Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Зоригт: Төр замын бараг бүх компанидаа өртэй


Монголын авто замын салбарынхан  өнгөрсөн гурван жилд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар  3387 км зам барилгын ажил, 3020 урт метр гүүрийн барилгын ажил хийж гүйцэтгэсэн юм. Харин энэ жил хэдий хэмжээний ажлын ард гарах бол...
Одоогоор цааснаа бууснаас харвал Хөгжлийн банкны санхүүжилтээр 7 чиглэлийн 505,8 км, улсын төсвөөр 2 чиглэлийн 15,42 км авто зам, 217,2 урт мет гүүр, гадаадын зээл тусламжаар 5 чиглэлийн 480,8 км, концессоор 4 чиглэлийн 525 км автозамын барилгын ажил хийхээр төлөвлөсөн байна.
 Авто замын салбарынхан удахгүй ажлаа эхэлнэ. Гэхдээ их ажлын өмнө “Авто зам экспо-2016” ээлжит олон улсын үзэсгэлэн-бага хурлаа зохион байгуулсан юм. Монголын авто замчдын холбооноос  дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн үзэсгэлэнгийн цар хүрээ өмнөхөөсөө нэлээн хумигджээ. Монголын Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаагийн хэлснээр  уг олон улсын үзэсгэлэн бага хурлыг  зохион байгуулснаар олон улсад нэвтэрсэн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсныг нь нутагшуулах,  үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл  солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа хобоох тогтоох зэрэг олон талын чухал ач холбогдолтой байдаг аж.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Зам тээврийн сайд М.Зоригт энэ үеэр замчдад бас нэг таатай мэдээлэл дуулгасан нь хэрвээ хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр амжилттай болбол Белорусаас гурван сарын дараагаас л 1,5 хувийн хүүтэй, 5-10 жилийн хугацаатай зээлээр замын техник тоног төхөөрөмжийг авах боломжоор авто замынхан хангагдах гэнэ.Мөн тэрээр “ Манай салбарын мэргэжлийн холбоодоос хамгийн сайн ажиллаж, үйл ажиллагаа нь тогтмолжсон, идэвхтэй,  салбарынхандаа хүрсэн олон ажлуудыг хийж, хүртээмжтэй ажилладаг нь Автозамчдын холбоо.  Яамны зүгээс сайдын шуурхайдаа мэргэжлийн холбоодынхоо төлөөллийг оруулж санаа бодлыг нь сонсдог болсон. Түүнээс гадна яаман дээр төвлөрсөн зарим ажлуудаа мэргэжлийн холбооддоо шууд өгсөн. Компаниудын зам барих тусгай зөвшөөрлийг яамны түшмэл биш замчид та бүхэн өөрсдөө шийдэж байна. Хэн нь энэ замыг барих вэ, хэнийх нь ангиллыг дээшлүүлэх вэ гэдгийг та бүхэн өөрсдөө шийддэг боллоо. Учир нь автозамчдын холбоо маань компаниудаа мэдэрч ажиллаж чаддаг учраас итгэл дааж ажиллаж байна. Монголын маань цаг уураас шалтгаалж, зам барилгынхан маань улирлын чанартай ажилладаг. Үндсэндээ дэндүү давчуу хугацаанд бүх ажлаа амжуулах шаардлага гардаг. Өнгөрсөн жил харамсалтай нь, олон шалтгааны улмаас есдүгээр сар гэхэд эхлээгүй олон замын ажил хүлээгдсээр байлаа. Тиймээс энэ жил өнгөрсөн жилийнхээ алдааг давтахгүйн тулд олон, олон ажлын ард гарч, бүх замын ажлаа нэг өдөр эхлүүлэхээр манай салбарынхан зорьж байна. Үүнтэй холбогдуулаад Засгийн газар дээр асуудлуудаа нэг бус удаа орууллаа. Мөн төсөвт тодотгол оруулж хэд хэдэн замынхаа санхүүжилтийн асуудлыг  шийднэ.  Гадаадын  тусламж болоод хамтрагчдын хөнгөлөлттэй зээл гэх мэтээр олон янзын эх үүсвэрээр санхүүжүүлж замын ажлаа хийнэ. Энэ бүх ажлыг замын салбарынхан маань л нугална. Замыг гадаадын санхүүжилтээр гадаадын компаниуд л барьдаг гэсэн ойлголт аль хэдийнэ ард хоцорсон. Гадаадын санхүүжилттэй замуудын ажилд Монголынхоо компаниудыг бид оруулж чадсан. Дотоодынхоо зөвлөх үйлчилгээний болоод хяналтын компаниудаа ч ажиллуулж чадсан” хэмээн ярив.

 Ингээд түүнээс авто замын салбарт хийгдэх ажлуудын талаар сонирхлоо.

-Та түрүүнд Белорустай тохирч чадвал 1,5 хувийн хүүтэй зээлээр авто замынхан маань техник технологийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ гэж ярилаа. Энэ тухайгаа бага зэрэг тодруулж хүргээч?

-Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Белорусийн Шадар сайдтай дөнгөж сая уулзалт хийж байгаад ирлээ. Тус улсын Ерөнхийлөгч энэ жил Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан Засгийн газар хооронд нэлээн олон салбарт хамтрахаар хэлэлцээр хийнэ. Белорусын Шадар сайдын айлчлалын багт Хөгжлийн банкны захирал нь ирсэн байна.Монголын Хөгжлийн банк Белорусын Хөгжлийн банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хувийн хэвшлийнхэн бага хүүтэй, урт хугацааны төлбөрт нөхцөлөөр техник, технологи  авах боломжоор хангагдах юм.
Өөрөөр хэлбэл, Белоруст үйлдвэрлэсэн техникийг Монголын хувийн хэвшлийнхэн авбал тус улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлье гэж байна. Эхлээд ярилцахад тус улсын Хөгжлийн банкны зээлийн хүү жилийн нь 1,5 хувь ч гэлээ даатгалын компанийх нь 2,5 хувь, Монголын арилжааны банкуудаар дамжих хүү гээд нэмэгдэхээр зээлийн хүү бараг 10 хувьд дөхөж байсан. Тиймээс бид шууд хэлэлцээрийнхээ үр дүнд  Монголын арилжааны банк болоод Белорусын даатгалын компанийн үйлчилгээг хасчихья. Үндсэндээ 40-50 сая ам.долларын гүйлгээ хийх учраас хоёр Улсын Засгийн газар хоорондын итгэлцлээр тус улсын Хөгжлийн банкны 1,5 хувийн хүүгээр манай авто зам болоод бусад салбарт авах техник хэрэгслийг нийлүүлье гэдэгт тохиролцсон. Манай яамнаас энэ хэлэлцээрийг яаралтай ажил хэрэг болгон зохион байгуулаад нэгдсэн багцаар нь Хөгжлийн банкаараа дамжуулан авч хувийн компаниуддаа жилийн 1,5 хувийн хүү, 5-10 жилийн хугацаатай зээлээр техник авах боломжоор хангах ажлыг хийхээр боллоо.  Белорусын Шадар сайдтай тохиролцсоноор хоёр сарын хугацаанд энэ бүх ажлыг цэгцэлж чадвал  гурван сарын дараа л техник хэрэгслийг нь манайхан оруулж ирэх нь.

-Төр ийм боломжийг бүрдүүлж өгөхгүй бол хувийн хэвшлийнхэн өөрсдөө хэчнээн зүтгээд жилийн 1,5 хувийн хүүтэй зээл авч чадахгүй. Зөвхөн авто замынхан л ийм боломжоор хангагдаж байгаа хэрэг үү?

-Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниудынхаа авто паркийг шинэчлэхээр ажиллаж байна.  Мэдээж тухайн компаниуд маань өөр өөрийнхөө шугамаар парк шинэчлэл хийвэл жилийн 10-15 хувийн хүүтэй  зээлээр санхүүжилтээ шийднэ. Гэтэл Засгийн газар, салбар яам нь анхаарал тавиад хамтраад ажиллахаар жилийн 1,5-2 хувийн хүүтэй зээлээр 5-10 жилд төлж барагдуулах нөхцөлтэйгээр парк шинэчлэл хийх боломжтой болсон.  Зорчигч тээврийн 200 гаруй автобусыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгосоос авахаар болсон. Бидний хувьд зорчигч тээврийнхээ үйлчилгээнд олон улсын стандарт бий болгоё гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Аэромонголиа-д хүртэл цоо шинэ онгоц түрээслэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Нэгэнт парк шинэчлэл ярьсных төрийн өмчит зам арчлалтын компаниудын техник үнэхээр хэцүү. Зам даваа цасан боогдсон нөхцөлд бараг хэдэн ажилтан нь хүрз бариад л даваан дээр зогсч байдаг?

- Сүхбаатарын талбай дээр микроныхон жагсаад эсэргүүцэл илэрхийлж, шатаана энэ тэр гээд юм боллоо. Энэ бол зорчигч тээврийн үйлчилгээ маань цаашдаа явах боломжгүй болтлоо хуучирсан парктай болжээ гэсэн үг. Манай нүүрсний вагон, ачаа тээврийнхэн ч мөн микроныхон шигээ хуучирсан. Өнөөдөр манай зам засвар, арчилгааны компаниудын техник ч  микро шиг л болчихсон байна. Тэгэхээр Монголын төрөөс хувийн хэвшлийн компаниуддаа дэмжлэг үзүүлэх ёстой юм. Өнгөрсөн есөөс арваннэгдүгээр сард бид 2015 онд хийх ёстой байсан ажлаа шахаж хийхдээ замчдынхаа нуруунд бүх ачааллаа үүрүүлсэн юм. Өөрсдөө санхүүжилтээ шийдээд, орон нутгийнхантай хамжиж нийлж байж ард нь гарсан. Тиймээс зөвхөн хувийн хэвшлийнхэн л бүх асуудалдаа санаа зовниж, шийддэг биш төр ч гэсэн парк шинэчлэл хийхэд нь дэм болж, боломжийг нь бодлогоор бүрдүүлж өгөх ёстой. Энэ жил бүх Авто зам засвар арчилгааны компаниуддаа /АЗЗА/  хоёр хоёр машин авч өгөхөөр төлөвлөсөн. Нэг нь цасаа цэвэрлэж, зам дээрээ бодис энэ тэрээ цацдаг бол нөгөө замынхаа нөхөөсийг хийдэг байх юм.

-Хоёрхон сарын хугацаанд авто замынхан их ажил нугалсан. Энэ жил ийм ачаалал өгөхгүйн тулд дөрөвдүгээр сарын 15 гэхэд бүх замын ажлыг эхлүүлнэ гэж байна.  Санхүү мөнгө, бэлтгэл ажил гээд ийм боломж байгаа гэж үү?

-Дөрөвдүгээр сарын 15 гэхэд Монгол Улс даяар бүх автозамын ажлынхаа нээлтийг хийнэ. Замчид маань орон даяар ажилдаа орлоо гэдгээ албан ёсоор зарлах ёстой. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид 20 жилийн түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн. Мэдээж алдаа дутагдал байсаан. Жишээ нь, өнгөрсөн жилийн есдүгээр сарын дундуур нэг ч замын ажлаа эхлээгүй байлаа. Ийм зохион байгуулалтгүй, алдаагаа ахин давтахгүйн тулд энэ жил Цагаан сарын дараагаас эхлээд бүх замуудаараа явж, компаниудтайгаа уулзаж, бэлтгэл ажлуудаа хангахыг хүссэн. Замын компаниуд маань тоног төхөөрөмжөө газар дээр нь аваачиж, арчилгаа үйлчилгээ хийх, асфальтын үйлдвэрүүдээ байгуулах гээд бэлтгэлээ хангаад байна. Тиймээс л дөрөвдүгээр сарын 15-наас Монгол орон даяар нийт замынхаа ажлын гарааг эхлүүлнэ. Түүнээс биш бүх зам барилгын ажил энэ өдөр эхэлчихнэ гэж ойлговол өрөөсгөл. Зарим  компаниуд ажлаа эхэлж байна. Зам барина гэдэг чинь зөвхөн зам дээр зогсохын нэр биш шүү дээ.Цаана нь маш олон машин тоног төхөөрөмж, үйлдвэрлэл явагддаг.

-АН-ын дэвшүүлсэн нэг зорилт бол 21 аймгийн төвөө нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох. Удахгүй сонгууль болно. Энэ ажил амжиж дуусах уу?

- Энэ дөрвөн жилийн хугацаанд бид 21 аймгаа хатуу хучилттай замаар холбоно гэсэн амлалтаа биелүүлнэ. Баруун чигийн зарим нэг зам төлөвлөснөөсөө бага зэрэг хоцорч  ирэх жил ашиглалтанд орох байх. Дээрээс нь бид аймгийн төвүүдээ хоттой холбохоос гадна боомтын замууд дээр ажиллаж байна. Боомт бол орон нутгийнханд нэн ялангуяа хотоос алслагдсан аймгуудад гадаад зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах, арилжаа худалдаа хийх боломжоор хангадаг.  Ер нь, аймгийн төвүүд боомтуудыг холбосон зам маань нэлээн олон сумыг мөн давхар автозамаар холбочихож байгаа юм.
Засгийн газар уржигдар олон улсын хөнгөлөлттэй зээл тусламж болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ жил барих замуудаа нэлээн цэгцэлж ярилаа. Концессын замуудын ажлыг  Аж үйлдвэрийн яам хариуцдаг.  Энэ жилийн хувьд 1000 гаруй км зам тавина. Наадмаас өмнө дөрвөн аймгийн төвөө хоттой холбочихно.  Замын ажил урагштай сайхан байхаар хаана ч очсон сэтгэл нэг л өег болдог юм билээ. Завханд хөдөө айлаар ороод Зам тээврийн сайд гээд өөрийгөө танилцуулсан чинь замын ажил хийж байгаа компани, ажилчдыг магтаж, хөгжлийг зам авчирдаг хэмээн бэлгэдээд сүйд болоод л...

-Шинээр зам тавихаас гадна зам арчилгааны төсөв багагүй нэмэгдсэн байна билээ. Ер нь зөвхөн Засгийн газар гэлтгүй орон нутаг замын бүтээн байгуулалтанд ямар үүрэгтэй оролцдог вэ?

-Өнөөдөр баригдаж байгаа нийт замын 20 хүрэхгүй хувь нь улсын төсвийн санхүүжилтээр дуусна. Бусад нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа буюу концессоор мөн олон улсын болон гадаадын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Гэв гэнэт ийм олон км зам бариад эхлэхээр зам арчилгаанд илүү их хөрөнгө төсөвлөх шаардлагатай болсон. Өмнө нь  7-8 тэрбумаар зам арчилгааны асуудлыг шийддэг байсан бол одоо 50-60 тэрбум ч хүрэхэд бэрх болчихлоо.Мөн их засвар хийх зайлшгүй шаардлагатай зам ч олон байна. Ямар ч зүйлийг зүлгэж тордохгүй бол хэчнээн сайн байсан ч эвдэрчихдэг.  Тиймээс бараг 10 гаруй тэрбумаар их засвар хийнэ. Орон нутаг ч замдаа ихээхэн анхаарал тавьдаг болсон. Улаанбаатар хот өөрийнхөө санхүүжилтээр олон зам засна. Хот өөрөө тэлж байгаа учраас тэр хэрээр зам шинээр барих, арчлах, засах шаардлага гарч байгаа юм. Хот, аймаг гэлтгүй сумдууд ч замтайгаа “ноцолддог” боллоо. Сүхбаатар аймаг гэхэд төвөө олон тойрог замаар холбож, хатуу хучилттай, гэрэлтүүлэгтэй болгосон. Тиймээс зам гэхээр зөвхөн Зам тээврийн сайдтай ярилгүй, аймаг хот сум дотроо асуудлаа шийддэг боллоо.

-Зам барилгын компаниудын санхүүгийн чадавхи ямар төвшинд байна. Төр өртэй компани хэчнээн байна вэ. Векселиэр  төр өрөө төлөх явц ямар байна?

-Бараг бүх компанидаа өртэй. Зам арчилгааны болоод барилгын компаниуддаа ч өртэй байгаа. Шинэ жилээр бид энэ хэдийгээ хуучин хувцастай нь баярлуулсан. Битүүний өдөр өнгөрсөн жил хийсэн ажлынх нь тодорхой хувийг л өгсөн. Хөгшидтэйгээ  очиж золгох л мөнгөтэй болсон. Өнгөрсөн жил хийсэн ажлынх нь хөлсийг төлж барагдуулах ажил үргэлжилсээр л байна. Өчигдөр гэхэд баруун чигийн хоёр зам дээр ажилласан компани векселиэр мөнгөө авчихсан гэж явахтай таарсан.  Энэ жил ажлаа хөрөнгө мөнгөнөөс үүдэж гацаалгүй ажиллахын тулд санхүүг нь шийдэх гээд ажиллаад л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан