Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улстөрчдийг гутаах зорилготой фэйсбүүк хуудас олширч байна

Б.БИЛГҮҮН

www.amazon.com худал­дааны сайтын охин компани болох www.alexa.com нь хамгийн их хандалттай цахим хууд­суудын жагсаалтыг эрхлэн гаргадаг билээ. Тэдний гаргасан статистик үзүүлэлтийг хамгийн бодит гэж үздэг байна.
Тэгвэл (http://www.alexa.com/topsites/countries;0/MN) хаягаас иш татан, Монголын хамгийн их хандалттай сайтын жагсаалтыг дурдвал, www.facebook.com сайт дотоодын хамгийн өндөр хандалттай гэж бичигджээ.

Харин өнгөрсөн оны сүүлээр Монголын 1.3 сая хүн тус сайтыг хэрэглэж байгаа гэх судалгааг дэлхийн интернэт хэрэглээний статистик гаргадаг  (http://www.internetworldstats.com/stats3.htm) сайт бичсэн байна.

Харин сошиал судалгааг нарийвчлан гаргадаг www.socialbakers.com сайт Монголын фэйсбүүк дэх хамгийн олон “лайк”-тай хуудсыг “Аархал” 530,675 мянгаар тэргүүлж, “Elbegdorj Tsakhia” хуудас 528,667 мянгаар, “iSmartStore” хуудас 465,976 мянган лайкаар эхний гуравт жагссан байгааг харуулжээ. Тэдгээрийн араас “Халтмаагийн Баттулга”, “Мобиком”, “Юнител”, “Gee” зэрэг хуудас хандалт өндөртэй байдаг юм байна.

Тэгвэл 2012 оноос хойш Монголын нутаг дэвсгэрээс фэйсбүүк хуудаст хандах тоо хурдацтай өсч байгааг дээрх судалгааны байгууллагуудын статистик харуулдаг бөгөөд энэ хэрээр иргэдийн мэдээлэл хүлээн авах аргад өөрчлөлт орж, бизнес эрхлэгчдийн сурталчилгааны зах зээлээ хайх “талбар” нь фэйсбүүк болоод байгаа юм. Гэсэн ч энэ өсөлтийг дагаад худал хуурмаг, бусдыг гутаан доромжлох зэрэг үйлдэл ямар нэг шүүлтүүргүйгээр иргэдэд шууд хүрч байна.

Сүүлийн үед УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор, хуурамч нэртэй, зураггүй, аккоунт элбэг харагдах болж, үүнийг дагаад бичсэн мэдээ, мэдээлэл нь бодит бус хуудсууд огцом өсч байна. Үүнийг ганц, хоёрхон хуудсаар жишээлэн хүргэе.

Худал мэдээллийн уурхай болсон “Монгол ухаан” хуудас

“Монгол ухаан” гэх нэртэй фэйсбүүк дэх хуудас гуравдугаар сарын 28-нд анхныхаа постыг оруулсан байна. Сарлаган дээр суусан ихрүүдийн өхөөрдөм зураг, иргэдийн сонирхлыг татдаг зурхайн факт зэрэг зураг сэлтээр олон лайк цуглуулж эхэлжээ. Гэвч, энтертайнмэнт төрлийн гэгдэх энэ хуудас дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс нүүр зургаа өөрчилж, хоёр өдрийн дараагаас улс төрийн, тэр дундаа ганц, хоёрхон улстөрчийг гутаах зураг, мэдээ, мэдээллийг оруулах болсон байгаа юм. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал, тэдний цуглуулсан “лайк”-ийн тоо 341 хувиар нэмэгдсэн бөгөөд өчигдрийн байдлаар 34854 хэрэглэгч тус хуудсанд “лайк” даржээ. Энэ бол тэдний оруулсан зураг, бичсэн мэдээ шууд хүрэх хэрэглэгчдийн тоо юм. Харамсалтай нь, хуудсыг дэмжигчдийн тоо өсөхөд нөлөөлсөн “Шуурхай мэдээ” нь ямар ч баримт, фактад үндэслээгүй байв. 

Жишээ нь, тус хуудас дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Шуурхай мэдээ” гэх зурган пост оруулсан байна. Ингэхдээ “Ийм л хулгайч шүү дээ ард түмэн минь хартал share.......” гэх тайлбар хавсаргасан юм. Үүнд нь,

“Монгол Улсын 47 иргэн офшор бүсэд данстай байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн билээ. Хамгийн өндөр мөнгөн дүнтэй хадгаламжийг УИХ-ын гишүүн Х.Баттулга эзэмшдэг болохыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг ЦЕГ, ТЕГ нягтлан шалгаж олон нийтэд мэдээлэх аж. Баттай эх сурвалжын мэдээллээр УИХ-ын гишүүн Х.Баттулга оффшор бүсэд 58 сая ам.доллар хадгалж байсан нь илэрчээ” гэж бичигджээ.

Ямар ч эх сурвалжгүй, албаны байгууллага бататгаагүй энэ мэдээлэл тус хуудаст лайк дарсан 30 гаруй мянган иргэнд шууд хүрч байгаа бөгөөд 679 хүн ямар нэг хэлбэрээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж, 828 хүн дээрх худал мэдээллийг цааш түгээж, 646 хүн сэтгэгдэл бичиж үлдээжээ.

Эдгээр сэтгэгдлээс иш татвал, Базарсад Мөөгөө гэх хэрэглэгч “Ийм л гөлөгдөө энэ муу хулгайч”, Lhagvajav Luvsansharav гэх хэрэглэгч “Луйвраар олсон энэ хөрөнгийг хурааж авч улсын өрийг дарах, яг юу хийсэн юм бэ. Хэдэн хөшөө бурхан бүтээсэн юм биш үү. 58 сая доллар гэдэг чинь цэвэр луйврын мөнгө шүү”, Gaamaa Khunbish “Ёстой луйварчин байна даа”, Сумер эмээ гэх нууц нэр, өөрийн биш зурагтай хэрэглэгч “Төмөр замаас хулгайлсан мөнгө оффшорт бий” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Мэдээж, энэ мэдээний дийлэнх сэтгэгдэл бичигчид дээрх худал мэдээлэлд итгэн үнэмшсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг буруутгасан байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нэг сая ам.доллараа оффшор бүст байрлуулж байсан гэхээс өөр батлагдсан мэдээлэл байхгүй байна. Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг нь оффшор бүст данстай томоохон албан тушаалтнуудын нэрсийг л зарласан бөгөөд үүнд нь Монголын гэх тодотголтой нэг ч иргэн байгаагүй юм. Харин тус байгууллага энэ сарын 9-ний өдөр оффшор бүст данстай том гүрний улстөрч, бизнесмэнүүдийн нэрсийг нэмж зарлах тухай мэдэгдсэн бөгөөд бусад жижиг улс орон оффшор бүст данстай иргэдийнхээ мэдээллийг худалдаж авах ёстой гэж үзэж байгаа юм.

“Монгол ухаан”, “Том толгойт” гэх хоёр хуудас нэг хүнийх юм уу, гэмээр нэг нэгнийхээ постыг хуваалцаж, адил утгатай зураг, мэдээ, мэдээллийг лайк дарсан хэрэглэгчдэд хүргэж байна. “Монгол ухаан” гэх хуудас нь 30 гаруй зураг оруулсан бөгөөд тэдгээрийн 20 гаруй нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зам, тээврийн сайд М.Зоригт, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Г.Уянга нарыг гүтгэн, доромжилжээ.

Жишээ нь, Х.Баттулга сайдын суудлаа өгч Р.Бурмааг сайд болгосон нь “Mill House” гурилын үйлдвэрийг тэжээх гэсэн зорилго, Г.Уянгын намыг Ш.Сайхансамбуу санхүүжүүлдэг, ядарсан ард түмний мөнгөөр улс төрд орж байна, Энэ төрийг самрахаар эмгэн шулам Уянгаа чинь ирлээ зэргээр хэсэг улстөрчийг л “онилсон” мэт харагдах боллоо.

Түүнчлэн “Том толгойт” хуудсанд Д.Ганхуягийг талийгаач О.Чулуунбатын шарилыг ухаж байгаа зураг эвлүүлэн нийтэлж, “Монгол ухаан” хуудсаараа дамжуулан иргэдэд хүргэсэн маш бүдүүлэг, хүний ёсонд баймгүй үйлдэл хийжээ.
Мөн харамсалтай нь тус хуудсаар оруулж, шэйрлэсэн бусдыг гүтгэн доромжилсон постуудыг zaluu.mn, ulstor.mn, nice news, city info, photonews зэрэг мэдээ, мэдээллийн шинжтэй нэртэй фэйсбүүк хэрэглэгчид цааш дамжуулсаар байгаа юм. Мэдээж, эдгээр хаягийн эзэн холбогдогч нь тодорхойгүй бөгөөд ямар ч эх сурвалжгүй, бичсэн зүйлээ баталж чадахгүй, иргэдэд мэдээлэл хүргэж буйгаа бүрэн ухамсарлахгүй байгаа гэдэг нь илэрхий байна.

Жишээ нь, улс төрийн мэдээллийн хөтөч нэртэй “ulstor.mn” болоод шинэлэг мэдээллийн хөтөч уриатай zaluu.mn сайтын фэйсбүүк хуудсууд өчигдөр “оффшор дансныхан” тайлбартай С.Баярцогт, Х.Баттулга нарын зургийг уншигчдадаа зориулан нийтэлжээ. “Төмөр замаас туусан 58 сая ам.доллароо оффшорт нуусан чинь төд удалгүй баригчдихдаг байна ш дээ” гэх эвлүүлсэн зурагт ямар ч баримт тайлбар байхгүй бөгөөд, уншигчдадаа эх сурвалжгүй, баримтгүй, баталгаагүй, худал мэдээлэл хүргэж байгааг үүнээс харж болно. Төмөр замын гэх хэргийг одоо шалгаж байгаа бөгөөд Монголдоо томд тооцогдох “Өдрийн сонин” хүртэл Х.Баттулгаас уучлал гуйж, баримтгүйгээр мөнгө угаасан гэж бичсэндээ хүлцэл өчсөн байдаг. Гэтэл Ulstor.mn, zaluu.mn зэрэг редакц байдаг эсэх нь хүртэл эргэлзээтэй сайтууд иргэдийг төөрөгдүүлж, сэтгүүлч, сэтгүүлзүйн ямар ч ойлголтгүйгээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, худал мэдээлэл тараах болж.

Харамсалтай нь, эдгээр сайтуудын фэйсбүүк болоод зарим хуудсуудад тавих хяналт гэж бараг байхгүй байна. Тиймээс сошиал ертөнцөөр яваа мэдээллүүдэд иргэд шүүлтүүр тавьж, буух эзэнтэй, буцах хаягтай, өөрийн гэсэн редакцтай мэдээ, мэдээллийн сайт, сонин, телевиз зэрэг хэрэгслээс мэдээлэл хүлээж авах шаардлагатай байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан