1.Улаанбаатар хот 373 настай. Өнөөгийн Бээжин хотын нутаг дэвсгэр хавиар 3000 жилийн тэртээ хот суурин үүсч байсан гэдэг. 1215 онд Чингис хааны цэргүүд тэр хотыг нь арай л газрын хөрснөөс арчихаагүй. 1267 онд дахин босгож Хубилай хаан маань амьдарч Даду гэдэг нэртэй болжээ. Монголчууд харин Дайду гэдэг байж. Бээжин дэлхийн нөлөө бүхий хот болсон нь 1420-иод оны орчим юм.Өнөөгийн Москва хотын нас нь тодорхой бус. Археологийн малталт элдэв юмаар чулуун зэвсгийн үед ч энд сум суурин байсан гэгддэг. Ямартай ч ХV дугаар зууны сүүлчээр Орос гүрний нийслэл болсон.
Улаанбаатар маань хэдийбээр 373 жилийн настай боловч бараг 300 жилд нь эсгий хот байв. Эсгий хотыг өнөөгийн хот болоход хүний амьдрах нэгэн насны хэмжээний хугацаа шаардагджээ. Тэгэхдээ энэ хувьслын үйл явцад Японы олзны цэргүүд, Хятадын коммунист намын тэргүүн Мао Зэ Дун, Зөвлөлтийн коммунист намын тэргүүн Л. Брежнев гурав голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Яагаад гэвэл тэр үед орчин цагийн барилга барьчих мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн ажилтан монголд ховор байв. Хожим нь сэргэг, соргог Монголчууд маань маш хурдан хугацаанд инженер техникийн ажилтнаар улс орноо бэхжүүлж чадсан. Монголчууд анхны есөн давхар угсармал байшингаа 1982 онд бие даан барьж босгосон юм.
Энэ бидний буруу биш. Феодалын нийгмийн олон зуун жилийн хоцрогдлоос гарахад хувьсгалын биш хувьслын урт удаан хугацааны тарчин тамтай замыг туулдаг байна. Ер нь бол хувьсгал хийхэд амархан. Нийгмийн хөгжлийн хувьслын процесс бол удаан, басхүү хүнд бэрх. Бүтээн байгуулалтыг амны зоргоор хийдэггүй. Заавал ухаан зарж, мэдлэг туршлага хуримтлуулж, гар хөдөлгөж, цаг хугацаа зарсан бодит юм бүтээж байж л тэр нь сая нэг юм бүтээн байгуулалт болно. Дэлхийд технологоороо тэргүүлдэг Япончууд гэхэд л Тээврийн товчоо, Хан-Уул дүүрэг хоёрыг холбох давхар гүүр барих гэж хоёр жил болж байна. Одоо арайхан ашиглалтанд ороогүй л байна.
Хот хөгжих үндсэн суурь хотыг авч явж буй инженерийн багийн хүч юм. Тэр нь мэргэшсэн, туршлагатай, алдаж онож явсан, бүтээж хийж үзсэн баг байдаг. Ийм учраас л Москва хотыг удирдаж байсан хүмүүс бүгд инженерүүд байсан юм. Б. Ельцин, Н. Гончар, Г.Попов, Ю.Лужков, В.Ресин, С.Собянин бүгд инженер хүмүүс. Бүгд хотын аж ахуйтай зууралдаж явсан улс. Гэхдээ уучлаарай, Г.Попов бол оросын ардчилсан хувьсгалч хүн. Тэрбээр 1991-1992 онд нэг жил л Москваг удирдаад өөрийнхөө хүсэлтээр явсан. Учир нь тэр жинхэнэ улстөрч хүн юм.
Бээжин хотыг ч гэсэн дандаа инженерүүд удирдаж ирсэн. Энэ түүхээрээ Бээжинчүүд бахархдаг юм гэнэ лээ. Лю Ци , Ван Цишань хэн хэн ч гэлээ. Бүгд инженерүүд.
Улаанбаатарыг 1960 оноос хойш Барилгын инженер С.Лувсангомбоос хойш эдүгээг хүртэл инженерүүд удирдсан юм билээ. Тэд маань дандаа хотын аж ахуй, орон сууц, нийтийн аж ахуй, архитектур,барилга байшинтай холбоотой хүмүүс байв. Энэ бол 52 жилийн уламжлал, Улаанбаатарчуудын бахархал. Тиймээс ч хот маань хөлдчихгүй сүүлийн 22 жилийн эдийн засгийн хямрал, шилжилтийн үеийг давсан хэрэг.
Ийм л байгаа юм даа.
2.Улаанбаатар хотыг 22 жил Ардын нам удирдсан гэж Ардчилсан намын нөхөд маань ой санамжаа алдчихсан мэт хэвлэл мэдээллээр цацаж байна. 1996-1999 он хүртэл Ардчилсан холбоо эвслийн Ж.Наранцацралт гэж нэгэн сайхан хүн Улаанбаатарыг бас удирдаж байсан юм шүү. Тэр хүн хөөрхий минь мээр байгаагүй гэж үү? Эсвэл та нар минь мартсан уу?
Ахин хэлье. Улаанбаатарчуудын итгэл найдвар инженерүүдийн баг л байх ёстой.
Хот гэдэг хоёр хуваагддаг юм аа. Газар доорх хот нь газар дээрх хотоо авч явдаг гол тэжээгч хүч нь юм. Г.Мөнхбаярыг хонгилын инженер гэж захиалгат нэвтрүүлгээрээ цоллож байна лээ. Тэгвэл хонгилын инженер хотыг авч яваа нь бидний бахархал, итгэл найдвар. Уг нь инженерийн сэтгэлгээ, инженерийн философи хөгжсөн улс оронд дулааны инженер л гэж нийтлэг утгаар нь нэрлэдэг юм л даа. Улаанбаатарын машины бөглөрөлийг гүүрэн замууд, метро алга болгоно. Тэр метро гэдэг чинь хонгилын аж ахуй юм шүү дээ.
Ардын намын мөрийн хөтөлбөрт Энхтайваны өргөн чөлөөний дагуу таван шараас “Батоник” хүртэл 19.3 км урттай метро байгуулах ажил эхлэнэ гэж буй. Үүнийг чинь “хонгил”-ийн инженер нь хийсэн дээр л дээ. Ер нь Улаанбаатар хотын “хонгил”-ийн аж ахуйд хувьсгал хийх цаг нь ирсэн. Тийм учраас л Улаанбаатар хотыг хотын аж ахуй мэддэг инженерийн баг удирдсан нь дээр. Энэ талын мэдлэг, туршлага муутай хүн удирдана гэдэг биологийн багш хүн Дулааны цахилгаан станцыг удирдахтай адилхан л үлгэр юм даа.
3.Монголын хөгжил байтугай, дэлхийн хөгжил ч дэс дараатай байдаг. Төвлөрсөн шугам сүлжээг тэлнэ гэдэг ямар ч инженер хүнд том сэтгэлгээ шаардсан явдал биш. Бусад мэргэжлийн хүнд үүнийг бодож олно гэдэг гайхамшиг байж болох юм. Өнөөдөр ч Дамбадаржаа, Чингэлтэйн зарим хэсэг төвлөрсөн шугам сүлжээтэй холбогдоод байна. Бүх гэр хороололд Улаанбаатарын нийт хүн амын 68 хувь амьдарч байна. Тэнд бүгдийг нь баячуудын хороолол хийнэ гэдэг юу л бол?! “Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдарч байхад...” гэдэг шиг л юм бодох болов уу? Котеж, хаус гэдэг ойлголт манай жирийн хүн амын сэтгэл зүйд бэхжээгүй ойлголт. Хэдэн баячууд маань хаус, котежтой боловч тэндээ бараг амьдардаггүй хотынхоо квартирт л ихэнх цагаа өнгөрөөдөг шүү дээ. Улаанбаатар хотод гэр хороололд 168 мянга орчим өрх бий. Ардын намын мөрийн хөтөлбөрт Улаанбаатарт 150 мянган орон сууц барина гэж буй. 168 мянгын 150 мянга нь орчин цагийн тохилог орон сууцанд орвол хот маань аяндаа хөнгөрөх юм. Хотын гоо үзэмж, тохилог байдал, архитектурын үүднээс хотыг хөгжүүлье гэвэл газрыг чөлөөлөх ёстой. Нэлийсэн том учир замбараагүй тосгон байлгая гэвэл гэр хорооллын айлуудыг нүүлгэхгүй төвлөрсөн шугам хүргэж өгөөд гүйцээ. Ингэхэд бас нэг асуулт байна аа. 168 мянган хаус, котеж барих чадвартай улс гэр хороололд маань байна уу?
Баянхошууны Баруун Зүүн салаа руу халуун ус шахах хүчин чадал одоогоор алга. Толгойт, Улиастай, Чингэлтэй гээд тэр гэр хороолол байгаа талбай чинь учиргүй том. Харин гэр хорооллоо хумиж орон сууцжуулах нь ойрын дөрвөн жилд бодит үр дүнгээ өгөх хөтөлбөр баймаар юм. Одоогоос арваадхан жилийн өмнө Улаанбаатар хот маань дулаан хангамжийн гачаалд орж III,IV хороолол бүү хэл хагас Улаанбаатар өвлийн цагт гэртээ үстэй дээл өмсөж өвөлжиж байсан. Зарим айлын тасалгааны температур 7-8 руу унаж байсан тохиолдол бий. Харин тэр үед Г.Мөнхбаяр тэргүүтэй инженерүүд санаачлан Дулааны станцаас гардаг ногоон шугамын диаметрийг өөрчлөн, хотын төвлөрсөн шугамуудад хэсэгчилсэн болон бүтэн өөрчлөлтүүдийг хийж өнөөгийн төвшинд хүргэсэн. Иргэд уг нь санаж л байгаа байх. Улаанбаатараар дүүрэн төвлөрсөн шугамыг тараавал ачааллаа даахгүй хөлдөх вий. Юм инженерийн тооцоон дээр явдаг юм. Эрэлхэг баатарын эмоциор явмааргүй юм. Хотыг нийтийн орон сууцаар хангаж эсгий хотоосоо салах нь л эхний оновчтой арга хэмжээ. Инженерийн баг энийг ойлгож байгаа. Гэр хороололд төвлөрсөн шугам татах бол шинэ юм биш. Аль эрт хийгдээд эхлэчихсэн. Одоо ч хийгдэж байгаа ажил. Хэнд ч ойлгомжтой.
Нийтийн орон сууцанд аж төрөх нь манай ард түмний эхний ээлжийн мөрөөдөл. Тийм болохоор Улаанбаатарчууд Улсын баатарыг баталгаатай, тооцоотой, онолын болоод хотынхоо даацыг тооцсон үндэслэлтэй үг хэлээсэй гэж уг нь хүсч байгаа даа.