Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлерийн аминд халдахаар 40 гаруй удаа оролджээ

Германы фашизмыг үндэслэж, дэлхийн хоёрдугаар дайныг өдөөгч Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд буюу өдгөөгөөс 127 жилийн өмнө төрсөн юм байна.
1933 онд цэрэг эдийн засгийн дэмжлэгтэйгээр Германы канцлер болсон энэ хүн дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан энэ орныг зэвсэглэж фашизмыг өсгөж өндийлгөн улмаар хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг авчирсан дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн.
Герман орон 1933 оноос эхлэн фашист хэнээрхэлд автаад, Гитлерийг хаана явсан газарт фашист мэндчилгээгээр мэндлэн хүндэлж  байсан ч Гитлер гэдэг энэ хүнд герман хүн бүр хайртай байсангүй.

Бараг л түүнийг Германы канцлер болсон тэр оноос түүний амь насанд халдахаар оролдож байсан нь үүнийг гэрчилнэ.
Немцийн тусгай албаны цэргийн архивт байгаа материалаар бол түүний аминд халдахаар 20 удаа оролдсон байна. Харин Нюренбергийн шүүх хурлын үеэр сурвалжилж байсан зохиолч Вилл Бертольдын тоолсноор бол Гитлерийн аминд халдах оролдлого бүр 40 удаа  гарч байсан гэжээ. Шинэ шинэ гарч ирж байгаа баримтаас үзвэл фюрерийн аминд лавтай 50 удаа халдахаар оролдсон бололтой.
Адольф Гитлер засгийн эрхэнд гарч ирэхдээ ч бас нэлээд бэрхшээлтэй байсан. Тэрээр өөрийн хамгийн бодитой өрсөлдөгч Эрнст Рема, Грегора Штрассер нарыг устгасан. Гуравдахь өрсөлдөгч Отто Штрассер нь зугтааж амжсан гэдэг.
Ийм тохиолдолд Гитлер үхэх л юм бол энэ гурвын хэн нэгэн нь засгийн эрхэнд гарах, ингэснээр түүх огт өөрөөр эргэх байлаа. Ах дүү Штрассерын нэг нь засгийн эрхэнд гарах юм бол ямар ч дайн үүсэхгүй байж. Рем нь бол тэртэй тэргүй ЗХУ-ын шатрын хүү байжээ.

Гитлерийг алах хамгийн боломжтой халдлага 1938 оны намар шар айрагны танхим дахь цуглааны үеэр болж швейцари эр Морис Баво фюрерийг гар буугаар буудахыг завдсан. Уг нь тэрээр гар буугаар буудах сургууль хийж бэлтгээд тэр өдөр үзэгчдийн дунд сууж байж. Гитлерийг орж ирэхэд хүмүүс суудлаасаа босоод бүгд фашист мэндчилгээ дэвшүүлэхэд фюрер харагдахаа болих нь тэр. Швейцари эрийг баривчилж шүүгээд цаазалж орхилоо.

1939 оны арваннэгдүгээр сард мюнхений мужаан Эльзер Иоганн Георг гэгч Гитлерийг үг хэлж байхад нь дэлбэлэхээр төлөвлөж цагтай бөмбөг бэлтгэжээ. Гэтэл Гитлер энэ удаа зуршлаа өөрчилж гурван цаг үг хэлсэнгүй цаг гучин минут үг хэлээд бмөбөг дэлбэрэхээс 10 минутын өмнө индрийг орхисон байна. 

Ийм жижиг жижиг халдлага, оролдлого удаа дараа гарч байснаас Гитлерийн хамгаалалт маш өндөр хэмжээнд ажилладаг болж. Хамгийн тод жишээ бол 1944 он. Энд гадаадын тусгай албад нэгдээд Гитлерийг ангуучилсан ч ямар ч амжилт  олсонгүй. Гитлерийг Пруссээс Берлин рүү нисэх үеэр хөнөөх гэсэн оролдлогыг "Валкирия ажиллагаа" кинонд харуулдаг. Их удирдагчийг дагалдан явсан офицеруудын нэг нь хоёр шил коньякны хэлбэртэй тэсрэх бодис авч явсан. Онгоц ниссэнээс хойш 20 минут болоод бөмбөг дэлбэрэх ёстой байлаа. Харамсалтай нь бөмбөг дэлбэрсэнгүй онгоц Берлинд зүв зүгээр газардах нь тэр.

Амиа золиослогч сайн дурынхан өөрийнхөө амиар фюрерийг устгахад бас бэлэн байжээ. Гитлерийг олзны зэвсгийн үзэсгэлэн үзэх үеэр нь хөнөөхөөр төлөвлөж барон фон Герспорф халаасандаа бмөбөг хийгээд яг 10 минутын дараа тэсрэхээр зохицуулж. Гэтэл Гитлер тэнд ердөө гурван минут болоод танкууд байгаа задгай талбай руу явчихсан байна.

Нөөц армийн штабын дарга хурандаа Клаус фон Штауфферберг 1944 оны долдугаар сард цүнхэндээ бөмбөг хийгээд  зөвлөгөөнд оролцсон. Хурандаа бөмбөгтэй цүнхээ Гитлерийн ойр орхиод өөрөө гарч Берлин рүү ниссэн. Харамсалтай нь бөмбөгтэй цүнхийг хэн нэгэн өөр газар шилжүүлж тавьснаар Гитлер амьд үлдсэн. Тэгээд ч ширээний том тавцан садаа болж. Энэ дэлбэрэлтээр зөвлөгөөнд оролцож байсан дөрвөн офицер амь алдаж 18 хүн хүнд шархадсан гэдэг.

Гитлерийн аминд халдах гэсэн өөр олон оролдлого бүтэлгүйтэж, янз бүрийн шалтгаанаар болиулсан байдаг.


                                Адольф Гитлер, Ольга Чехова хоёр

Зөвлөлтийн тагнуулынхан фюрерийн найз орос гаралтай жүжигчин Ольга Чеховаг ашиглан Гитлерийг алахаар төлөвлөж,  Ольга дотно найз гүн Радзивиллтай хамт энэ халдлагад туслах байлаа. Энэ халдлага бүтэх магадлалтай байсан ч Сталин өөрөө биечлэн болиулсан гэдэг. Уг нь 1941-1943 онд Ольга Чехова Гитлертэй харьцангуй ойр, ямар нэгэн ажиллагаа зохион байгуулахад хамгийн боломжтой үе байж.

Нацистын удирдагчийн аминд халдах гэсэн зарим оролдлого их сонин байдлаар тасалдсан  жишээ бий. 1937 оны арваннэгдүгээр сард Йозеф Томас гэгч фюрерийг хорлохоор зориуд Берлинд иржээ. Түүнийг баривчлаад сэтгэцийн эмнэлэгт л хүргэсэн байна. Тэрээр бэлгийн цөөнх учраас нисэхээс халагдсан нэгэн байжээ.

1944 оны гуравдугаар сард бас ахмад фон Брайтенбух бас нэг зөвлөгөөний үеэр халаасандаа гар буутай орохоор төлөвлөсөн ч орох хаалган дээр бүгдийг шалгана гэдгийг мэдээд гар буугаа халааснаасаа гаргах гэж байгаад буугаа ч гаргаж чадалгүй өмдөн дотроосоо өөрийгөө буудчихсан гэнэ.

Гитлерийг хөнөөхөөр бүр инээдэмтэй арга бодож олж байсан баримт ч бий. Америкийн тусгай алба нацистын удирдагчийг устгахын тулд порно сэтгүүлийн тусламжтайгаар бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэдэг. Харамсалтай нь Гитлер ийм замбараагүй зүйл нь зүрхний шигдээс болгож болзошгүй гээд үздэггүй байж.

Ийнхүү дайн өдөөгч, фюрерийг хөнөөхөөр өчнөөн удаа оролдсон ч нэг нь ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хангалттай сайн бэлтгээгүй байдаг. Гитлерийн ойрын сайн найз уран барилгач Альберт Шпеер хорт хийгээр найзыгаа хордуулах гэж оролдсон байдаг. Тэрээр энэ тухайгаа удирдагчдаа хэлж, тэр нь ч татгалзаагүй, харин агааржуулах хоолойг хамгаалалтын бүрхүүлтэй болгох тушаал өгөөд уран барилгач найзаа там руу илгээж орхиж.

Юутай ч Гитлерийн аминд хэдэн удаа халдахаар оролдсон ч бай, тэрээр холбоотны цэрэг, улаан арми германы нийслэл Берлинд орох хүртэл амьд байж, насанд хүрээгүй багачуудыг хүртэл буу бариулан, тэднийг хөөргөж медаль зүүж өгч эсэргүүцсээр хамгийн сүүлд өөрөө өөрийнхөө аминд халдсанаар хорвоог орхисон билээ.

Магадгүй түүний амийг хөнөөж чадах цор ганц, найдвартай  хүн нь өөрөө ч байсан байж болох.

                Гитлер үнэхээр амьд үлдсэн бол ийм төрхтэй байх байж

Гэхдээ бас түүнийг Аргентин руу усан доорх завиар зугтаж очоод хувийн эдлэнд нуугдан  амьдарч байгаад 1964 онд нас барсан гэж баталдаг хүн бий. Ийм таамгийг зохиолч Абель Бастии гэгч тусгай албадын архивын брамтуудаас авсан хэмээн ном бичсэн нь алдаршсан удаатай. Тэрээр Гитлер хор уугаад, гар буугаар өөрийгөө буудсаныг нүдээр харсан хүн нэг ч байхгүй шүү дээ гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан