Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын үндэсний музейд очоод кино үзэж болно


Музей гэхээр эртний хэдэн үзмэртэй, харанхуй оргисон хүйтэн газар төсөөлөгддөг байсан бол энэ ойлголт ард хоцорч, Монголын музейд олон улсын музейн жишигт нэг алхам ойртсон үйл явдал өчигдөр болов. Ингэж хэлэхийн учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 44 сая төгрөгийн хөрөнгө оруулж Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимыг 60 хүний суудалтай мини кино театр болгон тохижуулснаа өчигдөр хүлээлгэн өгөв.
 “Academy awards 2016”-гаас “Оны шилдэг бүтээл” шагнал хүртсэн “Содура” уран сайхны киногоор нээлтээ хийсэн тус мини кино театр нээгдсэнээр “Музейн үзэгчдийн тоо нэмэгдэнэ” хэмээн Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар хэлсэн юм.
Цаашид дээрх мини кино театрыг 14 сумын соёлын төвд суурилуулах аж. Дээрх кино театрыг ашиглалтад оруулснаар үзэгчид Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэртэй хослуулан дуу, дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх боломжтой болох юм.

Д.Гантөмөр: Музей танин мэдэхүйн боловсрол олгох, энтертайнмент үйлчилгээний төв болно
                        /БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга/

-Соёл, боловсролын бодлогыг хамтатгаж, нөгөө талаас соёлын бүтээлч үйл ажиллагааг дэмжих хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийж байгаа. Музейг эрдэм шинжилгээ, судалгааны газар төдийгүй танин мэдэхүйн боловсрол олгох, энтертайнмент үйлчилгээний төв болгохоор чиглүүлэн ажиллаж байна. Киноны тухай хууль анхдугаар хэлэлцүүлгээр батлагдсан. Хуулийн хүрээнд нийслэлчүүд төдийгүй орон нутгийн иргэдийг үзвэр, үйлчилгээгээр хангах бодлого баримтлан ажиллаж байгаа.  Орчин үеийн кино театрын шаардлагыг бүрэн хангасан мини кино театрыг Монголын үндэсний музейд суурилууллаа. Энэ  буухиа цааш үргэлжилж, 14 сумын соёлын төвд дээрх мини кинотеатрыг суурилуулна. Одоогоор бэлтгэл ажил явагдаж байна. Энэхүү үйл ажиллагаа кино үзвэрийн үйлчилгээг дэлгэрүүлэх, ялангуяа сум, орон нутгийн иргэдэд энэ төрлийн боловсрол, мэдээлэл олгоход чиглэж буй юм. Сум бүр кино театртай болсноор орон нутгийн иргэд дэлхийн нээлтийн үзвэрийг зэрэг үзэх боломжтой болох төдийгүй тэр хэрээр иргэдийн урлагийн боловсрол нэмэгдэнэ гэж үзсэн.

Д.Сүхбаатар: Танин мэдэхүйн, түүхэн баримтат кинонуудыг дэлгэцнээ гаргана
/Монголын үндэсний музейн захирал, Түүхийн шинжлэх ухааны доктор/

-Кино танхимтай болчихоор үзэгчдийн тоо нэмэгдэх болов уу гэж найдаж байгаа.  Манайх 56 мянган үзмэртэй. Жилд 85 мянган хүнд үйлчилдэг. Үзэгчдийн дийлэнх нь гадны жуулчид, хүүхэд залуус байдаг. Иймд тэдний хүсэл, сонирхолд нийцсэн үйлчилгээг нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Түүнчлэн дотоодын болон гадны жуулчдад монголчуудын оюуны соёлын үнэт өвийг сурталчлан таниулахад энэхүү мини кино театр нэмэр болно. Манай өв санд дэлгэцийн 10 гаруй түүхэн бүтээл бий. Эхний ээлжинд сан хөмрөгтөө түшиглэн, танин мэдэхүйн, түүхэн баримтат кинонуудыг дэлгэцнээ гаргана. Түүнчлэн 1990 оны Ардчилсан хувьсгалын гэрч болсон, урд өмнө нь дэлгэгдэж байгаагүй баримтат кино бий. Уг баримтат киног хуулийн дагуу хувилан олшруулж, олны хүртээл болгохоор зэхэж байна. Кино театртай болсноор олон улсын музейн жишигт нэг алхам ойртлоо. Мөн бүрэн хэмжээний кино уран бүтээл гаргахаар студи, продакшнуудтай ярилцаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан