Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Эрдэнэхүү:Монголчууд бид хоолоороо тоглодог хүмүүс


Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төв (ХҮҮХТ)төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Эрдэнэхүүтэй хүнсний аюулгүй байдал болоод хоол үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын тухай ярилцлаа.

-Манай хүнсний аюулгүй байдлын бодлого алдагдсан мөн хоол үйлдвэрлэлийн салбар ямар хяналтгүй болсон гэх юм?


-Манай улс хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортоор авдгийн талаас илүүг нь Хятад улсаас хангадаг. Тиймдээ ч Монгол Улсын хүнсний аюулгүй байдал ганцхан улсаас хараат байна гэж дүгнэхэд дэгстүүлсэн болохгүй болов уу. Даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны бус олон улсын өмнө тулгамдсан амин чухал асуудал болоод байна. Тиймдээ ч өндөр хөгжилтэй орнууд хүнсний аюулгүй байдлын бологодоо анхаарч, “хүнсний аюулгүй байдал-ирээдүйн аюулгүй байдал” гэх зарчимыг мөрдлөгө болгож байна. Улмаар хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь биш юм гэхэд боломжит хэмжээнд дотооддоо үйлдвэрлэж, хангахад анхаардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өнгөрсөн онд гаргасан судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол, хүнснээс үүдэлтэй болохыг тогтоосон байсан. Мөн энэ тоо жил ирэх тусам өсч байгааг ч анхааруулж байна. Тиймдээ ч өндөр хөгжилтэй орнууд хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарын дархлаагаа нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь ихэссэн. Харин манай орны хувьд гурил, төмс, хүнсний ногоо төдийхнөөр дотоодын хэрэгцээгээ хангахаас бусад нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ импортоор л авч байна шүү дээ. Түүнчлэн, эл импортолж буй хүнсний бүтээгдэхүүнээ идэж болохуйц хоол болгож байгаа эсэх нь эргэлзээтэй.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Өнөөдөр улсын хэмжээнд 6000 гаруй хоолны газар, цэг тогтмол үйл ажиллагаа явуулдгийн 50 орчим хувь нь нийслэлд байдаг. Эдний  50 гаруй хувь нь цайны газар. Өөрсдийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, жижиг цайны газрууд болохын хувьд тэнд ажиллаж буй тогооч, ажилчдын мэдлэг, ур чадвар за тэгээд хоолны технологи, үнэ өртөгтэй холбоотой асуудал их байна л даа. Хараад байхад манай хоол үйлдвэрлэлийн салбарт үнийн гажуудал үүсчихсэн байна. Үнэ, амт чанарын хооронд асар их ялгаа гарсан. Угтаа хоол гэдэг өөрийн гэсэн багтаамжтай зүйл л дээ. Ер нь, манай хоол үйлдвэрлэлийн салбарын стандартын шаардлага маш муу байгаа. Сүүлийн үед хэрэглэгчдийн хоол, хүнсний боловсрол нэмэгдэж, хүнс хоол хийгээд эрүүл мэнддээ анхаарах нь ихэсч. Гэхдээ хоол хүнстэй холбоотой аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандахгүй байгаа.Нуулгүй хэлэхэд монголчууд бид хоолоор тоглодог хүмүүс. Өлсч үзээгүй, тиймдээ ч өлсч цангахын зовлон мэдэхгүй хүмүүс хоол, хүнснийхээ хэрэглээнд шинжлэх ухаанчаар ханддаггүй. Ердөө хэрэглээ талаас нь харж, ойлгож, ханддаг. Угтаа хоол үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүх талын шинжлэх ухаантай уялдах учиртай юм. Нэг үгээр бидний идэж хэрэглэж буй хүнс хоол маань зөвхөн гэдэс цатгах үүрэггүй гэдгийг анхаарч асуудалд энэ өнцгөөс хандах хэрэгтэй.Хэрэглэгчдийн хоол хүнсний сонголт, түүхий эд материалаа таних, технологи боловсруулах арга ажиллагааны талаар идэж байгаа нь ч тэр, хийж байгаа нь ч ойлголт муутай байна.

-Тогооч хүний хувьд монголчууд эрүүл хоол хүнс идэж, хэрэглэж байгаа юу гэдэг асуултад ямар хариу өгөх вэ?

-Үгүй, түүхий эд материалаа нийгмийн хариуцлага болгон хувиргах, түүнийгээ хянах процесс нь өөрөө хүнсний аюулгүй байдал юм. Гэтэл бид хүнсний аюулгүй байдлын технологи, стандартын хувьд зүгээр л үйлдвэрлэгчийн төвшинд, анхан шатны ойлголт мэдэгдэхүүнтэй байна. Жишээ нь, “ISO 22000” стандарт нэвтрүүлсэн хоолны газар байна уу гээд явбал олдохгүй шүү. Хоёрдугаарт, хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй хүмүүсийн мэдлэг боловсрол тун хангалтгүй. Мэдээж мэдлэг, ур чадвар муу хүмүүс ямар хоол хийх нь ойлгомжтой. Тэдний хийсэн хоолыг идэж буй хэрэглэгчид ч энэ талын мэдээлэл муу. Товчхондоо, үйлдвэрлэгч, хэрэглэгчид гээд монголчууд бид одоо ч хоолны соёлд бүрэн суралцаагүй байна.
Энд нэмж хэлэхэд тогтооч, мэргэжилтэн бэлтгэж байгаа сургууль, сургалтын төвүүд ч нэгдсэн нэг стандарт, арга барилгүй байна. Тэр дундаа сургалт хийж байгаа газрууд нь ч богино хугацаанд, автоматжуулсан байдлаар олон хоол заах байдлаар мэдлэг, ур чадвар олгох гээд байдаг. Өндөг тавьж өгөөд өндөгтэй бифштекс, өндөгийг нь аваад л котлет гэхчлэн зааж байгаа арга хэлбэр нь ч бодлого, программгүй болчихсон. Ингээд л бид хоолны тал дээр ямар ч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй болчихоод байгаа хэрэг. Өчнөөн мөнгө төгрөг үрж зарж түүхий эд авна, түүнийгээ буруу технологиор, ямар ч арга ажиллагааны шаардлагад нийцүүлэлгүй “нийтийн” гэх тодотголтой хоол л хийгээд байна.

-Хоол үйлдвэрлэлийн салбарт чанар, эрүүл ахуйгаас гадна дэд бүтцийн асуудал чухал санагддаг л даа. Жишээ таны хэлсэн 6000 гаруй хоолны газрын дийлэнх нь түрээсийн байртай байх жишээтэй?

-Тийм шүү. Улаанбаатар хотод л гэхэд 2000 гаруй хоолны газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Угтаа зориулалтын бус байр гэдэг эрүүл ахуйн шаардлагад нийцэх нь цөөн. Тэгээд л цуйван, хуушуур, пирошки гэх хэдхэн нэр төрлийн хоол хийж байгаад ямар нэг байдлаар хаагдвал нүүгээд явчихдаг. Дараа нь өөр газар очоод л бас нэг чингэлэг маягийн юманд үйл ажиллагаа эрхэлнэ. Ийм байрад эрүүл ахуй, чанар ярих нь илүүц. Манайд тэр тусмаа хоол, хүнсний логистикийн асуудал ер хөгжөөгүй байна. Хөгжингүй орнуудад бүх юм логистикийн системд шилжчихсэн. Хоолны нэг орц, түүхий эдийг нэг л замаар тээвэрлэн оруулж ирж, түгээдэг. Энэ нь цаанаас бодлогоор зохицуулагддаг зүйл л дээ. Хүнсний аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал зүйл. Тиймээс л би бодлого хэрэгтэй байна гээд байгаа хэрэг. Дэд бүтцийн хувьд хамгийн чухал зүйл бол түүхий эд, материалын хангалт, нийлүүлэлт байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан