Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Рэнцэнханд: Жендэр бол улс төрийн амбицтай эмэгтэйчүүдийн асуудал биш

Л.БАТБААТАР

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Рэнцэнхандтай жендэр болон бусад асуудлын талаар ярилцлаа.

Баруун гар талаас хоёр дахь нь Т.Рэнцэнханд

-Монгол дахь жендэрийн асуудал ямар түвшинд байна вэ?
-Анх 2000 онд Монгол дахь жендэрийн нөхцөл байдлын судалгааг хийсэн байдаг. Үүнээс хойш үндэсний хэмжээний судалгаа хийгээгүй. Иймээс олон улсын байгууллагуудтай хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Харин салбарын хэмжээний судалгааг  холбогдох байгуулагууд нь хийсэн тайлан, илтгэл бол бий.

-2011 онд УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсан. 2012 оноос хэрэгжиж эхэлсэн тус хууль нийгэмд ямар үр өгөөж өгсөн бэ?
-Энэ хуулийг баталсан нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарт жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд хууль эрхзүйн томоохон дэмжлэг болсон юм. Харамсалтай нь, иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг, идэвх сулаас хуулийн хэрэгжилт тааруу байна.  Энэ байдалд Засгийн газар дүн шинжилгээ хийж 2013 онд “Хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г баталсан. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлагдсанаар тухайн салбарууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ямар үүрэг хүлээхийг нарийвчлан тусгаж өгсөн. Тухайлбал, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төрийн албан дахь жендэрийн асуудал, хүйсийн ялгаварлан гадуурхалттай холбоотой өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэхийг тусгасан  2013-2016 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг баталсан юм. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хуулийг хэрэгжүүлэхээр батлагдсан дунд хугацааны төлөвлөгөөнд үнэлгээ хийх ажлын хэсгийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан. Ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгуллагын төлөөлөл орсон байгаа. Ажлын хэсэг эхний  ээлжийн судалгаагаа  өнгөрсөн долоо хоногт Завхан аймгаас эхэллээ.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн учраас гэр бүлийн болон нийгмийн асуудал орхигдсон гэх шүүмжлэл бий. Энэ тухай таны бодол?
-Ер нь, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орол­цоог нэмэгдүүлснээр хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх боломж нэмэгдэнэ. Дэлхийн бусад орны парламентын гишүүдийн  30-40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг жишиг бий. Харин Монголд УИХ-ын гишүүдийн 14 хувь нь эмэгтэй байна. Хэдийгээр манай эмэгтэй гишүүдийн тоо цөөхөн ч нийгмийн амьдралд ямар их дэвшил үзүүлснийг өнгөрсөн хугацаанд баталсан хуулиудаас харж болно.

-Тухайлбал?
-УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль баталснаар  нийгмийн хамгааллын салбар хууль эрхзүйн зохицуулалттай боллоо.  Тэгэхээр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал. Өнгөрсөн онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших  квотыг 30 хувь болгож тогтоосон нь тэдэнд том дэмжлэг болсон. Гэхдээ хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл улс төрийн намуудад байх хэрэгтэй. Сонгогчид эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд сонгох хүсэлтэй нь анзаарагддаг. Улс төрийн намууд дүрмэндээ өөрчлөлт оруулж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг түлхүү нэр дэвшүүлэх ёстой.

-Монгол Улсын жендэрийн тэгш эрхийг дэлхийн бусад оронтой харьцуулбал ямар үр дүн гарав. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Одоогийн байдлаар энэ талаар хийсэн судалгаа алга. Монгол Улс 1981 онд охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн байдаг. Энэ конвенцын дагуу тайлан илтгэлийг дөрвөн жил тутам НҮБ-д хүргүүлдэг юм. Өнгөрсөн хоёрдугаар сард найм, есдүгээр тайлангаа хүргүүлсэн. Тайлан хүргүүлсний дараа НҮБ-аас зөвлөмж ирүүлдэг. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт аль салбарт их байгаа талаар зөвлөмжид дурдсан. Улмаар хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын тулгамдсан бэрхшээл, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон ЛГБТ иргэдийн асуудлыг зохих түвшинд шийдэхийг зөвлөсөн. Мөн давхар хүчирхийлэлд өртүүлэхгүй байх талаар ч зөвлөгөө өгсөн.

-Өнөөдрийн байдлаар боловсролын болон эрүүл мэндийн салбарт ажиллагсдын олонхи нь  эмэгтэйчүүд болж жендэрийн эрх тэгш байдал алдагдаад байна. Цаашид хүйсний харьцааг хэрхэн тэнцвэржүүлэх талаарх хуулийн заалтыг дурдахгүй юу?
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “Төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын хүйсийн харьцааг тодорхой түвшинд барих ёстой”  гэж заасан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хөвгүүдэд эр хүний үлгэр дууриал үзүүлэхийн тулд эрэгтэй багш заавал байх хэрэгтэй. Ингэхгүй бол хүйсийн тэгш бус байдал үүснэ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.4 зааснаар аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээ авч ажиллахыг  тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосон. 

-2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зүйл заалтууд өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу. Энэ хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та үздэг үү?
-Энэ хуулийн хэрэгжилтэд удахгүй эхний үнэлгээ хийнэ. Ер нь, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт маш сайн. Салбар бүрийн жендэрийн тэгш байдлын баталгааг бүрдүүлэх талаар хуульд тусгасан. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм  сул. Хяналтын тогтолцоо байхгүй. Нөгөөтэйгүүр, иргэдэд энэ хуулийг хэрэгжүүлэх итгэл үнэмшил, хүсэл эрмэлзлэл дутмаг.

-Жендэр гэхээр л эмэгтэйчүүдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах гэж ойлгодог. Та жендэр гэх ойлголтыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Жендэр гэхээр ямар ч хүний толгойд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал хэмээн буудаг. Жендэр гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцуулах, хүний эрхийн баталгааг бүрдүүлэх явдал юм. Жендэрийн асуудлын талаар иргэд маань харах өнцгөө өөрчилж  хэвшмэл ойлголтоо эвдээсэй. Улс төрд одоо байгаа амбицтай хэдэн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр иргэд маань бүү ойлгоосой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан