Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэчулуун: Миний зорилго зөвхөн мод тарих биш

 “World garden Mongolia” гэсэн ногоон лого бүхий цагаан богино ханцуйтай цамцтай хүн гэхээр фэйсбүүк хэрэглэдэг 5000 хүн мэднэ. Тэр бол Д.Эрдэнэчулуун. Баянзүрх уулыг моджуулахаар, Монголд дэлхийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байгаа тэрээр өөрийн 5000 найзтайгаа нэг бүрчлэн харилцаж мод тарихад уриалдаг юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Анх хэзээнээс эхэлж, яагаад мод тарьж эхлэв?

-2010 оны Цагаан сарын шинийн найманд миний ээж бурхан болсон. Ээжийнхээ дурсгалд зориулж анх мод тарьснаас хойш л мод тарих их хүсэлдээ автсан. Баянгол дүүрэгт байдаг хашаандаа мод тарьж эхэлсэн. Тухайн үед хотын дарга байсан Мөнхбаяр манайхыг шилдэг тохижилттой айлаар шалгаруулан шагнаж байв. Мод тарьж, ургуулж чадсан хүн маш их аз жаргалыг мэдэрч чаддаг юм. Тарьсан модных нь анхны навч ургахад их гоё мэдрэмж төрнө. Бурхан хүнийг бүтээсэн шиг хүн өөрийн гараар шинэ амьдралыг бий болгож чадаж байгаа нь өөрөө гайхамшиг. Ингэж л мэдэрч чадсан учраас бусдад ч гэсэн энэ мэдрэмжийг төрүүлэх юмсан гэж бодсон. Ер нь, мод тарьдаг хүн ганцаараа олныг тарина гэдэггүй. Аль болох олон хүнийг мод тариулах гэж хичээдэг болчихдог юм.

Надад 2010 онд анх мод таръя гэх бодол орж ирэхэд халаасанд 20 төгрөг л байсан. Яг тэр үед Ялалтын талбай дээр модны үзэсгэлэн гарч байсан юм. Очтол гурван гэр байв. Эхний хоёр гэрээр ороод худалдагчдынх нь нүднээс хэн нь ч надад модоо өгөхгүй гэдгийг мэдэрсэн. Гуравдахь гэрт байсан бүсгүйг хараад энэ хүн л надад мод өгнө дөө гэж бодсон учраас шууд гарч яваад машин барьж ирээд бүх модыг нь аччихсан. Тэгээд “Та намайг дагаж яваад манай хашааг үз” гээд үзүүлээд “Би энд л модоо тарих юм. Нэгэнт л тарьчихвал би аваад зугтана гэж байхгүй. Мөнгийг нь би таньд цувуулаад төльё” гээд гуйгаад зөвшөөрүүлж байсан. Мөнгөө хувааж төлсөн баримт одоо хүртэл надад бий. Энэ мэт мод тарьж эхэлснээс хойш олон гоё үйл явдал тохиолдож байлаа.

-Тэр цагаас хойш та өөрөө мод тариад байх биш бусдыг мод тариулахаар бүр цаашилбал дэлхийн цэцэрлэгт хүрээлэнг Монголд байгуулахаар зориглон ажиллаж байгаа. Энэ ажлынхаа талаар яриач?


-Монгол хүмүүс маань нэгдсэн нэг газар, зохион байгуулалттай мод таривал гоё биз дээ. Ингэхдээ зөвхөн өөрийнхөө амин модыг таривал сайхан. Хожимоо миний ээжийн мод, аавын мод гээд үр хүүхэд нь дурсана. Би амин мод гэж нэрлээд байгаа юм. Амь сүнстэй нь холбоотой гэдэг үүднээс. Монголчууд цөөхүүлээ учраас дэлхийн хүмүүстэй хамтран мод тарих гэж байгаа юм. Хэн нэгэн энэ ажлыг зохион байгуулах ёстой. Тухайлбал чи л гэхэд нэг мод тарьчихаад түүнийгээ долоо хоногт хоёр удаа услаад байж чадахгүй биз дээ. Тэгвэл сардаа надад 1000 төгрөг өгчих. Би модыг чинь услаад тордоод байя л гээд байгаа хэрэг. 1000 төгрөг өгчихөөд чи нэг их ядраад байхгүй шүү дээ.

-Яагаад Баянзүрх уулыг сонгож авсан юм бэ?

-Туул голын ус жил ирэх тусам татарч байна. Нийслэлийн иргэдийг ундаалж буй ундны усны гол нөөц шүү дээ. Хүн усгүйгээр хэчнээн мундаг байсан ч амьдарч чадахгүй л байхгүй юу.

-Зарим хүн Туул голын усанд мод ямар хамаатай юм бэ гэх л байх?

-Модтой 500 га газар өөрөө борооны үүлийг татах чадвартай болчихдог юм байна. Цэнэг үүсгэдэг гэсэн үг л дээ. Модтой бороотой байна гэдэг нь сүүдэртэй байна гэсэн үг. Ингэснээр хур тундас ороход хөрс рүүгээ усыг шингээж чадна. Модгүй уул бол хурын усыг шууд урсгачихдаг юм байна. Монгол орны бүр гол горхины бараг 99 хувь нь дандаа модтой уулнаас эх нь зутгадаг. Энэ ертөнц дээр зэрэгцэн оршиж буй бүх зүйлхоорондоо уялдаа холбоотой байдаг. Чиний амжилт миний ажлаас хамаардагтай л адил.

-Баянзүрх ууланд мод тарихдаа таван тивийн хэлбэртэй тарина гээд байгаа...?


-Баянзүрх ууланд шууд очоод дураараа мод тарьж болдоггүй. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас хуучин модтой байсан 21 талбайг 2014 онд сонгож өгсөн. Тэр газарт дэлхийн таван тивийн хэлбэртэй мод эхний ээлжинд тарина. Тэгээд орхихгүй, аажмаар тэр хэлбэрээ үгүй хийгээд дүүрэн мод тарихаар төлөвлөж байна. Баянзүрх уул хуучин дүүрэн модтой байсан. Яг тэр хэвэнд нь аваачина.
 
-Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Одоо бол манай Төрийн бус байгууллагын гишүүд, фэйсбүүкийн найзууд гэсэн хүмүүс л мод тарьж байна. Ямар ч ажил бэлтгэлтэй эхлэх ёстой. Тиймээс би таван жилийн турш бэлтгэсэн. Гурван жилийн өмнө “Ногоон харш” компанийхантай танилцаад модоо захиалсан. Баянзүрх уул өөрөө дан шинсэн ойтой байсан. Тиймээс бид одоо дураараа мод тарьж болохгүй. Шинс л тарих ёстой. Тиймээс гурван жилийн өмнө “Ногоон харш” компанид 10 мянган шинсний суулгацын захиалга өгчихсөн байсан нь одоо бэлэн болсон. Эхний ээлжинд 4000-ыг нь зээлээр аваад тарьчихсан. Нэг ширхэг суулгацыг 2500 төгрөгийн үнэтэй л дээ. Гэвч одоохондоо хүмүүсээс мөнгө төгрөг аваад сүйд болоод байгаа юм алга. Таны тарьсан мод хоёрдугаар эгнээний 98 дугаар мод шүү гэж хэлээд л мөнгөө хийгээрэй гээд дансаа өгөөд явуулж байгаа. Мод тарих амархан л даа. Хамгийн гол нь хамгаалаад ургуулах хэцүү. Олон жилийн тэвчээр, шургуу ажиллагааны үр дүнд мод ургадаг. Тиймээс мод тарихын тулд хамгийн эхний ажиллагаа бол хашаа барих. Хашаагаа хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс шонгуудаа хандиваар цуглуулж байна. Дараа хашаагаа барихдаа шонгууд дээрээ тухайн хандив өгсөн хүнийх нь нэрийг бичих юм. 1890 шон бий. Хандив өгсөн хүн 1890 хүртэлх тооноос дуртайгаа сонгоод хандив өгөхөд тухайн номерын шон дээр тэр хүний нэр бичигдэнэ гэсэн үг.

Энэ ажлыг хийхийн тулд олон нийтийн санхүүжилтийг татах хэрэгтэй болж байна. Гэтэл энэ нь цоо шинэ ойлголт учраас хүмүүст таниулах шатандаа л явж байна. Тухайлбал, Цонжин болдогт байгаа Чингис хааны морьт хөшөөг барихдаа хамгийн анх хувьцаа гаргаж байсан. Санаж байгаа байх. Энэ ажлыг хийснээр би монголчууд ах дүүс, эв нэгдэлтэй бол юуг ч хийж чадна гэдгийг л батлан харуулах гээд байгаа юм. Мэдэхгүйн зовлон байна. Зааж өгөх хэрэгтэй л байхгүй юу.

-Дэлхий нийтээрээ энэ төсөлд оролцох боломжтой. Тэгвэл гадаадын иргэдийг татан оролцуулахын тулд хэрхэн сурталчлахаар төлөвлөж байна вэ?


-Энэ ажлыг маш нарийн зохион байгуулалттай хийх ёстой. Эхлээд монгол хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй байна. Ер нь мод тарилаа гэхэд Монголын өмч болно. Тиймээс бид л хийх ёстой. Гэтэл бидний амьжиргаа, амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа учраас гадаадын иргэдийг татан оролцуулах гээд байгаа хэрэг. Миний бодлоор монголчууд хөгжих боломж бүрдсэн алтан үедээ ирчихээд байна. Өмнө бол чиний юу бодож байгааг нөгөө хүн мэдэхгүй байсаар хамтран хийх боломж байхгүй байсан. Гэтэл одоо сошиал ертөнц хөгжсөнөөр тухайн хүнийг бусдын өмнө дэлгээд тавьчихаж байгаа юм. Өнөөдөр л гэхэд чи намайг фэйсбүүкээр дуудаад ярилцлага авч байна. Бид бие биетэйгээ ярилцах, ойлголцох боломж бүрдчихээд байна. Хуучин бол ганц мэдээ хүргэх гэж саахалт айлруугаа давхисаар хугацаа алддаг байсан шүү дээ. Хоорондоо ярилцаж, сэтгэлээ уудлах боломжгүй байсан. Гэтэл одоо ийм гоё нөхцөл бүрдчихээд байна. Тиймээс эх орноо хайрлах сэтгэлээ нийтээрээ илэрхийлж, хийж бүтээх хэрэгтэй. Хаана ч очоод “Би мод тарьж байгаа хүн байна. Надад туслаач” гэхэд муухайгаар хүлээж авдаггүй.

-Таны хувьд гэр бүлээрээ Германд амьдардаг. Гэтэл зөвхөн мод тарихын төлөө байнга Монгол руу ирээд байгааг жирийн мод тарьж үзээгүй, дээр хэлсэн мэдрэмжийг мэдэрч үзээгүй хүмүүсийн хувьд бол залхмаар ажил л даа...

-Бид бүгдээрээ л энэ дэлхийгээс явна. Гэтэл хаашдаа л явах байж заавал их юм хурааж, хуримтлуулах хэрэггүй. Бүх зүйл хэмжээндээ байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Би дөрвөн хүүхэдтэй, эхнэртэйгээ амьдардаг. Одоо байгаа амьдрал надад хангалттай. Тиймээс боломж байгаа дээр нь эх орондоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах гээд л ингэж ажиллаад байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Болно. Хичээж ажилласан хүн ямар ч үед амжилтад хүрэхгүй байна гэж байдаггүй. Миний ээж таван хүү төрүүлсэн дархан бэр л дээ. Дээр нь насаараа хүүхдийн эмч хийсэн учраас эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг ээжээсээ өвлөсөн болов уу гэж боддог юм.

-Мод тарьдаггүй, таван жилийн өмнөх Эрдэнэчулуун ер нь хэн байсан юм бэ?

-Би одоо боддог юм. Эх орондоо мэдээж хайртай л байсан гэж хэлмээр байна.

-Мод тарьж эхэлснээр та өөртөө юу олж авсан бэ?

-Хувь хүнийхээ хувьд би хөгжсөн. Наад зах нь л гэхэд хүнтэй зөв, аятайхан харилцаж сурсан байна. Мод тарьж эхэлснээс хойш том зорилгоо олж авсан юм байна.

-Германд амьдардаг монгол хүнийхээ хувьд олон ажил хийдэг байх. Тэдгээрээс дурдвал...?

-Германы хамгийн том сэтгүүлийн ерөнхий редактортой хамтран том үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. 1988 онд Германы хоёр зурагчин Монголд аялах үеэрээ авсан зургуудыг одоогийнхтой нь харьцуулж үзэсгэлэн гаргах гэж байгаа юм. Цөлжилт тухайн үеийнхээс ямар байдалд шилжээд байна гэдгийг харж болохоор их гоё үзэсгэлэн болох байх.
Мөн Германд 13 хүнийг сургалтад хамруулсан. Байгууллага, төр засаг нь хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байж хот нь хөгждөг вэ гэдгийг харуулахын тулд “Танайд мод таръя” нэвтрүүлгийн багийг авч яваад Германаас гурван нэвтрүүлэг бэлдүүлсэн гээд олон л ажил хийж байна.

-Ногоон логотой цагаан өнгийн богино ханцуйтай цамц байнга өмсдөг хүн гээд хэлэхэд таныг фэйсбүүкээр багагүй хүн танина. Энэ логоныхоо учрыг тайлбарлаж өгөөч?

-Мөн л дэлхийн хүмүүстэй хамтран мод тарих төсөл санаачлаад фэйсбүүк дээрээ санаагаа бичтэл Колумбад амьдардаг цор ганц монгол хүн надтай чатаар танилцаад энэ логог хийж өгсөн. Би одоо хүртэл түүнтэй уулзаагүй л байна. Одоо тарьсан байгаа 4000 модныхоо хамгийн эхнийхийг би өөрийнхөө амин мод болгосон. Хоёрдахийг нь лого хийж өгсөн залуугийнх болгосон.
Ийм логотой цагаан подвалькийг өмнө нь ажиллаж байсан газартаа захиалга өгөөд 200 ширхгийг хийлгэсэн. Хамтран ажилладаг, миний ажлыг дэмжиж байгаа хүмүүстээ тарааж өгөөд одоо бараг дуусч байна. Одоо үндэсний үйлдвэрлэгч болох Exclusive компанидаа санал тавьж дахин хийлгэхээр тохирсон байгаа. Миний ажлыг гол зорилго дээр хэлсэнчлэн мод тарих биш. Монголчуудыг хамтран ажиллаж, хийж бүтээж чаддагийг л батлах. Бид нэг бүхэл болж чадвал хэнд ч дийлдэхгүй, хууртахгүй, луйвардуулахгүй.

-Эх орноо хайрлаад байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн гадаад яваад үзчихсэн байдаг л даа...


-Сумаасаа гараад аймаг орлоо, сумаа саналаа, аймгаасаа хот яваад аймгаа саналаа гэдэг шиг гадаадад очиж байж л Монголоо санаж, үнэ цэнийг нь мэдэрч байгаа юм. Үүнтэй зэрэгцээд нүд нээгддэг гэх үү дээ. Хэн нь биднийг хэрхэн зальдаад байна гэдгийг ялгаж салгахтайгаа болдог байхгүй юу. Яагаад 100 гаруй телевизийн сувагтай байгаад, яагаад дандаа солонгос сериал гаргаад байгаа юм. Хүмүүсийг төөрөгдүүлж байна. Тэр солонгос киног үзсэн 17 хон настай охин гоё газар очиж амьдарна гээд 50 гарсан хөгшин эртэй гэрлээд явчихаж байна. Жинхэнэ сэтгэлээсээ юмыг ухаарч ойлгох боломжийг олгохгүй бөмбөгдөөд байхаар мань мэт шиг нүд нь нээгдсэн хүмүүс тэмцэхээс өөр замгүй болчихож байгаа юм. Гэхдээ л монголчуудад үнэт чанар бий гэдэгт итгэдэг. Хүнд мэдэхгүйн зовлон гэж байдаг. Мэдэхгүйгээ мэдэхгүйн зовлон гэж байна. Хэдий харанхуй бүдүүлэг байсан ч залхуурах нь л зовлонгийн үр үндэс болж байгаа юм. Тиймээс залуу хүн хөдөлмөрлөж, ирээдүйг харах гэж оролдож байх ёстой.

-Таван жилийн өмнө мод таръя гээд ярих, одоо мод таръя гээд ярихын хооронд хэр ялгаа байна вэ?

-Би анх таван жилийн өмнө Төв аймгийн Заамар суманд мод таръя гэж бодоод очсон. Тэр сумын 100 гаруй км.кв газрыг нэг метр ч үлдээхгүйгээр ухчихсан байдаг. Гэтэл тэнд мод тарихын тулд гурван жил ноцолдсон. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь эхлээд намайг гадаадаас ирсэн маш их мөнгөтэй хүн л гэж бодсон байх. Тиймээс надаас хахууль нэхсэн. Нэг га газар чацаргана тарьж өг. Эсвэл сумын төв тохижуулж өг гэсэн. Би Заамар сумын сүйтгэгдсэн нутаг дэвсгэрт мод тарихыг тулд ийм ажил хийх хэрэг гарсан л даа. Алтнаас нь нэг граммыг ч аваагүй мөртлөө шүү. 43 компани тэндээс алт олборлосон байдаг. Гэтэл тэр компаниудын ганц нь ч хийх гэж оролдоогүй ажлыг би мод тарихын тулд хийнэ гэж байх уу. Гэтэл дарга нар сүүлдээ намайг хараад зугтдаг, таны саналыг тийм ч хурлаар оруулна гэсээр гурван жил өнгөрчихсөн. Тухайн үед гомдож байсан. Гэтэл сая тэр ИТХ-ын дарга залуу шон хандивласан. 56 дахь шонгийн мөнгийг хандивласан. Миний ажлыг одоо л ойлгож байгаа юм. Ямар ч юм хийсэн цаг хугацаа ордог гэдгийг л эндээс харж болно.
Мод тарихдаа ч гэсэн системтэй зохион байгуулалт хийх хэрэгтэй. Мод тарьж байна гээд л бүгд тэр ууланд машинтайгаа давхилдаад байж болохгүй. Тиймээс машинаа үлдээх зогсоол бэлдээд хүн амарч зугаалахад тохиромжтой болгож тохижуулах учиртай юм.

-Та 500 гаруй өдөр мөргөл хийчихснээ фэйсбүүктээ бичсэн байна. Энэ мөргөл ямар учиртай юм бэ?

-Хүн Хийморийн сан тавиулаад гэнэт өөр хүн болчихгүй биз дээ. Өдөр тутмын хэвшил, юманд хандах хандлагаас л ирээдүйн үйл хамаардаг болов уу. Тиймээс аль болох их уншиж, бодож, сэтгэж байх ёстой гэж боддог.
Мөргөл хийгээд 584 хонож байгаа гэхээр хоёр жил болж байгаа юм уу. Энэ таван жилийн хугацаанд өөрийн фэйсбүүкийн 5000 найзтай нэг бүрчлэн харьцахыг хичээсэн. Ингэснээр өмнө чатаар юм бичээд хариу бичдэггүй байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга ах гэнэт нэг өдөр л Далай ламтай уулзахдаа намайг дуудсан гэх юм уу үр дүн гарч л байна. Германд очоод би энэ ажлаа л хийдэг. Гэтэл хоёр жилийн өмнө буюу 584 хоногийн өмнө миний нүүрээр хатиг гарч эхэлсэн. Эмчид үзүүлтэл хөдөлгөөн дутагдлаас болоод цусны эргэлт муудаж байгаагийн дохио гэсэн болохоор би өдөрт 108 удаа мөргөл хийж эхэлсэн. Ингэснээр би эрүүлжихээс гадна өөртөө өдөрт 25-30 минут зарцуулаад сурчихсан. Бодол санаанаас эхлээд хүмүүстэй харилцах харьцаа хүртэл өөр болж байна. Тиймээс мөргөл хийхдээ хүмүүсийг уриалж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан