Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түр оршин суугчид Сонгуулийн үеийн толгойн өвчин болж байна


Удахгүй болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор иргэд хөдөө тийш, эсвэл хөдөөнөөс хот руу автобус автобусаараа шилжиж байгаа гэдгийг “царцааны нүүдэл” гэж нэрлээд иргэд шүүмжилцгээж байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид өөрийн хамаатан садныхаа саналыг цуглуулахаар өрсөлдөж байгаа тойрог руугаа тэднийг зөөж байгаа гэнэ. Гэхдээ үүнийг хэн нэгэн баталж эсвэл батлахаар хөөцөлдөх нь нэг талаасаа тийм ч ач холбогдолтой биш болоод байна. Учир нь, “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй...” гэж Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд заажээ. Надад албан ажил гарч, эсвэл түр хугацаагаар би хөдөө явах шаардлагатай байж болно. Бас надад сонгох, сонгогдох эрх Үндсэн хуулиар нээлттэй тул би түр оршин суугаа газартаа санал өгөх эрхтэй. Тиймээс шилжилт хөдөлгөөний талаар хуулийн зохицуулалт талаасаа бараг асуудал харагдахгүй байгаа.

Дээрээс нь, Сонгуулийн тухай хуулийг харвал, 65.2-т “...санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах...”, 65.5-т “Шилжэн ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ” зэргээр хуульчилжээ. Тиймээс түр шилжээд оччихсон байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх эрхийг Үндсэн хуульд нийцүүлэн Сонгуулийн тухай хуульд дээрх байдлаар оруулсан байна. Гэвч, үүнийг хийдэл болгон ашиглах буюу мөнгө төлж “нүүлгээд” өөртөө санал татах үндэс байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.

Жишээ нь, 2000 гаруй иргэнтэй сумын төвд 1000 хүн шилжиж очоод санал өгөх боломж энэ хуулиар нээлттэй. Мөнгө төгрөг төлснийг нь л баталж чадахгүй бол ялалт хуулийн “хийдлийг” ашиглаж чадсан нэгнийх болох нь. Мөн тойрогтоо удаан жил амьдарч, жаргал зовлонгоо шийдүүлэх хүсэлтэй байгаа уугуул иргэдийн санал үнэгүйдэж, “шилжив” гэсэн тодорхойлолттой иргэд өмнөөс нь төлөөллийг нь сонгоод, УИХ-руу илгээж байна гэсэн үг.

Уг нь, засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгж рүү шилжих хөдөлгөөн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зогссон ч сонгогч шилжих эрхтэй үлдсэн тул Баянхонгорт аймагт гэхэд 2203 сонгогч шилжээд оччихсон байх жишээтэй. Мөн өчигдрийн байдлаар Хөвсгөл аймагт бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин ирсэн бүртгэлээ хийлгэсэн бөгөөд 283 сонгогч шилжин ирсэн тэмдэглэл нь сонгуулийн хэсгийн хорооноос ирээгүй байгаа аж. Харин 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дугаар тойрогт 2400 орчим сонгогч шилжиж очсон байна. Энэ нь багахан сумын хүн амтай бараг тэнцүү байгаа юм.

Мөн Говь-Алтай аймгийн Наран багийн Засаг дарга н.Алтанхуяг “Наран багийн хүн ам, өрхийн мэдээллийн санд бичигдсэнээр 132 өрх, 475 хүн, 274 сонгогч байдаг. 2016 оны зургадугаар сарын 5-ны байдлаар Наран багийн сонгогчдийн нэрс иртэл манай багийн хүн амын судалгаанд багтаагүй 88 хүн нэмэгдсэн. Албан ёсоор шилжиж ирээгүй мөртлөө нэрсийн жагсаалтаар шилжин ирсэн байна” гэсэн юм. Тэрээр нэр дэвшигчдийн ах, дүүс л шилжиж ирсэн байна гэдгийг хэлжээ.   

Ямартай ч, иргэд сонгогчдийн шүүмжилж буйгаар энэ оны сонгуулиар ч “царцааны нүүдэл” тасарсангүй. Тэгвэл, “...бүх төрлийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж байгаа ажиллагаа”-г хориглодог. Шилжилт хөдөлгөөнийг хуулиар хориглоогүй тул энэ нь зөрчил шиг харагдахгүй байгаа хэрэг. Тиймээс энэ удаад ч түр оршин суугчид толгойн өвчин болсон хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Шилжсэн нөхдүүдийг 4 жил тэр газарт нь байлгая.
Хамгийн их уншсан