Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намууд эмэгтэйчүүдээ гарзын батальонд илгээсэн сонгууль

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сүр дуулиан, элдэв сенсаацаар дүүрэн болж дууслаа. Намын анхан шатнаасаа дэмжлэг авч гарч ирсэн хүмүүсээс хэд хэдэн хүн нэр дэвших эрхээ авч чадалгүй унасан. Нэр дэвшихээс татгалзсан нь янз бүрийн шалтгаантай байв.

Бусдадаа боломж олгож байгаа гэх тайлбараар нэрээ татсан АН-ын Р.Амаржаргал Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойргийг Орхон аймгаас дэмжлэг авч чадаагүй М.Батчимэгт өгч, Д.Дорлигжав, Л.Эрхэмбаяр нар өрсөлдөхгүйгээр болжээ.

Өөр тодорхой шалтгаан хэлээгүй ч МАН-ын У.Хүрэлсүх Хэнтий аймгийн тойрог, Ж.Сауле Баян-Өлгий аймгийн тойргоо Солтанд, Ё.Отгонбаяр  Булган аймгийн ганц тойргоо Ж.Бат-Эрдэнэд квотоо шилжүүлсэн бол Д.Дэмбэрэл намынхандаа боломж олгож буйгаа мэдэгдсэн юм. Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Л.Цог нэр дэвшээгүй.

Тэгвэл эсрэгээрээ нэр дэвшин өрсөлдөх боломжоо алдсан улстөрчид АН, МАН-д хэд хэд бий. АН-ын Д.Батбаяр /Кёкүшюүзан/, Б.Батбаатар, Л.Цандэлэг,  Ч.Базар, Д.Энхбаатар, С.Отгонбаяр нар Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаас  дэмжлэг авч чадаагүй. МАН-ынхан анхан шатны намын хорооноос хэрхэн дэвшүүлж оруулсан нь тодорхой мэдээлэлгүй явсаар Бага хурлаараа шууд хэлэлцэж гаргаж ирсэн.

Нэгэн зэрэг хуралдсан МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурлын нэг төстэй зүйл нь эмэгтэйчүүдийн квот. Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийг 30 хувиар тогтоосон байсныг 20 болгож багагүй маргаан замхраагүй байхад дахин квот тойрсон асуудал гарав. Хэдийгээр 20 хувьдаа хүргэж нэр дэвшүүлсэн боловч эмэгтэйчүүдээ хамгийн хатуу өрсөлдөгчидтэй тулгаж орхиод байгаа.  Дорнодод Д.Мөнхцэцэг Н.Номтойбаяртай, АН-ын Б.Энхбайгаль гэх шинэ хүнийг МАН-ын дарга М.Энхболдын тойрогт, Увсад Ч.Хүрэлбаатарын эсрэг бас л шинэ дэвшигч Б.Сүрэнжав, Хан-Уул дүүрэгт Г.Байгалмааг халаагаа залуучууддаа тавьж өгдөггүй Ц.Нямдоржтой, Б.Ургамалцэцэгийг Сонгинохайрханд дархлагдсан Д.Тэрбишдагватай халз тулгасан. МАН-ын бүсгүйчүүдээс анх нэр дэвшиж буй Н.Оюундарийг Сэлэнгийн тойрогт С.Баярцогтын эсрэг, С.Оюунбилэг гэх шинэ хүнийг Хан-Уул дүүрэгт Лу.Болдын өөдөөс явуулахаар боллоо.

Энэ удаагийн сонгууль салбар бүрийг хамруулж байгаа нэг онцлогтой. Дуучдаас Г.Эрдэнэтунгалаг Л.Цандэлэгийг “мөргөж” гарч ирэн МАН-ын Ж.Эрдэнэ, ТТЭНН-ын 2008 оны паралимпын аварга Д.Баатаржавтай Сэлэнгэ аймагт хүч үзнэ. Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч дуучин М.Нарантуяа /Нара/ АН-ын С.Эрдэнэ, МАН-ын Д.Амгалан гэх мэт туршлагатай хүмүүстэй өрсөлдөх юм. МАН-ын Н.Учрал Сонгинохайрхан дүүрэгт АН-ын Л.Эрдэнэчимэг,  МАХН-ын З.Баянсэлэнгэ нартай тулна. Бие даан нэр дэвшигч С.Жавхлан, АН-ын Д.Арвин, МАН-ын хөтлөгч П.Анужин, МАХН-ын жүжигчин Ц.Төмөрбаатар, ТТЭНН-ын судлаач Б.Чулуунбат нарыг Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргийг сонирхолтой болгож байгаа юм.

Спортынхноос олимпын аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар Дархан-Уул аймагт, даян аварга А.Сүхбат Төв аймагт, яруу найрагчдаас Г.Мөнхцэцэг Говьсүмбэрт, Ж.Мөнхбат Архангайд тус тус нэр дэвшинэ.
Харин зарим эх сурвалжийн хэлснээр эмэгтэйчүүдийн квотын тоог гүйцээн нэр дэвшүүлэх гэж АН, МАН-ын аль алин нь сандарч, танигдах нь байтугай нэр нь ч дуулдаагүй бүсгүйчүүдийг оруулж ирсэн гэх. Тэгээд ч болоогүй торгуулийн тойрогт илгээн нэр дэвшүүлсэн боллоо гэдэг шүүмжлэлийн бай болов.  
Бие даан нэр дэвшигчдээс одоогоор М.Нарантуяа, С.Жавхлан нар аль тойрогт өрсөлдөхөө зарласан бол. Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ илгээсэн 90 орчим хүн зургадугаар сарын 1-ний дотор холбогдох бичиг баримтаа хүргүүлж, албан ёсоор нэр дэвшигч болох учиртай.

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан