Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганбат: Тусгай албаныхныг тусгай зүйлд ашиглах ёстой

Баянгол зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд нэгжлэг хийх үеэр болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

...Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд цаашид энэ мэт зүйл дээр юуг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ. Таны хувьд “Сүржигнэхээ л байчих л даа” хэмээн мэдэгдэж байсан?

-Тусгай албаныхныг тус­гай зүйлд л ашиглах ёстой. Хамгийн гол нь хуулийн хү­рээнд ажиллах хэрэгтэй гэд­гийг хэлмээр байна. Ийм нөхцөл байдалд тусгай­гийнхан заавал очиж ажиллах хэрэг байсан ч юм уу. УИХ-ын гишүүнд хамаатай ч бай, хамаагүй ч бай иргэдийн сэтгэл санааг үймүүлж, эмх зам­бараагүй байдалд оруулах сэтгэл зүйг хууль хүчний бай­гуул­лагынхан үүсгэхгүй байх ёстой.
Хуулийн байгууллагынхан өөрсдөө ийм нөхцөл байдлыг бий болгож болохгүй. Тэд хууль журмынхаа дагуу ажилласан уу, хэрэв тийм бол дүрэм журмынхаа дагуу яах уу гэдгээ бодолцох хэрэгтэй. Түүнээс биш өдөөн хатгасан зүйлд турхирах шаардлагагүй. Гүйцэтгэж буй ажиллагаа нь хэн нэгэн даргын заавар, захиалга байж болохгүй. Зөвхөн хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Дахин хэлье, хуулиа л мөрдөж ажиллах хэрэгтэй.
Ямар ч хувийн компанид хуу­лийн байгууллагаас үзлэг, нэгжлэг хийдэг. Хууль хүчнийхэн хувийн хэвш­лийнхний үйл ажиллагаанд оролцоод байна гээд бид чинь Өршөөлийн хуулийг баталсан. Гэвч энэ бүхэн төдий л үр дүнгүй болчих гээд байна уу л гэж харагдахаар байна. Би чинь Өршөөлийн хуулийн ажлын хэсгийг ахалж, Өршөөлийн комиссын даргаар нь ажил­ласан хүн шүү дээ. Энэ бүхэн хэр зэрэг оновчтой байна вэ гэдгийг бодож л сууна.

-Таныг Баянгол зочид буудалд очиход Х.Баттулга гишүүн энэ талаар юу гэж байсан бэ. Тохиолдлоор ч байв уу дөрвөн жилийн өмнө Н.Энхбаяр даргыг баривчилж байсан өдөртэй давхацсан?

-Н.Энхбаярыг баривчил­­сан өдөртэй давхцууллаа гээд яригдаж байна л даа. Монголын төр зүтгэж байсан хүмүүсээ барьж, хорьж хэлмэгдүүлж ирсэн гээд манайхан ярьдаг л даа. Ер нь манайхан сонгуулийн өмнө улстөрчдөдөө иймэрхүү маягаар хандчих гээд байдаг. Сонгуулийн дараа ямар нэгэн гэм буруугүй байна гээд сулладаг явдал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Уг нь манай Үндсэн хуульд гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа үед хэнийг ч гэм буруутай мэт ойлголтыг ард түмэнд өгч болохгүй гээд заачихсан. Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнийг, АН-ыг сонгуульд унагах гэсэн явуургүй арга юм болов уу. Санал өгөх гэж байсан хүмүүсийн саналыг өөрчлөх, эргэлзээ төрүүлэх, буруутан мэтээр харагдуулахын тулд иймэрхүү үйл ажиллагаа явуулаад байна гэж өөрийн эрхгүй хардахаар байна. Энэ бүгдийгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Заавал гадны хүмүүс буудалласан зочид буудалд нь ирээд сүрийг үзүүлж байхаар шалгах ёстой эрх бүхий хүмүүс нь тухайн компани дээр ирээд үзлэг, нэгжлэг явуулъя гэсэн бол компанийн ажилчид нь бичиг баримтуудаа гаргаад өгөх байсан байлгүй дээ. Гэгээн цагаан өдрөөр хүмүүсийн анхаарал татаж заавал ийм операци явуулах шаардлагагүй байсан. Энэ хүмүүс заавар журмаа хэр мөрдөж ажиллаж байна вэ гэдэг асуудал байгаа. Нөгөө талд нь сонгуульд оролцуулахгүй гэж нэр хүндэд нь халдах маягаар ажиллаж болохгүй...
                                                                         “Өдрийн сонин” /2015,04,13/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан