайрлаж, тэвэр дүүрэн цэцгийн баглаа, нижигнэсэн алга ташилт, урмын үгээр мялаалгав. 21-хэн настай чөлөөт уран бүтээлч тэрээр залуучуудыг нас бага гэж өөрийгөө гололгүй том хүсэл мөрөөдлөөр жигүүрлэхийг сануулж “Би чадсан бол та нар ч бас чадна” хэмээн зоригжуулсан юм. Үзэсгэлэнг сонирхохоор цугласан олны дунд Д.Эрдэмбилэг зураачийн “Сталинтай сельфи”, “Ангела, Монголд тавтай морил” зэрэг бүтээлийг онцлох нэг нь байхад нөгөө хэсэг нь Э.Ачитмаагийн гүн гүнзгий утга бүхий хайку шүлгийг график зурагтай хослуулсан бүтээлийг шимтэн зогсоно. Хайкуг бичсэн хүн, түүнийг уншиж буй хүн бүр өөр өөрийнхөөрөө утгыг тайлж уншдаг нь гайхалтай санагдлаа.

Э.Ачитмаа: Муу зураад аавынхаа нэрийг сэвтүүлчихвий гэж эмээж байлаа

Ингээд хайку шүлгийг график зурагтай хослуулсан анхны шийдэл, анхны үзэсгэлэнгээ олны хүртээл болгож буй чөлөөт уран бүтээлч Э.Ачитмаагаас уран бүтээлийнх нь талаар цөөн асуултад хариулт авсан юм.

-Анхны үзэсгэлэнгээ гар­гаж байгаад нь баяр хүргэе. Том ажлын ард гарч байгаа байх, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд  муу зураад аавынхаа нэр хүндийг унагачих вий гэж айж байлаа. Азаар гайгүй болчих шиг боллоо. Урьд нь би нэг юмны төлөө ингэж шургуу ажиллаж, ингэтлээ санаа зовж байснаа санахгүй юм. Өнөөдөр их том ажлын ард гарч, чөлөөлөгдсөн юм шиг санагдаж байна.

-Хайку шүлгийг график зурагтай хослуулах санаа яагаад төрсөн юм бол?
-Хайкутай зургийг хослуулж хамтарсан үзэсгэлэн гаргах саналыг аав маань гаргасан. Хайку шүлгийг сонирхоод үз гэсэн аавынхаа зөвөлгөөний дагуу 2015 оны эхээр судалж эхэлсэн.  Ихэнх шүлэг зохиолууд ямар нэг утга санаа илэрхийлсэн, өөрийн гэсэн сэдэвтэй байдаг бол хайку сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Энэ нь надад маш их таалагдсан. Ингээд л аав бид хоёр хар зургуудаа энгийн хэрнээ этгээд хэлбэрээр зуръя гэж тохиролцсон.

-Шүлгээ ихэвчлэн анг­ли хэл дээр бичдэг гэж сонссон?
-Хайку бичихэд үгийн сонголт их чухал санагддаг. Нэг үг олон утга илэрхийлдэг. Гол утга санаагаа илэрхийлэх үгийг олж түүгээрээ шүлгээ би­чээд орчуулдаг. Үзэсгэлэнд тавигд­сан шүлгүүд ихэвчлэн англиас монгол руу орчуулсан байгаа.

-Шүлгээ эхэлж бичээд түүнийгээ зурагт буулгадаг уу. Эсвэл зурагнаасаа шүлэг болгодог уу?
-Өмнөхөө дурсах мэдрэмж буюу урьд нь болж байсан үйл явдал, тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээ эргэн дурсдаг. Тэр мэдрэмжүүдээс аль нэг хүчтэй мэдрэмжийг сонгож түүнийгээ зураг эсвэл шүлгээр илэрхийлэхийг оролдоно. Нэг дүрс гарч ирэхээр түүнийгээ шүлэг болгох эсвэл шүлгээ эхэлж бичээд дараа нь зургаар илэрхийлэхийг зорьдог.

-Ер нь, шүлэг, зураг хоёр хос­луулах уран бүтээлчдээ ямар мэдрэмж өгдөг нь сонин байна?
-Ганц шүлгээр хүн мэдрэм­жээ илэрхийлж болно. Эсвэл дан зургаар ч илэрхийлж болно. Энэ хоёроор хоёулангаар нь илэрхийлэхээр илүү цогц, олон талын харах өнцөг гаргаж өгдөг юм шиг санагддаг. Шүлэгнээс харж чадахгүй юмаа зурагнаас, зурагнаас олж хараагүйгээ шүлэгнээс харж болдог.

-Цаашид ямар чиглэлээр бүтээл туурвих бодолтой байна. Мөн хайку, график хосолсон уран бүтээлээ үргэлжлүүлэх үү?
-Миний хувьд хүүхэлдэйн кино үзэж, ном уншиж өссөн болохоор уран сэтгэмж, хийсвэрлэн бодох чадвар маань хөгжсөн байх. Кино, зохиол болгон өөрийн гэсэн ертөнцтэй тиймээс уран зураг, зохиол, комик, видео тоглоомоор өөр шинэ ертөнц бүтээхийг хүсдэг.
Э.Ачитмаагийн “Сүүлийн загас тэнгэртэй уулзана” хэмээх хайку байгаль, эх дэлхийтэй гүн гүнзгий холбогдож чадсан шүлэг болсон гэнэ. Тэрээр энэ шүлгээрээ хүмүүс өдөр тутмын амьдралдаа санаа зовж байх зуур гол ус ширгэж, загас жараахай үхэж, байгалийн тэнцвэр бага багаар алдагдаж байгааг илэрхийлэхийг зорьсон байна. Мөн зурагнаас төрсөн мэдрэмж нь шүлэгнээс гарч буй мэдрэмжтэй адил юм шиг хэрнээ тэс өөр байх жишээний. Өөр ертөнцийг, өөр мэдрэмжтэй хослуулсан өвөрмөц, зоригтой шийдэл нь үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм. Тухайлбал, загасны тухай бичсэн шүлгээ зургаар илэрхийлэхдээ огт загас зураагүй байх жишээтэй.
Үзэсгэлэнг сонирхож буй үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

С.Цогтбаяр:
/УГЗ, шог зураач/


Эрдэмбилэгийн хувьд “Ангела, Монголд тавтай морил”, Ялтын гэрээний гурван том удирдагчийн наана сельфидэж буй морь унасан монгол, “Наадмын дараа” гэхчилэн уран зургуудаас нь харахад  сэтгэн бодох тал дээр их ажилласан гэдэг нь харагдаж байна. Түүний охин залуу хүүхэд гэхэд дүрслэх урлагийн бүтээл, яруу найраг хоёрыг хамтатгаж сонирхолтой  бүтээл туурвисан нь аавынхаа авьяасыг өвлөсөн өсөх ирээдүйтэй уран бүтээлч юм болов уу гэж бодогдлоо.

Б.Баясгалан:

Миний хувьд хайку шүлэг цоо шинэ нээлт байлаа. Би урлаг, уран зургийг сайн мэ­дэхгүй л дээ гэхдээ бүтээ­лүү­дийг нь харахад маш нарийн, өн­­­дөр мэдрэмж, сэтгэхүй шаард­­­­­сан урлаг байдаг юм байна.

Э.Сүндарьмаа:
/Д.Эрдэмбилэгийн бага охин/


Эгчийнхээ өмнөөс маш их баярлаж бас догдолж байна. Бичсэн хайку шүлэгнүүдийг нь уншаад сайн ойлгодоггүй ч маш гүн гүнзгий утга агуулдаг нь тод томруун харагддаг. Манай гэр бүлийнхэн бүгд зурдаг болохоор би ч гэсэн эгч шигээ зураг зурж, шүлэг бичмээр санагддаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан