Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гишүүд цалин авдаг үндсэн ажлаа хийх үү

-Чуулганы хуралдаан эхлэх гэж байна-

Б.ШИРНЭН

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл завсарлуулаад байсан. Энэ хугацаа өнөөдөр дууссанаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын тов гарчээ. Гэвч, хууль батлах үндсэн ажилтай УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ид сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа тул гишүүдийн ирц бүрдэх үү, гэсэн асуудал тулгамдаж байна. Уг нь, чөлөөтэй, өвчтэй, томилолтой зэрэг албан ёсны шалтгаанаар чуулганы хуралдаанд суухгүй байж болох ч тасаллаа гээд хариуцлага хүлээхгүй тул гишүүд хэнэггүй хандах нь бий.
Гэтэл төсвийн байгууллагын ажилтан хоцорвол цалингаа хасуулж, оюутан хичээлээ тасалбал кредит цагийн мөнгө төлж, 10 жилийн сурагч адаглаад багшдаа зэмлүүлж ямар нэг байдлаар хоцорсон, тасалсныхаа хариуцлагыг хүлээдэг. Тэгвэл нийт Монгол Улсын иргэдийг төлөөлж байгаа 76 хүн чуулганы хуралдаанд суугаагүй бол хариуцлага хүлээж байгаа тохиолдлыг бид мэдэхгүй. Энэ нь УИХ-ын гишүүд ажилдаа хоцорсон, тасалсан үед хариуцлага тооцох механизм байхгүйтэй зарим талаараа холбоотой. Мөн хувь улстөрчийн үзэл, ухамсар гээд нөлөөлөх хэд, хэдэн хүчин зүйл бий. Жишээлбэл, нэр бүхий УИХ-ын гишүүн “Хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ би хоцордог” хэмээн нийгмийн шүүмжлэлийн бай болсон нь саяхан.

Япон, Солонгос зэрэг улс төр, хувь хүн, нийгмийн соёл өндөр хөгжсөн улсын парламентууд нарийн дэг жаягтай, түүнийгээ ягштал мөрддөг гэдгийг бид мэддэг. Хэрвээ, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн л бол өчиггүй ажлаа өгч, уучлал гуйснаар улстөрчийн амьдрал төгсөнө. Нийгмийн болоод соёлын ялгаанаас үүдэн манайх яг таг Япон эсвэл Солонгос улс шиг байх боломж одоогоор байхгүй ч ОХУ саяхнаас Төрийн ДУМ-ынхаа ирцийг хүчээр ч болтугай бүрдүүлэх арга хэрэглэж эхэлсэн байгаа юм.
Ингэхдээ, ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр 30 хоног түүнээс илүү хугацаанд хуралдаандаа суугаагүй, эсвэл ирцэндээ ороогүй депутатуудаа бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах юм байна. Ингэж хуулийн төслөөр шахаж, хариуцлага үүрүүлдэг болсноор ОХУ лав л ДУМ-ын гишүүдээ “сахилга”-нд нь оруулж дөнгөх нь. Хэрэв яг энэ хууль манай улсад хэрэгждэг бол багагүй тооны гишүүн өдийд УИХ-ын гишүүнээсээ мултарсан байж мэдэх ирцийн мэдээ бий.

Ирц хүрэхгүй бол эдгээр хуулийн төслүүд ирэх парламентад шилжинэ

Харин энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаа­наар батлан хамгаалах салбартай холбогдсон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр жагсаасан байна. Тухайлбал, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиа шинэчлэн найруулж, Цэргийн албаны тухай болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Тиймээс хуулийн төслүүдийг яагаад заавал, өөрчлөх үндэслэл, шаардлага байгааг сийрүүлье.

Батлан хамгаалах тухай

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль нь 1993 онд батлагдаж байжээ. Цаг үеийн шаардлагаар хуульд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Харин энэ удаад батлан хамгаалах тогтолцооны үндсэн гурван тулгуур болох бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн зэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны асуудлыг улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлүүдтэй эрх зүйн зөв хуваарилалтыг бий болгон хуульчлах шаардлага урган гарч байгаа юм байна. Энэ хуулийг баталснаар зарим нэр, томьёоны тайлбар шинэчлэгдэж, Батлан хамгаалах үйл ажиллагааны зарчмыг шинээр томьёолж, Монгол Улсын цэргийн байгуулал, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинээр бүлэг нэмэгдэх аж.

Зэвсэгт хүчний тухай

Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хууль нь 2002 онд батлагдсан, Монгол Улсын зэвсэгт хүчин, түүний чиг үүрэг, байгуулалтын үндэс, бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, зэвсэгт хүчний талаарх төрийн байгууллага, албан тушаалтны болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж ирсэн байна. Энэ хуульд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Харин хуулийг шинэчлэн найруулснаар зэвсэгт хүчний удирдлагыг улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэр­гийн мэргэжлийн дээд удирдлага гэж ангилан, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуу­дал эрхэлсэн Засгийн газ­рын гишүүний бүрэн эрхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү боловс­ронгуй, хуулийн давхардал, хийдэлгүй болгох, Батлан хамгаалах салбарын багц хуулиу­­дын хоорондын уял­даа холбоо, эрх зүйн зохи­цуу­лалтын нийцлийг хангах зэрэг өөрчлөлт орох юм байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай

Мал, амьтны эрүүл мэн­дийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байна.
Харин Малын эрүүл мэн­дийг хамгаалах болон үрж­лийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон хоёр өөр харилцааг нэг хуу­лиар зохицуулснаар ажил, үйлчилгээний харилцаа хо­лилд­сон, хэрэгжүүлэх яв­цад ажил, үүргийн зарим давхардал, хийдэл үүссэн гэж үзжээ. Мөн малын өвчний оношилгоо, шинжилгээ, тандалт, өвчнөөр тайван байд­лын баталгаажуулалт, эрүүл мэндийн үзлэгийн сан­хүүжилт, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ, мал эмнэлгийн салбарт ажил­лагсдын халдвар хамгаалал, зэрэг асуудал бүрэн зохицуулагдаагүй байгаа нь олон улсын жишигт нийцүүлэн хуулийн төслийг шинээр боловсруулах шаардлагатай болсныг харуулж байгаа гэж хууль санаачлагчид үзжээ.
Тухайлбал, дээр дурд­санаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 84 дүгээр тушаалаар баталсан аргачлалын дагуу хийгдсэн судалгаагаар тус хуулийн 25 заалт бусад хуультай давхардалтай, 10 заалт зөрчилтэй, 11 заалт хийдэлтэй байгааг нь тогтоогдсон тул хууль тогтоомжийг шинэчлэх, улмаар зааглах шаардлагатай болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан