Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Сувдмаа: Өнөөдрийн байдлаар зохиомол амьсгалын аппаратад орж байгаа хүүхэд байхгүй

А.АКЭРКЭ

тай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд эмчлүүлж байна вэ. Хүнд хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна уу?
-Ер нь бол дөрөвдүгээр сарын 5-наас хойш харьцангуй намжмал болсон. Үүнээс өмнө 300, 400 гаруй хүн хандаж байсан. Мэдээж дэгдэлт бол бий. Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар манай сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт 15 хүүхэд хэвтэж байна. Дэгдэлт өндөр байх үед 20 гараад байсан. Сүүлийн долоон хоногт 10 гаруй хүүхэдтэй болоод байгаа. Мэдээж хүнд байгаа учраас сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа шүү дээ. Ихэвчлэн вакциных нь нас болоогүй бага насны хүүхдүүд байна. Тэдний дунд хавсарсан эмгэгтэй эсвэл их хүндрүүлчихээд ирсэн нь ч байна. Мөн хавсарсан эмгэгээрээ эмнэлгээр явж байгаад амьсгалын замаар улаанбурхан туссан хүүхдүүд бий. Бусад аймгийн хувьд ч бас намжмал байдалтай байна. Өнөөдрийн байдлаар тав, зургаан аймагт өвчлөл бүртгэгдсэн хэвээр байгаа.

-Тухайлбал, ямар айм­гуу­дад нэмэгдэж байна вэ?
-Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт бүртгэгдсээр байна. Гэхдээ харьцангуй өндөр байснаа бодвол тогтонги болсон. Улаанбаатар хотын хэмжээнд ч гайгүй байна. 400 хүн ирж байсныг бодвол одоо манай Яаралтай тусламжийн тасгаар мэдээлэгдэж байгаа хүмүүсийн тоо 200 болсон. Тэдний 150 орчим нь улаанбурханы сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдэн эмнэлгийн тусламж авч байгаа. 30-40 нь эмнэлэгт хэвтэж байна. 90-100 орчмыг нь улаанбурханы хөнгөн хэлбэр гэж үзээд зөвлөгөө өгөөд явуулсан. Харин үлдсэн хүмүүсийн онош нь үгүйсгэгдээд буцаад явж байна. Үүнээс улбаатайгаар хүмүүс маань хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт шууд ирэх биш Өрхийн эмнэлэгтээ эхэлж хандах хэрэгтэй байгаа юм.

-ХӨСҮТ өөрөө хамгийн гол халдвартай газар гэдгийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг?
-Энэ өвчин өөрөө амьсгалын замын агаар дуслын халдвараар тархдаг. Мөн халдварлалт өндөртэй өвчний тоонд ордог. Өөрөөр хэлбэл, 99-100 хувийн халдварлалт өндөртэй өвчин. Нэг халдвартай хүнтэй яриад гарахад ирж уулзсан хүмүүс нь 14 хоногийн дараа нууц үе нь өнгөрөхөд бүгд өвдөх жишээний. Энэ жишгээр халдварлалтын индекс нь маш өндөр юм. Тиймээс манай төвд хандаад онош нь улаанбурхан биш болох нь тогтоогдоод буцсан хүмүүс тодорхой хэмжээгээр халдвар авч буйг үгүйсгэхгүй. Тийм учраас л иргэд маань мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй. Сошиал ертөнцөөр хүмүүс буруу зөв мэдээлэл их авдаг болж. Тэгээд шууд хүрээд ирдэг нь өрөөсгөл ойлголт юм шүү гэдгийг хэлмээр байна.

-Тэгэхээр тухайн хүмүүс өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой юм бэ?
-Хамгийн гол хамгаалалт бол вакцинжуулалт. Мөн дархлаа, биеийн эсэргүүцэл сайн байх хэрэгтэй юм. Үүний тулд яах вэ гэхээр нэгдүгээрт товлолын вакцинжуулалтад хүүхдүүдээ бүрэн хамруулах шаардлагатай. Өвдөөд ирсэн бүх хүнээс бид Халдвар судлалын асуумж авдаг. Ингэхэд ихэвчлэн вакциныхаа нэг тунг авсан эсвэл огт хийлгээгүй байсан. Тэгэхээр вакцины насны хүмүүсийн өвдөж байгаа гол хүчин зүйл нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаагүйгээс улбаатай. Дийлэнх өвдсөн хүмүүсийн дундаж нас нь 18-30 байгаа юм. Манайх гуравдугаар сарын дундуур Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргуулж 18-30 насны 620 гаруй мянган иргэнийг хамгаалахаар вакцин захисан.

-Вакцин өнөөдөр /өчиг­дөр/ ирнэ гэсэн байх аа. Хэзээ­нээс хийж эхлэх бол?
-624 мянган хүний тун вакцинаа өнөөдөр  /өчигдөр/ авахаар захиалсан. НҮБ-ын Хүүхдийн сангийнхан манай захиалгыг албан ёсоор ирүүлсэн. Хүлээж авсан вакцинаа маргаашаас эхлээд аймгууд руугаа хуваарилна. Аймгууд сумдууддаа өгнө. Тэгэхээр мэдээж тодорхой хугацааг зарцуулах байх.

-18-30 насныхнаас гадна бусад нь сайн дураараа хийлгэж болно гэсэн байх аа?
-Сайн дураараа ирсэн хүмүүст хийнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн салбарын ажлыг ойлгож мэдээллийг сайн түгээж өгч байгаа учир хүмүүс сайн дураараа ирж вакцинаа хийлгэж байна. Мөн манайх голомттой газруудад хийсэн. Тухайлбал, тодорхой хэмжээний массыг агуулж байдаг хүүхдийн байгууллага, их дээд сургуулиудын оюутнуудад оны өмнөөс хийж эхэлсэн. Голомтын тархвар судлалын заалтаар хийгдэх вакциныг үнэ төлбөргүйгээр хийдэг бол сайн дурын дархлаажуулалт нь үнэтэй байдаг юм.

-Гадуур вакцин тасарчихсан. Ийм учраас 624 мянган хүн тун вакциныг захиалсан гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөөч?
-Энэ бол ташаа мэдээлэл. Төрөл болгонд хийж байгаа вакцинжуулалтын захиалга тус бүртээ оны өмнө хийгддэг. Нэмэлт дархлаажуулалтаас бусад бүх вакцины захиалгаа оны өмнө өгөөд хүлээгээд авчихдаг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, дараа онд хэрэглэх вакцинаа өмнөх онд нь авдаг юм. Ингэхдээ 20 хувийн нөөцтэй авдаг. Тэгэхээр товлолын вакцинжуулалт, нөхөн дархлаажуулалтын вакцин тасраагүй. 21 аймагт хэвийн үргэлжлэн хийгдэж байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Шаардлагатай аппа­рат­­ны хүрэлцээ хангалттай байж чадаж байна уу. Хүмүүс дор бүрнээ хандив цуглуулж чадах ядахаараа тусалж байгаа?
-Иргэний хариуцлагаа ухамсарлаж буй аж, ахуйн нэгж, хүмүүс хандив өгч байгаа. Тэдний өгч буй хандивын талаар ХӨСҮТ-ийн вэбсайтад байршуулж мэдээлж байна. Мөн таны өгсөн аппаратыг аль тасагт өгсөн бэ, ямар хүн хэрэглэж байгаа вэ гэх мэдээллийг нь өгөөд явж байгаа. Амьсгалын хүчилтөрөгчийн аппарат, зохиомол амьсгалын аппарат, утлагын аппарат нь бүгд өөр үйлдэлтэй, өөр заалтаар хийгддэг юм. Зохиомол амьсгалын аппарат гэхэд 45 сая төгрөгийн үнэтэй байдаг. Улсын төсвөөс 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авалтаар өгөхөөр зөвшөөрсөн. Тэр дотор зохиомол амьсгалын аппарат багтсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээн дээр өвчин нь хүндэрсэн хүүхдүүд ирж байгаа. Хүндэрч буй учраас бусад эмнэлгээс амьсгалын аппарат гурвыг аваад түр хэрэглэж байна. Ингэснээр долоон аппараттай болсон. Гэхдээ яг өнөөдөр бол дээрх долоон аппаратад орж байгаа хүүхэд байхгүй. Эмч нар үзээд ямар заалт байгааг хараад тухайн хүүхдэд эрхтэн тогтолцооны бүх зүйлийг нь харж байгаад энэ аппаратад оруулдаг юм. Утлагын болон хүчилтөрөгчийн аппаратыг хэрэглэж буй өвчтөнүүд бол бий.

-Эм тарианы хүрэлцээ­ний хувьд юу хэлэх вэ?
-Ямар ч гэсэн хүргээд л байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргаж долоон нэр төрлийн эм, бэлдмэл авч өгсөн шүү дээ. Мөн хэрэгцээтэй эмнүүдийг хувь хүмүүс, компаниуд хандивласан байна билээ. Тэрийг нь эмийн хэлтэс дээр бүртгээд хэрэгцээтэй хүүхдүүдэд нь өгч байгаа.

-Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтдог гэсэн. Ер нь, дэгдэлтийн төгсгөл үе их хүнд байдаг гэдэг. Үүнийг даван гарахын тулд яах ёстой вэ?
-Ирсэн вакцинаа хүмүүст хийх нь мэдээж. Хамгийн гол нь эндэгдэлгүй байлгахын төлөө хүүхдүүдийн амь насыг аврах зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээндээ л анхаарна. Яагаад гэвэл гол хариу арга хэмжээ маань л вакцинжуулалт шүү дээ. Иргэдэд хэр хэмжээгээрээ энэ талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хүргэж байна. Тэгэхээр хүндрэлээс нь сэргийлэх, тусламж үйлчилгээний хариу арга хэмжээ рүү чиглэгдэж үйл ажиллагаа маань явагдана.

-Өнгөрсөн сард хэчнээн хүү­хэд эндсэн талаарх мэ­дээ­лэл нэгтгэгдэж гарсан уу?
-Аймгууд мэдээллээ цуг­луу­­лаад ирүүлсний да­раа тодорхой болно. Эмгэг анатомын задлангийн шинжил­­гээ, эдийн шинжилгээ­нүүд хийж, эмчлэгч эмч нарын зөв­лөлгөөнөөр баталгаажсаны дараа улаанбурханаар эндсэн хүүхдүүдийн тоо албан ёсоор гарна. Тэрнээс одоогоор тэдэн хүүхэд эндсэн гэж мэдээлэх боломжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан