Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид: Ирэх 2017 онд нүүрсний экспорт бага зэрэг нэмэгдэх судалгаа гарсан

Л.БАТБААТАР

Уул уурхайн яамнаас сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагт “Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Энэ дагуу өнгөрсөн сарын хугацаанд Уул уурхайн яам болон харьяа агентлагийн хийсэн ажлын талаар тус яамны сайд Р.Жигжид өчигдөр мэдээлэл хийлээ. Ингээд Уул уурхайн сайдын мэдээллийг тоймлон хүргэе.


Шатах, тослох материалын 51 хоногийн нөөцтэй байна

Тэрээр “2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар А-80 автобензин 53 хоног, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, нисэх онгоцны түлш ТС-1 37 хоногийн нөөцтэй байна” гэлээ. Түүнчлэн 2016 оны эхний гурван сарын байдлаар Ашигт малтмалын газар 7.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол Газрын тосны газар нийт 27 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ингээд нийт дүнгээр Уул уурхайн сайдын багцын орлогоор 34.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэв.

Хайгуулын 1164 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээр 3915 дугаар олгосон. Өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдээс 1580 нь хугацаандаа өргөдлөө гаргаагүй.

Дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн.
-Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн -1164
-Тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн – 481
-Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан – 682,
-Өмнөх өргөдөл нь шүүхийн шатанд маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 38 өргөдөл байгаа гэв. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Ойрын  үед үйл ажиллагааг нь сэргээхээр ажиллаж байна. Мөн эрдэсийн хуримтлал бүхий 63 талбайд долоон удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай явуулж, хайгуулын 27 тусгай зөвшөөрөл олгосон. Цаашид энэ хэлбэрийн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх болно гэж хэллээ.

“MONGOLIA MINING-2016” үзэсгэлэн боллоо

“Mongolia mining-2016” олон улсын уул уурхайн зургаа дахь удаагийн үзэсгэлэнг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон төрийн өмчит компаниуд оролцож хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар мэдээлэл солилцлоо. Тус үзэсгэлэнд 15 орны 120 гаруй компани оролцож уул уурхайн үйл ажиллагаа, менежмент, зам барилгын хүнд машин механизм, баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн болон цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өрөмдлөг, тээвэр ложистикийн үйлчилгээ, материал зэрэг уул уурхайн салбарт хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан чухал арга хэмжээ болсон хэмээн Уул уурхайн сайд онцоллоо.

Эрдэс баялгийн бодлогын зөвлөл хуралдлаа

Уул уурхайн яамны Эрдэс баялгийн бодлогын зөвлөл энэ сарын 14-ний өдөр хуралдаж  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл болон “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт явц”-ын талаар хэлэлцсэн байна. Дээрх хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцад аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагад тулгардаг хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгах зорилгоор зарим нэмэлт өөрчлөлт  тусгасан тухай Уул уурхайн сайд мэдээллээ. Тухайлбал, төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас урьдчилж нэгдсэн байдлаар санал авах, судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс санал авах хугацааг уртасгах, дэмжсэн санал өгөгдсөн тохиолдолд шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох, өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.  Түүнчлэн уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг батлах, дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг зохицуулах аж.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа

Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай “Дарьганга-24” талбайд газрын тосны хайгуул хийх бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан. “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компани нь “Дарьганга-24” талбайн хайгуулын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа шин энержи” компаниар дамжуулан гүйцэтгүүлэх бөгөөд эхний дөрвөн жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулна. Цаашид хайгуулын талбайн ажлын үр дүнгээс хамаарч нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ гэв.
Мэдээллийн дараа Уул уурхайн сайд болон тус яамны холбогдох албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсээр байна. Ингэснээр дотоодод шатахууны үнэ нэмэгдэх үү?
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны болон нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Нөгөө талаар валютын ханш буурч байна. Нефтийн үнэнд валютын ханш шууд нөлөөлдөг. Дөрөвдүгээр сарын турш валютын ханш буурсан үзүүлэлт гарсан. Ирэх зургадугаар сарын байдлаар нэг барелль  газрын тосны үнэ 50 орчим ам.доллар байх төлөв ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нэг барелль газрын тосны үнэ 46.2 ам.доллар байна. Валютын ханшны бууралт нь шатахууны  жижиглэнгийн худалдаанд нөлөөлсөн. Жишээлбэл, Улаанбаатар хотод 30-40,  зүүн бүсэд 10-230, баруун бүсэд 180-400 төгрөгөөр автобензиний үнэ буурсан.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар автобензин импортлогч дөрвөн аж ахуйн нэгжийн автобензин борлуулах жижиглэнгийн үнийг буулгасан гэж мэдээлсэн. Автобензиний үнэ буурах сайн мэт боловч эсрэгээр  шатахуун импортлогч компаниуд алдагдалд орох магадлалтай. Ингэвэл  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдаж төрөөс мөнгө гаргахад хүргэж болзошгүй?
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөөд байхад үнээ буулгах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг ШӨХТГ байнга  хийдэг. Валютын ханшны нөлөөгөөр  шатах тослох материалын үнэ буурч байгаа. Мөн ОХУ-ын “Неш торг” банкнаас сайн нөхцөлтэй зээлийг “Хөгжлийн банк”-аар дамжуулж авсан. Ингэснээр автобензиний үнэ буурахад бага зэрэг нөлөө үзүүлсэн. Он гарсаар дотоодод шатах тослох материалын борлуулалт маш муу байгаа. Дулааны улирал эхлэхтэй холбогдуулан борлуулалт нэмэгдэнэ. Монгол Улс 100 хувь импортын шатахуун хэрэглэдэг. Тийм учраас шата­хууны хангалтыг найдвар­тай, тогтвортой барих нь чухал асуудал. Мөн шатахууны үнийг зохистой түвшинд барих ёстой. Шатахууны үнийг Уул уурхайн яам ганцаараа шийдэхгүй. Үнэ зохицуулах зөвлөл гэж бий. Энэ зөвлөлд төрийн болон иргэний холбогдох байгууллагуудын төлөөлөл ордог. Зөвлөлийн гишүүд  асуудлыг тал бүрээс авч хэлэлцэж саналаа гаргадаг юм.

-Статистикийн судал­­гаа­­­наас харахад  нүүрс­ний экспорт буурсан үзүү­лэлт гарсан. Манай улсын валютын гол эх үүсвэр болсон нүүрсний нийлүүлэлт цаашид ихсэх төлөв ажиглагдаж байна уу. Хэчнээн аж ахуйн нэгж нүүрс экспортлож байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд 14 аж ахуйн нэгж БНХАУ-д голчлон коксжих нүүрс экспортлодог. Мөн эрчим хүчний нүүрс олборлодог 36 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2011 онд хамгийн их буюу 21.1 сая тонн нүүрс нийлүүлсэн байдаг. Энэ нь тухайн үеийн БНХАУ-ын импортын 48 хувьтай тэнцэж байсан. 2011 онд БНХАУ нь 44.1 сая тонн коксжих нүүрс импортлосон. Австрали улсад үер болж нүүрсний уурхайнууд усанд автсанаар манай нүүрсний нийлүүлэлт өссөн юм. Үүнээс хойш 2013 он хүртэл Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт буурсан. Жишээ нь 2013 онд 15.4 сая тонн нүүрс БНХАУ-д нийлүүлсэн. Өнгөрсөн онуудад манай улсын  БНХАУ-ын нүүрсний импортод эзлэх хувь аажмаар өсч байна. Тухайлбал, 2013 онд БНХАУ-ын нийт нүүрсний импортын 20, 2014 онд 24, 2015 онд 27 хувийг эзэлж байна. Гэхдээ БНХАУ-ын нийт экспортын хэмжээ буурвал  дагаад ний­лүүлэлт буурна. Ирэх 2017 онд нүүрсний экспорт бага зэрэг нэмэгдэх судалгаа гарсан.
Одоогийн байдлаар төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж Зүүн Цанхаас нүүрс олборлож урд хөршид нийлүүлж байна. “Таван толгой” компанийн мэдээлснээр нүүрсний гэрээ байгуулах БНХАУ-ын компаниудын тоо  олширч байна. 2016 онд 19.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Эхний гурван сарын байдлаар 3.3 сая тонн нийлүүлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард нэг тонн нүүрс  36 ам.долларын үнэтэй байсан. Харин өнөөдөр 31 ам.доллар байна. Олон улсын байгууллагын шинжээчид  “Нүүрсний үнэ цаашид буурахгүй, харин аажмаар урт хугацаандаа өсөх хандлагатай” гэсэн дүгнэлт хийсэн. Мөн БНХАУ-ын нүүрсний нөөц багасч байгаа. Ингэснээр нүүрсний эрэлт нэмэгдэх нь ойлгомжтой. Бусад ашигт малтмалын борлуулалт одоогийн байдлаар буурсан үзүүлэлт алга. Мөн борлуулалтын хэмжээ нэмэгдэхгүй байх.

-Алт олборлож буй аж ахуйн нэгжүүдийг дэмжиж Засгийн газар ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Алт олборлох үйл ажиллагаа эрхлэж байгаа компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн 50 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал шийдэгдсэн. Иймээс аж ахуйн нэгжүүд Арилжааны банктай зээлийнхээ асуудлыг хэлэлцээд  50 хувийн баталгаагаа Сангийн яамаар  гаргуулах  юм. Арилжааны банкууд Монголбанкнаас эх үүсвэрээ авж зээл олгоно. 236 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдийн баталгаанд зориулж олгох Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөд­рийн байдлаар аж ахуйн нэгжүүд зээл хүссэн материалаа Арилжааны банкуудаар хянуулж байна. Үүнээс Сангийн яаманд таван аж ахуйн нэгжийн материал хүргэгдсэн байна. Ингээд Сангийн яам хоёр аж ахуйн нэгжид баталгаа гаргасан. Хоёр аж ахуйн нэгж Монголбанкнаас зээлээ авахаар хүлээж байна. Бусад аж ахуйн нэгжийн материал Сангийн яам болон Арилжааны банкуудад хянагдаж байна. Журмын дагуу сар бүр олборлосон алтаа аж ахуйн нэгжүүд Монгол­банкинд тушаах үүрэгтэй. Монголбанкинд алтаа тушааснаар хүүгийн хэм­жээ 6.5 хувиар буурах нөхцөл­төйгээр  зээл олгогдоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан