Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганпүрэв: Язгуур урлаг бол бидний сэтгэл доторхи галыг дүрэлзүүлж байдаг эд

Б.ЦЭДЭВСҮРЭН

Түүнийг тодорхойлоход их хэцүү. Гадна байдлаас нь харахад дүнсгэр талдаа. Үг солиод эхлэхэд хийж буй ажлаа мэддэг нэгэн. Ялангуяа түүний судалгааны ажлууд болох Алтай ятга, аху ятга, тойром бүжиг гээд яриа дэлгэвэл дуртай нь аргагүй нүд нь сэргээд л ярьж өгнө. Нийгмийн байдал ороо бусгаа хүн бүхэн гахай чирээд одсон цаг үед хөгжмөө үүрээд хоцорсон түүгээр бахархах сэтгэл төрөхгүй байхын аргагүй. Ороо бусгаа цаг үед “улаан гараараа” гэдэг шиг ёстой л бор зүрхээрээ үндэсний урлагаа сурталчлаад явсан түүн дээр төрийн хараа даанч тусахгүй байх шиг...


“Алтай” хамтлагаар дамжуулан мартагдсан гурван өвийг танилцуулахаар зүтгэж байна

-Тантай уулзахаас өм­нө жаахан судалсан юм. Монголын хөгжмийн зо­хиолч­дын холбооны гүйцэт­­гэх захирал, Монго­лын Угсаатны Хөгжмийн Тов­чооны тэргүүн, хөгж­мийн зохиолч, соёл урлаг судлаачаас гадна “Эгшиг­лэн”, “Уянга”, “Бөр­тэ” хамтлагийг үүсгэн байгуулагч юм байна. Яг одоо судалж байгаа аж­лууд болон уран бүтээлийн шагнал зэргийг тань дурдвал сонины маань нэг нүүр хүрэлцэхгүй нь бололтой. Энэ олон ажлыг хэрхэн амжуулж байна вэ?
-Хийж байгаа ажлууд маань нэг нь нөгөөтэйгөө холбоотой, салбарлаж байна л даа. Миний мэргэжил бол конторбасс. Сонгодог хөгжим. Тийм учраас Хөгжим бүжгийн сургуульд хэрэгжүүлж буй жазз хөгжмийн төсөл дээр гар бие оролцох жишээний. Одоогоор ачаалал их учраас чөлөөлөгдсөн. Ирэх хичээлийн жилээс үргэлжлэн ажиллана. Бакалаврын зэрэгтэй салбар сургууль байгуулах зорилготой юм. Жилдээ дэлхийд алдартай 40 гаруй багшийг авч ажиллуулдаг.
Мөн би Хөгжим бүжгийн сургуулийн анхны их хуурийн ангийг төгссөн. Их хуурыг 1956 онд хийснээс хойш голдуу уран сайхны, хувь хүний сэтгэлгээгээр хөгжүүлж ирсэн. 1988 оноос албан ёсны мэргэжлийн зэмсэг болж Хөгжим бүжгийн сургуульд энэ чиглэлээр хөгжимчид бэлтгэж эхэлсэн. Анхны төгсөгч нь болж байлаа. Түүнээс хойш 25 жил өнгөрчээ. Их хуур маань намайг язгуур тал руу хөгжүүлсэн бол конторбасс сонгодог тал руугаа хөгжүүлсэн. 1996 оноос хойш хөгжим зохиосон байна. Германд байхдаа “Бөртэ” хамтлагийнхаа бүх л уран бүтээлийг зохиож найруулж байлаа. Манай “Бөртэ” хамтлаг киноны хөгжмөөр олон улсад нэрд гарсан гэж хэлж болно.

-Миний санахаар “Ингэн тэмээний нулимс” киноны хөгжим танайх байх аа?
-Миний найруулгыг үүн дээр нэлээд түлхүү ашигласан. “Шар нохойн там” киноны хөгжмөөр АНУ-ын Хемптоны 13 дугаар их наадмаас Азиас анх удаа шилдэг киноны хөгжмийн шагнал авч байсан. 2005 ондоо би Германы Пянз үйлдвэрлэгчдийн холбооны оны шагналыг нь авсан. Ерөн­хийдөө зохиомж тал руу их явсан даа. Тиймээс Хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирлын ажлыг хийх боломжтой болж байгаа юм. Нөгөө талаар Германд хувийн соёл урлагийн менежментийн ажил хийж байсан нь миний ажилд нөлөөлдөг.

-“Алтай” хамтлагийг гар­дан байгуулж, уран бү­тээ­лээр хангаж ёстой л тө­рүү­лээд эрүүл саруул сайн хүн болгож өсгөхөөр ажил­лаж байна. Энэ сарын 22-нд тайлангаа тавих нь дээ...
-Сүүлийн үед язгуур урлаг хөгжихийн хэрээр гадаадын зах зээл рүү гаръя гэж байгаа энэ үед бууриа сахиад үлдэх хүн алга. Ингээд бүгд шуурга шиг яваад өгөхөөр бидний хөгжил хаана хүрэх юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс өв уламжлагчдыг цуглуулаад “Алтай” хамтлагийг байгуулсан. Анх “Монгол өв соёл” гэсэн нүсэр нэртэй 20 настнууд байсан. Тэдэнтэй 2011 оны арваннэгдүгээр сарын 11 ний өдөр анх уулзаад хамтлагийн нэрийг нь өөрчлөөд, уран бүтээлийн бодлогыг нь тодорхойлоод ажилласан.  
Эднээр дамжуулаад мартагдсан гурван өвийг танилцуулна гэж зүтгэж байгаа юм. Эхнийх нь Алтайн ятга. 1400 жилийн өмнөх олдвор 2008 оны Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хадны булшнаас олдсон. 2009 онд Герман улсад судлагдаад энэ бол нүүдэлчдийн зэмсэг байна. 7-8 дугаар зуунд хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эртний хөгжмийн зэмсэг Монголд байтугай дэлхийд олдож байгаагүй. Түүн дээрх эртний руни бичиг болон сүг зураг зэрэг нь үнэхээр гайхалтай. Энэ ятгыг дахин нутагшуулж гаргаж ирж байна.
Мөн Аху их ятга байна. Эртний нүүдэлчдийн, ялангуяа хааны их өргөөнд эгшиглэдэг энэ ятгыг хааны зарилгаар ард түмэн тоглохыг хориглосон байсан учраас уламжлал тасарсан гэж үздэг. Өнөөдөр ятгын орон зайг хятад болон солонгос ятга нөхөөд түүнийгээ бид үндэсний ятга гэж үзээд хөгжүүлээд явж байна. Тиймээс үндэсний биш харийн соёлыг шахаж гаргах үүднээс 2011 оноос эхэлж Аху их ятгыг судалсан. Өнөөдөр Алтайн ятга, Аху их ятга хоёр маань дахин сэрээд, хөгжиж байна.
Гурав дахь өв соёл бол тойром бүжиг, галын бүжиг. Өмнө нь монголчууд саглагар модны соёл гэж ярьдаг байсан. Олон үндэстэн, угсаатнууд өөр өөрийн гэсэн жижиг тойром бүжигтэй байсан. Харин их хааны зарилгаар тойром бүжгийг цэнгүүлэхэд нэгэн том тойром болж бүждэг байсан ч одоо байхгүй. Нийгмийн аль ч давхаргын хэн ч байсан ялгагдахгүй хамтдаа бүждэг энэ соёл одоо байх ёстой. Монголчуудыг эв нэгдэлтэй, хамтын байлгадаг соёлууд олон зууны турш устгагдаж ирсэн. Үүнээс гарах гэж зүтгэж байна. 2014 оны зургадугаар сард бид Сахад Олонхой гэж наадамд оролцсон. Сахад тойром бүжиг байдаг. Энэ бүжгэн дээр буриад зоны ёохор, баруун монголын хантарган, еэвэн хүрээ, өвөрмонголын андай гээд бүжгүүд үлдсэн байна. Гэтэл гол цөм болсон Монгол Улсад маань тойром бүжиг үгүй болчихсон. Бид өөрсдөө гээсэн юм биш. Харийн соёл орж ирснээр гээгдсэн хэрэг. Миний хувьд тойром бүжгийн хөгжмийг бичээд “Алтай” хамтлагийнхаа тоглолтон дээр үзүүлэхээр бэлдэж байна.
 

Эхнэрээ монгол ятгатай болгоё гэж бодсон

-Алтайн ятга олдсон түүх нь их сонин. Харин та алтайн ятгын судалгаа руу яаж яваад орчихсон юм бэ?
-Чиний зөв. Алтай ятгын олдсон түүх их сонин. Зүгээр нэг архелогичид олоод гаргаад ирсэн юм биш. Өнөөдөр Мон­голд цогц үйл ажиллагаа байдаггүй. Урлагийнхан урлагаа, соёлынхон соёлоо­роо байдаг. Гэтэл энэ бүхэн нэгэн цогц урлаг мөн гэдгийг Алтайн ятга илтгэдэг. ШУА-ийн эрдэмтэд, угсаатны зүйн багш, уламжлал талаасаа ч тэр олон багш нар надад зөвлөгөө өгч байна. 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хадны булшнаас Тахиа овогт Намсрайн Дандар гэж хүн Алтайн ятгыг олсон байдаг. Харин Дандар гэж хүний хүүхдүүдийн түүхийн багш Археологийн хүрээлэнд хэл хүргэсэн байдаг. Эрдэмтэн судлаачид очиж гаргаж аваад Герман явуулсан. Намайг Алтайн ятгын судалгаанд орохоос өмнө Турк болон Казахстаны эрдэмтэн судалж байсан. Алтайн ятгыг домбор, икел, товшуур, Туркийн салс гэж хөгжмийн зэмсгийн өвөг эцэг гээд судалж байсан. Миний хувьд бол эдгээрийн аль аль нь биш гэж боддог. Тухайн үед Казахстаны эрдэмтэн судлаад судалгаагаа олон нийтэд танилцуулчихсан, Туркийн эрдэмтэн бүр АНУ-ын Индианагийн их сургуульд илтгэл тавьчихсан байсан. Гэтэл Монгол Улсын газар нутгаас олдсон зэмсгийг манай эрх бүхий байгууллагууд анхаарахгүй орхичихсон байсан цаг үе таарсан. Миний хувьд эртний өв соёлоо бусад оронд алдахаас өмнө судалж газар нутаг дээрээ авч үлдэх нь чухал гэж үзсэн учраас судалгааны ажилдаа яаравчлан орсон. Уг нь эрдэмтэд судалгаа хийхдээ төсөл бичдэг. Надад тэгж суух зав байгаагүй. Зүгээр энэ ятгыг судалж, эгшиглүүлэх нь чухал гээд ганц биеэрээ л дайраад орчихсон. 2011-2014 он хүртэл судалгаа явагдсан. Их олдвор дээр судалгаануудаа нарийвчлан хийгээд 2013 оны намар Германд их олдвороо очиж үзээд намар нь бүх нүх, сүв, сорив байх ёстой болгоныг нь зураад урлаа­чид өгч хийлгэсэн. 2013 онд Алтайн их ятгын анхны утас татагдсан. 2014 оны дөрөв­дүгээр сарын 9-нд 13 хадны булшны үзэсгэлэн гарахад нь алтайн ятгаа олонд танил­цуулсан. Тавдугаар сарын 16-нд Алтайн ятгаа дур­­суулах их ёслол хийгээд, Алтайн ятганд зориулан 60 хүний найруулал дуутай, симфони найрал хөгжимтэй хүн­­дэтгэлийн дуу хүртэл эзэнд нь зориулж бүтээгээд олон улсад танилцуулаад явж байна даа.

-Их олдвор болох Алтайн ятга өөрийн гэсэн эзэнтэй гэж байгаа...
-Тэр ятган дээрх эртний руни бичгийг МУИС-ийн Түрэг судлалын тэнхмийн эрхлэгч Баттулга доктор тайлж уншаад “Газар тэнгэрийг аялгуулан дуулагч, аялагч хүү Чүрэ” гэж орчуулсан. Энэ хөгжмийн эзний нэр Чүрэ юм байна гэсэн гаргалгаа гарсан л даа. Нүүдэлчдэд маш тохирсон тууль хайлдаг хөгжим.

-Алтайн ятгаа ярихаар буцаад л нөгөө “Алтай” хамтлагаа ярих болно. Та судалгаагаа эхлэхдээ л тэднийг хожмын үйлсэд зориулан бэлдэж эхэлжээ?
-Алтайн ятга бол эртний хөгжим. Түүнийг мэргэжлийн хэмжээнд нутагшуулбал ард түмэнд хүрэхгүй л болов уу. Мэргэжлийн урлаг бол тайзных. Гэтэл нүүдэлчид гэрийн урлаг буюу дугуй соёлтой. Дотоод мэдрэмжтэй холбоотой соёл. Тэгэхээр язгуур урлагийг бид тайз руу гаргаснаараа л язгуур урлагаасаа холдчихсон үе бий. 2000 оны үед язгуур урлагийг хэн ч тоодоггүй л байсан. Тэгэхээр Алтайн ятгыг тайзан дээр мэргэжлийн хүн тоглож байвал тэр бидний соёл гэж харагдахгүй. Тийм учраас өв уламжлагч хүмүүсээр дам­жуулаад тухайн үед нь байж болохуйц өнгө тонноор дугаргавал хүмүүст илүү хүрнэ гэж үзсэн.

-“Алтай” хамтлаг тог­лолт дээрээ Алтайн ятгаар тоглоно. Алтайн ятгыг янз бүрээр хийсэн байна билээ. Бүгдэнгээр нь тоглох уу?
-Анх бид Алтайн ятгыг таван утастай хийсэн. Монголчууд тавцын хөг гэж ярьдаг. Пентатоник гээд энэ хөгийг бүтэн дугаргахын тулд зургаан утастай болгочихсон юм л даа. Тоглож наадахад илүү ойлгомжтой болж байгаа юм. Гэсэн ч энэ нь чавхдас нь хязгаарлагдмал том бүтээл тоглоход учир дутагдалтай, зөвхөн тууль магтаал хайлахад л боломжийн байсан учраас сүүлд 13 утастай Алтайн их ятгыг “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн захирал Байгальжав хийсэн. Одоогоор ийм л гурван төрөл байна. “Алтай” хамтлаг эдгээрээр тоглоно.
Аху их ятга Монголд заавал байх ёстой. Сургалтын хэмжээнд ч тэр монгол хөгжмөөрөө тоглосноор Монголын үндэсний хөгжим юмаа гэж хэлж болно. Үгүй бол хятад ятгаараа тоглосоор л байна. Айлын өргөмөл хүүхэд шиг. Тиймээс цаад суурийг нь өөрчлөх ёстой болж байна. Аху их ятгыг Архангай аймгийн нэрт урлаач Дэмчиггарав ахтай хамтарч ажиллаж бүтээлгэсэн. Энэ зэмсгийн талаар Ж.Бадраа агсан тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний “Монгол хөгжмийн түүх” номон дээр “Юань улсын үед Аху их ятга долоон тохой, янхор 25 чавхдастай байжээ. Урьд нь 50 чавхдастай байсан байна” гэж бичсэн байдаг. Энэ удаагийн бидний хийсэн Аху их ятга долоон тохой урт, эртний хэв загварыг шингээсэн. Мөнх-Эрдэнэ энэ ятгаар тоглохоор их гоё харагддаг. Монголыг дэл­­­­­­­­­­­­­­­хийд төлөөлж буй хөг­жимчид харийн хөгжмөөр соёлоо сурталчилж байгаа нь байж болохгүй зүйл. Хэрвээ Мон­голдоо л сайн хөгжимчин гэж байгаа бол монгол хөгж­мөө­рөө л тоглох ёстой. Ятга Мон­голд 55 жил хөгжиж байна.

-Үндэсний их найрал нь хүртэл хятад ятга тоглоод байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй?
 -Чи бод доо. Сүүлийн 500 жил урд зүгийн соёл манайд орж ирсэн. Чиний аавын аавын аавын аавын аав тэрийг мэдэж болно. Аавын аавын аавын аав чинь бага зэрэг мэдэж болно. Харин аавын аавын аав чинь мэдэхгүй л байхгүй юу. Энэ талаас судалгаа ч хийгдэж байгаагүй учраас чи болон чиний хүүхэд энийг анзаарахгүй байх нь аргагүй. Маш олон харийн соёлыг монголчлоод аваад үлдчихсэн учраас монгол л харагдаад байгаа юм. Өргөж авсан хүүхэд өөрийнх юм шиг харагддаг шиг л. Үндэсний их найрал хөгжимд ийм соёл байна уу гэвэл байгаа. Ятга хятад, солонгосоос орж ирдэг. Ёочин байна. 10 дугаар зууны үед Персээс орж ирээд Хятадын хойд хэсгээр нутагшсан хөгжим байхгүй юу. Шанз яалтчгүй хятад. Хуучир ч мөн адил. Бид эдгээр хөгжмийг үйлдвэрлэдэггүй. Хятадаас худалдаж авдаг. Тэгэхээр бидний өв соёл мөн үү. Үндэсний аюулгүй байдлыг хадгалж байдаг газар нь хүртэл харийн хөгжмөөр хөгжимдөж байна. Би нэг тодорхой жишээ ярьдаг юм. Элбэгдорж Ерөнхийлөгч дээр хэлсэн дөрвөн хөгжим дээр морин хуур, лимбээ нэмээд үндэсний цөөхүүл аваад олон улсын арга хэмжээнд явъя гэж бод. Хятадын дарга нь тэр арга хэмжээн дээр энэ дөрвөн хөгжим дээр пипагаа нэмээд хүрээд ирэх юм бол энэ зэмсэг дээр том маргаан гарна. Хятадын соёл Монголд нөлөөлөөд байна уу, Монголын соёл Хятадад нөлөөлөөд байна уу. Элбэгдорж Ерөнхийлөгч бол миний Монголынх гэж ярина л даа. Гэтэл зургаан хөгжмөөс дөрвийг нь Хятадаас худалдаж аваад үндэсний хэмжээнд хөгжүүлээд байгааг тэр хүн мэдэхгүй л байхгүй юу. Тэгэхээр бид улс орноо улс төр, эдийн засгийн талаас нь хэчнээн яриад нэмэргүй. Соёлын талыг мартаж болохгүй. Соёлоо танихгүй бол хэн ч болж өөрчлөгдөх бүрэн боломжтой гэсэн үг.

-Тухайлбал, Мөнх-Эрдэнэ эгч гэхэд л дэлхийд монгол соёлыг сурталчилж байгаа мөртлөө хятад ятгаар тоглоод нүдэнд дасчихсан. Түүнийг Аху их ятгаар тоглуулаад, энэ нь монгол ятга шүү гэдгийг мэдрүүлэхэд мөн ч их хугацаа орох байх даа?
-Язгуур урлаг бол бидний сэтгэл доторхи галыг дүрэлзүүлж байдаг эд. Монголчууд тэрийг хараад маш их баярлана. Харагдахаасаа эхлээд л яалт ч байхгүй монгол ятга. Хэрвээ чи яг одоо Аху ятгыг тоглож байгааг сонсвол чамд энергийн түвшинд ямар нэг юм очно. Тэр юу вэ гэхээр эртний өвөг дээдсийн чинь мэдрэмж сэргэж байна гэсэн үг. Бид өмнө нь Алтайн ятгын талаар залуучуудад лекц уншаад, тоглож өгч байсан. Соёлын шоконд ордог байхгүй юу. Ихэнхи нь л уйлмаар санагдаж байна гэдэг. Нэг л юм базагдаад байна гэдэг. Тэр өнгө, тэр дүрслэл чинь бидний мэддэг юм байхгүй юу. Хэчнээн мянган жил болсон ч бид түүнийгээ таньж байна гэсэн үг. Аху ятгын хэлбэр загвар өөр хаана ч байхгүй. Цорын ганц монгол загвар. Олон түүхийн сурвалж дотор зураг нь байдаг. Тухайн цаг үед хамаарах хувцас өмсөөд тоглох юм бол яг л тэнгэрээс буугаад ирсэн юм шиг харагддаг. Мөнх-Эрдэний Аху их ятгаар тоглосон бичлэг youtube-д байгаа. Хэрвээ залуучууд тэрийг үзэх юм бол омогшоод, өөрөө өөрийгөө таниад ирнэ. Бид өнгөрсөн үеэ таньж байж л хүн болно. Өнөөдөр бүтээгдэхүүн болчихсон байна. Үйлдвэрлэгдчихсэн.

-Та яагаад заавал ятгатай холбогдох болов. Мэр­­гэжил нь өөр. Эхнэр нь ятгачин болохоор энэ асуудал руу гулсаад орчих­сон уу?
-Дээр хэлсэн. Эхнэр яагаад Монголдоо нэр төртэй хөгжимчин мөртлөө хятад ятгыг олон улсад танилцуулаад яваад байна вэ гэдэг харамсалтай санагдсан. Тиймээс эхнэрээ нэгдүгээрт- монгол ятгатай болгоё гэж бодсон. Хоёрдугаарт эх сурвалж дээр 10 гаруй төрлийн монгол ятга байдаг. Төрийн их ятга, дэслэгт ятга, аху ятга, нумлиг ятга, өлзийт ятга, бар ятга, хун ятга, конху ятга гээд явж өгнө. Гэтэл эдгээр ятга өнөөдөр хаана байна. Хаана ч алга. Нэгэнт л хөгжим нь байна, хөгжимдөх урлаг нь байгаа юм чинь зэмсэгээ гаргах шаардлагатай болж байна. Тийм учраас л ийшээ яваад байгаа юм.

Зэрлэгшсэн нийгэмд бид соёлоо тээгээд л явж байсан

-Хувь хүн талаас тань ярилцъя. Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд яагаад гадаадыг зорих болсон юм бэ?
-1993 оны үед тухайн нийгэм нь өөрөө хэцүү байсан. Мэргэжлийн урлагийн бүх байгууллага хаалгаа барьсан. Бидний хамгийн хайртай, хүндэлж явдаг багш, доктор, профессорууд хүртэл ганзагын наймаа хийдэг болсон. Тэр үед Ломносовыг төгссөн том эрдэмтнүүдийн нэг Батжаргал багш хүртэл ганзага үүрээд оймс зараад явах жишээний. Картын бараанд орчихсон тэр амьдрал бол бүхнийг орвонгоор нь эргүүлсэн. Тэр үед бид үндэсний хөгжмөө аваад Германд очиж ардын урлагийн наадамд оролцоод тухайн улсаас гадна 12 улсаар аялан тоглолт хийж, гарцаа нээсэн. Түүнээс хойш 2009 он хүртэл гадаадад ажиллаж амьдарсан.

-Анх “Эгшиглэн” хамтлагтай явсан байх аа?
-1993 онд “Эгшиглэн” хамтлагтай явсан. Нэг анги төгссөн морин хуурын дөрвөл байсан. Харин 1996 оноос “Бөртэ” хамтлагийн үүсэл тавигдсан. “Эгшиглэн” хамтлагаас ч өмнө 1991 онд “Морин эрдэнэ” гэж чуулга байгуулагдсан. Яг л тэр оны төгсөлтийнхөн нийлээд байгуулсан. Анхны бие даасан чуулга болж байлаа. Тэгэхэд Морин хуурын чуулга байгуулагдсан. Уг нь бүрэлдэхүүн, уран бүтээл гээд жигдэрчихсэн чуулга байсан ч эдийн засгийн асуудлаа дааж чадаагүй. Хүмүүсээ цалинжуулж чадаагүй. Асралт хаанд бүтэн зуны турш мах ч идэхгүй айраг уугаад цалингүйгээр тоглолтоо хийгээд хотруу ирээд чуулга маань тарсан. Тоглолт хийгээд ч нэмэргүй үе байсан юм. Бид 1992 оны намар баруун аймгаар, Тувад тоглолт хийж байсан. Тэр үеийн нийгмийн байдлыг би үргэлж соёл урлагтай холбож боддог. 1993 онд Герман яваад ирж байхад галт тэргэн доторхи архидалт үгээр хэлэхийн аргагүй байлаа. Хүний амь юу ч биш болчихсон. Цус нөж хаалган доогуур урсаж орж ирээд л. Ерөнхийдөө нийгмийн хандлага зэрлэгшиж байсан. Тийм л үед бид нар соёлоо тээгээд явж байсан.

-Бүх хүн гахай үүрээд явчихсан үед та бүхэн хөгжмөө үүрээд үлдсэн нь магадгүй өнөөдрийн бидэнд боломжийг бий болгож өгсөн байх?
-Бид  тэр үед тэгж явснаар өнөөдөр Европт Монголын тухай ярьдаг болж. Биднийг анх очиж байхад газрын зурган дээр Монголыг олдог­­гүй байсан. Тэд буруу мэдээлэлтэй байсан. Бид Италид тоглоход сүмийн пас­тер газрын зурган дээрээс Монголыг хайгаад олохгүй зур­гаа барьсаар ирээд “Та нар хаанаас ирсэн юм бэ. Хятадын Монгол юм уу, Оросын Мон­гол юм уу” гэж асууж байсан.
Мөн эдийн засгийн хямралтай тэр үед гадаад дахь Элчин сайдын яамнуудад хөрөнгө мөнгө бага ногддог байсан учраас бид наашаа ирэн иртлээ 16 жил Элчин сайдын яамнаас зохион байгуулсан соёлын бүх арга хэмжээнд үнэгүй тоглодог байсан. Ямар сайндаа биднийг “Та нар бол жинхэнэ ардын дипломатчид” гэж хэлж байхав дээ. Элчин сайдын яам бидний замын зардлын мөнгийг ч төлж чадахгүй үед бид өөрсдийн мөнгөөр хаана л бол хаана очоод тоглоод өгдөг байсан. Энэ бидний гавьяа. Гэтэл хоёр жилийн өмнө эртний таван хамтлагийн ахлагч нарыг Алтан гадас одонгоор шагнаж байхад би бодсон. Энэ хүүхдүүд чинь бидний шавийн шавь болчихоор. Гэтэл улс орны хэцүү цаг үед Ардын дипломатчдын үүргийг гүйцэтгээд  хамаг юмаа өгч байсан залуучуудад юу ч алга гэж. Биднийг улс оронд маань таниулах суваг алга. Уг нь бид чинь улс орноо гадаадад сурталчлаад яваад байдаг. Ардын урлагаа эртнээс дэмжээд явсан бол сууриараа хөгжих боломж байсан.

-Магадгүй тэр үед дэмжлэг байсан бол та бүхэн гадаад явахгүй байсан ч байж болох...
-Үгүй ээ. Харин ч өнөөдрийнхөөс илүү юм хийх боломжтой байсан. Өнөөдөр зохиогчийн эрхийн асуудал Монголд шийдэгдээгүй байна. Би 2000 оноос эхлээд Германы оюуны өмчийн байгууллагад А зэрэглэлийн гишүүн. Одоо ч холбоотой. Олон улсад бидний бүтээл эгшиглэж байхад бид зохих хэмжээний төлбөр мөнгөө авч л байдаг. Хэрэв бидэнтэй холбоотой байсан бол үүн шиг хөгжих боломж байсан. Соёлын байгууллагыг мэдэхгүй хүмүүс удирдаад, орж гараад байсан болохоор зөв зүй тогтлоор хөгжөөгүй. МУСКАП гээд байна л даа. Бидэнтэй холбоотой ажилладаг. Гэсэн ч ажил хэрэг нь үнэхээр хоцрогдолтой.

Монголын хөгжмийн зохиолчдын түүхийг 1990 оноос хойш уншвал нүднээс нулимс гарна

-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүй­цэтгэх захирлаар ажиллах болсон. Энэ холбоог хүмүүс ярьдаг л юм. Удирдаж, ажил хийхэд үнэхээр хэцүү гээд...
-Энэ холбоо нь нийгэмд байх ёстой хамгийн чухал холбоо. Хэрвээ манай холбоо байгаагүй бол Монгол Улс урлаг соёлоороо дэлхийд энэ хэмжээнд ирж чадахгүй байсан. Энэ холбоо 1957 онд байгуулагдсанаараа сонгодог урлагийн бүх бүтээлийг Монголын уран бүтээлчид зохиодог болсон. Олон улсын хэмжээнд харилцдаг болсон. Ард түмнээ соён гэгээрүүлдэг болсон. Монголчууд театрт гоё хувцастай очдог болсон, денсс эргэдэг болсон. Дуурийн дуучдаараа жишээ татахад л өнөөдөр дэлхийн хэмжээний том наадмуудад дуучдаараа жагсчихсан байж байна. Энэ чинь энэ цаг үеийн биш тэр үеийн залгамж халаа. Энэ бүхний суурийг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо тавьсан. Гэтэл одоо төрийн бус байгууллагын хэмжээнд явж байна. Анх байгуулагдаж байхдаа 21 аймагт салбар зөвлөлтэй, уран бүтээлийн нэгдэлтэй, радио, телевизийн хөгжмийн бүх бодлогыг гаргадаг, өнөөдрийн мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагуудыг харьяалдаг тийм л байгууллага байлаа. Өнөөгийн Филармони, УДБЭТ, ҮДБЭЧ бүгд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэргэдэх гэж хэлэгддэг байсан. Тэр Дорнодын чуулга нэг хуучрыг хийлээр солих асуудлыг Хөгжмийн зохиолчдын эвлэл шийддэг байсан. Гэтэл 1988 оноос хойш энэ байгууллагыг хувьд гаргачихсан. Ингэснээр өөрийн гэсэн байр, нотны хэвлэх үйлдвэр, концертны заал, архивтай байгууллагыг ямар ч байргүй болчихсон. Өнөөдөр энэ холбоо өнгөрсөн цаг үеийн мундаг хөгжмийн зохиолчдын хэрэгжүүлсэн бодлого дээр л тогтож байна. Улсаас бол төсөв мөнгө гэж юу ч өгдөггүй. Эд нарын түүхийг 1990 оноос хойш унших юм бол нүднээс нулимс гарна. Нэг нэгээрээ төгөлдөр хуураа хүртэл түрээслэж хэдэн төгрөг олж холбоогоо чирч явсаар сүүлдээ өрөнд ороод СТӨ-ний таван давхрыг эзэгнэдэг байсан бол түүнээсээ хөөгдөж гарсан. Энэ олон хөгжмийн зохиолчид архинд орж, бурхан болж байгаа нь холбооны дотоод үйл ажиллагаа улс орны бодлоготой уялдаагүйтэй холбоотой. Маш олон Төрийн соёрхолтууд гомдолтойгоор хорвоог орхисон. Манай холбоотой яг л төрийн бус байгууллага шиг харьцдаг. Ийм байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллана гэдэг бол хүндрэлтэй. Өнгөрсөн есдүгээр сараас эхлээд гаргах ёстой зардлыг нь өөрийн халааснаас гаргаад явж байна. Энэ дээр менежмент гэж ярих байх л даа. Гэтэл манай байгууллагын зорилго тоглолт зохион байгуулж ашиг олох биш учраас улсаас дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай. Гэтэл манай байгууллага компаниудаас гуйлга гуйгаад нэр хүндээ барсан. Бидний бүтээлийг сонсоод таашаал авдаг мөртлөө тэр хөгжмийг нь зохиосон хүмүүс гуйлга гуйгаад явж байна гэхээр харамсалтай.

-Таны эхнэр Мөнх-Эрдэнэ эгчийн ярилцлагаас уншиж байсан. Нөхөр маань “Үнэ цэнэтэй зүйлийг зөв цагт нь хийж амьдарсан шиг амьдрах л хамгийн чухал” гэж хэлдэг гэсэн байсан. Энэ бүхнийг та миний хийх ёстой л юм гэж хүлээн авдаг хэрэг үү?
-Үнэ цэнэтэй амьдар гэж үг байдаг. Энэ нь хийж чадах зүйлээ л хийж бүтээ. Түүнээс мөнгө хөрөнгө бол чухал биш. Тийм учраас л Германд ажиллаж олсон багагүй хөрөнгө мөнгөө Монголын эртний урлагийн төлөө зориулж байна. Манайх Хөгжим бүжгийн сургуулийн урд түрээсийн байранд амьдардаг. Цуглуулсан жаахан юмаа шавхаж дуусч байна л даа. Тоглолтоос орлого олдоггүй. Байгууллагуудтай хамтран ажиллах хэмжээнд бол бага сага юм олно. Энэ цаг үе эртний урлагийг ойлгохгүй байж болно. Гэхдээ үүнийг үгүй хийж л болохгүй. “Алтай” хамтлаг дээр л гэхэд би хэр их хөрөнгө зарснаа мэдэхгүй байна.
Энэ бүхний эцэст би нэгдүгээрт хэний ч хийгээгүй өв соёлыг өндийлгөж чадна. Хоёрдугаарт, Хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэсэн алдартнуудыг залуу байхад би хүүхэд байсан. Тэднийг хорвоог орхиход мөрийг нь түшээд хүндэтгэл үзүүлээд явж байсан учраас энэ холбоог өндийлгөх юмсан гэж бодож явна. Гуравт, тэр жазз хөгжмийн төсөл бол залуучуудад мэдлэгийн хөгжил олгох үнэ цэнэтэй учраас тийшээ орж ажиллаж байна. Хэрэв миний хүч чадал хүрээд эдгээр ажил маань өндийж босч чадах юм бол миний ажил боллоо гэсэн үг. Чадах ёстой юм аа чадна. Чадахгүй зүйлээ чадахгүй. Гэхдээ яагаад ч юм бүгдийг чадаад баймаар юм шиг санагддаг.

Эхнэр маань ятгаа хаяж байсан тохиолдол бий

-Урлагийн замд 25 жил явахдаа хамгийн сайхан цаг үеийн тань талаар асуумаар байна. Түрүүнээс хойш хэцүү үеүдийн тухай ярилаа...
-Би чамд хамгийн хэцүү цаг хугацаан доторхи хамгийн сайхан цаг хугацааг ярьсан. Би ямар ч проблем яриагүй. Дандаа давж гарсан, амжилтад хүрсэн, бүтээж чадсан зүйлүүдийнхээ тухай ярьсан.

-Тэгвэл танд шантарч байсан үе бий юү?
-Үгүй ээ. Надад бэрхшээл бүхэн сонирхолтой байдаг. Бэрхшээл бүр боломж, гарц байхгүй юу. “Алтай” хамтлагийн дүү нартаа би үргэлж хэлдэг. Бидэнд ийм бэрхшээл байна. Надтай хамт энэ бэрхшээлийг туулах зоригтой хүн байна уу гэхэд л тэд бүгд гараа өргөөд “Байна” гэдэг. Ямар ч бэрхшээл дотор сөхөрч унаад байхгүй. Гэхдээ би хамгийн том бэрхшээлийг амсч байсан. 2003 оны арваннэгдүгээр сарын 23-нд том охиноо Германд алдаж байсан. Яг 25-нд нь Өрнөдөд хамтран ажиллах гэрээ хийхэд орчуулагч буруу орчуулснаас гарын үсгээ зураад 25 мянган доч.маркийн өрөнд орж байсан. Тэрийг би төлөхгүй гэж хэлээд шүүхэдсэн ч ялагдаад төлөх болсон. Хамт олныхоо өмнөөс манай гэр бүл тэр өрийг төлөх болсон. Том охиноо алдсан тийм хүнд үед хамт ажиллаж байсан монгол залуус маань нөгөө талын германтай хуйвалдаад бүх холбоогоо таслаад тусдаа гараад явсан үе байсан. Тэрийг би боломж л гэж харсан. Амьдрал сонин л доо. Хүнд нөхцөл байдлын дараа гэрэл гэгээтэй цаг хугацааг өгдөг. 2005 онд би “Шар нохойн там” киноны хөгжмийг бичээд дараалаад олон улсын хөгжмийн хамгийн том хоёр шагналыг авсан. Дээр хэлсэн Хэмптоны шагналаас гадна MG гээс олгодог 12 цагийн бичлэгийн шагнал байсан. Тэрний нэг цагийн бичлэгийн хөлс нь л гэхэд 12 мянган ам.долларын өртөгтэй. Тэр хэмжээний шагналыг авчихаад Германы пянз үйлдвэрлэгчдийн оны шагналыг аваад явж байхад гоё л байсан. Эргээд харахад торгоож чадахгүй хүний амьнаас хэцүү асуудал гэж байдаггүй гэдгийг ойлгосон болохоор өнөөдөр гүрийгээд байгаа юм шиг, гүлдийгээд байгаа ч юм шиг харагддаг байх.

-Амьдралынхаа хэцүү, сайхан гээд бүхий л цаг хуга­­цааг хамт туулсан эх­нэр­тээ маш их баярладаг байх...
-Эхнэртэйгээ олон бэрхшээл дунд хамт явсан. Энэ олон сөрөг зүйл хүний авьяасанд хүртэл нө­лөөл­дөг. Бүр ятгаа хаяж бай­сан тохиолдол байдаг. Тэр хөгжмийг тоглож явсны­хаа төлөө дутуу төрж хүүх­дээ алдаж байсан. Том охи­ноо хагалгаанд орж бай­хад зайлшгүй тоглох ёстой гэрээний тоглолт дээр нулимсаа залгиад тог­лож байсан. Аав хорвоог орхичихлоо гэж байхад хоёр удаагийн тоглолт дээр тоглож л байлаа. Тийм учраас урлагийн амьдарлаа орхиё гэсэн үе байсан. Гэхдээ бид өндийж босохдоо илүү томоор л босохыг хүсдэг. Ер нь бид хоёрын амьдрал домог шиг. Намайг амжилтаар минь биш хэдэн удаа унаж алдаж, энэ бүхнийг давж боссоноор минь хар. Тэгвэл миний хүн гэдэг бодит байдлыг харж болно гэж хэлдэг.

-Урлаг бидэнд гэрэл гэгээ өгдөг. Магадгүй урла­гийг хийж байгаа хүмүүс нь хар барааныг нь дангаараа үүрчихдэг болохоор бидэнд хэтэрхий гэрэлтэй харагддаг юм болов уу?
-Урлагт цэвэр өрсөлдөөн байх ёстой. Авьяас дагаж байгаа учраас бие биеэсээ суралцаж, нэгнээсээ илүү тоглох тусам хүмүүст хүрдэг зүйл бий. Гэтэл энэ өрсөлдөөнийг өөр өнцгөөс хараад, хар бараан тийшээ чиглүүлээд зөв голдирол нь алдагдчихаад байгаа. Нөгөө л завсрын цаг хугацаатай холбоотой, монголчуудын авир аашнаас үүдэлтэй. Авьяас өөрөө хүнд далд оршдог бурханы бэлэг учраас хүмүүст баяр баясгалан гэрэл гэгээ болж очдог. Ямар ч уран бүтээлч хар санаж дуулах, муухай санаалж хөгжим тоглодоггүй. Яг л тэр энергиэрээ гэрэл гэгээг түгээдэг.

-Та бурхан шүтдэг үү?
-Нээлттэй. Миний амьдралд Христийн шашин ч гүн тус үзүүлж байсан. Том охиноо алдчихаад байхад христчид илүү их цуглаж бидний зовлонг хуваалцаж, охиноо хөдөөлүүлэхэд тусалж, тэр хэцүү зүйлийн дараа бидний сэтгэл санааг зассан. Харин буддын шашинг аав ээжээсээ орчноосоо мэдэрдэг учраас илүү хүндлэлтэй ханддаг. Гэхдээ Түвд хэлэн дээр Хийморийн сан уншуулаад гүн итгэдэггүй. Философи талаас нь хүндэлдэг. Бөөгөө мэдэхгүй ч би тэнгэрт итгэдэг. Эрч хүчийг тэнгэрээс авахыг хүсдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан