Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнгөнсүх: Хог, хаядлын тухай хуулийн хяналтыг чангатгах хэрэгтэй байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Хоггүй дүүрэг-цэмцгэр Баянгол” зорилт тавин ажиллаж чамгүй үр дүнд хүрээд буй “Баянгол-шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнгөнсүхтэй ярилцлаа.
--------------------------------------------

-Баянгол дүүрэг хоггүй дүүрэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд ямар ямар ажил хийгдэв, үр дүн нь юу байв гэдгээс яриагаа эхлэх үү?
-Манайх 2013 онд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх 160 гаруй хүнтэй, 20 гаруй машин техниктэй байсан өдгөө 240 гаруй ажилтан, 41 техниктэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүмүүс мэдэж байгаа байх тохижилт үйлчилгээний компани хувьд очоод байсан 2013 оноос төр буцаан авч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан. Үнэнийг хэлэхэд манайх анх ажил хүлээж авахад Баянгол гэхээс илүү “баянхог” гэдэг дүүрэг болчихсон байлаа. Иргэдтэйгээ уулзаж учраад явж байхад хамгийн их яригддаг сэдэв нь хог байлаа. Харин одоо хогноосоо бага багаар салж байна. Ажлаа авдаг жил буюу 2013 онд бид 18 мянга 566 удаагийн рейсээр 83 мянган тонн хог ачсан бол 2014 онд 23 мянга 670 удаагийн рейсээр 110 мянган тонн, харин өнгөрсөн онд 20 мянга 103 удаагийн явалтаар 73 мянган тонн хог ачиж тээвэрлэсэн байна. Энэ харьцангуй өндөр үзүүлэлт шүү.
Түүнчлэн, ачилтын давтамжийг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлсэн. Өмнө нь гэр хороололд сард нэг удаа, орон сууцны хороололд 14 хоногт нэг удаа хог ачдаг байсан бол одоо гэр хороололд долоо хоногт нэг, орон сууцыг долоо хоногт 1-2 удаа ачдаг болсон. Иргэд, оршин суугчид ч хогны асуудлаар гомдол санал гаргахаа больсон байна. Энэ хугацаанд хогноосоо салах олон талт санал санаачлага гаргаж, хэрэгжүүллээ. Нэг үгээр хогны менежментийн асуудалд түлхүү анхаарч ажилласан гэж болно.

-Хогийг ачиж аваачаад асгах нэг өөр хэрэг. Таны яриад байгаа хогны менежмент гэдэг ойлголт юу болох тухай сонирхвол?
-Өмнө нь жолооч өглөө гарч яваад орой ирэхдээ тэдэн рейс хийсэн гэж орж ирдэг. Энэ байдлыг халж машин болгонд “gps” төхөөрөмж суулгасан юм. Түүгээрээ машиныхаа байршлийг тогтооно, хурд, ачааных нь жинг хэмжинэ, хаана хэчнээн минут зогссон гээд байршил болгоныг нь тогтоож, маршрутаараа явж байгаа эсэхийг хянадаг болсон. Энэ маш үр дүнтэй ажил болсон. Оператор бүх машинаа хянана, дуудлага ирвэл чиглүүлж өгнө.

-Гүйцэтгэлийг нь хянаснаар үр дүн сайжирсан байх нь. Тэгэхээр хогны менежмент гэх ойлголтыг технолгид суурилсан байдлаар шийджээ?
-Тийм. Ер нь хогноосоо салах тухай олон ажил хийж хэрэгжүүлсэн л дээ. Энд яриад бүгдийг сонины нэг нүүрэнд багтааж болохгүй байх. Жишээлбэл, дүүргийн нэлээн хэдэн сургуулийн 3-5 дугаар ангийн хүүхдүүдэд хог хаягдлын тухай сургалт хийлээ. Хог байгаль, хүрээлэн буй орчин цаашлаад хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай юм, мөн хогоор юу хийж болдог тухай сургалт хийсэн юм. Манай сургалтынхан ганц нэг сургуулиар яваад эхэлмэгц дагаад манайд ирж сургалт хийж өгөөч гэж хүсэлт тавих нь ч олширсон л доо. Энэ ажил дээр дурдсан төхөөрөмж суулгаснаас ч үр дүнтэй байсан гэж болох. Учир нь, ирээдүйд энэ хот, улс орныг авч явах хүүхдүүдэд чиглэсэн болохоор тэр.

-Ямартай ч танай дүүрэг хогны асуудлаа нэг тийш болгож. Гэвч бусад дүүрэг цаашлаад хотын хэмжээнд хогоо дийлэхгүй байна. Тиймээс танай үр дүнг сонирхох байх?
-Зам, талбайн үйлчлэгч буюу шар хантаазтнуудыг хүмүүс нэг бол тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг гэж ойлгодог. Анх ажил авч байхад өндөр настнууд байсан. Гэхдээ тэтгэвэртээ гарах нь гарч шинэ, залуу үе халааг нь авч эхэлсэн. Одоо манайд 80 гаруй зам, талбайн үйлчлэгч байгаагийн 30 гаруй нь дээд боловсролтой залуус байна. Тиймдээ ч манайхан боломжийн цалин авдаг. Гэхдээ тэр хэрээр шаардлагаа ч тавьж чаддаг. Ер нь тэгээд хог цэвэрлэсэн ч тэр улс эх орон удирдсан ч тэр хариуцлага, хяналтын тогтолцоо хамгийн чухал гэж харж байна. Хүн хүч, машин техник хүрэлцэхгүй байна гээд гар хумхиад суугаад байвал хэзээ ч хогноосоо салахгүй. Угтаа тавьж буй шаардлагатайгаа дүйх цалин хангамжийг нь олгоод, хяналт тавьж чадвал цөөн хүн хүчээр их ажил амжуулж болдгийг харж байна. Дүүрэг 230 гаруй мянган хүн амтай гээд бодохоор манай нэг хүнд 20 гаруй мянган хүн ногдож байгаа биз. Гэхдээ бид амжуулж чадаж байна.
Энэ бол дээр хэлсэн хяналтын үр дүн. Ер нь тэгээд хүн хүчээ төлөвлөх нь хүртэл хогны менежмент юм л даа. Наанадаж бид жолооч, ачигч, үйлчлэгчид тус тусад нь шаардлага тавьдаг. Шаардлагаа өндөржүүлэхийн тулд иргэд, аж ахуй нэгжүүдтэй ч харилцаа холбоо сайн байх ёстой. Жишээ нь, нэг цэгээс хог ачлаа гэхэд уллаж ачих ёстой байтал бөөгнүүлээд хамаад явчихсан бол тухайн газраас санал гомдлоо ирүүлнэ. Бид ч ажилтантайгаа хариуцлага ярина. Машин эвдэрсэн бол компаний буруугаас болсон уу эсвэл жолоочийн буруутай үйлдэл үү гэдгийг эхлээд сайтар нягтална, дараа нь хариуцлагаа ярина. Хэдий хатуу чанга юм шиг санагдаж болох ч ажилд ийм л зарчимч байдлаар хандах хэрэгтэй. Нөгөө л бидний яриад байдаг хариуцлагын тогтолцоо юм шүү дээ.

-Үнэнийг хэлэхэд эртнээс нийслэлчүүдийн шүдний өвчин болсон асуудал бол хог. Хувьд ч өгч үзээд хогны асуудлаа шийдэж чадаагүй. Хараад байхад төр зарим үүрэгт ажлаа өөртөө үлдээх нь зөв гэдгийн жишээ юм шиг санагддаг?
-Ер нь тийм. Би Англид олон жил болсон л доо. Тэнд хогныхоо хэмжээгээр хүн ам, эдийн засгийн өсөлт зэргийг тооцдог. Өнгөрсөн жил ажлаар Японд явж байгаад хог хаягдлынх нь хэмжээг асуухад бараг л нууцалдаг гэх хариу өгч байгаа юм. Яагаад гэвэл хогны тонн-жингээр тухайн улс орны хүн ам, эдийн засгийн өсөлт бууралтыг тооцдог юм байна л даа. Хүн байгаа газар хог байж л байдаг. Манайхан хямралтай байна л гээд байгаа. Гэтэл хогны тонн-жин ердөө буухгүй байна. Үнэхээр хямралтай байгаа бол хогны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг л даа. Ингээд харахаар сэтгэлээрээ хямраад байдаг ч юм уу гэж бодогдог юм.

-Сонирхолтой л арга юм. Хогны тонн-жингээр эдийн засгийн өсөлт тэр бүү хэл хямралыг ч хэмжиж болдог?
-Хэдэн жилийн өмнөхийг бодвол шилжилт хөдөлгөөн харьцангуй гайгүй болж. Гэсэн ч хотын хогны хэмжээ жил ирэх тусам өсөөд л байгаа. Яахав, барилга байшин баригдаж бүтээн байгуулалт өрнөж байгаа ч үнэхээр хямарсан бол хогны хэмжээ эрс буурдаг жишиг олон улсад бий.

-Манай шар хантаазтанууд улирал харгалзалгүй үнэхээр хүнд ажил эрхэлдэг. Та хэлэхдээ цалин хангамж сайжирсан гэлээ. Үүнийг дагаад ажилчдын амьжиргаа дээшилж байгаа нь лавтай?
-Тийм шүү, ажлын хувьд үнэндээ хүнд. Хүйтэнд хөрж, халуунд халж яваа энэ хүмүүс бол байж болох хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Хог ямар билээ, гэрт ууттай хог хоёр, гурав хонохоор үнэр танар ороод яадаг билээ. Манайхан ийм л нөхцөлд хот, дүүргээ цэвэрхэн байлгахаар ажиллаж байна. Тиймдээ ч өглөө гараад үдэш харьдаг энэ хүмүүс цалин хангамжаар дутах ёсгүй. Манайх нэг үеэ бодвол ажилтандаа, хүндээ чиглэсэн олон талт ажил зохион байгуулж байна. Үр дүнгээ ч өгч эхэлсэн. Хийсэн бүтээснээ бодитоор үнэлүүлж, ахуй амьдрал нь нүдэн дээр сайжирч байгааг харах сайхан байдаг. Нэг удаа Улаанчулуутын хогийн цэг дээр явж байгаад хог түүн амьдарч байсан нэг залуутай таарч ажилд авсан юм. Одоо тэр залуу маань гэр оронтой, ажил амьдрал, авгай хүүхэдтэй болчихсон явна. Манай ажилчдаас машин тэрэгтэй болж ахуй амьдрал нь эрс сайжирч байгаа хүн олон бий. Ер нь тэгээд санаа сэтгэл, гар нийлсэн хамт олон нэг баг болчихдог юм байна. Дүүргээ нэгэн айл гэж бодвол өмнө нь бид үйлчлэгч хөлсөлж, гэр орноо цэвэрлүүлдэг байж л дээ. Мэдээж хүн хүний юманд хоёрдмол сэтгэлээр л ханддаг. Тиймдээ ч төр тохижилт үйлчилгээний компанийг буцаан авсан нь илүү үр дүнтэй ажил болсон гэж боддог.
Анх биднийг ажил авахад шороо оволзсон гурван гэрээс өөр юмгүй хашаа л угтаж байлаа. Гэрээ оффис болгон ажиллаж байсан бол өдгөө 50 машины гараж, хоёр давхар оффистой болж. Эднийг дүүргийн удирдлагууд шийдэж өгсөн юм. Орчин нөхцөл сайжрахтай зэрэг дагаад ажилчдын сэтгэлзүй ч өөр болдог юм байна. Хүн болгон нөгөө хашаандаа өөр өөрийн гэсэн модтой болсон. Түүнийгээ байнга усалж, арчилж байдаг. Өглөө орж ирээд л “За, миний мод яаж байна” гээд л эргэж тойрч байгаа харагддаг. Ажил үйлс нь жаахан бүтэмж муу байгаа нэг нь модоо сайхан усалъя, арчилъя гэдэг. Тэр хэрээр сэтгэл нь ч засагдаж, ажил нь бүтэмжтэй явдаг даа.

-Хогийг хог гэж хардаг нь ч бий, баялаг гэх нь ч байдаг. Мэдээж дахин боловсруулах, өөр арга замаар ашиглах, наанадаж устгалын ажлыг ч байгаль орчинд хор хөнөөл багатайгаар шийдэхэд хөрөнгө мөнгө, технологийн асуудал урган гардаг. Та бүхний хувьд энэ тал дээр ямар ажил хийв?
-Хөгжилтэй орнуудыг хараад байхад манайх шиг хогоо шууд булшилчихдаггүй. Булшилна гэдэг нь нүх ухаж хогоо асгаад дээрээс нь шороогоор дарахыг хэлээд байгаа юм. Угтаа хогноос газ, түлш гарган авахаас өгсүүлээд боловсруулах, дахин ашиглах маш олон арга, технологи бий л дээ. Манайхан одоохондоо хогноос төмрийг нь л ялган авч байна. Би өмнө нь Швейцарьт хогны үйлдвэрээс аваад гудамж талбайн цэвэрлэгчээр ч ажиллаж байлаа. Хамгийн сонирхолтой нь хогны үйлдвэр хэр нь ямар ч үнэр танаргүй байдаг. Ер нь Европын орнууд хогны ангилан ялгалт, ачилт, устгал, боловсруулалт гээд ер нь бүх асуудлыг цогц байдлаар шийдэж чадсан байдаг. Яахав, одоохондоо бид хот, дүүргээ хоггүй байлгахад л анхаарч байна. Төсөв хөрөнгө ч энэ хэмжээнд л хийгддэг. Гэхдээ дээр дурдсан шиг байдалд хүргэхийн төлөө л санаж, бодож явна даа.

-Хараад байхад хогтой холбоотой асуудалд дэд бүтэц чухал юм шиг санагддаг. Голланд ч бил үү дээ, машинаар хог ачдаг байдлыг халж, дулааны шугам шиг бүхэл бүтэн хог тээвэрлэх маш том шугам, сүлжээ бий болгосон байгаа юм. Гудамжинд буй пункер руу хогоо заавраар нь ангилж хийнэ, түүнийг нь соруулах байдлаар нэгдсэн цэг рүү зөөчихдөг?
-Тийм л дээ. Дэд бүтэц чухал. Өөрийн чинь хэлдэг систем угтаа орчин үеийн, хамгийн зөв шийдэл болоод байгаа юм. Айл, аж ахуй нэгжүүдэд хотоос хогны гурван төрлийн уут олгоно. Хуурай хог, хүнсний хаягдал, өөр юу байдаг. Улмаар иргэд нь хогоо тухайн уутанд зааврын дагуу ангилж пункертээ хийдэг. Энэ нь нэг талаас иргэдийн ухамсартай холбоотой л доо. Нийслэлээс дугаарын хязгаарлалтаар зорчих журам гаргасан нь өдгөө мөрдөгдөөд л байна. Магадгүй замын цагдаа нар үүрэгт ажлаа хийдэггүй эсвэл дугаарын хязгаарлалтаараа зорчиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй хүн байгаагүй бол яах байсан бол. Үүнтэй адил манайд хог, хаягдлын тухай хууль, журам хэрэгтэй байгаа нь үнэн. Хогоо заасан хууль, журмын дагуу хаяагүй, эзэмшлийн талбай, хашаа хороогоо цэвэрлэдэггүй, ил задгай хог хаясан иргэн, аж ахуй нэгжтэй хуулиар тэмцэх нь илүү үр дүнтэй. Бид хууль, журам нь яс үйлчилдэг Европын орнуудад очоод биеэ хэрхэн авч явдаг билээ. Гэхдээ хууль, журмынхаа хэрэгжилтийг маш сайн хянах ёстой юм. Ингэхийн тулд иргэний бүртгэл мэдээллээ ч цэгцлэх ёстой. Баянгол дүүргийн, тэддүгээр хорооны тэр гудамжинд хэн гэгч оршин суудаг юм, энэ талбай аль байгууллагын харьяа юм гээд буух эзэн буцах хаягийг нь зөв, тодорхой болгосон хойно хяналт тавих ажлыг тасалдуулж болохгүй. Магадгүй дүүрэг, хороо бүрт хогийн байцаагч ч юм уу тохоон томилж болно. Товчхондоо, хогтой хуулийн хүрээнд тэмцэж чадвал илүү үр дүнд хүрнэ гэж хэлээд байгаа юм. Түүнчлэн, зөвхөн хуулиас гадна хүндээ чиглэсэн бодлого байх ёстой юм. Хэн хог хаядаг юм хүн л хаядаг. Тиймдээ ч ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программд хүрээлэн буй орчин, хот орчноо цэвэр байлгах тухай хичээлийн цаг суулгаж өгмөөр байна л даа. Зөвхөн хог гээд байх албагүй л дээ. Зөв хүн байх, хотын иргэн гэж хэн юм гэдэг тухайд ойлголт мэдэгдэхүүн бага багаар олгодог баймаар санагддаг. Түүнээс хэдэн шар хантаазтай хүн ачаад л байдаг, бусад нь хог хаяад л байдаг. Энэ бол шийдэл биш.

-Иргэн, аж ахуй нэгжид чиглэсэн хог хаягдалтай холбоотой хууль, журам хэр байдаг юм бол?
-Аж ахуй нэгжүүдэд хандсан л байхаас иргэнд чиглэсэн нь бараг байхгүй дээ. Аж ахуй нэгж 50 ам.метр зам, талбайгаа цэвэрлэнэ, цэвэрлэхгүй бол тэдэн төгрөгийн торгуультай л гэдэг. Өнгөрсөн жилээс олон нийтийн байцаагч гэх статустай хүн гаргаж ирсэн ч яг тэр хүн торгох, шийдвэр гаргах эрхгүй байгаа юм. Заавал мэргэжлийн хяналтынхан байлцаж байж торгууль ногдуулдаг. Нэг үсчиний газар ч юм уу хогоо гаргаад хаячихдаг. Нөгөө хүн маань очоод хэрүүл уруул хийхээс цаашгүй. Хоёр, гурван шат дамжиж байж хариуцлага тооцох болчихдог. Улмаар асуудал хоёр, гурван хаалга татаж явсаар байтал замхарч дуусдаг. Тиймдээ ч яг хогны асуудлаа хариуцсан, торгуулиа шууд ногдуулах эрхтэй байцаагч хотоор явж байх хэрэгтэй юм.

-Бид шар хантаазтануудаа эвийлж халаглаад л байдаг. Яахав, энэ хүмүүсийн ажлыг хүндлээд хог хаядаг сэтгэхүйгээ хаяж, гээж байгаа нь бий. Гэхдээ хий халаглаж суухаар хуучин цагт байсан нийтийн субботникийг сэргээж, хэвшүүлмээр санагддаг?
-Манай дүүрэг 2013 оноос хойш “Бямба гарагийн цэвэрлэгээ” гэж санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ ажил их үр дүн өгч байгаа. Айл өрх, аж ахуй нэгж бүрээс хүн оролцож, хот орчноо цэвэрлэдэг. Нэг сонин юм нь өөрөө хог цэвэрлэсэн хүн хог хаядаггүй юм байна. Тэр ч бүү хэл иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ оролцоотой цэцэрлэг, усан оргилуур байгуулсан нь ямар ч эвдэрэлгүй, орчин тойрон нь ямар ч хоггүй байгаа. Ингээд харахаар иргэдийн оролцоо чухал байгаа биз. Ер нь тэгээд сэтгэл байвал шийдэл олдоно гэдэг үнэн үг шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан