Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тойргоос гадна: ИЗНН, ХҮН

УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой 24 нам байгаагаас 13 нам дангаараа, зургаан нам хоёр хоёроороо нэгдэж гурван эвсэл байгуулж сонгуульд өрсөлдөхөөр буюу нийт 19 нам  Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хүсэлтээ гаргаад байв. Тэдний сонгуульд оролцох хүсэлтийг СЕХ хянаад 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой гэж үзлээ. Сонгуульд өрсөлдөх боломжтой болсон намуудад Төрийн ордонд батлахыг нь гардуулсан юм. Харин СЕХ-ны шийдвэрээр,
•    Иргэний зориг ногоон нам (ИЗНН)
•    Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) –ууд 2016 оны сонгуульд оролцох боломжгүй болоод байна.

Тиймээс 2016 УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон намуудын дарга нар ямар байр суурьтай байгаа болоод СЕХ-ны дарга шийдвэрээ хэрхэн тайлбарлаж байгаа вэ, зэрэг асуудлыг тодруулж, ярилцлаа.

Ч.Содномцэрэн: Хоёр нам бичиг баримтаа дутуу өгсөн

/Сонгуулийн Ерөнхий хорооны дарга/

-СЕХ хоёр намын сонгуульд оролцох хүсэлтээс татгалзсан байна. Ямар үндэслэлээр татгалзав?


-СЕХ-ноос томилогдсон ажлын хэсэг нам, эвслүүдийн баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Энэ хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гаргасан бол  ХҮН болоод ИЗНН-ыг бүртгэхээс татгалзлаа. Сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримтыг СЕХ-нд ирүүлэх ёстой байсан. ХҮН ирүүлэх ёстой бичиг баримтыг дутуу ирүүлснээс гадна тэдгээр бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс СЕХ-ны хурлаар энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэх шийдвэр гаргасан.

-ИЗНН-ын тухайд?

-ИЗНН-ын бичиг баримт нь гэсэн учир дутагдалтай байсан. Тус намын сонгуульд оролцох тухай тогтоол дээр тус намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. Энэ асуудлаар тус намын дарга С.Оюун ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Тиймээс сонгуульд оролцох хүсэлтэд Ц.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан юм билээ. Гэвч, гарын үсэг зурсан даргыг Улсын дээд шүүх тус намын даргаар бүртгэж, баталгаажуулаагүй байсан. Тиймээс ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан.

-ИЗНН болоод зарим нэг нам сонгуульд оролцохгүй бусад намыг дэмжиж оролцоно гэх яриа гарсан байгаа. Хэрвээ, дээрх намууд бие даан сонгуульд оролцох боломжгүй гэж үзвэл өөр намын нэрээр сонгуульд нэр дэвших хуулийн боломж бий юу?

-Хуулиар ямар нэг намын гишүүн өөр намын нэрээр сонгуульд оролцох боломж байхгүй.

-УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүслээ. Энэ асуудалтай холбоотойгоор СЕХ бэлтгэл ажилд ямар өөрчлөлт гарах вэ?

-Сонгуулийн хууль гарсанаас хойш СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг нарийн төлөвлөж хуваарь гаргасан. Үүнэс хойш Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь ойлгомжтой боллоо. Гэхдээ Цэцийн дүгнэлтээс өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Тиймээс графикийн дагуу ажлаа хийгээд явж байна. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуульд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхэлнэ.

Ц.Ганхуяг: Захиргааны хэргийн шүүхэд хандана

/ИЗНН-ын дарга/

-Танай намыг сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж үзлээ. Яг юу болчихов?

-Бид шийдвэрийг сонсоод намын байран дээрээ ажиллаж байна. Хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 29-ны 00:00 цагаас өмнө манай нам СЕХ-нд шаардлагатай гэсэн бичиг баримтыг хүргүүлсэн. СЕХ ганц, нэг бичиг баримт нэмж өгөөч гэсний дагуу бид тэр дор нь өгсөн. Харин хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 2-ны өдөр ИЗНН-ын дарга нарыг сонгосон Их хурлынхаа шийдвэр, тогтоолыг өгөөч гэсний дагуу би өөрийн биеэр СЕХ-нд хүргэж өгсөн. Урьд өдөр нь, ИЗНН-ын дарга нарыг Улсын дээд шүүх бүртгэж авсан. Тиймээс намын дарга нартай холбоотой маргаантай асуудал байхгүй гэж үзэж байна. Гэвч, СЕХ-ын шийдвэрийн нэг заалт нь намын дарга нарын тухай, хоёрдугаарт бичиг баримтын зөрчилтэй гэж үзсэн байна. СЕХ шийдвэрээ тав хоногт багтаан гаргадаг. Энэ хугацааны гурав дахь хоног дээр буюу тавдугаар сарын 2-ны өдөр шийдвэрээ гаргачихсан байж. Гэтэл бидэнд шийдвэр гаргасан өдрөөс хойш хоёр хоногийн дараа танилцуулж байна. Хэрвээ, “ийм зөрчил гарах гээд байна, тийм зүйл өгөөч” гэсэн бол бидэнд засч залруулах хугацаа байлаа гэж үзэж байна. СЕХ маш өнгөц, туйлын хариуцлагагүй хандлаа.

-Сонгуулийн тухай хуульд маргаантай гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой заалт бий. Танай нам хандах уу?

-СЕХ-ноос ирүүлсэн тогтоолд дурдсан бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд манай намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоос бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Тиймээс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэх гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтсон.

-Танай намыг бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 121.2-ыг үндэслэсэн байна. Энэ нь “Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тэмдэг даран баталгаажуулсан байна” гэсэн байгаа юм. Эвслээр бүртгүүлээгүй юм чинь намын дарга нар бүгд гарын үсэг зурж, тамгаа дарах байж гэж ойлгогдоод байна.

-Өнгөрсөн сард манай намынхан хуралдаад сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан байсан. Тиймээс хуульд заасан эвсэл гэх нь хамаагүй. Харин өөрийн чинь дурдсан хуулийн заалтад “...нам, эвслийн дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэсэн байгаа юм. Дарга нар гэж бичээгүй байна. Мөн манай намын дүрмээр намыг намын дарга төлөөлнө гэж байдаг. Өөрөөр хэлбэл, гурван дарга төлөөлөөгүй бол төлөөлөл гэж үзэхгүй гэсэн дүрэм байхгүй. Тиймээс СЕХ  манай намын дүрмийг унших хэрэгтэй байсан. Яах гэж, намын дүрмийг нотариароор баталгаажуулан авсан юм. Ядаж ийм байдал үүсэх гээд байгаа учраас зөрчлөө арилгана уу, гэсэн бол бидэнд зөрчлөө арилгах хуулийн хугацаа байсан. Гэвч, СЕХ хүссэнгүй.

-Тэгвэл нөгөө хуулийн заалтыг нь асууя. 124.3.2.сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол гэх үндэслэл байсан. УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай ИЗНН-ын Үндэсний хорооны тогтоол хуурамч гээд байгаа юм л даа. С.Оюун гишүүн гарын үсгээ тэр тогтоол дээр гарын үсгээ зураагүй байхад, өмнөөс нь өөр хүн зурчихсан юм биш үү?

-Хуурамчаар гарын үсэг үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ С.Оюун даргын гарын үсэг зурах хэсэгт манай намын тэргүүлэгч гишүүн андуураад зурчихсан юм. Гэхдээ өөрийнхөө гарын үсгийг зурсан. Өөрөөр хэлбэл, С.Оюуныг төлөөлж юм уу, С.Оюун гэх гарын үсгийг дууриалгаагүй. Зүгээр л эндүүрэл гарсан.
 
Гэхдээ үүнээс болоод парламентад суудалтай намуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл болно гэвэл үнэхээр инээдтэй санагдаж байна.

-Энэ удаагийн сонгуульд жагсаалт гэх зүйл байхгүй болох нь тодорхой боллоо. Одоо жижиг, том мажоритар эсвэл төгс пропорциональ гэх хувилбарууд явж байна. Танай нам аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?   

-Бид эхнээсээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байсан. Мөн бид холимог системыг дэмждэг. Үндсэн хууль зөрчсөн хэсгийг нь хасаад өмнөх төлөөллийг бий болгох хэрэгтэй.

-Нам дугуйлахгүйгээр, хүний нэрийг дугуйлах зарчмаар холимог хийх хувилбарыг дэмжинэ гэсэн үг үү?
-Хүнийг дугуйлах бол дэмжинэ ээ.

С.Боргил: Бие даан өрсөлдөнө

СЕХ нь ХҮН хоёр өөр тамгатай баримт бичгийг СЕХ-нд хүргүүлсэн тул тус намыг бүртгээгүй юм. Тэгвэл энэ байдлыг намын дарга нар гэгдэж буй С.Боргил, Т.Ганболд нар өөрийн өөрийнхөөрөө тайлбарлалаа. ХҮН-ын гэрчилгээн дээр намын даргаар С.Боргил бүртгүүлсэн байгаа бөгөөд өөрт байгаа тамгаа албажуулахаар ажиллаж байгаа гэсэн юм. Харин Т.Ганболд тамга сэлтийн талаар яриагүй бөгөөд шууд С.Боргил нарыг намаасаа хасч байгаа гэлээ. Тухайлбал,

С.Боргил “Манай нам 2016 оны сонгульд дангаар орж “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол Улсдаа ялгаваргүй нийгэм байгуулах чин хүсэлтэй байлаа. Гэвч, СЕХ-оос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн байна. Улс төрийн нөхцөл байдал хэдий бидний эсрэг байгаа ч, бид эхлүүлсэн ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш, ялгаваргүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллана. Тиймээс ХҮН УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ. Харин нийслэл, орон нутгийн сонгуульд нам дангаараа орно. АН-ыг дэмжиж сонгуульд оролцохгүй гэдгээ мөн албан ёсоор хэлж байна” гэжээ.

Харин албан ёсоор Улсын дээд шүүхээс намын дарга гэж зарлаагүй байгаа ч өөрийгөө тус намын дарга гэж байгаа Т.Ганболд нь С.Боргил, Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нарыг намын гишүүнийг хасах тухай тушаал гаргаж өөрт байгаа тамгаар “албажуулжээ”.

Тэрээр “2016 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдсан ХҮН-ын Их хурлаас намын даргаар сонгогдсон С.Ганбаатар болон 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдсан Намын Төв хорооны хурлаас намын даргаар сонгогдсон Т.Ганболд нарыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үйл явцыг санаатайгаар хорлон саатуулсан. Намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч, хууль бусаар ашигласан. Намын гишүүдийг УИХ-ын сонгуульд бие даан оролцохыг уриалсан, “За андгай”-г зөрчсөн” зэрэг шалтгаанаар тэднийг намын гишүүнээс хасч байгаа юм байна.

Ямартай ч, тус нам СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүхэд хандахгүй бөгөөд С.Боргилын “талын” гишүүд нь бие даан нэр дэвших бол Т.Ганболдын “талын” гишүүд намаасаа нэр дэвших боломжгүй болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан