Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бодлого боловсруулагчдад үг дайв

Э.ГАНЦЭЦЭГ

Манай улсад 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас найман мянга нь Баянгол дүүргийнх. Нийгмийн цөөнх болж, бусдаас дөлөхдөө хаалганыхаа цаана үлддэг тэд өнөөдөр үгээ хэлж чаддаг, хуулиа мэддэг болжээ. Өчигдөр Баянгол дүүрэгт ажиллаж, амьдарч буй тэдгээр иргэдийг УИХ-ын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүлээн авч,  уулзалт хийх үеэр бодлого боловсруулагчдад дайж байсан тэдний үг ийн тодорхойлоход хүргэсэн юм.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийн ярив.

“Баянгол дүүргийн хөгж­лийн бэрхшээлтэй 8000 гаруй иргэнийг төлөөлж ирснийхээ хувьд тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар хэд, хэдэн хүсэлт уламжилъя. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллага байгуулж, өөрсдийн эрх ашгийг хамгаалж ажиллах эрхзүйн орчин бүрдсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөд тулгамдсан асуудлаа төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртээмжтэй хүртэх болол­цоотой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ажлын байр хамгийн тулгамдсан асуудал байдаг. Мөн бид бусдын эдэлж, хэрэглэдгийг хэрэглэж, үйлчилгээ авмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэргээн засах хөгжлийн төвийн ажил эхэлсэн сурагтай. Ингэснээр сэргээн заслын үйлчилгээ хүртээмжтэй болно. Цаашид шинэчлэлийн багийг энэ бүхнийгээ үргэлжлүүлж ажиллаасай гэж хүсье” хэмээн “Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөх зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Наранцэцэг хэлэв. Харин БГД-ийн гуравдугаар хорооны харааны бэрхшээлтэй иргэн З.Болдсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан бүтэц бий болсон төдийгүй эрхийн хуультай боллоо. Энэ нь хууль эрхзүйн суурь бүтэц тавигдлаа  гэсэн үг. Цаашид хуулийн хэрэгжилтэд анхаарч, хуульд заасны дагуу Засгийн газрын дэргэдэх агентлаг, Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний зөвлөлийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Засаг даргын дэргэдэх бүтцийг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг хангах юм. Түүнчлэн санаатай болон санамсаргүй байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох нь дараагийн ажил. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд манай дэд бүтэц үнэхээр асуудал. Энэ ажилд нэлээд их хөрөнгө мөнгө шаардагддаг ч эхнээсээ зарим газарт хийгдээд явж байна. Анхнаасаа зам талбай, барилга байгууламжийг хүлээж авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эсэхийг хянаж, шалгадаг баймаар байна. Гэхдээ энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийсэн. Барилга байгууламж, зам талбайн ажлыг эхлүүлэх, зөвшөөрөл олгох, хүлээж авах ажлын хэсэгт бидний төлөөлөл орсон байгаа. Түүнчлэн нийгмийн халамжийн чиглэлээр чамгүй ажил хийсний нэг нь тусгайлсан тоног төхөөрөмжтэй болсон явдал. Хараагүй иргэд ярьдаг цагнаас эхлүүлээд хэрэгтэй төхөөрөмжөөр хангагдаж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд нэлээд их хөрөнгө хаяж, ахиц гарсан. Ажлын байртай болно гэдэг бидний амьдрал баталгаатай болж байгаагийн хэлбэр” гэв.

“Яамны дэргэд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтэс байгуулагдлаа. Ингэс­нээр хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийн хүсэл сонирхол, итгэл үнэмшилд нийцсэн эрхийн тухай хуультай боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан Ази номхон далайн бүсийн орнуудын хамтран баталсан Инчёны стратеги гэж бий. Үүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдаж байна. Энэ мэтчилэн бодлогын шинжтэй олон ажил өнгөрсөн хугацаанд хийгдлээ. Үүнийг энэ эрчээр нь үргэлжлүүлж, хуулиа хэрэгжүүлж, айл нэг бүрийн хаалгаар оруулах, хөрсөн дээр буулгах л үлдлээ. Мөн хөгжлийн бэрх­шээл­­тэй хүүхдүүдийг бүрэн сургуульд хамруулах шаардлагатай байна” хэмээн БГД-ийн нэгдүгээр хорооны тэргэнцэртэй иргэн Я.Авирмэд ярьсан. Энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яриа ундарсан, харилцан ярилцсан уулзалт болж өнгөрөв.

Энэ үеэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтот бүлгийн иргэдийн эрх, ашгийг хамгаалах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлаа тэдэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тайлагнав. Тэрээр “өнгөрсөн хуга­цаанд хөгжлийн бэрх­шээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийг­мийн тэгш оролцоог хан­гах, тэдний нийгмийн халам­жийн хүртээмжит орчныг бий болгох боломж нээгд­сэн юм” гээд өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр чамгүй ажлууд хийснийг онцлон хэлсэн юм.

Тухайлбал, “Баянгол дүүр­гийн “Хөгжлийн бэрхшээл­тэй хүүхэд, иргэдийн хөгж­лийн төв” -ийг Эрүүл мэн­дийн долдугаар төв дээр байгууллаа. Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд "Хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засч, хөгжүүлэх үндэсний төв" -ийг 60 тэрбумын хөрөнгө оруулалтаар барьж байгуулах төслийг санаачлан батлуулж, бэлтгэл ажлыг ханган ирэх сард Баянгол дүүргийн хорьдугаар  хороонд шавыг нь тавьж барилгын ажлыг эхлүүлэх, Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан анх удаа 90 айлын орон сууц бариулж байгаа” зэрэг олон ажил дурдсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга З.Энхболд “2012 онд Ардчилсан нам засгийн эрх авсныхаа дараа “хүн амын хөгжил” гэдэг үгийг нэмж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулж, тус салбарыг С.Эрдэнэ сайд толгойлон амжилттай ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын онцгой бүлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү төр засгийн бодлогыг хандуулж, шат дараалсан ажлыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгч байна. Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийн хөдөлмөрлөх таатай орчинг бий болгож, өргө­жүүлэх асуудалд ч анхаарлаа улам хандуулж ажиллана”  гээд тэдэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан